Skip to content

Гарчиг руу орох

Библи таныг одоо ч өөрчилж байгаа юу?

Библи таныг одоо ч өөрчилж байгаа юу?

«Зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгд» (РОМ 12:2).

ДУУ: 29, 52

1-3. а) Баптисм хүртсэний дараа юуг өөрчлөхөд хэцүү байж болох вэ? б) Дутагдлаа засахад бодсоноос ч илүү хэцүү бол ямар асуулт гарч болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

КЕВН [1] Библийн үнэнийг мэдээд Еховагийн анд нөхөр болохыг хүсжээ. Гэвч олон жил мөрийтэй тоглоом тоглож, архидан согтуурч, хар тамхи хэрэглэсэн болохоор Бурхны сайшаалыг хүлээхийн тулд энэ бүхнээс ангижрах хэрэгтэй байлаа. Еховад болон Библид итгэж найдаж байсан учраас хорт зуршлаасаа ангижирч чаджээ (Евр. 4:12).

2 Кевн баптисм хүртсэнийхээ дараа дутагдалтайгаа тэмцэхээ больсон уу? Болиогүй. Христийн дагалдагч хүнд байх ёстой зан чанартай болохын тулд тасралтгүй хичээх ёстой байлаа (Еф. 4:31, 32). Жишээ нь түргэн зангаасаа салах үнэхээр хэцүү байжээ. Кевн: «Уураа барьж сурах нь муу зуршлаа хаяхаас ч хэцүү байсан!» гэжээ. Харин шаргуу залбирч, Библийг маш нямбай судлаад зохих ёсоор өөрчлөгджээ.

3 Библийн үндсэн шаардлагыг хангахын тулд Кевний адилаар, баптисм хүртэхээсээ өмнө эрс өөрчлөгдсөн хүн бидний дунд олон бий. Гэхдээ одоо ч Бурхан болон Христийг илүү сайн дуурайхын тулд хүн болгонд анзаарагдаад байдаггүй дутагдлаа засах хэрэгтэй (Еф. 5:1, 2; 1 Петр 2:21). Тухайлбал бусдыг өөлдөг, хүнээс айдаг, хов жив ярьдаг гээд янз бүрийн дутагдалтайгаа анзаарч болох юм. Ийм дутагдлыг засахад бодсоноос ч илүү хэцүү байдаг уу? Хэрэв тийм бол «Том дутагдлуудаа арилгаж чадсан мөртлөө жижиг дутагдлаа засахад яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Өөрийгөө яаж Библийн дагуу өөрчлөх вэ?» гэсэн бодол төрж болох юм.

АСУУДАЛД БОДИТОЙ ХАНДААРАЙ

4. Бид яагаад Еховаг цаг үргэлж баярлуулж чаддаггүй вэ?

4 Бид Еховатай танилцаад, хайрладаг болсон учраас таалалд нь нийцүүлэхийг бүхий л зүрх сэтгэлээрээ хүсдэг. Гэхдээ энэ хүсэл маань хэчнээн хүчтэй байлаа ч бид төгс бусаасаа болоод Бурхнаа цаг үргэлж баярлуулаад байж чаддаггүй. Элч Паул: «Хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй» гэсэн байдаг. Танд бас ингэж санагддаг уу? (Ром 7:18; Иак. 3:2).

5. Бид баптисм хүртэхээсээ өмнө юугаа өөрчилсөн бэ? Гэхдээ ямар дутагдалтайгаа одоо ч тэмцэж байгаа вэ?

5 Бид Еховагийн Гэрч болох шаардлага хангахын тулд Библид буруушаадаг зүйлийг хийхээ больсон билээ (1 Кор. 6:9, 10). Гэхдээ одоо ч төгс бус хэвээрээ байгаа (Кол. 3:9, 10). Тиймээс баптисм хүртээд үнэний замаар олон жил явж байгаа хүн ч алдаж эндэх, буруу хандлага гаргах нь зайлшгүй. Зарим дутагдал маань нэг хэсэгтээ арилахгүй удаж магадгүй.

