Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

Үнэнч шударга байхын үнэ цэн

Үнэнч шударга байхын үнэ цэн

«Бид бүх юманд үнэнч шударга байхыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» (Еврей 13:18, ШЕ).

Библид «үнэнч шударга» гэж орчуулсан грек үгийг үгчилбэл «үндсэндээ сайн» гэсэн утгатай. Мөн ёс суртахууны хувьд гоё сайхан гэсэн утгыг илэрхийлдэг.

Элч Паулын «Бүх юманд үнэнч шударга байхыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» гэсэн үгийг Христийн дагалдагчид нухацтай авч үздэг. Тэгвэл үнэнч шударга байх гэж юу гэсэн үг вэ?

ДОТООД ТЭМЦЭЛ

Хүн өглөө гэрээсээ гарахаасаа өмнө толинд хардаг. Яагаад? Бусдад сайхан харагдахыг хүсдэг учраас тэр юм. Гэхдээ үсээ сайхан янзлан гоё ганган хувцаслахаас илүү чухал зүйл бий. Хүний гадаад байдал дотроо ямар байхаас шалтгаалах нь бий.

Хүн муу юм хийх хандлагатайг Бурхны Үгэнд илэн далангүй бичжээ. Эхлэл 8:21-д «Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг» гэжээ. Тэгэхлээр бид нүгэлт хандлагатайгаа тэмцэх шаардлагатай байх нь. Элч Паул: «Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог» хэмээн нүгэлт хандлагатайгаа тэмцдэгээ тод томруун дүрсэлжээ (Ром 7:22, 23).

Жишээлбэл, болохгүй юм хийхийг зүрхэндээ хүсвэл, тэр хүслээ хорьж дийлэхгүйд хүрдэг. Гэвч тэр хүсэлдээ боолчлогдох албагүй. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Муу муухай юм бодохоо болих хэрэгтэй. Ингэвэл хууран мэхэлдэг хүмүүсийн нөлөөнд авталгүй үнэнч шударга байж чадна.

ТЭМЦЭЛД ЯЛАХ НЬ

Үнэнч шударга байя гэвэл хүн ёс суртахууны хэм хэмжээг баримтлах хэрэгтэй. Хүмүүс хувцас хунартаа анхаардаг шигээ ёс суртахууны хэм хэмжээг баримтлах талаар анхаардаггүй нь тун тоогүй. Ийнхүү тэдний хэр зэрэг шударга бус байгааг нь харагддаг. Энэ тухай нэгэн номд «Бид өөрсдийгөө үнэнч шударга хүн гэж итгэх хүртлээ хуурамч зан гаргадаг» гэж бичжээ («The (Honest) Truth About Dishonesty») Хэр зэрэг хуурамч зан гаргаж байгаагаа шалгах хэм хэмжээ гэж байдаг болов уу? Байдаг.

Дэлхий дахинд сая сая хүн Библид харьцуулахын аргагүй ёс суртахууны хэмжээ байдаг гэдгийг ойлгох болжээ (Дуулал 19:7). Гэр бүлийн амьдрал, ажил хөдөлмөр, ёс суртахуун, Бурханд итгэж үнэмших талаар найдвартай удирдлага заавар Библид бий. Үе үеийн хүмүүс энэ номоос ач тус хүртдэг. Библийг анхааралтай уншиж эргэцүүлэн бодон зөвлөгөөг нь хэрэгжүүлбэл бид үнэнч шударга хүн болно.

Хуурамч зантай тэмцэхийн тулд Библийн зөв мэдлэг эзэмшээд болчихгүй. Ёс суртахууны хувьд завхарсан нийгэмд амьдарч байгаа учраас бид нөлөөнд нь автаж мэднэ. Бурхнаас тусламж дэмжлэг гуйн залбирах хэрэгтэй (Филиппой 4:6, 7, 13). Ингэвэл бид ямар ч үед үнэнч шударга байх зоригтой болно.

ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХЫН ҮНЭ ЦЭН

Эхний өгүүлэлд гарсан Хитоши үнэнч шударга байсныхаа үр шимийг хүртжээ. Тэрбээр ажилтай болоод зогсохгүй, дарга нь үнэнч шударга занг нь үнэлдэг ажээ. Хитоши: «Би худал хуурмаг юм хийхээргүй ажил олсондоо баяртай байна» гэжээ.

Өөр олон хүн үнэнч шударга байхын ач тусыг хүртдэг. Тэдний зарим нь «Бүх юманд үнэнч шударга бай» гэсэн Библийн зарчмыг хэрэгжүүлээд ямар сайхан байгаагаа ярьж байна.

  • Мөс чанар сайтай байна

    «Би 13 настайдаа сургуулиа хаяж, хулгай хийдэг болсон. Орлогынхоо 95 хувийг нь шударга бус замаар олж байсан. Дараа нь би гэрлэж нөхөртэйгөө хамт Еховагийн Гэрчүүдээр Библи заалгадаг болов. Ехова * Бурхан шударга бус үйл хэргийг үзэн яддаг гэж мэдээд амьдралаа өөрчлөхөөр шийдлээ. 1990 онд бид хоёр Еховад өөрийгөө зориулж баптисм хүртэж, Еховагийн Гэрч болцгоосон» (Сургаалт үгс 6:16–19).

    «Урьд нь манай гэр хулгайн юмаар дүүрэн байсан. Харин одоо тэр бүхнээсээ ангижраад сайн мөс чанартай байна. Буруу юм хийж явсныг минь Ехова уучилсанд би талархдаг. Еховагийн таалалд нийцдгээ бодохлоор нойр ч сайхан хүрдэг»—Шерил, Ирланд.

    «Намайг үйлчлүүлэгчээс хахууль аваагүйг дарга мэдээд “Бурхан чинь чамайг ийм найдвартай хүн болгожээ. Ийм хүнийг компанидаа ажиллуулна гэдэг аз шүү” гэж хэлсэн. Бүх юманд шударга байсныхаа ачаар би Ехова Бурхны өмнө сайн мөс чанартай байдаг. Ингэснээр би гэрийнхэндээ, бусдад өөр шигээ байхыг уриалж чаддаг»—Сони, Хонконг.

  • Сэтгэл санаа амар тайван байна

    «Би олон улсын банкинд ажилладаг. Ер нь эд хөрөнгөтэй болъё гэвэл үнэнч шударга байх хэрэггүй л дээ. “Зардлаа хэмнээд, хөрөнгө цуглуулж чадаж байвал бага зэрэг хуурч мэхлэхэд юу нь болохгүй билээ” гэсэн хандлагатай хүмүүс их бий. Гэхдээ үнэнч шударга байвал сэтгэл санаа амар байдаг. Би ямар ч үр дагавар амсах бай, үнэнч шударга байхаар шийдсэн. Хэзээ ч хэнийг ч хуурахгүй гэдгийг маань дарга нар мэддэг»—Том, АНУ.

  • Өөрийгөө хүндэлнэ

    «Манай дарга намайг алга болсон эд материалын талаар худал хэлэхийг ятгасан ч би тэгээгүй. Дараа нь хэн хулгайлсныг мэдээд үнэнч байсанд минь талархсан. Шударга бус хүмүүсийн дунд үнэнч шударга байхад зориг хэрэгтэй. Гэхдээ эцэстээ хүмүүс намайг найдвартай хүн гэж үздэг, бас хүндэтгэдэг»—Каори, Япон.

Мөс чанар сайтай, сэтгэл санаа амар тайван, өөрийгөө хүндэтгэдэг байх нь үнэнч шударга байхын ач тус юм. Та үүнтэй санал нийлэхгүй гэж үү?

^ д/м 18 Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.