Skip to content

Гарчиг руу орох

Маргааныг хайраар шийдье

Маргааныг хайраар шийдье

«Бие биетэйгээ эвтэй байгтун» (МАРК 9:50).

ДУУ: 39, 35

1, 2. Хүмүүст тулгардаг ямар асуудлыг «Эхлэл» номд бичсэн байдаг вэ? Үүнийг бид яагаад судлах хэрэгтэй вэ?

БИБЛИД гардаг хүмүүсийн хоорондох маргааны талаар та бодож үзсэн үү? «Эхлэл» номын эхний хэдэн бүлгийг аваад үзье. Каин Абелыг алсан (Эх. 4:3–8); Ламех өөрийг нь гэмтээсэн залууг хөнөөсөн (Эх. 4:23); Абрахамын хоньчид Лотын хоньчидтой маргалдсан (Эх. 13:5–7); Хагар Сараг үзэн ядаж, Сара Абрахамд уурласан (Эх. 16:3–6); Ишмаел бүх хүнтэй тэрсэлдэж, бүх хүн түүнтэй тэрсэлдсэн (Эх. 16:12).

2 Библид энэ бүхнийг яагаад бичсэн бэ? Нэгдүгээрт, эв эеийг сахих ёстойн учрыг төгс бус хүмүүст ойлгуулах гэснийх ажээ. Хоёрдугаарт, эвлэрэх аргыг зааж өгөхийн тулд юм. Түүхэн бодит хүмүүс амьдралд тулгардаг тэр л бэрхшээлтэй нүүр тулж явсныг Библиэс уншихлаар бидэнд сургамжтай байдаг. Маргаанаа шийдэхийн тулд яаж хичээж, ямар үр дүнд хүрснийг нь мэдэж аваад бид бас амьдралдаа хэрэгжүүлдэг. Тэднийхтэй төстэй явдал тохиолдоход яах ёстой, бас яах ёсгүйгээ мэдэж авдаг (Ром 15:4).

3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Еховагийн үйлчлэгчид ямар учраас маргаанаа шийдэх ёстой вэ? Хэрхэн шийдэх вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээр ярилцъя. Түүнчлэн маргааныг шийдэхэд, мөн бусадтай болон Еховатай сайн харьцаатай байхад тус болох Библийн зарчмуудыг авч үзье.

МАРГААНАА ЯАГААД ШИЙДЭХ ЁСТОЙ ВЭ?

4. Өнөөгийн нийгэмд ямар хандлага газар авсан бэ? Энэ нь ямар үр дагавартай вэ?

4 Хэрүүл маргаан, тэмцэл мөргөлдөөний гол буруутан нь Сатан юм. Юу нь зөв, юу нь бурууг хүн бүр өөрөө шийдэж чадна, шийдэх ч ёстой, ингэж байж Бурхнаас хамааралгүй амьдарна гэсэн асуудлыг Сатан босгосон (Эх. 3:1–5). Үүний үр дагавар нь одоо ч бэлхнээ харагдаж байна. Бардамнах, өрсөлдөх, хувиа хичээх хандлага өнөөгийн нийгэмд газар авсан нь хараат бус байх гэсэн үзэлтэй хүн олширсных юм. Ийм үзэлд автсан хэн боловч Сатаны босгосон асуудлыг дэмжиж байна гэсэн үг. Тийм хүмүүс бусдыг бус, өөрийгөө бодож амьдрах нь зөв гэж үздэг. Энэ нь хэрүүл маргааны эх уурхай болдог. «Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө. Түргэн зантай хүн гэм нүгэлд автана» гэсэн үгийг санаж явах нь бидний хувьд нэн чухал (Сур. 29:22).

5. Есүс маргааныг шийдэх талаар ямар зөвлөгөө өгсөн бэ?

5 Есүс эвийг эрхэмлэж явахыг хүмүүст зааж сургадаг байснаараа Сатанаас ялгаатай. Бид бусадтай эвтэй байхын тулд өөрсдөө хохироход ч бэлэн байх ёстой. «Ууланд айлдсан номлол»-д ямар ч санал зөрөлдөөн, маргааныг шийдэхэд тустай аргууд бий. Жишээлбэл дөлгөөн зантай, амар тайвныг тогтоодог, уурладаггүй, асуудлыг хурдан шийддэг, дайснаа хайрладаг байхыг Есүс шавь нартаа захисан (Мат. 5:5, 9, 22, 25, 44).

