Skip to content

Гарчиг руу орох

Гадаад хэлний хэсэгт үйлчлэнгээ Еховатай үргэлж дотно байя

Гадаад хэлний хэсэгт үйлчлэнгээ Еховатай үргэлж дотно байя

«Таны үгийг би зүрхэндээ хадгалсан» (ДУУ. 119:11).

ДУУ: 142, 47

1-3. а) Бурхны үйлчлэгч бүрийн анхаарах ёстой хамгийн чухал зүйл юу вэ? б) Гадаад хэл сурч байгаа хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ? Үүнээс үүдээд ямар асуултууд гарч байна вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЕХОВАГИЙН мянга мянган Гэрч «аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд» сайн мэдээ тунхаглах ажилд идэвх зүтгэлтэй оролцож байна (Илч. 14:6). Та гадаад хүмүүст дэлгэрүүлэхээр хэлийг нь сурч байна уу? Эсвэл миссионероор үйлчлэх юм уу гадаадад дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очоод тусалж байна уу? Аль эсвэл нутагтаа, гадаад хэлээр болдог цуглаанд очиж байна уу?

2 Бурхны үйлчлэгч бүрийн анхаарах хамгийн чухал зүйл бол өөрийгөө болон гэр бүлээ Еховатай дотно байлгах явдал юм (Мат. 5:3). Завгүйгээсээ болоод Библиэ бие даан чанартай судлах нь зарим хүнд амаргүй санагддаг. Тэр тусмаа гадаад хэлний хэсэгт үйлчилдэг хүмүүст хэцүү зүйл бүр ч олон тохиолддог.

3 Тийм хүмүүс хэл сурахаас гадна Бурхны «гүн юмсыг» тогтмол судлах хэрэгтэй байдаг (1 Кор. 2:10). Гэтэл цуглааны хөтөлбөрийг бүрэн ойлгож чадахгүй бол яаж судлах вэ? Бурхны Үг хүүхдийнх нь зүрх сэтгэлд шингэж байгаа эсэхийг гадаад хэлний хэсэгт үйлчилдэг эцэг эхчүүд яагаад шалгаж байх ёстой вэ?

АЮУЛ

4. Юунаас болоод Бурхантай тогтоосон харьцаанд сэв сууж мэдэх вэ? Жишээ хэлнэ үү.

4 Бурхны Үгийг гадаад хэлээр ойлгодоггүй бол Бурхантай тогтоосон харьцаанд сэв суух аюултай. МЭӨ V зуунд Нехемиа Иерусалимд хүрч иржээ. Вавилоноос нутагтаа буцаж ирсэн зарим иудейчүүдийн хүүхдүүд еврейгээр ярьж чадахгүй байгааг тэрээр анзаараад санаа нь их зовжээ (Нехемиа 13:23, 24-ийг уншина). Бурхны Үгийн утгыг бүрэн ойлгож чадахгүй байгаа тэр хүүхдүүдийг Бурхны үйлчлэгч гэж хэлэхэд хэцүү байлаа (Нех. 8:2, 8).

5, 6. Гадаад хэлний хэсэгт үйлчилдэг хүмүүсийн хүүхдүүдэд ямар бэрхшээл тулгардаг вэ? Яагаад?

5 Хүүхэд нь Библийн үнэнийг сонирхохоо больж, Еховагаас хөндийрч эхэлснийг гадаад хэлний хэсэгт үйлчилдэг зарим эцэг эхчүүд анзаарчээ. Тухайн нутгийн хэлийг сайн ойлгохгүй учраас цуглаан дээр ярьж байгаа зүйл хүүхдийнх нь зүрх сэтгэлийг хөнддөггүй гэнэ. Пээдро [1] эхнэр хүүхдээ аваад Өмнөд Америкаас Австрали руу нүүсэн ажээ. Тэрээр: «Бурхны тухай ярихад сэтгэл хөдлөх ёстой» гэж хэлсэн юм (Лук 24:32).

