Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Бурхны ард түмэн агуу их Вавилоны эрхшээлд хэр удаан байсан бэ?

Бурхны ард түмэн агуу их Вавилонд МЭ ІІ зуунаас бэлгэдлийн утгаар олзлогдоод 1919 онд чөлөөлөгдсөн. Бидний ойлголт ийнхүү өөрчлөгдөж байна. Яагаад?

Бурхны ард түмэн агуу их Вавилоноос 1919 онд чөлөөлөгдсөнийг баримт харуулдаг. Хаанчлал 1914 онд тэнгэрт байгуулагдсаны дараагаас Христ тослогдсон дагалдагчдаа шалгаж, хуурамч шүтлэгээс бага багаар цэвэршүүлж эхэлсэн * (Мал. 3:1–4). Ийнхүү цэвэршүүлэгдсэн Бурхны ард түмэнд Есүс «цагт нь хоол ундыг өгүүлэхээр ... итгэмжит ухаалаг боолыг» 1919 онд томилжээ (Мат. 24:45–47). Мөн онд Бурхны ард түмэн агуу их Вавилоноос бэлгэдлийн утгаар чөлөөлөгдсөн (Илч. 18:4). Тэгвэл хэзээ Вавилонд олзлогдсон бэ?

Бурхны ард түмэн 1918 онд агуу их Вавилонд олзлогдоод хэсэгхэн хугацааны дараа чөлөөлөгдсөн гэж өмнө нь тайлбарлаж ирсэн. Жишээлбэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1992 оны 3 дугаар сарын 15-ны дугаарт «Бурхны эртний ард түмэн хэсэг хугацаанд Вавилоны эрхшээлд байсны адилаар Еховагийн үйлчлэгчид 1918 онд агуу их Вавилонд тодорхой хэмжээгээр боолчлогдсон юм» гэжээ. Гэхдээ нарийн судалсны үр дүнд Бурхны ард түмэн 1918 оноос бүр өмнө олзлогдсон нь тодорхой болов.

Жишээ авъя. Бурхны ард түмэн олзлогдоод дараа нь чөлөөлөгдөхийг Езекиел 37:1–14-т зөгнөсөн байдаг. Езекиел ясаар дүүрсэн нэгэн хөндийг ер бусын аргаар үзжээ. Ехова түүнд «Эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм» хэмээн хэлжээ. Энэ зөгнөл нь бас «Бурханы Израильтай» холбоотой (Гал. 6:16; Үйлс 3:21). Езекиелийг харсаар байтал тэдгээр яс амь орж хүчирхэг цэргүүд болжээ. Бурхны ард түмэн 1919 онд бэлгэдлийн утгаар амилсныг ийнхүү тод томруун дүрсэлжээ! Вавилонд олзлогдоод олон жил болсныг уг зөгнөлөөс хэрхэн мэдэж болох вэ?

Нэгдүгээрт, тэдгээр яс «хувхайрсан» байсныг анхааръя (Езе. 37:2, 11). Тэгэхлээр тэр хүмүүс нас бараад олон жил болсон гэсэн үг. Хоёрдугаарт, яснууд гэнэт амилаагүй, харин аажмаар амь орсон. Эхлээд хавиралдан харжигнах чимээ гарч «яснууд бөөгнөрөн яс ястай нийлж холбогдов». Дараа нь «шөрмөс бий болж, мах ургажээ». Тэгээд «тэдний дээр арьс бүрхэв». Удалгүй «амьсгал тэдэнд орж, тэд амьд болов». Амилсан тэр хүмүүсийг Ехова «төрөлх нутагт [нь] суулгажээ». Энэ бүх үйл явдал болоход тодорхой хугацаа хэрэгтэй (Езе. 37:7–10, 14).

