Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

Танд ч бас хамаатай

Танд ч бас хамаатай

Шашны номууд дотроос Библи хамгийн онцгой ном юм. Олон зууны турш олон хүнд хүрч нөлөөлсөн ийм ном Библиэс өөр байдаггүй. Нөгөөтээгүүр, Библи шиг нарийн судлагдаж, шүүмжлэлд өртсөн ном бас байхгүй.

Жишээлбэл, зарим эрдэмтэн Библийг анх бичигдсэн тэр л янзаараа хадгалагдаж ирсэн эсэхэд эргэлздэг. Шашин судлалын нэг профессор хэлэхдээ «Эх бичвэрийг нарийн зөв сэргээн засварласан гэдэгт итгэхэд бэрх. Одоо байгаа Библийн хуулбар дүүрэн алдаатай. Ихэнх хэсэг нь анх бичигдсэнээсээ хэдэн зууны дараа хуулбарлагдсан болохоор хэдэн мянга дахин өөрчлөгдсөн байж таарна» гэжээ.

Зарим хүн шашнаасаа болоод Библийн үнэн эсэхэд эргэлздэг. Жишээ нь христийн бус шашинтай гэр бүлд өсөж хүмүүжсэн Файзал гэдэг хүн Библийг ариун ном гэж үздэг ч анхныхаасаа их өөрчлөгдсөн гэж боддог ажээ. «Угаасаа эх бичиг нь байхгүй болохоор Библид зөндөө засвар орсон гэдэг яриа сонсож байсан болоод ч тэр үү, хүмүүс надтай Библийн тухай ярих гэхээр итгэж өгдөггүй байлаа» гэж Файзал ярьсан юм.

Библи өөрчлөгдсөн үгүй нь тийм их чухал уу? Дараах асуултуудыг бодоод үз дээ. Одоогийн Библид ирээдүйн тухай тайвшруулах сайхан амлалт байдаг. Гэхдээ тэр амлалтыг эх бичвэрт байгаагүй гэвэл та итгэх үү? (Ром 15:4). Хэрэв одоо байгаа Библи дүүрэн алдаатай байсан юм бол, та ажил төрөл, гэр бүл, шүтлэгийн гэх мэт чухал асуудлаар шийдвэр гаргахдаа Библийн зарчмыг хэрэгжүүлэх байсан гэж үү?

Одоо Библийн эх бичвэр байхгүй ч эртний хуулбарууд нь хэдэн мянгаараа бий. Эдгээр гар бичмэлүүд байгалийн нөлөө, хүмүүсийн эсэргүүцэл, эх бичгийг өөрчлөх гэсэн оролдлогыг хэрхэн тэсэж үлдсэн бэ? Одоо бидний гар дээр байгаа Библийг үнэн зөв гэдэгт итгэхэд юу туслах вэ? Сэтгүүлийн дараагийн өгүүллүүдээр Библи өнөөг хүртэл хэрхэн хадгалагдаж ирсэн тухай ярилцъя.