Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол хайр халамжтай Бурхан

Ехова бол хайр халамжтай Бурхан

«Бурхан бол хайр» (1 ИОХ. 4:8, 16).

ДУУ: 18, 51

1. Бурхны хамгийн агуу сэтгэл юу вэ? Үүнийг мэдэхлээр танд ямар санагддаг вэ?

«БУРХАН бол хайр» гэж Библид байдаг. Ехова Бурхан олон сайхан зан чанартай. Хайр бол Еховагийн хамгийн агуу сэтгэл юм (1 Иох. 4:8). Бурхныг «хайр» хэмээн тодорхойлсныг бодож үзвэл юу ч хийсэн хайрандаа хөтлөгддөг гэж ойлгож болно. Орчлонт ертөнц болон амьд бүхнийг бүтээсэн Бүтээгч маань хайраар бялхаж байдаг гэж бодохлоор хэчнээн сайхан бэ!

2. Еховаг бүтээлүүдээ хайрладгийг нь бодож үзвэл бидэнд ямар итгэл төрдөг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

2 Ехова Бурхан бүтээлүүдээ хайрладаг. Тийм учраас хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо бүрэн биелүүлж, өөрт нь захирагддаг бүхнийг жинхэнэ ёсоор жаргалтай амьдруулна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ехова «Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр [буюу Есүс Христээр] дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө» тогтоосон нь хайрынх нь нэг баталгаа юм (Үйлс 17:31). Шүүх өдөр болно гэдэгт бид итгэдэг. Чин сэтгэлтэй, дуулгавартай хүмүүсийн хувьд энэ нь хүсэн хүлээсэн баярт мөч байх болно. Тэд үүрд мөнх жаргалтай амьдарна.

ТҮҮХ ЮУ БАТАЛДАГ ВЭ?

3. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаггүй байсан бол амьдрал ямар байх байсан бэ?

3 Бурхан хүн төрөлхтнийг хайрладаггүй байсан бол амьдрал ямар байх байсан бол? Хүн хүнээ захирахаа хэзээ ч болихгүй. Бас энэ ертөнц цэвдэг сэтгэлтэй, харгис догшин Сатан Диаволын мэдэлд байсаар байна (2 Кор. 4:4; 1 Иох. 5:19; Илчлэлт 12:9, 12-ыг уншина уу). Бурхан биднийг хайрладаггүй байсан бол ирээдүй ямар аймшигтай байх бол оо!

4. Эрх мэдэлд нь халдсан тэрс явдлыг Ехова яагаад тэр дор нь арилгаагүй вэ?

4 Сатан, Еховагийн эрх мэдэлд халдаад зогсохгүй анхны хосыг уруу татжээ. Бурхан орчлонт ертөнцийг захирах эрх мэдэлтэй юү гэсэн асуудал хөндсөн нь цаагуураа бол өөрийгөө Бурхнаас илүү сайн захирагч гэж хэлсэн хэрэг байв (Эх. 3:1–5). Ехова агуу мэргэн ухаантай учраас, хэлсэн үгээ батлахыг нь Сатанд зөвшөөрч богинохон хугацаа олгосон. Энэ нь Бурхнаас өөр хэн ч сайн захирагч байж чадахгүйг тодорхой харуулах хангалттай хугацаа байлаа. Хүн ч, Сатан ч зөв зохистой удирдаж чадахгүйг хүн төрөлхтний гашуун түүх баталдаг.

5. Хүн төрөлхтний түүх юу баталдаг вэ?

5 Дэлхийн байдал улам бүр дордож байна. Өнгөрсөн зуун жилийн дотор л гэхэд зуун сая хүн дайнд амиа алдсан. «Эцсийн өдрүүдэд» «муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» гэсэн Библийн зөгнөл яг таг биелж байгаа нь энэ юм (2 Тим. 3:1, 13). Хүн амьдралын замаа өөрөө чиглүүлж чадахгүй гэж Иеремиагийн хэлсэн үг үнэн болохыг хүн төрөлхтний түүх бэлхнээ харуулж байна (Иер. 10:23). Тийм ээ, хүн хүнээ удирдаж чадахгүй. Бурхан хүнийг бүтээхдээ тийм эрх өгөөгүй.

6. Бурхан тэрс этгээдүүдийг шууд устгаагүйн бас нэг шалтгаан нь юу вэ?

