Skip to content

Гарчиг руу орох

Та яаж шийдвэр гаргадаг вэ?

Та яаж шийдвэр гаргадаг вэ?

«Эзэний хүсэл юу болохыг ухаар» (ЕФ. 5:17).

ДУУ: 11, 22

1. Библид байдаг зарим тушаалыг хэлнэ үү. Эдгээрийг дагах нь ямар ач тустай вэ?

ЮУ ХИЙЖ болох, юу хийж болохгүйг тодорхой заасан хууль тушаал Бурхны Үгэнд олон бий. Жишээлбэл садарлан завхайрах, хуурамч шүтээн шүтэх, хулгай хийх, архидан согтуурахыг хориглосон байдаг (1 Кор. 6:9, 10). Тэдгээрийг сахидаг хүн өөрийгөө хүндэлнэ, эрүүл саруул байна, гэр бүлээрээ жаргалтай амьдарна. Бурхны хууль тушаал биднийг янз бүрийн гашуун үр дагавраас хамгаалдаг байх нь ээ. Бас нэгэн ярвигтай боловч сэтгэл хөдөлгөм тушаалыг Бурхны Хүү Есүс Христ дагалдагчдадаа өгчээ. «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэжээ (Мат. 28:19, 20). Энэ тушаалыг үнэнчээр биелүүлдэг бол Бурхны сайшаалыг хүлээнэ, ивээл хүртэнэ.

2, 3. а) Библид яагаад амьдралын бүх асуудлыг хуульчлаагүй вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

2 Гэхдээ зарим асуудлыг хэрхэн шийдэх талаар Библид тодорхой заасан хууль тушаал байдаггүй. Жишээлбэл Гэрч хүн ямар хувцас өмсөх талаар нарийн ширийн заагаагүй. Ехова мэргэн ухаантай нь эндээс харагддаг. Яагаад? Хувцасны загвар маяг улс болгонд харилцан адилгүй бөгөөд жилээс жилд өөрчлөгдөж байдаг. Хэрэв Библид ямар загварын хувцсыг хэрхэн өмсөх талаар нэг бүрчлэн бичсэн бол орчин үед тохирохгүй байх байсан. Ажил сонгох, эрүүл мэндээ анхаарах, чөлөөт цагаа өнгөрүүлэх тухайд ч мөн нарийвчилсан дүрэм журам байдаггүй. Тиймээс хувь хүн болон өрхийн тэргүүнүүд яах хэрэгтэйгээ өөрсдөө шийдэх ёстой.

3 Тэгвэл тухайн асуудал том ч бай, жижиг ч бай яаж ч шийдсэн Еховад хамаагүй гэсэн үг үү? Юу хийх ёстойг Библид тодорхой заагаагүй ч гэсэн зарчим зөрчөөгүй л бол гаргасан шийдвэр маань Бурханд таалагдах уу? Тодорхой хууль тушаал байхгүй үед тэнгэрийн Эцэгтээ таалагдах шийдвэр гаргаснаа яаж мэдэх вэ?

ЯАГААД ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

4, 5. Шийдвэр гаргах нь өөрт төдийгүй өрөөл бусдад хэрхэн нөлөөлөх вэ?

4 Миний гаргасан шийдвэр бусдад хамаагүй гэж боддог хүн бий. Харин бид Еховаг баярлуулахыг хүсдэг. Тийм учраас шийдвэр гаргахдаа Библид байдаг хууль зарчмыг судалж, түүнийгээ дагаж мөрддөг. Жишээ нь Библид цусны тухай хууль бий. Энэ хуулийг сахисан цагт л Бурхны сайшаалыг хүлээнэ (Эх. 9:4; Үйлс 15:28, 29). Хэрэв бид Бурхнаас тусламж гуйн залбирдаг бол таалалд нь нийцэх шийдвэр гаргана.

5 Тодорхой тушаал байхгүй асуудлыг шийдэхдээ ч залбирах нь чухал. Бидний гаргасан шийдвэр Еховатай тогтоосон харьцаанд нэг бол сайнаар, нэг бол муугаар нөлөөлдөг. Зөв шийдвэр гаргавал Еховатай улам дотносно, буруу шийдвэр гаргавал андын тангараг тасарч ч мэдэх юм. Бас итгэл нэгтнүүдээ бүдрүүлж, хурлын эв нэгдлийг эвдэн бусниулна. Зөв шийдвэр гаргах нь үнэхээр чухал байгаа биз? (Ром 14:19; Галат 6:7-г уншина).