6, 7. а) Маргаанаа яагаад тэр дор нь шийддэг байх ёстой вэ? б) Еховагийн үйлчлэгч хүн ямар асуултыг нухацтай бодох учиртай вэ?

6 Хэрэв бид бусадтай эвтэй байж чаддаггүй бол залбирах, цуглаанд суух, дэлгэрүүлэх гэх зэргээр Еховагийн төлөө хийдэг бүхэн маань ямар ч ашиггүй болно (Марк 11:25). Алдаа гаргасан нэгнээ дуртайяа уучлахгүй бол Бурхны найз байж чадахгүй (Лук 11:4; Ефес 4:32-ыг уншина).

7 Бусдыг уучилж, эв нэгдэлтэй байдаг эсэхээ хүн бүр нухацтай бодож өөрийгөө шалгах хэрэгтэй. Та итгэл нэгтнээ шууд уучилж чаддаг уу? Тэдэнтэй найзалж нөхөрлөдөгтөө баярладаг уу? Бие биенийгээ уучилдаг байхыг Ехова үйлчлэгчдээсээ хүсдэг. Бусдыг уучлахдаа маруухан гэдгээ анзаарсан бол Еховагаас тусламж гуйн залбираарай. Ийм залбирлыг тэнгэрийн Эцэг маань чих тавин сонсож, хариулна (1 Иох. 5:14, 15).

ТА ТООХГҮЙ ӨНГӨРӨӨЖ ЧАДАХ УУ?

8, 9. Үл ойлголцол гарвал яах ёстой вэ?

8 Төгс хүн нэг ч байхгүй. Тиймээс эрт орой хэзээ боловч хэн нэг нь таныг гомдоох нь зайлшгүй (Ном. 7:20; Мат. 18:7). Та тийм үед яах вэ? Гэрчүүдийн зохиосон нэгэн үдэшлэгийн үеэр юу болсныг ярилцъя. Тэр үдэшлэгт очсон нэг эмэгтэй хоёр эрэгтэйтэй мэндэлжээ. Гэтэл нэг нь түүнийг зохисгүй харьцсан гэж дургүйцсэн аж. Тэгээд өнөөх эмэгтэйн хэлж ярьсныг шүүмжилж гарав. Харин нөгөө эрэгтэй санал нийлсэнгүй. Тэр эмэгтэйг 40 жил хүнд хэцүү амьдрал туулахдаа Еховад үнэнч үйлчилж ирснийг нөгөөдөө сануулсан байна. Бас санаатайгаар тийм үг хэлээгүй байх гэж ярьжээ. Эхний эрэгтэй хэсэг зуур бодсоны дараа «Чиний хэлдэг зөв өө» гэжээ. Ийнхүү асуудал даамжралгүй өнгөрчээ.

9 Энэ явдлаас юу мэдэж болох вэ? Үл ойлголцол гарахад гомдох эсэх нь танаас шалтгаална. Бусдыг хайрладаг хүн сав л хийвэл гомдоод байдаггүй (Сургаалт үгс 10:12; 1 Петр 4:8-ыг уншина). «Гэм бурууг харахгүй өнгөрөхийг» Ехова «алдар суу» гэж үздэг (Сур. 19:11; Ном. 7:9). Тиймээс хэн нэг нь тантай эвгүй, хүндэтгэлгүй харьцсан мэт санагдвал өөрөөсөө шууд ингэж асуугаарай. «Би үүнийг тоохгүй өнгөрөөж чадах уу? Энэ тухай бодоод байх шаардлага байна уу?».

10. а) Хүмүүс муу хэлэхийг сонсоод нэг Гэрч эмэгтэй эхлээд яасан бэ? б) Гомдохгүй байхад нь Библийн ямар зүйл тус болсон бэ?

10 Хүнд муу хэлүүлэх тийм ч сайхан биш. Нэг эхлэгчид юу тохиолдсоныг авч үзье. Тэр эмэгтэйг Лүүси гэж нэрлэе. Яаж дэлгэрүүлдэг, цагаа хэрхэн ашигладаг талаар нь хүмүүс муу хэлж байхыг Лүүси сонсоод уур нь хүрчээ. Тэгээд ахлагчдаас зөвлөгөө хүссэн байна. Лүүси: «Ахлагчдын өгсөн зөвлөгөө надад их тус болсон. Би тэр хүмүүсийн талаар зөв үзэлтэй байж, хамгийн гол нь Ехова руу анхаарлаа хандуулах хэрэгтэйгээ ойлгосон» гэж ярьсан юм. Лүүси Матай 6:1–4-ийг уншаад тайвширсан гэнэ (Уншина). Еховаг баярлуулах нь гол зорилго байх ёстойг энэ зүйл түүнд сануулжээ. «Хүмүүс намайг муулсан ч би жаргалтай байдаг. Яагаад гэвэл би Еховагийн сайшаалыг хүлээхийн тулд чадах бүхнээ хийдэг» гэж Лүүси ярьсан. Тэрээр шүүмжлэлийг тоохгүй өнгөрөөж байхаар шийджээ.

