Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн өгдөг бүхнийг бүрэн дүүрэн ашиглаарай

Еховагийн өгдөг бүхнийг бүрэн дүүрэн ашиглаарай

«Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сургана» (ИС. 48:17).

ДУУ: 20, 37

1, 2. а) Еховагийн Гэрчүүдийн хувьд Библи ямар ном бэ? б) Та Библийн аль хэсгийг унших дуртай вэ?

ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД Библийг эрхэмлэдэг. Библи бидэнд найдвартай удирдлага заавар өгч, сэтгэл тайвшруулж, ирээдүйг маань гэрэл гэгээтэй болгодог (Ром 15:4). Библи бол хүний зохиосон ном бус, «Бурханы үг» билээ (1 Тес. 2:13).

2 Хүн бүрд унших дуртай Библийн хэсэг бий. Зарим хүн «Матай», «Марк», «Лук», «Иохан» номыг унших дуртай. Еховагийн сайхан зан чанарыг Хүү нь хэрхэн тусган харуулсныг өгүүлдэг учраас тэр юм (Иох. 14:9). Зарим нь ирээдүйн тухай зөгнөсөн хэсгийг амтархан уншдаг. «Илчлэлт» номд л гэхэд «удахгүй болох ёстой юмсыг» бичсэн байдаг (Илч. 1:1). «Дуулал» номыг уншаад тайвширч, «Сургаалт үгс» номоос тустай зөвлөгөө авдаг хүмүүс бий. Библи бол бүх хүнд зориулсан ном юм.

3, 4. а) Бид ном хэвлэлээ хэрхэн үздэг вэ? б) Манай ном хэвлэлд нийт Гэрчүүдээс гадна өөр ямар хэсэг бүлэг хүнд зориулсан материал гардаг вэ?

3 Библийг эрхэмлэдэг бидний хувьд Библид үндэслэсэн ном хэвлэл ч үнэ цэнтэй. Ном, товхимол, сэтгүүл бол Еховагийн өгдөг бэлэг юм. Энэ нь Ехова Бурхантайгаа дотносож, бат итгэлтэй болоход чухал үүрэг гүйцэтгэдэг (Тит 2:2).

4 Ер нь манай ном хэвлэлийг нийт Гэрчүүдэд зориулж гаргадаг. Түүнээс гадна охид хөвгүүдэд, эцэг эхчүүдэд гээд хэсэг бүлэг хүнд зориулсан материал олон бий. Манай байгууллагын сайтад байдаг ихэнх өгүүлэл, видеог Еховагийн Гэрч биш хүмүүсийн төлөө бэлддэг. Ийнхүү янз бүрийн хүмүүст зориулж ийм олон төрлийн материал гаргадаг нь Ехова «элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ» гэсэн амлалтаа биелүүлдгийн тодоос тод баталгаа юм (Ис. 25:6).

5. Ехова юунд баярладаг вэ?

5 Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлээ унших хангалттай цаг гардаг ч болоосой гэж ихэнх маань боддог биз ээ. Цагаа зөв ашиглан Библиэ тогтмол уншиж, бие даан судалдгийг маань Ехова хараад маш их баярладаг (Еф. 5:15, 16). Харамсалтай нь бид зарим ном хэвлэлийг уншихгүй орхих юм уу тэгтлээ шимтэж сонирхоод байдаггүй. Энэ нь аюултай. Яагаад?

6. Еховагийн өгдөг зарим зүйлийн ач тусыг юунаас болоод хүртэхгүй өнгөрч мэдэх вэ?

6 Зарим ном хэвлэлийг өөртөө хамаагүй гэж бодоод уншдаггүй учраас ач тусыг нь хүртэхгүй байх аюул бидэнд бий. Хэрвээ Библийн нэг хэсгийг уншаад надад огт хамаагүй юм байна гэж бодогдвол яах вэ? Тодорхой нэг бүлэг хүмүүст зориулж бэлдсэн материал байвал яадаг вэ? Уншсан болоод өнгөрдөг үү, эсвэл огт уншихгүй орхичихдог уу? Тэгдэг бол маш чухал мэдээллээс хоцорч мэдэх юм. Ийм аюулд орохгүйн тулд яах нь зүйтэй вэ? Юуны өмнө бүх ном хэвлэлийг Ехова өгдгийг санаарай. «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сургана» гэж зөнч Исаиагаар бичүүлсэн байдаг шүү дээ (Ис. 48:17). Библи болон Библид үндэслэсэн материалуудыг үр ашигтай уншиж судлахад тустай гурван зөвлөгөөг энэ өгүүллээр ярилцъя.