6 Эх хэлээрээ уншихлаар сэтгэл хөдөлдөг. Харин гадаад хэлээр уншихад тийм биш байж болох юм. Бас хүмүүстэй сайн ярьж чадахгүй болохоор сэтгэл тавгүйтэж, Еховатай тогтоосон харьцаа ч муудаж мэднэ. Тиймээс гадаад хэлний хэсэгт үйлчлэх хүслээ унтраахгүйн зэрэгцээ Еховатай тогтоосон харьцаагаа анхаарах нь чухал (Мат. 4:4).

ТЭД ЕХОВАГААС ХӨНДИЙРӨӨГҮЙ

7. Вавилончууд Даниел болон түүний нөхдийг хэл соёл, шашин шүтлэгтээ уусгахыг хэрхэн оролдсон бэ?

7 Даниелыг нөхөдтэйгөө хамт Вавилонд олзлогдоод ирэхэд нь тэндхийн хүмүүс «халдеичуудын хэл» зааж өгөн өөрийнхөө соёлд уусгахыг оролджээ. Түүгээр ч зогсохгүй тэднийг сургаж бэлтгэх үүрэг хүлээсэн хааны ордныхон вавилон нэр өгчээ (Дан. 1:3–7). Вавилоны гол бурхан Белийн нэрийг Даниелд өгсөн. Ийнхүү Вавилоны бурхныг Еховагаас илүү хүч чадалтай гэсэн бодлыг Небухаднезар хаан, Даниелд төрүүлэхийг хүссэн бололтой (Дан. 4:8).

8. Даниел юуны ачаар Еховагаас хөндийрөөгүй вэ?

8 «Хааны амттан шимттэнээс» идэхийг зөвшөөрсөн ч «биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв» (Дан. 1:8). Тэрээр Бурхны Үгийг эх хэлээрээ байнга судалдаг байсан учраас харийн нутагт амьдарсан ч Еховагаас хөндийрөөгүй (Дан. 9:2). Тийм болохоор Вавилонд ирснээс нь хойш 70 жил өнгөрсөн ч хүмүүс түүнийг Даниел гэдэг еврей нэрээр нь мэддэг байв (Дан. 5:13).

9. 119-р дууллыг бичсэн хүнд Бурхны Үг хэрхэн нөлөөлсөн бэ?

9 119-р дууллыг бичсэн хүнийг хааны ордныхон басамжлан доромжилдог байжээ. Гэхдээ дуулалч Бурхны Үгийг уншаад хүч тэнхээтэй болж, тууштай байж чадсан (Дуу. 119:23, 61). Тэрээр Бурхны хууль тушаалыг сэтгэл зүрхэндээ шингээжээ (Дуулал 119:11, 46-г уншина).

ЕХОВАТАЙ ҮРГЭЛЖ ДОТНО БАЙГААРАЙ

10, 11. а) Бурхны Үгийг судлахдаа юуг гол зорилгоо болгох ёстой вэ? б) Яавал зорилгодоо хүрэх вэ? Жишээ хэлнэ үү.

10 Бурхны үйлчлэгчид ажил төрөл, хуралд хүлээх үүрэг гээд хэчнээн завгүй байлаа ч бие даан судлах, Гэр бүлийн хичээл хийх цаг зав гаргадаг байх хэрэгтэй (Еф. 5:15, 16). Гэхдээ бидний зорилго бол зүгээр л олон хуудас унших юм уу цуглаан дээр юу гэж хариулахаа бэлдэх биш юм. Хамгийн гол нь Бурхны Үгийг зүрх сэтгэлдээ шингээж, итгэлээ улам бэхжүүлэх учиртай.