6 Бурхан тэрс этгээдүүдийг шууд устгаагүй нь бас нэг шалтгаантай. Хүн Бурхнаар удирдуулахгүйгээр хэзээ ч жаргалтай амьдарч чадахгүйг батлах зорилготой байв. Ехова муу муухай явдлыг удахгүй устгана. Дараа нь хэн нэг нь Еховаг бүтээлүүдээ хайрладаггүй, сайн захирдаггүй гэж дахин маргаан дэгдээвэл яах вэ? Нэн даруй арга хэмжээ авна. Хүмүүс Бурхангүйгээр бие биеэ удирдан захирч чадахгүй нь нотлогдсон учраас тэрсэлсэн этгээдийг тэр дор нь устгана. Ехова муу муухай явдлыг дахин хэзээ ч байлгахгүй.

ЕХОВАГИЙН ХАЙРЫН ИЛРЭЛ

7, 8. Ехова агуу хайраа хэрхэн илэрхийлдэг вэ?

7 Ехова агуу хайраа олон янзаар илэрхийлдэг. Жишээ болгон сансар огторгуйг авч үзье. Хязгааргүй уудам орчлонт ертөнц хэдэн тэрбум галактикаас бүрддэг. Галактик тус бүр олон тэрбум од, гаргаас тогтдог. Манай галактик буюу Тэнгэрийн заадаст байдаг олон одны нэг нь нар юм. Нар байхгүй бол дэлхий дээр амьдрал байхгүй. Ехова бол бидний Бүтээгч гэдгийг энэ бүх бүтээл баталдаг. Бас хүчтэй, мэргэн ухаантай, хайраар дүүрэн Бурхан болохыг нь харуулдаг. Бурхны «үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа» (Ром 1:20).

8 Ехова дэлхийг бүтээж амьдрал бий болгоод, хүн амьтанд хэрэгтэй бүхнийг өгсөн. Хүнд зориулж үзэсгэлэнт цэцэрлэг байгуулжээ. Хүнийг хэзээ ч хөгшрөхгүй, үхэхгүй, цоо эрүүл бие бялдартай, төгс оюун ухаантай байхаар бүтээжээ (Илчлэлт 4:11-ийг уншина уу). Бас хоол хүнс элбэг дэлбэг өгсөн. «Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх» юм (Дуу. 136:25).

9. Ехова хайрын Бурхан гэдэг нь бүх юмыг хайрладаг гэсэн үг үү? Тайлбарлана уу.

9 Ехова хэдийгээр хайрын Бурхан ч муу муухай бүхнийг жигшдэг. Жишээлбэл, Дуулал 5:4–6-д «Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ. ... Гэм нүгэл үйлдэгч бүгдийг Та үзэн яддаг» гээд цааш нь «Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг» хэмээн бичсэн байдаг.

МУУ МУУХАЙ БҮХЭН УДАХГҮЙ ЭЦЭС БОЛНО

10, 11. а) Бузар мууг үйлддэг хүмүүс яах вэ? б) Дуулгавартай хүмүүсийг Ехова хэрхэн ивээх вэ?

10 Хайрын Бурхан Ехова муу муухай явдлыг үзэн яддаг учраас товлосон цагтаа дэлхий ертөнцийг тэр чигээр нь цэвэрлэнэ. «Бузар мууг үйлдэгчид таслагдана, харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно. Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ... ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж, утаа мэт замхар[на]» хэмээн Библид зөгнөсөн байдаг (Дуу. 37:9, 10, 20).

11 Бас «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэсэн амлалт Бурхны Үгэнд бий (Дуу. 37:29). Зөв шударга хүмүүс «элбэг амар амгалангаар баярлана» (Дуу. 37:11). Бурхан үнэнч үйлчлэгчдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийдэг учраас энэ амлалт заавал биелнэ. Библид «Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» гэж байдаг (Илч. 21:4). Еховагийн хайранд баясдаг дуулгавартай бүх хүнийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ!

12. Ямар хүнийг «гэм зэмгүй хүн» гэх вэ?

12 «Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж, шулуун шударга хүнийг харагтун. Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна. Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана» гэж Библид бичжээ (Дуу. 37:37, 38). «Гэм зэмгүй хүн» Ехова Есүс хоёрыг таньж мэдээд Еховагийн хүсэл таалалд нийцүүлж амьдардаг (Иохан 17:3-ыг уншина уу). Бас 1 Иохан 2:17-д бичсэн үгэнд ул суурьтай ханддаг. Тэнд «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж бий. Энэ ертөнцийн төгсгөл ойртохын хэрээр Еховад найдаж, хууль тушаалыг нь дагах нь юу юунаас илүү чухал байна (Дуу. 37:34).

БУРХНЫ АГУУ ХАЙРЫН ИЛРЭЛ

13. Еховагийн хайрын хамгийн агуу илрэл юу вэ?