6. Шийдвэр гаргахдаа яах ёстой вэ?

6 Тухайн асуудалтай холбоотой нарийн заавар Библид байхгүй бол яах вэ? Сайтар судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хүсэл сонирхлыг хойш нь тавьж, Еховагийн хүслийн дагуу асуудлаа шийдээрэй. Ингэвэл Бурхныхаа сайшаалыг хүлээж, ивээлийг нь хүртэнэ (Дуулал 37:5-ыг уншина).

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ЮУ БОЛОХЫГ УХААРАХ НЬ

7. Тодорхой хууль тушаал байхгүй асуудлыг шийдэхдээ Еховагийн хүслийг яаж мэдэх вэ?

7 Библид тодорхой заагаагүй асуудлыг Еховагийн таалалд нийцүүлж шийдье гэвэл яах хэрэгтэй вэ? Ефес 5:17-д «Эзэний хүсэл юу болохыг ухаар» гэж байдаг. Библид нарийн заавар байхгүй бол Бурхны хүслийг яаж мэдэх вэ? Залбирч, ариун сүнсээр нь удирдуулах хэрэгтэй.

8. Есүс, Эцгийнхээ хүслийг мэддэг байсныг батлах ямар жишээ байдаг вэ?

8 Есүс, Эцгийнхээ хүслийг мэддэг байсныг батлах жишээ авч үзье. Библид бичсэн хоёр ч явдлаас үзэхэд Есүс эхлээд залбирч, дараа нь үй түмэн хүнийг гайхамшгаар хооллосон байдаг (Мат. 14:17–20; 15:34–37). Тэгсэн хэр нь цөлд өлсөж явахдаа чулууг талх болго гэсэн Сатаны үгэнд ороогүй (Матай 4:2–4-ийг уншина). Эцгийнхээ үзэл бодлыг мэддэг байсан учраас чулууг талх болгох ёсгүйгээ ойлгожээ. Гайхамшиг үйлдэх чадвараа хувьдаа ашиглах нь Бурханд таалагдахгүй гэдгийг сайн мэддэг байсан. Ехова удирдаж чиглүүлнэ, тусалж дэмжинэ гэдэгт итгэдгээ Есүс ийнхүү харуулжээ.

9, 10. Яавал зөв шийдвэр гаргадаг болох вэ? Жишээ хэлнэ үү.

9 Есүсийн адилаар зөв шийдвэр гаргадаг байя гэвэл Ехова удирдаж чиглүүлнэ гэдэгт итгэж найдах ёстой. «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ» гэсэн зөвлөгөөг ажил хэрэг болгох нь туйлын чухал (Сур. 3:5–7). Библи судалж Еховагийн үзэл бодлыг мэдэж авбал тухайн асуудлыг хэрхэн шийдээсэй гэж хүсэж байгааг нь ойлгоход дөхөм болно. Еховагийн үзэл бодлыг сайн мэддэг болох тусам хэрхэн удирдан чиглүүлж байгааг нь соргогоор мэдэрдэг болно (Езе. 11:19).

10 Жишээ авъя. Нэг эмэгтэй дэлгүүр хэсэж яваад хүссэн гутлаа олоод харчихжээ. Даанч тэнгэрт хадсан үнэтэй байв. «Намайг ийм үнэтэй гутал авчихвал нөхөрт минь ямар санагдах бол?» гэж бодлоо. Хэдий дэргэд нь байхгүй ч нөхрийгөө юу гэж хэлэхийг мэдэж байлаа. Яагаад? Олон жил хамт амьдрахдаа нөхрийгөө төсвөөсөө илүү гаргахгүйг хичээдгийг сайн мэддэг болсон. Тийм болохоор энэ гутлыг худалдаж авбал нөхөрт ямар санагдахыг таамаглаж байлаа. Үүнтэй адилаар Еховагийн үзэл бодол, арга барилыг бага багаар мэддэг болох тусам ямар нэг асуудал тулгарахад тэнгэрийн Эцгийн «хүсэл юу болохыг ухаардаг» болно.

ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ МЭДЭЖ АВАХ НЬ

11. Библи уншиж, судлахдаа өөрөөсөө юу гэж асуух нь сайн бэ? (« Бурхны Үгийг судлахдаа өөрөөсөө ингэж асуугаарай» гэсэн хавсралтыг үзээрэй).

11 Еховагийн үзэл бодлыг мэдэж авахын тулд, юуны түрүүнд бие даан судлаарай. Бурхны Үгийг уншиж судалж байхдаа өөрөөсөө ингэж асуугаарай. «Еховагийн тухай, үзэл бодол, арга барилынх нь талаар эндээс юу мэдэж болох вэ?». Бид дуулалч Давидынхтай адилхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Давид: «ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач. Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг» хэмээн дуулжээ (Дуу. 25:4, 5). Библиэс уншсан зүйлээ эргэцүүлэн бодохдоо дараах асуултыг өөртөө тавиарай. «Би үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хаана хэрэгжүүлж болох вэ? Гэртээ юү? Ажил дээрээ юү? Сургууль дээрээ юү? Дэлгэрүүлэхдээ юү?». Хаана хэрэгжүүлэх хэрэгтэйгээ ойлгосон бол яаж ажил хэрэг болгохоо ч мэднэ.

12. Еховагийн үзэл бодлыг мэддэг болоход ном хэвлэл, цуглаан ямар ач тустай вэ?

12 Еховагийн үзэл бодлыг мэдэх бас нэг арга бол байгууллагаас нь гаргадаг, Библид үндэслэсэн ном хэвлэлийг нямбай судлах юм. Жишээлбэл ямар нэг асуудал тулгарсан үед Еховад таалагдах зөв шийдвэр гаргая гэвэл «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» болон «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-ыг ашиглаарай. Түүнчлэн цуглааны хөтөлбөрийг анхааралтай сонсож, идэвхтэй оролцож хариулдаг бол Еховагийн үзэл бодлыг илүү сайн мэддэг болно. Сурч мэдсэнээ эргэцүүлэн боддог бол Еховатай адилхан бодож сурна. Үүний дүнд зөв шийдвэр гаргаж, Бурхныхаа ивээлийг хүртэнэ.

ШИЙДВЭР ГАРГАХААСАА ӨМНӨ ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ НЬ

13. Ехова юу гэж бодож байгааг анхаарвал зөв шийдвэр гаргадгийг жишээгээр хэлнэ үү.

13 Еховагийн үзэл бодлыг мэддэг бол зөв шийдвэр гаргаж чадна. Үүнийг жишээгээр тайлбарлая. Та байнгын эхлэгч болж Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажилд бүрэн дүүрэн оролцохыг хүсдэг гэж бодъё. Энэ зорилгодоо хүрэхийн тулд амьдралаа энгийн болгож эхэлнэ. Үүнийхээ хажуугаар мөнгө төгрөг, эд хөрөнгө багатай мөртлөө үнэхээр жаргалтай амьдарч чадах уу гэж санаа зовно. Заавал эхлэгчээр үйлчлэх ёстой гэсэн тушаал Библид байхгүй учраас эхлэгч болохгүйгээр Еховад үнэнчээр үйлчлээд явж болно л доо. Гэхдээ Хаанчлалын төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш тавивал асар их ивээл хүртэнэ гэж Есүс хэлсэн шүү дээ (Лук 18:29, 30-ийг уншина). Түүнээс гадна, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцохын зэрэгцээ жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө «баяртайгаар өг[дөг]» хүнийг Ехова хайрладаг гэж Библид бий (Дуу. 119:108; 2 Кор. 9:7). Эдгээр зүйлийг бодохоос гадна удирдлага заавар гуйн залбирдаг бол Еховагийн үзэл бодлыг ойлгож ухаарах нь дамжиггүй. Тэгээд зөв шийдвэр гаргана, тэнгэрийн Эцгийнхээ ивээлийг хүртэнэ.

14. Хувцас хунар сонгохдоо Еховагийн хүсэлд нийцэх эсэхийг яаж мэдэх вэ?