11 Энэ зорилгодоо хүрэхийн тулд яах вэ? Библиэ судлахдаа бусдад хэрхэн туслахаа ч бодох хэрэгтэй, өөрийнхөө хэрэгцээг ч анхаарах хэрэгтэй (Флп. 1:9, 10). Дэлгэрүүлэх ажил болон цуглаанд бэлдэх мөн илтгэл, даалгавар бэлдэх явцад судалж буй зүйл бидний зүрх сэтгэлд шууд хүрэхгүй байж болох юм. Жишээ авъя. Тогооч хийсэн хоолоо хүнд өгөхөөсөө өмнө амсаж үздэг. Гэхдээ хоол амсдаг гээд эрүүл саруул амьдарна гэж бодож болохгүй. Өөртөө зориулаад шим тэжээлтэй хоол хийж иддэг байх хэрэгтэй. Үүн шиг, Еховатай үргэлж дотно байя гэвэл Библийг тогтмол судлах хэрэгтэй. Ингэж байж өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангана.

12, 13. Библийг эх хэлээрээ тогтмол судлах нь яагаад ач тустай вэ?

12 Гадаад хэлний хэсэгт үйлчилдэг хүмүүс Библийг «төрөлх хэлээрээ» тогтмол судлах нь ач тустайг ойлгожээ (Үйлс 2:8). Миссионерууд хүртэл томилогдсон газраа удаан үйлчлэхийн тулд цуглаан дээр сонссон зүйлдээ л сэтгэл ханалгүй, илүү нямбай судалдаг гэнэ.

13 Найман жил перс хэл сурч байгаа Ален: «Би перс хэлээр цуглаандаа бэлдэхдээ хэлийг нь л анхаардаг. Ийм үед зөвхөн толгой ажилладаг. Харин уншиж байгаа зүйл маань зүрх сэтгэлд тэр бүр хүрдэггүй. Тийм учраас би зориуд цаг гаргаж байгаад Библи болон бусад ном хэвлэлийг эх хэлээрээ судалдаг» гэжээ.

ХҮҮХДЭЭ АНХААР

14. Эцэг эхчүүд юуг мэдэх ёстой вэ? Яагаад?

14 Бурхны Үг хүүхдийнх нь оюун ухаан, зүрх сэтгэлд хүрч байгаа эсэхийг эцэг эхчүүд шалгадаг байх ёстой. Гадаад хэлний хэсэгт гурван жил гаруй үйлчилж буй Сээрж болон түүний эхнэр Мюриэл 17 настай хүүгээ цуглаанд суух, дэлгэрүүлэх дургүй болсныг нь анзаарчээ. Мюриэл: «Хүү маань францаар дэлгэрүүлэх маш дуртай байсан. Харин гадаад хэлээр дэлгэрүүлдэг болсноосоо хойш халширдаг болсон» гэж ярьсан юм. «Энэ байдал ахиц дэвшил гаргахад нь саад болсон учраас бид хуучин хурал руугаа нүүсэн» гэж аав нь дурсжээ.

Бурхны Үг хүүхдийн тань зүрх сэтгэлд шингэсэн эсэхийг шалгаж байгаарай (14, 15-р догол мөрийг үзнэ үү)

15. а) Эцэг эхчүүд ямар тохиолдолд хуучин хурал руугаа буцах хэрэгтэй вэ? б) Дэд хууль 6:5–7-д эцэг эхчүүдэд зориулсан ямар зөвлөгөө байдаг вэ?

15 Эцэг эхчүүд хуучин хурал руугаа буцах эсэхээ шийдэхдээ дараах асуултыг бодож үзэх нь зүйтэй. Хүүхдэдээ Еховагийн тухай заах, мөн үүний зэрэгцээ гадаад хэл заах цаг зав, мөнгө төгрөг хангалттай юу? Хүүхэд маань дэлгэрүүлэх, цуглаанд явах, гадаад хэлний хэсэгт үйлчлэх дуртай юу? Тийм биш бол өмнө нь үйлчилж байсан хурал руугаа буцах хэрэгтэй байж мэдэх юм. Тэгвэл хүүхэд сайн ойлгодог хэлээрээ цуглааны хөтөлбөрийг сонсоно, дэлгэрүүлэх ажилд оролцоно, Еховагийн тухай улам ихийг мэднэ. Үүний ачаар Еховатай дотно болж үнэний талд бат зогсох биз ээ (Дэд хууль 6:5–7-г уншина).