Эртний израильчууд олзлогдоод олон жилийн нүүрийг үзжээ. Арван овогт Израилийн хаант улс МЭӨ 740 онд сүйрч, ард иргэд нь цөлөгдсөнөөр энэ явдал эхэлсэн. Дараа нь Иерусалим МЭӨ 607 онд устгагдаж, хоёр овогт Иудагийн хаант улсын ард иргэд олзлогдсон. Вавилоны эрхшээлд байсан хугацаа МЭӨ 537 онд дуусжээ. Тэр онд цөөн тооны иудейчүүд сүмийг дахин барьж, цэвэр шүтлэгийг сэргээхээр Иерусалимд буцаж ирсэн юм.

Энэ бүхнийг бодож үзвэл Бурхны ард түмэн 1918–1919 оны хооронд л агуу их Вавилоны эрхшээлд байсан гэсэн үг биш юм. Зэрлэг өвс буудайтай зэрэгцэн ургасан цаг болон Бурхны үйлчлэгчид Вавилонд байсан цаг давхацдаг (Мат. 13:36–43). Энэ хугацаанд тэрслэгчид олширч Христийн жинхэнэ дагалдагчид цөөрч байлаа. Тиймээс Христийн дагалдагчид агуу их Вавилонд олзлогдсон гэж үзэх нь зүйд нийцнэ. Энэ нь МЭ ІІ зуунаас эхэлж төгсгөлийн цаг үед бэлгэдлийн сүмийг цэвэрлэх хүртэл үргэлжилсэн (Үйлс 20:29, 30; 2 Тес. 2:3, 6; 1 Иох. 2:18, 19).

Вавилоны эрхшээлд байх энэ хугацаанд эрх мэдлээ авч үлдэх гэсэн Христийн шашны санваартнууд болон улс төрчид ард иргэдийг хатуу хянаж байлаа. Библитэй байх, Библийг эх хэлээрээ уншихыг гэмт хэрэгт тооцож, үүнийг зөрчсөн хүмүүсийг шонд хүлж амьдаар нь шатааж байсан тохиолдол бий. Санваартнуудын зааснаас өөр зүйл ярьсан хэнийг ч болов хатуу шийтгэдэг байсан тул үнэнийг мэдэх, түгээн дэлгэрүүлэх боломж бараг байгаагүй юм.

Езекиелийн үзсэн тэр яснууд хэзээ, яаж амилсныг бодъё. Бэлгэдлийн утгаар амилах энэ үйл явц аажмаар буюу олон зуун жилийн хугацаанд болсон бөгөөд төгсгөлийн цаг хүртэл үргэлжилжээ. Тэр хугацаанд «чимээ гарсан». Хуурамч шашны сургаал хаа сайгүй тархсан ч жинхэнэ шүтлэгийг чадлынхаа хэрээр дэмжсэн үнэнч хүмүүс байсан. Тэдний зарим нь Библийг энгийн ардуудад ойлгомжтой хэлээр орчуулахыг оролдож байхад, нөгөө зарим нь Бурхны Үгнээс олж мэдсэн үнэнээ тунхаглаж байлаа.

Дараа нь 1800-гаад оны сүүлээр Чарлз Тейз Расселл болон түүний нөхөд Библийн сургаалыг үнэн зөв ойлгохын тулд шаргуу хөдөлмөрлөжээ. Энэ бол араг ясыг арьс, махаар хучсантай адил явдал байв. Чин сэтгэлтэй хүмүүст үнэнийг олоход нь туслах зорилгоор «Сионы Харуулын цамхаг» сэтгүүл болон бусад ном хэвлэлийг гаргажээ. Хожим нь «Бүтээлийн тухай фото драм»-ыг 1914 онд, «Нууц тайлагдсан нь» номыг 1917 онд гаргаж Бурхны ард түмний итгэлийг бэхжүүлсэн. Бурханд үйлчилдэг хүмүүс 1919 онд бэлгэдлийн утгаар амь орж, шинэ газар нутагтай болов. Яваандаа дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс Христийн тослогдсон дагалдагчидтай нэгдэж «үлэмж их цэргүүд» болжээ (Езе. 37:10; Зех. 8:20–23). *