6, 7. а) Бид төгс бус мөртлөө яагаад Еховагийн найз болох боломжтой вэ? б) Еховагаас уучлалт гуйхаас төвөгшөөх ёсгүйн учир юу вэ?

6 Еховатай анд нөхрийн харьцаатай байж, үргэлж үнэнчээр үйлчлэхэд төгс бус байдал маань саад болох учиргүй. Ехова биднийг өөр лүүгээ татахдаа хааяа хааяа алдаа гаргахыг маань мэдэж байсан шүү дээ (Иох. 6:44). Зүрх сэтгэлийн маань угт юу байдаг, ямар зан араншинтайг маань мэддэг болохоор ямар муу хандлагаасаа болоод зовж шаналахыг ч мэдэж байсан. Гэлээ ч Ехова биднийг найзаа болгохоос татгалзаагүй.

7 Бурхан биднийг хайрласандаа асар үнэтэй бэлэг буюу хайртай Хүүгээ золиос болгон өгсөн (Иох. 3:16). Алдаж эндсэндээ гэмшээд уучлалт гуйвал Ехова биднийг золиосонд үндэслэн уучилж, анд найз гэж үзсэн хэвээрээ байна (Ром 7:24, 25; 1 Иох. 2:1, 2). Өөрийгөө нүгэлтэй, буруутай гэж бодоод золиосны ач тусыг хүртэхээс татгалзах нь зөв үү? Буруу! Гараа бохир гээд усаар угаахгүй байгаатай адилхан болно. Тэгээд ч Есүс нүгэлтэй хүмүүсийн төлөө амиа золиосолсон шүү дээ. Биднийг төгс бус гэж гололгүй анд найз нь болох ийм сайхан боломж олгосон Ехова Бурхандаа талархах хэрэгтэй (1 Тимот 1:15-ыг уншина).

8. Яагаад дутагдлаа тоохгүй өнгөрч болохгүй вэ?

8 Мэдээж бид дутагдлаа тоохгүй өнгөрөх юм уу зөвтгөж болохгүй. Еховатай дотносохын тулд Ехова Бурхнаа болон Есүс Христийг илүү сайн дуурайдаг болохыг хичээх хэрэгтэй. Бас Ехова биднийг ямар байгаасай гэж хүсдэг билээ, тийм хүн болох хэрэгтэй (Дуу. 15:1–5). Түүнээс гадна буруу хандлагатайгаа тэмцэж, болж өгвөл бүрмөсөн арилгах учиртай. Саяхан баптисм хүртсэн ч бай, үнэний замаар яваад олон жилийг элээсэн ч бай, үргэлж «өөрсдийгөө төгөлдөржүүлэх» ёстой (2 Кор. 13:11).

9. «Шинэ хүнийг өөртөө өмсөхийг» байнга хичээх ёстой гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

9 «Өөрсдийгөө төгөлдөржүүлж», «шинэ хүнийг өөртөө өмсөхийн» тулд тасралтгүй хичээх шаардлагатай. «Чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс» хэмээн Паул итгэл нэгтнүүддээ сануулжээ (Еф. 4:22–24). «Шинэчлэгд» гэж хэлэхдээ шинэ хүн болохыг нэг удаа бус, байнга хичээх ёстойг онцолсон. Еховад үйлчлээд удаагүй ч бай, олон жил өнгөрсөн ч бай, бид бүгдээрээ Христийнх шиг зан чанартай шинэ хүн болохын төлөө цаашдаа ч хичээх нь чухал. Үргэлж өөрчлөгдөхөд маань Библи тусална.

ЯАГААД ХЭЦҮҮ БАЙДАГ ВЭ?

10. Бурхны Үгийн дагуу өөрчлөгдсөөр байя гэвэл яах хэрэгтэй вэ? Ямар асуулт гарч болох вэ?

10 Бурхны Үгийн дагуу өөрчлөгдсөөр байя гэвэл бид биеэ дайчлах хэрэгтэй. Гэхдээ яагаад тэгтлээ их хүч гаргах ёстой гэж? Буруу хандлага, зан авирыг маань Ехова шууд арилгаад өгч болдоггүй юм болов уу? Тэгвэл бид Еховад таалагдах зан чанарыг ядах юмгүй илэрхийлнэ биз дээ?

