Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

Эсэргүүцлийг тэсэж үлдсэн нь

Эсэргүүцлийг тэсэж үлдсэн нь

АЮУЛ: Төр засгийн удирдагчид болон шашны мяндагтнууд Библийн мэдээний эсрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Библитэй байх, Библийг эрхлэн гаргах, орчуулахыг тэд эрх мэдлээрээ далайлган хориглож байв. Хоёр жишээг авч үзье.

  • МЭӨ 167 оны орчим: Селевкид угсааны хаан Антиох Эпифан иудейчүүдийг грекийн шашинд дагаар оруулах гэж Еврей Судрын бүх хуулбарыг устга хэмээн тушаажээ. Түүний албатууд «Библийн хуйлмал бичгийг хаа сайгүй хайж, олсон даруйдаа урж тасдан, устгаж шатаах юм уу Библиэс эрч хүч, тайвшрал авах гэсэн хүмүүсийг алж хядаж байлаа» гэж түүхч Хайнрих Грец бичсэн байдаг.

  • Дундад зууны үед: Католик шашны зарим мяндагтнууд католик шашны номлолыг биш, Библийн сургаалыг зааж дэлгэрүүлдэг энгийн ард түмэнд дургүйцэж мөн латин хэлээрх «Дуулал» номоос өөр Библийн номтой хүмүүст тэрс үзэлтнүүд гэсэн нэр зүүлгэсэн байна. Нэгэн сүмийн зөвлөл, удирдлага доор нь ажилладаг хүмүүстээ «Жаахан ч гэсэн сэжигтэй санагдсан айл, зоориудаар явж, тэрс үзэлтнүүдийг үргэлж хичээнгүйлэн хай, юу ч үгүй нэгж. Тэрс үзэлтэн олдох л юм бол орон байртай нь устга» гэсэн тушаал өгчээ.

Библийг устгаж үгүй хийх гэсэн оролдлого амжилт олсон бол доторх мэдээ нь ч устаж үгүй болох байлаа.

Уильям Тиндалын англи хэлнээ орчуулсан энэ Библийг хэрэглэхийг хориглож, шатааж байжээ. Тиндалыг өөрийг нь 1536 онд цаазалжээ.

БИБЛИ ХЭРХЭН ТЭСЭЖ ҮЛДСЭН БЭ? Антиох хаан Израйлын нутаг дэвсгэрийг гол байгаа болгосон боловч иудейчүүд өөр олон газар тархан суурьшжээ. МЭ I зуун гэхэд иудейчүүдийн 60 гаруй хувь нь Израйлаас гарч, өөр нутагт амьдран сууж байсан гэсэн эрдэмтэн судлаачдын таамаг байдаг. Иудейчүүд цуглардаг газраа Судрын хуйлмал бичгээ хадгалж орхисон байна. Тэр Судрыг нь Христийн дагалдагчдаас гадна, хойч үеийнх нь хүмүүс олоод хэрэглэж байжээ (Үйлс 15:21).

Дундад зууны үед Бурхны Үгийг хайрладаг хүмүүс хавчлагаас айлгүй Судрыг орчуулж, хуулан бичсээр байв. XV зууны дунд үед үсэг өрөх аргаар хэвлэдэг хэвлэлийн машиныг зохион бүтээхээс өмнө Библийн номууд 33 хэлээр гарсан бололтой. Дараа нь Библи асар хурдан орчуулагдаж, уншигчдын хүртээл болсон.

ҮР ДҮН: Библи харгис хэрцгий хаад болон хуурамч сургаалыг баримталдаг мяндагтнуудын эсэргүүцэл хавчлагатай нүүр тулсан боловч түүхэн дэх хамгийн өргөн тархсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан ном болсон. Библи олон улс орны хэл соёл, хууль дүрэм цаашлаад хүмүүсийн амьдралд нөлөөлсөн.