ТООХГҮЙ ӨНГӨРӨӨЖ ЧАДАХГҮЙ БОЛ ...

11, 12. а) Өөрийнх нь «эсрэг ямар нэг юм» ах дүүд нь байгааг санавал Бурхны үйлчлэгч яах хэрэгтэй вэ? б) Маргаанаа шийдэх талаар Абрахамаас юу сурах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

11 «Бид бүгд олон юман дээр бүдэрдэг» (Иак. 3:2). Та үг яриа юм уу үйлдлээрээ итгэл нэгтнээ гомдоосноо хожим нь мэджээ гэж бодъё. Тэгвэл яах вэ? Есүс: «Хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө» гэжээ (Мат. 5:23, 24). Энэ зарчмын дагуу итгэл нэгтэнтэйгээ ярилцах хэрэгтэй. Гэхдээ та өөрийнхөө зөвийг батлах юм уу тэр хүнийг буруутгахын тулд бус, харин эвлэрэхийн тулд очиж байгаагаа бүү мартаарай. Итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байх нь хамгийн чухал шүү дээ.

12 Бурхны эртний үйлчлэгчид маргаанаа эвтэйхэн шийддэг байсныг Библид тэмдэглэн үлдээжээ. Өгүүллийн эхэнд дурдсан Абрахам болон түүний ач дүү Лотыг жишээ болгон авъя. Тэд олон малтай байсан тул газар нутаг нь хүрэлцэхгүйгээс болоод малчид нь хоорондоо маргалджээ. Абрахам маргааныг хурцдуулахгүй гэсэндээ Лотоор эхлээд нутаг сонгуулсан (Эх. 13:1, 2, 5–9). Ямар сайхан жишээ вэ! Абрахам эв эеийг сахихын тулд өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьжээ. Ингэлээ гээд хохирсон уу? Хохироогүй. Энэ явдлын дараахан Ехова Абрахамыг арвин ихээр ивээхээ амласан (Эх. 13:14–17). Үйлчлэгчид нь Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу маргаанаа шийдсэнийхээ төлөө тухайн үедээ хохирсон мэт санагдаж мэдэх юм. Гэхдээ хэзээ ч үүрд хохирохгүй. [1]

13. Итгэл нэгтэн нь эвгүй харьцахад нэг ахлагч яасан бэ? Эндээс бид юу сурах вэ?

13 Орчин үеийн жишээ үзье. Чуулганы нэг тасагт шинээр томилогдсон ахлагч, Гэрч эрэгтэйгээс тусламж хүсжээ. Гэтэл тэр эрэгтэй өмнөх ахлагчид голдоо ортлоо гомдсон болохоор эвгүй харьцаад утсаа тасалчихжээ. Хатуу үг хэллээ гэж нөгөө ахлагч гомдсонгүй. Бас асуудлыг зөнд нь орхисонгүй. Тэгээд цагийн дараа өнөөх эрэгтэй рүү дахин утасдаж, бие биеэ танихгүй учир нүүр тулж уулзаад асуудлаа цуг шийдье гэжээ. Долоо хоногийн дараа Хаанчлалын танхимд уулзаад хамт залбирч бүтэн цаг ярилцав. Гэрч эрэгтэй болсон явдлыг ярилаа. Ахлагч анхааралтай сонссоныхоо дараа сургамжтай жишээг Библиэс үзүүлж ярилцав. Ингээд тэр хоёр учраа ололцжээ. Нөгөө эрэгтэй ч чуулганы ажилд оролцсон байна. Тэр ахлагчийг тайван байж, эелдэг харьцсанд одоо ч баярлаж явдаг гэнэ.

АХЛАГЧДЫГ ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

14, 15. а) Матай 18:15–17-д байдаг зөвлөгөөг ямар тохиолдолд дагах вэ? б) Есүс ямар гурван алхмын тухай дурдсан бэ? Гол зорилго нь юу вэ?