11-13. Ехова биднийг яагаад дутагдалтайгаа тэмцээсэй гэж хүсдэг вэ?

11 Гараг эрхсийн тухай бодвол Ехова асар их хүчтэйг эрхгүй ухаарна. Жишээ нь нар секунд тутамд таван сая тонн материйг эрчим хүч болгон хувиргадаг. Тэр эрчим хүчний өчүүхэн хэсэг нь манай гаргийн агаар мандлаар нэвтэрч амьдрал тэтгэхэд хангалттай хэмжээний гэрэл, дулаан өгдөг (Дуу. 74:16; Ис. 40:26). Ехова хүмүүн үйлчлэгчдэдээ хэрэгтэй үед нь хүч өгдөг (Ис. 40:29). Тийм болохоор бидэнд ямар ч дутагдлаа өлхөн дийлэх хүч өгч, буруу юм хүсэхийг маань болиулж чадна. Гэвч яагаад тэгдэггүй вэ?

12 Ехова бидэнд сонгох эрх чөлөө гэдэг зүйрлэшгүй үнэтэй бэлэг өгсөн билээ. Хүслийнх нь дагуу явахаар шийдэж түүнийхээ төлөө шаргуу хичээдэг бол Еховаг чин сэтгэлээсээ хайрлаж, зүрх сэтгэлийг нь баярлуулахыг хүсдэгийн шинж болно. Мөн хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжиж байна гэсэн үг. Удирдан захирах эрх Еховад бий эсэх талаар Сатан маргаан дэгдээсэн билээ. Тийм болохоор бид эрх мэдлийг нь дэмжихийн тулд сэтгэл зүтгэл гаргадаг бол тэнгэрийн Эцэг маань баярлаж талархан, үнэлж цэгнэх нь эргэлзээгүй (Иов 2:3–5; Сур. 27:11). Хэрэв Ехова биднийг төгс бус байдалтайгаа өөрсдөө тэмцэх шаардлагагүй болгочихвол бид эрх мэдлийг нь үнэнчээр дэмждэг гэж хэлэх аргагүй шүү дээ.

13 Тиймээс Ехова бидэнд сайхан зан чанартай болохын төлөө «хичээл зүтгэл» гаргаарай гэж хэлдэг (2 Петр 1:5–7-г уншина; Кол. 3:12). Оюун бодол, сэтгэл санаагаа хянаж сурахын тулд нөр их хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг (Ром 8:5; 12:9). Өөрчлөгдөх гэж хичээж мэрийгээд амжилтад хүрвэл бид илүү их сэтгэлийн таашаал эдэлнэ.

БУРХНЫ ҮГ ТАНЫГ ӨӨРЧИЛСӨӨР БАЙГ

14, 15. Бурханд таалагдах зан чанартай болохын тулд яах хэрэгтэй вэ? (« Библи, залбирал тэднийг өөрчилсөн» гэсэн хавсралтыг үзээрэй).

14 Олон сайхан зан чанартай болж Бурхныхаа тааллыг олъё гэвэл яах ёстой вэ? Засарч өөрчлөгдье гэж бодоод болчихгүй. Биеэ дайчилж, Бурхны зааврыг дагах хэрэгтэй. Ром 12:2-т «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж, Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун» гэж байдаг. Ехова бидэнд хүсэл тааллаа Үгээрээ, ариун сүнсээрээ мэдүүлж, тэр дагуу явахад тусалж, өөрийнхөө шаардлагад нийцүүлэн биднийг өөрчилнө. Тэгвэл бид өөрсдөө юу хийх вэ? Библиэ өдөр бүр уншиж, уншсанаа эргэцүүлэн бодож, ариун сүнс гуйн залбирах хэрэгтэй (Лук 11:13; Гал. 5:22, 23). Бурхны ариун сүнсээр удирдуулан үзэл бодлоо Еховагийнхтай адилхан болгохын хэрээр бодол санаа, үг яриа, үйл хэрэг маань таалалд нь нийцдэг болно. Тэглээ ч гэсэн дутагдалтайгаа тэмцсээр байх хэрэгтэй (Сур. 4:23).