БИБЛИЙГ ҮР АШИГТАЙ УНШИХАД ТУСТАЙ ЗӨВЛӨГӨӨ

7. Библийг уншихдаа яагаад өргөн хүрээтэй сэтгэх хэрэгтэй вэ?

7 Өргөн хүрээтэй сэтгээрэй. «Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд ... тустай» гэж Библид бий (2 Тим. 3:16). Библийн зарим хэсэг ганц нэг хүнд эсвэл хэсэг бүлэг хүнд зориулагдсан байдаг нь үнэн. Тиймээс Бурхны Үгийг уншихдаа өргөн хүрээтэй сэтгэх хэрэгтэй. Нэг Гэрч: «Би Библиэ уншихдаа надад сургамжтай зүйл олон байгаа гэж өөртөө сануулдаг. Ингэхлээр тэнд тодорхой бичээгүй зүйлийг олж харах хүсэл төрдөг» гэж ярьжээ. Библийг уншихаасаа өмнө мэргэн ухаан гуйж залбирах нь сайн. Тэгвэл илүү өргөн хүрээтэй сэтгэж, Еховагийн ойлгуулахыг хүсээд байгаа зүйлийг олж харна (Езр. 7:10; Иаков 1:5-ыг уншина).

8, 9. а) Библи уншихдаа өөрөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ? б) Ахлагчдад тавьдаг шаардлагаас Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

8 Асуулт асуугаарай. Библи уншихдаа түр зогсоод дараах асуултыг өөрөөсөө асууж байгаарай. «Энэ зүйлээс Еховагийн тухай юу мэдэж болох вэ? Сурснаа яаж ажил хэрэг болгох вэ? Бусдад туслахдаа үүнийг хэрхэн ашиглах вэ?». Ингэж бодоод уншдаг бол илүү их үр дүнтэй. Жишээ нь ахлагч болох хүн ямар шаардлага хангах ёстойг Библид жагсааж бичсэн байдаг (1 Тимот 3:2–7-г уншина). Ихэнх хүн ахлагч биш болохоор эдгээр шаардлагыг уншаад надад хамаагүй юм байна гэж бодож мэдэх юм. Гэхдээ дараах асуултуудыг өөрөөсөө асуувал хэд хэдэн хариу гарч ирэх бөгөөд бүх хүнд тустай олон чухал зүйлийг мэдэж авна.

Библи уншихын ашиг тусыг та бүрэн дүүрэн хүртдэг үү? (7-р догол мөрийг үзээрэй)

9 Энэ зүйлээс Еховагийн тухай юу мэдэж болох вэ? Удирдах үүрэг хүлээдэг хүмүүст өндөр шаардлага тавьдгийг энэ жагсаалт харуулдаг. Ехова хурлын гишүүдийг Хүүгийнхээ «цусаар Өөртөө худалдаж авсан» билээ. Тийм болохоор ахлагчид тэдэнд сайн жишээ үзүүлэх ёстой. Мөн хурлын гишүүдтэй хэрхэн харьцдагаа Еховад тайлагнах учиртай (Үйлс 20:28). Ехова биднийг туслах хоньчдоороо халамжлуулан, айж түгших юмгүй байлгахыг хүсдэг (Ис. 32:1, 2). Ахлагчдад тавьдаг шаардлагуудыг бодож үзвэл Ехова бидэнд үнэхээр санаа тавьдаг нь илэрхий байна.

10, 11. а) Ахлагчдад тавигддаг шаардлагыг хүн бүр хэрхэн ажил хэрэг болгож болох вэ? б) Бусдад туслахдаа хэрхэн ашиглах вэ?

10 Сурснаа яаж ажил хэрэг болгох вэ? Ахлагч хүн өөрийгөө дээрх жагсаалтын дагуу үе үе шалгаж, юугаа илүү сайжруулж болохыг нягталж байх нь зүйтэй. Харин «харгалзагч болохыг эрмэлзэж» байгаа хүн ахлагчдад тавигддаг шаардлагыг хангахын төлөө өөрийгөө бүрэн дайчлах нь чухал (1 Тим. 3:1). Үнэндээ бол эдгээр шаардлага Гэрч нэг бүрд хамаатай. Жишээлбэл Ехова бүх үйлчлэгчээ дөлгөөн, хэрсүү байгаасай гэж хүсдэг (Тит 3:2; 1 Петр 4:7). Ахлагчид «хонин сүрэгтээ үлгэр дуурайл» болдог учраас бид тэднээс суралцаж «итгэлийг нь дуурайх» учиртай (1 Петр 5:3; Евр. 13:7).