Тэгэхлээр Бурхны ард түмэн МЭ ІІ зуунаас буюу тэрс явдал газар авсан цагаас эхлэн агуу их Вавилоны олз болсон нь тодорхой байна. Энэ бол цөллөгт байсан эртний израильчуудынх шиг хар бараан үе юм. Харин одоо хүн болгонд үнэнийг тунхаглах боломжтой болсон. «Хэрсүү ухаантай нь ... гэрэл шиг туяарч», «олон хүн шинэчлэгдэн», «цэвэршүүлэгдэж» буй цаг үед амьдардаг бид жаргалтай хүмүүс! (Дан. 12:3, 10).

Сатан Есүсийг сорихдоо үнэхээр сүмд аваачсан уу?

Шуудхан хэлэхэд, Есүс сүмийн орой дээр зогсож байсан уу эсвэл сүмийг ер бусын аргаар үзсэн үү гэдгийг бид мэдэхгүй.

Эхлээд Библид юу гэж байдгийг авч үзье. Элч Матай энэ үйл явдлын талаар Бурхнаар удирдуулан бичихдээ «Диавол түүнийг [буюу Есүсийг] ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоов» гэжээ (Мат. 4:5). Яг энэ явдлыг «Лук» номд «Тэр түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоов» хэмээн бичжээ (Лук 4:9).

Өмнө нь манай хэвлэлд энэ үйл явдлыг бодитоор болоогүй байх гэж бичдэг байсан. Тухайлбал «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1961 оны 3 дугаар сарын 1-ний дугаарт ийн бичжээ. «Есүс цөлд байхдаа соригдсон явдлыг бүгдийг нь бодитой гэж бодвол учир дутагдалтай. “Дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь” үзэж болох уул гэж байхгүй. Тэгэхлээр Сатан Есүсийг бодитоор “ариун хотод” хөтөлж аваачаад “сүмийн орой дээр” зогсоосон гэж үзэх нь зүйд нийцэхгүй». Гэхдээ энэ сэтгүүлийн дараа дараагийн дугаарт бичихдээ Христ Сатаны хүсэлтээр үсэрсэн бол амиа алдах байсан гэжээ.

«Харуулын цамхаг» сэтгүүлийн зарим өгүүлэлд бичсэнээр Есүс леви хүн биш учраас сүмийн орой дээр зогсох эрхгүй ажээ. Тиймд Сатан түүнийг сорихдоо сүмийг ер бусын аргаар үзүүлсэн гэж ойлгодог хүмүүс байдаг. Хэдэн зууны өмнө зөнч Езекиелд бас ийм явдал тохиолдож байсан билээ (Езе. 8:3, 7–10; 11:1, 24; 37:1, 2).

Хэрэв Сатан Есүст сүмийг ер бусын аргаар үзүүлсэн бол дараах асуулт гарна. Үүнд:

  • Есүс сүмийн оройгоос жинхэнээсээ үсрэх ёстой байсан уу эсвэл үсэрч байгаагаар сэтгэлдээ төсөөлөх ёстой байсан уу?

  • Сатан Есүсээр чулууг жинхэнэ талх болгуулах, өөртөө үнэхээр сөгдүүлж мөргүүлэхийг хүссэн юм бол сүмийн оройгоос бас бодит утгаар үсрүүлэх гэсэн юм биш үү?

Харин Есүс сүмийн орой дээр үнэхээр зогсож байсан бол дараах асуултууд гарна. Үүнд:

  • Есүс сүмийн орой дээр зогссоноороо Мосегийн хуулийг зөрчсөн юм биш үү?

  • Есүс цөлөөс яаж Иерусалимд очив оо?

Сүүлийн хоёр асуултад хариулахад тус болох нэмэлт мэдээллийг авч үзье.