Дутагдлаа засахад тус болох Библийн зүйл, өгүүллүүдийг цуглуулж, үе үе давтах нь тустай (15-р догол мөрийг үзээрэй)

15 Библийг өдөр бүр уншихаас гадна Еховагийн сайхан зан чанаруудыг өөртөө шингээе, тийм тийм дутагдлаа арилгая гэсэн зорилготойгоор байгууллагаас гаргадаг ном хэвлэлтэй хавсарч судлах нь чухал. Зарим хүн энэ зорилгодоо хүрэхийн тулд тохирох Библийн зүйлүүд болон «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн өгүүллүүдийг цуглуулаад, үе үе давтдаг ажээ.

16. Ахиц дэвшил тань илт мэдэгдэхгүй бол яагаад шантрах хэрэггүй вэ?

16 Ахиц дэвшил тань илт мэдэгдэхгүй бол бүү шантраарай. Бурхны үйлчлэгч хүнд байх ёстой зан чанарыг өөртөө бий болгоход хугацаа хэрэгтэй. Бурхны Үгийн дагуу засарч өөрчлөгдсөөр байя гэвэл тэвчээртэй байх шаардлагатай. Юуны түрүүнд Библид бичсэний дагуу өөрийгөө сахилгажуулах хэрэгтэй. Еховагийн хүссэнээр бодож сэтгэн, биеэ авч явахыг хичээх тусам аяндаа л тийн бодож сэтгэдэг, хийж үйлддэг болно (Дуу. 37:31; Сур. 23:12; Гал. 5:16, 17).

ИРЭЭДҮЙ ЯМАР БОЛОХЫГ ҮРГЭЛЖ САНААРАЙ

17. Еховад үнэнч байвал ямар сайхан ирээдүйг үзэх вэ?

17 Хэрэв бид үнэнч байвал төгс болж Ехова Бурхандаа үүрд үйлчлэх цаг ирнэ. Тэр үед өө сэв, алдаа дутагдлаасаа бүрмөсөн салж сайхан зан чанаруудыг ядах юмгүй илэрхийлнэ. Христ амиа золиосолсон учраас бид одоо ч халамжтай Бурхнаа шүтэх боломжтой. Төгс бус ч гэсэн засарч сайжрахыг хичээж, Библид байгаа сургаал зааврыг дагадаг бол Еховагийн таалалд нийцэх нь дамжиггүй.

18, 19. Библи хүнийг өөрчлөх хүчтэй нь юунаас харагддаг вэ?

18 Өгүүллийн эхэнд гарсан Кевн маш их хичээл зүтгэл гаргасны хүчинд уураа барьж сурчээ. Библийн зарчмыг эргэцүүлэн бодож, ажил хэрэг болгохыг хичээж, итгэл нэгтнүүдийнхээ өгсөн зөвлөгөөг дагадаг байжээ. Хэдэн жилийн дараа мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байна. Яваандаа туслах үйлчлэгч болох шаардлага хангасан бөгөөд сүүлийн 20 жил ахлагчаар үйлчилж байна. Гэлээ ч гэсэн дутагдалтайгаа тэмцсээр байх хэрэгтэйгээ ойлгодог ажээ.

19 Ахиц дэвшил гаргаж сайнаар өөрчлөгдөхөд Библи тус болдгийг Кевнд тохиолдсон явдал харуулж байна. Тийм учраас Бурхны Үгийн дагуу өөрчлөгдөж, Еховатай улам бүр дотносъё (Дуу. 25:14). Хичээл зүтгэлийг маань Ехова үр дүнтэй болгож байгааг харах тусам Библи хүнийг өөрчилсөөр байдагт итгэнэ (Дуу. 34:8).

^ [1] (1-р догол мөр) Нэрийг өөрчлөв.