14 Еховагийн Гэрчүүд ихэнх маргаанаа хоорондоо ярилцаж байгаад шийдэж чаддаг, шийдэх ч ёстой. Гэхдээ зарим тохиолдолд хурлынхнаа оролцуулах шаардлага гардгийг Есүс онцолсон байдаг (Матай 18:15–17-г уншина). Хэрэв буруутай хүн нөгөөгөө сонсохгүй, бас «хоёр буюу гурван гэрчийг» болон «чуулганыг» сонсохгүй бол яадаг байсан бэ? Тэр хүнийг «харь үндэстэн болоод татвар хураагч мэт» үздэг байжээ. Орчин үед тийм хүнийг хурлаас хасдаг. Үүнээс үзвэл Есүсийн хэлсэн «нүгэл» гэдэг нь жижиг маргаан биш юм. Харин энэ бол хоорондоо ярилцаад шийдэж болдог, шийдэж чадахгүй бол хурлаас хасах хүртэл арга хэмжээ авдаг ноцтой асуудал юм. Үүнд залилан мэхлэх, бусдыг гүжирдэж нэр хүндийг нь унагах зэрэг ордог. Зөвхөн ийм үед Есүсийн онцолсон гурван алхмыг хийдэг. Харин завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах, тэрслэх, хиймэл шүтээн шүтэх болон бусад ноцтой нүгэл үйлдэхийг үүнд хамааруулдаггүй. Эдгээр тохиолдолд хурлын ахлагчид зайлшгүй оролцоно.

Ах дүүгээ олж авахын тулд олон удаа ярилцах хэрэг гарч мэднэ (15-р догол мөрийг үзээрэй)

15 Есүсийн өгсөн зөвлөгөөний гол зорилго нь маргааныг хайраар шийдэх юм (Мат. 18:12–14). Эхлээд бусад хүнийг оролцуулахгүйгээр асуудлаа хоорондоо шийдэх ёстой. Ингэхдээ нэг бус удаа ярилцах шаардлагатай байж мэднэ. Хэрэв тухайн хүн хэргээ хүлээхгүй бол буруутай үйлдлийг нь харсан эсвэл буруутайг нь нотолж чадах хүмүүсийг яриандаа оролцуулна. Тэгээд хэл амаа ололцож чадвал «ах дүүгээ олж авсан» гэсэн үг. Буруутай хүнд туслах гэж хэчнээн оролдоод ч бүтэлтэй болоогүй бол ахлагчдад хандах хэрэгтэй.

16. Есүсийн зөвлөгөөг дагах нь ач тустай гэхийн учир юу вэ?

16 Матай 18:15–17-д байдаг гурван алхмыг гурвууланг нь хийдэг тохиолдол ховор байдаг. Энэ нь тун магтууштай. Яагаад гэвэл алдаа гаргасан нэг нь хурлаас хасагдах дээрээ тулалгүй, маргаанаа хоорондоо шийдчихдэг гэсэн үг. Буруутай нь алдаагаа ухаараад засардаг байхад, буруугүй нь тухайн хүнээс өө сэв хайхаа больж уучлахыг боддог ажээ. Ямар ч байсан, хоёр хүний маргаанд хурлынхан нь яаран оролцох учиргүйг Есүсийн хэлсэн үг харуулдаг. Эхний хоёр алхмыг хийгээд асуудлаа шийдэж чадаагүй бөгөөд болсон явдлыг батлах хангалттай нотолгоо байгаа тохиолдолд л ахлагчид оролцоно.

17. Бусадтай эвтэй байхыг хичээдэг бол ямар ивээл хүртэх вэ?

17 Сатаны тогтолцоо байсан цагт хүмүүс төгс бус хэвээрээ л байна, бие биеэ гомдоох явдал гарсаар л байна. Шавь Иаков: «Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна» хэмээн хэлсэн нь оножээ (Иак. 3:2). Маргаанаа шийдэхийн тулд «амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгөх» нь туйлын чухал (Дуу. 34:14). Амар тайвныг тогтоодог бол итгэл нэгтнүүдтэйгээ сайн харьцаатай байж, хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулна (Дуу. 133:1–3). Хамгийн гол нь «амар амгалангийн Бурхан» Еховатай дотно байна (Ром 15:33). Маргаанаа хайраар шийддэг хүн энэ бүх ивээлийг хүртдэг.

^ [1] (12-р догол мөр) Бас Иаков Есавтай (Эх. 27:41–45; 33:1–11); Иосеф ах нартайгаа (Эх. 45:1–15); Гидеон ефраимчуудтай маргаанаа тайван аргаар шийдсэн байдаг (Шүү. 8:1–3). Та Библид гардаг өөр олон жишээг мэдэх биз ээ.