16, 17. Зарим эцэг эх гадаад хэлний хэсэгт үйлчлэнгээ хүүхдээ хэрхэн сургадаг вэ?

16 Зарим эцэг эх гадаад хэлний хурал юм уу бүлэгт үйлчлэнгээ хүүхдэдээ Еховагийн тухай эх хэлээрээ заадаг. Чарлзынх 9–13 насны гурван охинтой. Тэдний гэр бүл лингала хэлний бүлэгт үйлчилдэг. Чарлз: «Эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ Гэр бүлийн болон Библийн хичээлийг эх хэлээрээ хийж байхаар шийдсэн. Харин лингала хэлээр тоглоом тоглох юм уу дасгал сургууль хийдэг. Ингэж хэл сурах сонирхлыг нь төрүүлдэг» гэж ярьжээ.

Хэл сурч, цуглаанд оролцохын тулд мэрийгээрэй (16, 17-р догол мөрийг үзнэ үү)

17 Кээвин 5–8 насны хоёр охинтой ажээ. Тэднийх гэр бүлээрээ гадаад хэлний хуралд үйлчилдэг. Охид нь цуглааны хөтөлбөрийг сайн ойлгодоггүй учраас Кээвин тэдэндээ туслахын тулд чадах бүхнээ хийдэг гэнэ. Тэрээр: «Эхнэр бид хоёр охидтойгоо эх хэлээр нь буюу францаар Библийн хичээл хийдэг. Бас сард нэг удаа франц хэлний хуралд суухыг зорьдог. Эх хэлээрээ болдог чуулганд оролцохын тулд амралтаа авдаг» гэжээ.

18. Хүүхдийнхээ төлөө зөв шийдвэр гаргахад Ром 15:1, 2-т байдаг зарчим хэрхэн туслах вэ?

18 Хүүхдээ Еховатай дотно болгох хамгийн сайн арга юу вэ гэдгийг эцэг эхчүүд өөрсдөө мэдээд шийддэг (Гал. 6:5). Дээр дурдсан Сээрж Мюриэл хоёр, хүүхдийнхээ төлөө өөрсдийнхөө хүсэл сонирхлыг хойш тавьжээ (Ром 15:1, 2-ыг уншина). Сээрж зөв шийдвэр гаргасан гэдэгтээ эргэлздэггүй ажээ. Тэрээр: «Манайх франц хэлний хуралдаа буцаж ирснээс хойш хүү маань ахиц дэвшил гаргаж баптисм хүртсэн. Одоо байнгын эхлэгчээр үйлчилдэг. Тэр байтугай, гадаад хэлний бүлэгт буцаж очих бодолтой байгаа» гэж ярьжээ.

БУРХНЫ ҮГИЙГ ЗҮРХЭНДЭЭ ШИНГЭЭ

19, 20. Еховагийн Үгийг зүрхэндээ хадгалдаг хүн яадаг вэ?

19 Ехова бүх хүнд хайртай учраас «үнэний мэдлэг уруу ирээсэй» гэсэндээ өөрийнхөө Үг Библийг хэдэн зуун хэлээр унших боломжтой болгосон (1 Тим. 2:4). Библийг эх хэлээрээ уншвал хүний зүрх сэтгэл хөдөлж, өөртэй нь улам дотно болно гэдгийг Ехова Бурхан мэддэг билээ.

20 Бид бүгдээрээ Еховатай тогтоосон харьцаагаа үргэлж бат байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Библийг эх хэлээрээ тогтмол судалдаг бол бид өөрсдөө төдийгүй гэр бүлийнхэн маань Еховатай дотно байж, «Таны үгийг би зүрхэндээ хадгалсан» гэж итгэлтэй хэлнэ (Дуу. 119:11).

^ [1] (5-р догол мөр) Нэрсийг өөрчлөв.