14 Өөр жишээ авъя. Нэг хувцас таны нүдэнд тусжээ. Загвар нь их дажгүй. Гэхдээ хурлын хүмүүсийг бүдрүүлж магадгүй. Ийм хувцас өмсөж болохгүй гэсэн хууль Библид байхгүйг та мэднэ. Тэгвэл энэ талаар Ехова юу гэж үздэг вэ? «Эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн» гэсэн зөвлөгөөг элч Паулаар бичүүлжээ (1 Тим. 2:9, 10). Энэ зөвлөгөө Гэрч эрчүүдэд ч хамаатай. Бид Еховагийн үйлчлэгч учраас зөвхөн хувийн хүсэл сонирхлоо бодох бус, бусдад яаж нөлөөлөхийг анхаарах ёстой. Даруу байж, итгэл нэгтнүүдээ хайрладаг бол үзэл бодлыг нь хүндэтгэж, тэднийгээ бүдрүүлэх юм уу гомдоох юм хийхгүй (1 Кор. 10:23, 24; Флп. 3:17). Библид юу гэж байдаг бол, Ехова юу гэж бодож байгаа бол гэх зэргээр эргэцүүлэн бодвол таалалд нь нийцсэн шийдвэр гаргана.

15, 16. а) Хэрэв бид сексийн тухай бодоод байвал Еховад ямар санагдах вэ? б) Чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ Еховад таалагдах эсэхийг хэрхэн мэдэх вэ? в) Ярвигтай асуудлыг шийдэхдээ яах хэрэгтэй вэ?

15 Хүмүүс бузар муу юм хийж, «сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай» болж байгааг хараад Ехова харамсан гашууддаг гэж Библид бичсэн байдаг (Эхлэл 6:5, 6-г уншина). Эндээс харвал сексийн тухай ургуулан бодох нь буруу байх нь ээ. Үүнээс болж ноцтой нүгэл үйлдэж болзошгүй. Тэгээд ч ийм бодол Еховагийн үзэл бодолтой нийцэхгүй. Иаков: «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй» гэжээ (Иак. 3:17). Үүнийг ойлгодог бол бодол санаа, сэдэл хандлагыг бузарлах зугаа цэнгэлээс хол байна. Еховагийнхтай адилхан үзэл бодолтой хүн Библийн зарчимд харшилдаг зүйлийг харуулсан ном, кино, тоглоом зэргийг сонирхож болох уу, үгүй юү гэж асуудаггүй. Ехова тийм зүйлүүдийг юу гэж боддогийг Библид тодорхой бичсэн байдаг.

16 Ер нь хэн нэгний оролцоогүйгээр шийдэж болдог асуудал олон бий. Харин ярвигтай асуудлуудыг шийдэх болоход ахлагч юм уу туршлагатай Гэрчүүдээс тусламж авах шаардлага гардаг (Тит 2:3–5; Иак. 5:13–15). Гэхдээ өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргуулахгүй нь мэдээж. Гэрч хүн «сайн мууг ялгах» чадвараа хурцалж, түүнийгээ сайн ашигладаг байх ёстой (Евр. 5:14). Бурхнаар удирдуулан бичсэн элч Паулын үгийг бид бүгдээрээ сахих учиртай. «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» гэсэн байдаг шүү дээ (Гал. 6:5).

17. Еховагийн таалалд нийцэх шийдвэр гаргахын ач тус нь юу вэ?

17 Хэрэв бид Еховагийн таалалд нийцсэн шийдвэр гаргадаг бол түүнтэй улам дотносож ивээл сайшаалыг нь хүртэнэ (Иак. 4:8). Үүний үрээр тэнгэрийн Эцэгтээ улам их итгэдэг болно. Тийм учраас Еховагийн үзэл бодлыг сайн мэддэг болохын тулд Библийн хууль, зарчмуудаар удирдуулж явцгаая. Мэдээж бид Еховагийн тухай бүрэн төгс мэдэж чадахгүй учраас мөнхөд суралцана (Иов 26:14). Гэхдээ хичээгээд байвал одоо ч зөв шийдвэр гаргах ухаантай, мэдлэгтэй, чадвартай болно (Сур. 2:1–5). Төгс бус хүний үзэл бодол, төлөвлөгөө зорилго байнга өөрчлөгддөг. Харин «ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг» хэмээн дуулалч хэлжээ (Дуу. 33:11). Бид үзэл бодол, үйл хэргээ мэргэн ухааны эх булаг Ехова Бурхныхтай нийцүүлдэг бол зөв шийдвэр гаргаж чадна.