Skip to content

Гарчиг руу орох

Та саруул мэргэн ухааныг «сахидаг» уу?

Та саруул мэргэн ухааныг «сахидаг» уу?

НЭГЭН домогт алс бөглүү тосгонд амьдардаг ядуу хүүгийн тухай гардаг. Тэр хүүг удаан сэтгэдэг болохоор нь хүмүүс доог тохуу хийдэг байжээ. Ирсэн зочдыг хөгжөөхийн тулд тосгоныхон тэр хүүгээр даажигнаж том жижиг хоёр зоос сонгуулдаг байв. Том нь мөнгөн зоос, жижиг нь түүнээс хоёр дахин үнэтэй алтан зоос. «Алийг нь авмаар байна, сонгоорой» гэхэд хүү мөнгөн зоосыг аваад гүйн одно.

Нэгэн өдөр зочин тэр хүүгээс «Нэг алтан зоос нэг мөнгөн зоосноос хоёр дахин үнэтэйг чи мэдэх үү?» гэж асуув. Хүү инээмсэглээд «Мэднэ» гэж хариулав. «Тэгээд чи яагаад мөнгөн зоос авдаг юм бэ? Алтан зоос авбал хоёр дахин их мөнгөтэй болно шүү дээ!» гэсэнд хүү: «Гэхдээ алтан зоосыг сонговол хүмүүс надаар тоглохоо болино. Та намайг хэдэн мөнгөн зоос цуглуулсныг мэдэх үү?» гэж асуужээ. Жаал хүүгээс авууштай нэг зүйл байна. Энэ бол мэргэн ухаан.

«Саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахь. ... Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй» гэж Библид байдаг (Сур. 3:21, 23). «Саруул мэргэн ухаан» гэж юу болох, үүнийг хэрхэн илэрхийлэхийг мэдвэл бид Еховагаас холдохгүй, бэлгэдлийн «хөл» маань бүдрэхгүй.

МЭРГЭН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

Мэргэн ухаан гэдэг нь мэдлэгтэй байх гэсэн үг биш. Бас юмыг ойлгодог байхыг ч хэлдэггүй. Мэдлэгтэй хүн баримт мэдээлэл цуглуулдаг. Юмыг ойлгодог хүн гэдэг нь нэг баримт нөгөөтэйгөө ямар холбоотойг олж хардаг хүн юм. Харин мэргэн ухаантай хүн бол мэдэж авсан зүйлээ ойлгоод ажил хэрэг болгодог.

Жишээлбэл «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номыг харьцангуй богино хугацаанд уншаад ойлгож чаддаг хүн байлаа гэж бодъё. Хичээлийн явцад асуултад зөв хариулж, яваандаа цуглаанд суудаг болж, гараа өргөөд оновчтой хариулна. Энэ бүхэн ахиц дэвшил гаргаж байгаагийн илрэл байх. Гэхдээ юмыг хурдан сурдаг, толгой сайтай байлаа гээд мэргэн болчихож байгаа хэрэг биш юм. Мэдлэг, ойлгох чадвараа зөв ашиглан Библийн үнэнийг ажил хэрэг болгож байж л мэргэн болно. Нухацтай бодоод гаргасан шийдвэр нь сайн үр дүнд хүрдэг бол тэр хүн саруул мэргэн ухаантай болсны шинж юм.

Матай 7:24–27-д Есүсийн ярьсан үлгэр бий. Уг үлгэрт тус тусдаа байшин барьсан мэргэн, мунхаг хоёр хүний тухай гардаг. Мэргэн хүн нь юу болохыг урьдаас сайтар бодож байгаад хадан суурин дээр байшин барьдаг. Элсэн дээр баривал хямдхан, бас хурдан боловч тэрээр алсын хараатай, хашир хүн байсан. