Skip to content

Гарчиг руу орох

Та «хөршөө өөрийн адил хайрладаг» уу?

Та «хөршөө өөрийн адил хайрладаг» уу?

«Чи хөршөө өөрийн адил хайрла» (МАТ. 22:39).

ДУУ: 25, 36

1, 2. Хайр чухал болохыг Библи хэрхэн онцолдог вэ?

ХАЙР бол Ехова Бурхны хамгийн агуу сэтгэл юм (1 Иох. 4:16). Анхны бүтээл, ууган Хүү нь болох Есүс олон тэрбум жилийг Эцэгтэйгээ хамт өнгөрүүлэхдээ хэрхэн хайрлахыг Эцгээсээ сурсан (Кол. 1:15). Есүс цаг ямагт хайраа илэрхийлдэг бөгөөд дэлхийд байхдаа ч хайрын сэтгэлтэй Еховаг дуурайдаг байсан. Тиймээс Ехова Есүс хоёр хайрандаа хөтлөгдөн биднийг удирдана гэдэгт эргэлзэх учиргүй.

2 Нэгэн хүн Есүсээс ямар тушаал хамгийн агуу нь вэ гэж асуухад «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла”» хэмээн хариулжээ (Мат. 22:37–39).

3. «Хөрш» гэж хэн бэ?

3 Бид хэнтэй ч харьцсан хайраа илэрхийлэх хэрэгтэйг Есүсийн хэлсэн үг харуулж байна. Эхлээд Еховаг, дараа нь хөршөө хайрла гэж Есүс хэлсэн. Тэгвэл «хөрш» гэж хэн бэ? Хэрэв та гэрлэсэн бол хань тань хамгийн ойр байгаа хөрш болно. Түүнчлэн тантай ойрхон байдаг хөршүүд бол хурлын гишүүд буюу жинхэнэ Бурхныг шүтдэг хүмүүс юм. Дэлгэрүүлж явахад тааралддаг бүх хүнийг бас хөрш гэж хэлж болно. Хөршдөө хайраа хэрхэн илэрхийлэхийг энэ өгүүллээр ярилцъя.

ХАНЬДАА ХАЙРАА ИЛЭРХИЙЛЭХ НЬ

4. Жаргалтай гэр бүлийг цогцлоох боломжтой гэхийн учир юу вэ?

4 Ехова, Адам Ева хоёрыг бүтээж эхнэр нөхөр болгосон. Ийнхүү анхны гэр бүлийг санаачилжээ. Тэднийг үүрд жаргалтай амьдраасай, өсөн нэмэгдэж газар дэлхийг дүүргээсэй гэж хүссэн (Эх. 1:27, 28). Гэтэл тэд Еховад дуулгаваргүй загнасны гайгаар үүрд жаргалтай амьдрах аргагүй болов. Тэр байтугай, бүх үр удамдаа нүгэл, үхлийг дамжуулжээ (Ром 5:12). Гэлээ ч бид жаргалтай гэр бүлийг цогцлоох боломжтой. Гэр бүлийг санаачлагч Ехова хосуудад зориулсан хамгийн тустай зөвлөгөөг Библид бичүүлжээ (2 Тимот 3:16, 17-г уншина уу).

5. Нөхөр эхнэр хоёр бие биеэ хайрладаг байх нь хэр чухал бэ?

5 Библид бичсэнээр, хүмүүс бие биетэйгээ сайхан харьцаатай байхад хайр чухал үүрэгтэй. Тэр тусмаа гэр бүлийн хоёрт онцгой чухал. Элч Паул жинхэнэ хайрыг ийнхүү тодорхойлжээ. «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Кор. 13:4–8). Энэ тодорхойлолтыг эргэцүүлэн бодож ажил хэрэг болгодог бол эхнэр нөхөр хоёр илүү жаргалтай амьдарна.

Жаргалтай гэр бүлийг цогцлоох нууц Библид бий (6, 7-р догол мөрийг үзнэ үү)

6, 7. а) Өрхийн тэргүүний талаар Библид юу гэж байдаг вэ? б) Нөхөр нь эхнэртээ хэрхэн хандах ёстой вэ?

6 Гэр бүлд тэргүүний үүргийг хэн гүйцэтгэх ёстойг Ехова тогтоосон. «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна» хэмээн Паул бичжээ (1 Кор. 11:3). Гэхдээ нөхөр хүн эхнэрээ хатуу ширүүн захирах учиргүй. Христийн тэргүүн Ехова хувиа боддоггүй, хайр халамжтай Нэгэн билээ. Тиймээс Есүс Еховаг хайрлаж хүндэтгэн, дуулгавартай захирагддаг. Тэрбээр: «Би Эцэгээ хайрладаг» гэжээ (Иох. 14:31). Эцэг нь хатуу ширүүн, дээрэнгүй ханддаг байсан бол Есүс ийн хэлэхгүй байсан биз ээ.

7 Нөхөр хүн эхнэрийнхээ тэргүүн ч гэлээ эхнэрээ хүндэтгэх учиртайг Библи хэлж өгдөг (1 Петр 3:7). Эхнэрийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг харгалзан үздэг бол хүндэлдгийн шинж юм. Библид «Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэж байдаг (Еф. 5:25). Есүс дагалдагчдынхаа төлөө амиа хүртэл өгсөн шүү дээ. Тэргүүний үүргээ биелүүлэхдээ хайр халамжтай Есүсийг дуурайдаг хүнийг эхнэр нь хайрлан хүндэтгэж, дуртайяа захирагдана (Тит 2:3–5-ыг уншина уу).

ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ ХАЙРЛАХ НЬ

8. Еховагийн үйлчлэгчид нэг нэгэндээ хэрхэн хандах ёстой вэ?

8 Өнөөдөр Еховагийн нэр алдар, санаа зорилгыг тунхаглаж буй олон сая хүн дэлхий дахинд бий. Тэд нэг нэгэндээ хэрхэн хандах ёстой вэ? «Бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэж Библид байдаг (Гал. 6:10; Ром 12:10-ыг уншина уу). Элч Петр: «Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж, чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун» гэжээ. Бас «Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла» хэмээн итгэл нэгтнүүддээ зөвлөжээ (1 Петр 1:22; 4:8).

9, 10. Бурхны ард түмэн яагаад эв нэгдэлтэй байдаг вэ?

9 Бид бие биеэ халуунаар хайрладаг учраас манай байгууллага хосгүй билээ. Бас Еховаг хайрлаж, хууль тушаалыг нь дагадаг учраас Ехова бидэнд тусалж орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч буюу ариун сүнсээ өгдөг. Бид янз бүрийн үндэстнээс бүрдсэн хэрнээ эв нэгдэлтэй байдаг нь ийм учиртай (1 Иохан 4:20, 21-ийг уншина уу).

10 Христиануудын хувьд хайр хэр чухал болохыг элч Паул онцлон «Та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» хэмээн бичжээ (Кол. 3:12–14). Бид яс үндсээрээ ялгаатай ч «эв нэгдлийн төгс холбоос» болсон хайраар гагнагдсан билээ. Үүний төлөө Еховад талархаад баршгүй!

11. Еховагийн Гэрчүүдийн дунд ноёлдог хайр, эв нэгдэл Бурхны байгууллагын талаар юу хэлдэг вэ?

11 Еховагийн Гэрчүүд жинхэнэ шашин шүтдэг учраас бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж, эв нэгдэлтэй байдаг. Есүс: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэжээ (Иох. 13:34, 35). «Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурханых биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурханых биш. Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ» хэмээн элч Иохан бичжээ (1 Иох. 3:10, 11). Еховагийн Гэрчүүдийн онцлог шинж болсон хайр, эв нэгдэл бол Христийн жинхэнэ дагалдагчид гэдгийг нь, Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий дахинд тунхагладаг Бурхны ард түмэн гэдгийг нь баталдаг (Мат. 24:14).

«ҮЙ ОЛОН ХҮН» ЦУГЛАРЧ БАЙНА

12, 13. «Үй олон хүн» юу хийдэг вэ? Тэд удахгүй яах вэ?

12 Эдүгээ Еховаг шүтэж буй хүмүүсийн дийлэнх нь «үй олон хүний» тоонд багтдаг. «Бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн» энэ хүмүүс Бурхны «сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсох» буюу Хаанчлалыг дэмждэг. Тэд «үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд» бөгөөд Есүсийн золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг. Тийм учраас тэднийг «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ» гэсэн байдаг. «Үй олон хүний» тоонд багтдаг энэ хүмүүс Ехова Есүс хоёрыг хайрлаж «өдөр шөнөгүй [Бурханд] үйлчилдэг» (Илч. 7:9, 14, 15).

13 Ехова удахгүй «агуу их гай гамшиг» буулгаж бузар муу ертөнцийг устгана (Мат. 24:21; Иеремиа 25:32, 33-ыг уншина уу). Харин хайртай ард түмнээ аварч шинэ ертөнцөд аваачна. «[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» гэж 2 000 орчим жилийн тэртээ Библид зөгнөжээ. Уй гашуу, үхэл хагацал гэж байхгүй болсон дэлхий дээр амьдрахыг та тэсэн ядан хүлээдэг үү? (Илч. 21:4).

14. «Үй олон хүний» тоонд багтдаг хүмүүс хэр олон болсон бэ?

14 1914 онд эцсийн өдрүүд эхлэхэд Еховаг шүтдэг хүн хэдхэн мянга байв. Хэдий цөөхүүлээ ч хөршөө хайрлах хайр хийгээд Бурхны сүнсэнд хөтлөгдөн Хаанчлалын тухай сайн мэдээг цөхрөлтгүй тунхаглажээ. Үүний үрээр дэлхийд амьдрах найдвартай «үй олон хүн» цугларч эхэлсэн. Өнөөдөр дэлхий даяар 115 400 гаруй хуралд 8 сая орчим Гэрч үйлчилж байна. Цаашдаа улам нэмэгдэнэ. 2014 оны үйлчлэлийн жилд л гэхэд 275 500 гаруй хүн баптисм хүртэж Гэрч болжээ. Энэ нь долоо хоногт дунджаар 5 300 орчим хүн Гэрчүүдийн эгнээнд элсдэг гэсэн үг.

15. Хаанчлалын тухай сайн мэдээ хэр өргөн цар хүрээтэй түгж байна вэ?

15 Дэлгэрүүлэх ажлын цар хүрээг бодохлоор гайхалтай. Манай байгууллагын ном хэвлэл 700 гаруй хэлээр гарч байна. Дэлхийн хамгийн олон уншигчтай «Харуулын цамхаг» сэтгүүлийг сар бүр 247 хэлээр 52 сая хувь хэвлэдэг. Библи судлахад зориулсан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номыг 250 гаруй хэлээр орчуулж, одоогийн байдлаар 200 сая хувь хэвлээд байна.

16. Еховагийн байгууллага өргөжин тэлсээр байгаагийн учир юу вэ?

16 Байгууллага маань өргөжин тэлж байгаагийн учир юу вэ? Бид Ехова Бурхандаа найддаг ба Библийг Ехова бичүүлсэн гэдэгт итгэдэг учраас тэр юм (1 Тес. 2:13). «Энэ үеийн бурхан» Сатаны үзэн ядалт, эсэргүүцэл хавчлага их байдаг ч Еховагийн ивээлээр бид амжилт бүтээлээр дүүрэн байна (2 Кор. 4:4).

БУСДАД ХАЙРАА ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙЯ

17, 18. Бурхныг шүтдэггүй хүмүүст хэрхэн хандах учиртай вэ?

17 Хүмүүс сайн мэдээг янз бүрээр хүлээж авдаг. Зарим нь дуртайяа сонсдог байхад, зарим нь дургүйцдэг. Еховаг шүтдэггүй хүмүүст яаж хандах ёстой вэ? Хүмүүс мэдээг маань яаж ч хүлээж авсан, Библийн зарчмыг цаг ямагт баримтлах учиртай. «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» гэж Библид байдаг (Кол. 4:6). Заримдаа хүмүүсийн өмнө итгэл үнэмшлээ хамгаалах шаардлага гардаг. Тийм үед бид хөршөө хайрла гэдэг тушаалын дагуу «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр» ярихыг хичээдэг (1 Петр 3:15).

18 Хүргэдэг мэдээг маань хүлээж авахгүй уурлаж бухимдсан хүнийг ч бид хайрладаг. Есүс «зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг [Еховад] Өөрийгөө даатгасаар» байсан. Бид Есүсийг дуурайдаг (1 Петр 2:23). Хэнтэй ч харьцсан даруу байхыг хичээдэг бөгөөд «Мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн» гэсэн зөвлөгөөг дагадаг (1 Петр 3:8, 9).

19. Бид дайсандаа хэрхэн хандах ёстой вэ?

19 Хэрэв бид даруу байвал Есүсийн өгсөн нэг чухал зөвлөгөөг дагаж чадна. Есүс: «“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм» гэжээ (Мат. 5:43–45). Бид Бурхны үйлчлэгч учраас «дайснуудаа хайрлаж» сурах учиртай.

20. Шинэ ертөнцөд хүн бүр Еховаг болон хөршөө хайрлана гэхийн учир юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

20 Еховаг болон хөршөө хайрладгаа хандлага, үйл хэргээрээ цаг ямагт илэрхийлдэг байх учиртай. Жишээ нь мэдээг маань нааштай хүлээж авдаггүй хүмүүст тусламж хэрэг боллоо гэхэд бид цааргалалгүй тусалдаг. «Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Учир нь “Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр” гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн үгийн дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн» хэмээн элч Паул бичжээ (Ром 13:8–10). Бузар муу явдалтай, эв нэгдэлгүй, харгис балмад хүмүүсээр дүүрсэн Сатаны ертөнцөд Бурхны үйлчлэгчид бусдыг жинхэнэ ёсоор хайрладаг (1 Иох. 5:19). Сатан, чөтгөрүүд, бузар мууг үйлддэг хүмүүс устгагдсаны дараа дэлхий ертөнц хайраар бялхана. Хүн бүр Еховаг болон хөршөө хайрладаг болох тэр цагийг бид тэсэн ядан хүлээж байна!