11 Бусдад туслахдаа үүнийг хэрхэн ашиглах вэ? Еховагийн Гэрч ахлагчид Христийн шашны пасторуудаас ямар ялгаатайг суралцагчдадаа болон сонирхсон хүмүүст тайлбарлахдаа дээрх жагсаалтыг ашиглаж болно. Түүнээс гадна эдгээр шаардлагыг уншихлаар бидний сайн сайхны төлөө ахлагчид хэчнээн их зүтгэл гаргадгийг санадаг. Үүний дүнд тэднийг улам их хайрлаж хүндлэх сэтгэл төрдөг (1 Тес. 5:12). Мөн нөр их хөдөлмөрлөдөг ахлагчдаа чин сэтгэлээсээ хүндэлдэг бол тэд илүү их баяр баясгалантай үйлчилнэ (Евр. 13:17).

12, 13. а) Ном хэвлэлээ ашиглаад ямар судалгаа хийж болох вэ? б) Судалгаа хийвэл Библид тодорхой бичээгүй ч сургамжтай зүйлийг мэдэж авдгийг жишээгээр хэлнэ үү.

12 Судалгаа хийгээрэй. Библи уншихдаа ном хэвлэлээ ашиглаад доорх асуултуудын хариуг олж байгаарай.

  • Энэ хэсгийг хэн бичсэн бэ?

  • Хэзээ, хаана бичсэн бэ?

  • Үүнийг бичиж байхад ямар онцгой үйл явдлууд болсон бэ?

Библид тодорхой бичээгүй ч сургамжтай зүйлийг олж мэдэхэд эдгээр мэдээлэл тус болно.

13 Езекиел 14:13, 14-ийг жишээ болгон авч үзье. «Хэрвээ улс орон итгэлгүй байдал гарган Миний эсрэг нүглүүдийг үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаж, талхных нь нөөцийг устгаж, түүний эсрэг өлсгөлөн илгээж, хүн, амьтдын аль алиныг нь түүнээс таслан устгах аваас, эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар тэнд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна». Судлаад үзэхлээр Езекиел үүнийг МЭӨ 612 оны үед бичсэн нь тодорхой болно. Тэгэхэд Ноа Иов хоёр олон зууны өмнө нас барсан байсан. Гэлээ ч Ехова тэдний үнэнч үйлчилж байсныг мартаагүй. Даниел тэр үед 20-оод настай байсан бололтой. Ехова түүнийг Ноа Иов нар шиг үнэнч гэсэн. Эндээс бид юу мэдэж болох вэ? Ехова үнэнч үйлчлэгчдээ хөгшин залуу гэлгүй бүгдийг нь ажиглан харж, үнэлж эрхэмлэдэг ажээ (Дуу. 148:12–14).

БҮХ НОМ ХЭВЛЭЛ ТАНД АШИГТАЙ

14. Охид хөвгүүдэд зориулсан материал тэдэнд ямар ач тустай вэ? Бусад хүнд ч ашигтай гэхийн учир юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

14 Бурхны Үгэнд ашиггүй зүйл нэг ч байдаггүйн адил, байгууллагаас гаргадаг бүх материал бидэнд ач тустай. Хэдэн жишээ авъя. Охид хөвгүүдэд зориулсан материал. Сүүлийн жилүүдэд охид хөвгүүдэд зориулан олон ном хэвлэл гаргаж байгаа. Сургууль дээр тулгардаг сорилт бэрхшээл, шилжилтийн насны эгзэгтэй үеийг давахад тустай материалууд бий. Эдгээр нь зөвхөн хүүхдэд бус, бүх насныханд ашигтай. Яагаад гэвэл эндээс Гэрч хүүхэд залууст ямар бэрхшээл тулгардгийг мэдэж аваад хэрхэн тусалж, яаж зоригжуулах аргыг олно.

15. Охид хөвгүүдэд зориулсан материалыг томчууд яагаад унших ёстой вэ?

15 Охид хөвгүүдэд зориулж гаргасан ном хэвлэлд тэдэнд тулгардаг янз бүрийн асуудлыг хөндсөн байдаг. Үнэндээ тэдгээр асуудал томчуудад ч тулгардаг. Жишээлбэл итгэл үнэмшлээ хамгаалах, уураа барих, бусдын дарамт шахалтад автахгүй байх, муу хүмүүсээс зайлсхийх, зохисгүй зугаа цэнгэлээс хол байх шаардлага хэнд маань ч гардаг шүү дээ. Энэ болон өөр олон сэдвийг охид хөвгүүдэд зориулан бичсэн байдаг ч бүх хүнд ач тустай. Яагаад гэвэл цаг хугацааны шалгуурыг давсан Библийн зарчим эдгээр материалын үндэс болдог.

