Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | ТАЙВШРАЛЫГ ХААНААС ОЛОХ ВЭ?

Бурхан биднийг тайвшруулдаг

Бурхан биднийг тайвшруулдаг

Элч Паул Еховаг * «бүх тайвшралын Бурхан ... Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» гэжээ (2 Коринт 1:3, 4). Тэнгэрийн Эцэг маань бүх хүнийг, ямар ч хэцүү үед нь тайвшруулдгийн баталгаа Библид байдаг.

Тайвшрахыг хүсэж байгаа бол бид өөрсдөө хүчин чармайлт гаргах учиртай. Та эмчид үзүүлэхээр тохироогүй бол тусламж авч чадах уу? Зөнч Амос: «Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?» хэмээн асуусан (Амос 3:3). Библид «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэсэн байдаг (Иаков 4:8).

Бурхан биднийг үнэхээр тайвшруулдаг уу? Тийм ээ. Нэгдүгээрт, Бурхан биднийг тайвшруулах хүсэлтэйгээ олон удаа мэдэгдсэн ( Хавсралтыг үзнэ үү). Хоёрдугаарт, Бурхан хүмүүсийг тайвшруулдгийн баталгаа бий. Тэрбээр эрт үед хүмүүсийг тайвшруулж байсан шигээ одоо ч тайвшруулдаг.

Өнөө үеийн олон хүний адилаар, их зовлон үзсэн Давид хаан Еховагаас тусламж гуйдаг байсан. Тэрбээр: «Би Тан уруу тусламж гуйн хашхирахад, ... Миний гуйлтын дууг сонсооч» гэж Еховагаас гуйж байжээ. Бурхан залбиралд нь хариулсан болов уу? Тийм ээ. Давид цааш нь «Би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг» гэж бичжээ (Дуулал 28:2, 7).

ГАШУУДАГСДЫГ ТАЙВШРУУЛАХАД ЕСҮС ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ВЭ?

Хүмүүсийг тайвшруулахад Есүс чухал үүрэг гүйцэтгэх учиртай байв. «Шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, бүх гашуудагчийг тайвшруулахыг» Бурхан түүнд даалгасан (Исаиа 61:1, 2). Зөгнөл ёсоор, Есүс «эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүсийг» онцгой анхаарч байсан (Матай 11:28–30).

Есүс хүмүүст мэргэн зөвлөгөө өгч, тэдэнтэй эелдэг зөөлөн харьцаж тайвшруулдаг байжээ. Тэр бүү хэл, хэд хэдэн удаа өвчтэй хүнийг эдгээсэн. Нэгэн удаа уяман өвчтэй хүн Есүст «Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ» гэж хэлдэг. Тэгэхэд нь Есүс түүнийг өрөвдөн «Би хүсэж байна. Цэвэрш» гэжээ (Марк 1:40, 41). Ийнхүү тэр хүн эдгэрчээ.

Бурхны Хүү өнөөдөр биднийг биечлэн тайвшруулдаггүй. Гэлээ ч түүний Эцэг «бүх тайвшралын Бурхан» Ехова гачигдаж зовж байгаа хүмүүст тусалдаг (2 Коринт 1:3). Бурхан хүмүүсийг дараах дөрвөн аргаар тайвшруулдаг.

  • Библи. «Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» (Ром 15:4).

  • Ариун сүнс. Есүсийг нас бараад удаагүй байхад христиан хуралд амар тайван ноёлж байв. Яагаад? Учир нь хурал «Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгааж байв» (Үйлс 9:31). Бурхан асар их хүчтэй ариун сүнсээрээ ямар ч хүнийг, ямар ч хэцүү үед нь тайвшруулдаг.

  • Залбирал. «Юунд ч бүү санаа зов» гэж Библи зөвлөдөг. Бас «хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэж хэлдэг (Филиппой 4:6, 7).

  • Итгэл нэгтнүүд. Үнэнч найз нөхөд биднийг тайвшруулдаг. Элч Паулыг зовж байхад нь найз нөхөд нь «тайтгаруулж» байжээ (Колоссай 4:11; 1 Тесалоник 3:7).

Энэ дөрвөн арга үнэхээр үр дүнтэй юү? Өмнөх өгүүлэлд дурдсан хүмүүс хэрхэн тайвширсан бол? «Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг Би та нарыг тайвшруулна» гэж Бурхан амладаг. Энэ амлалтаа хэрхэн биелүүлдгийг дараагийн өгүүллээс уншаарай (Исаиа 66:13).

^ д/м 3 Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.