Нэгдүгээрт Матай Лук нарын бичсэн номд «сүм» гэж орчуулсан хиерон гэдэг грек үг нь «зөвхөн сүмийг бус, харин сүмийн барилга байгууламжийг бүхэлд нь хэлсэн байх» гэж профессор Д. А. Карсон тэмдэглэжээ. Тэгэхлээр Есүс сүмийн орой дээр зогссон байх албагүй. Харин сүмийн барилга байгууламжийн аль нэг хэсэгт, тухайлбал зүүн урд өнцөг дээр зогссон байж болох юм. Кидроны хөндийд орших энэ хэсэг хашлага бүхий хавтгай дээвэртэй бөгөөд хамгийн өндөрлөг (137 м) газар ажээ. Их өндөр газар учраас дээр нь зогсоод доошоо харвал «толгой эргэнэ» гэж эртний түүхч Иосеф бичжээ. Есүс леви хүн биш ч энэ хэсэгт зогслоо гэхэд хэн ч хориглохгүй байх байв.

Тэгвэл Есүс цөлд байсан хэр нь яаж Иерусалимд ирэв ээ? Энэ нь тодорхойгүй. Цөлд байхад нь Есүсийг сүмд аваачсан гэж товчхон бичсэнээс бус, Иерусалимаас хэр хол байсан, Сатанд хэр удаан соригдсон тухай байдаггүй. Иерусалим хол ч гэсэн Есүс явган явж ирсэн байж болохыг үгүйсгэх аргагүй. Тийнхүү соригдож байхдаа цөлд байсаар байсан ч гэж байдаггүй. Зүгээр л Иерусалимд аваачсан гэж бичжээ.

Тэгвэл Сатан Есүст «дэлхийн бүх хаанчлалыг» үзүүлснийг юу гэж ойлгох вэ? Бүх хаант улсыг нэг дор үзэж болох уул гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор бодитоор биш, ер бусын аргаар үзүүлсэн бололтой. Үүнийг дэлхийн янз бүрийн хэсэгт байдаг газар нутгийн зургийг проектороор дэлгэцэн дээр тусгаж үзүүлдэгтэй адилтгаж болно. Сатан хаант улсуудыг ер бусын аргаар үзүүлсэн ч Есүсийг өөртөө бодитоор мөргүүлэхийг хүссэн (Мат. 4:8, 9). Тэгэхлээр Сатан Есүсийг сүмд аваачаад сүмийн орой дээрээс үнэхээр үсрэхийг шаардсан байж болох юм. Хүссэнээр нь хийсэн бол Есүс амиа алдах байв. Хэрэв энэ удаа Сатан сүмийг бодитоор биш, ер бусын аргаар үзүүлж сорьсон бол Есүст илүү амар байх байсан биз ээ!

Энэ бүхнээс үзвэл, Есүс үнэхээр Иерусалимд очоод сүмийн хамгийн өндөр газар зогссоныг үгүйсгэх аргагүй юм. Өгүүллийн эхэнд хэлсэнчлэн, Сатан Есүст сүмийг хэрхэн үзүүлснийг бид мэдэхгүй. Бидний мэдэх зүйл бол Сатан Есүсээр буруу юм хийлгэх гэж удаа дараа сорьсон бөгөөд тэр бүрд нь Есүс шийдэмгий хариу өгч байсан билээ.

^ д/м 1 «Езекиел», «Илчлэлт» номын аль алинд нь 1919 онд болсон үйл явдлыг өгүүлдэг. Гэхдээ Езекиел 37:1–14-т Вавилоны эрхшээлд олон зуун жил байсан Бурхны ард түмэн бүхэлдээ дахин сэргэхийг зөгнөсөн. Харин Илчлэлт 11:7–12удирдах үүрэг хүлээдэг цөөн тооны тослогдсон эрчүүд дахин сэргэхийг зөгнөжээ. Үнэхээр ч тэд үйл ажиллагаа явуулах эрхээ богино хугацаанд хасуулсныхаа дараа удирдах үүрэг дахин хүлээдэг болсон.