16. Байгууллагаас гаргадаг ном хэвлэл охид хөвгүүдэд өөр ямар ач тустай вэ?

16 Охид хөвгүүдэд зориулсан ном хэвлэл янз бүрийн бэрхшээлээ давахад нь туслахын зэрэгцээ Еховатай улам дотно болгох зорилготой (Номлогчийн үгс 12:1, 13-ыг уншина). Тиймээс томчууд бас ач тус хүртэж болно. Жишээлбэл 2009 оны 4 дүгээр сарын «Сэрцгээ!» сэтгүүлийн «Залуучуудын асуулт» буланд «Яавал Библи унших дуртай болох вэ?» гэсэн өгүүлэл нийтлэгдсэн. Тэнд янз бүрийн зөвлөгөөнөөс гадна хавсралт бий. Хайчилж хадгалаад Библи судлахдаа ашиглаж болно. Энэ өгүүлэл томчуудад хэрэг болсон болов уу? Нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг 24 настай эмэгтэй: «Би ер нь хэзээнээсээ Библи унших дургүй байсан. Энэ өгүүлэлд гарсан зөвлөгөөний дагуу хавсралтыг хайчилж аваад сайн ашигладаг болсон. Одоо би Библи уншихыг тэсэн ядан хүлээдэг. Библийн номууд хивсний гоё хээ шиг хоорондоо зохицдог. Библи уншихад сэтгэл ингэж их хөдөлж байгаагүй» гэж ярьжээ.

17, 18. Гэрч биш хүнд зориулсан материал бидэнд ямар ашигтай вэ? Жишээ хэлнэ үү.

17 Гэрч биш хүмүүст зориулсан материал. Бид 2008 оноос «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлахад зориулсан хувилбартай болсон билээ. Энэ хувилбарыг гол нь Еховагийн Гэрчүүдэд зориулан гаргасан. Гэрч биш хүмүүст зориулсан сэтгүүлүүд ч бий. Бид аль алийг нь уншиж судлах хэрэгтэй. Яагаад? Жишээ авъя. Таны урьсан хүн цуглаанд хүрээд иржээ. Та тэр хүнийг хараад маш их баярлах нь лавтай. Илтгэл сонсож байхдаа өөрийгөө тэр хүний оронд тавина. Түүнд ямар санагдаж байгааг мэдрэхийг хичээнэ. Энэ илтгэл амьдралыг нь хэрхэн өөрчлөхийг төсөөлнө. Ингэж бодвол сэтгэл тань хөдөлж, ийм сайхан илтгэл сонссондоо баярлана.

18 Гэрч биш хүмүүст зориулсан материалыг уншвал үүнтэй адилхан сэтгэгдэл танд төрнө. Жишээлбэл нийтэд зориулсан «Харуулын цамхаг»-т Библийн холбогдолтой сэдвийг ямар ч хүнд ойлгомжтой үг хэллэгээр тайлбарласан байдаг. Бас jw.org сайтын «Библитэй холбоотой асуултын хариу», «Байнга тавьдаг асуулт» зэрэг буланд нийтлэгддэг өгүүллүүдийг энгийн, ойлгомжтой бичдэг. Эдгээрийг уншвал сайн мэддэг Библийн сургаалаа илүү их эрхэмлэдэг болно. Түүнээс гадна итгэл үнэмшлээ тайлбарлах шинэ аргуудыг мэдэж авна. «Сэрцгээ!» сэтгүүлийг уншвал Бүтээгч байдаг гэдэгт улам бүр итгэж, итгэл үнэмшлээ хамгаалах аргыг сурна (1 Петр 3:15-ыг уншина).

19. Еховад талархдагаа хэрхэн харуулах вэ?

19 Бид «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг». Энэ хэрэгцээг маань хангахын тулд Ехова олон заавар зөвлөгөө өгдөг (Мат. 5:3, ШЕ). Тиймээс ном хэвлэлээ байнга уншиж судлан ач тус хүртэцгээе. Тэгдэг бол бидний сайн сайхны төлөө хэрэгтэй бүхнийг зааж сургадаг Ехова Бурхандаа талархдагаа харуулна (Ис. 48:17).