13 Бид төгс бус хэдий ч Бурханд дуулгавартай байж чадна. Бас Еховатай дотны анд нөхөд болох боломжтой. Яагаад гэвэл Ехова агуу хайраа илэрхийлж Есүсийг золиос болгон өгсөн. Ийнхүү нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх үүд хаалгыг дуулгавартай хүмүүст нээж өгсөн билээ (Ром 5:12; 6:23-ыг уншина уу). Ехова тоо томшгүй олон жил өөрт нь чин үнэнч байсан цорын ганц Хүүдээ бүрэн итгэдэг байв. Хайртай Хүүд нь хүмүүс харгис хэрцгий хандахад халамжтай Эцгийн хувьд ихэд шаналж байсан нь эргэлзээгүй. Харин Есүс бэрхшээлийг үл тоон хэмжээгүй эрх мэдэлтэй Эцгийнхээ талд бат зогссон. Төгс хүн хамгийн хүнд үед ч Бурханд үнэнч байж чаддагийг тийн харуулжээ.

Хүүгээ илгээсэн нь Бурхны хайрын илрэл (13-р догол мөрийг үзнэ үү)

14, 15. Есүс амиа золиосолсноор хүн төрөлхтөнд ямар боломж олдсон бэ?

14 Есүс хамгийн хүнд сорилтод ч сөхрөлгүй, үхэн үхтэлээ Эцэгтээ үнэнч байж, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжсэн. Хүн төрөлхтнийг зольж авахад шаардлагатай үнийг амиараа төлж Бурхны амласан шинэ ертөнцөд мөнх амьдрах замыг нээж өгсөнд нь талархаад баршгүй! Ехова Есүс хоёрын илэрхийлсэн хайрын талаар элч Паул ийнхүү бичжээ. «Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. Зөвт хүний төлөө хэн нэгэн хүн бараг үхэхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» (Ром 5:6–8). Элч Иохан: «Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм» хэмээн бичжээ (1 Иох. 4:9, 10).

15 «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж Есүс хэлжээ (Иох. 3:16). Хүүгээ золиос болгон өгөхөд Еховад хэчнээн хэцүү байсан бол оо! Гэлээ ч хүн төрөлхтний төлөө үүнийг хийсэн. Ямар агуу хайр вэ! Еховагийн хайр хэзээ ч дуусахгүй. Элч Паул: «Үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй» гэжээ (Ром 8:38, 39).

БУРХНЫ ХААНЧЛАЛ ОДОО ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?

16. Мессиагийн Хаанчлал гэж юу вэ? Ехова хэнийг тэргүүнээр томилсон бэ?

16 Бурхны засгийн газар буюу Мессиагийн Хаанчлал бол хүн төрөлхтнийг гэсэн Еховагийн хайрын бас нэг илрэл юм. Ехова Хүүгээ энэ засгийн газрын тэргүүнээр томилсон. Есүс хүн төрөлхтнийг хайрладаг чадварлаг Удирдагч билээ (Сур. 8:31). Сонгогдсон 144 000 хүн тэнгэрт амилаад Есүстэй хамт захирна. Тэд хүн байсан учраас хүмүүсийг сайн ойлгоно (Илч. 14:1). Есүсийн сургаалын гол сэдэв нь Хаанчлал байв. Тийм болохоор «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн залбирахыг дагалдагчдадаа захижээ (Мат. 6:9, 10). Бурхан энэ залбиралд хариулах цагийг бид тэсэн ядан хүлээж байна. Тэр үед дуулгавартай хүн төрөлхтөн асар их ивээл хүртэнэ.

17. Мессиагийн Хаанчлал, хүний засаглалын хоорондох ялгааг хэлнэ үү.

17 Есүсийн Хаанчлал, хүний засаглалын хооронд эрс тэс ялгаа бий. Хүн хүнээ захирсны гайгаар олон сая хүн дайнд амиа алдсан. Харин Есүс бол Еховагийн нэгэн адилаар харьяат албатуудаа хайрлан халамжилдаг, олон сайхан зан чанартай Удирдагч юм (Илч. 7:10, 16, 17). Тэрбээр: «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» хэмээн хэлсэн байдаг (Мат. 11:28–30). Ямар гайхалтай амлалт вэ!

18. а) Бурхны Хаанчлал байгуулагдсанаасаа хойш юу хийж байна вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Есүс 1914 онд хаан ширээнд заларснаар Бурхны Хаанчлал үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш Есүс засгийн газрынхаа сүүлчийн гишүүдийг цуглуулж байна. Тэд тэнгэрт очоод өөртэй нь хамт хаанчилна. Мөн «үй олон хүнийг» цуглуулж байна. Тэд энэ ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давж шинэ ертөнцөд хөл тавина (Илч. 7:9, 13, 14). «Үй олон хүн» одоо хэд болсон бэ? Бурхан тэднээс юу хүсдэг вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултын хариуг үзье.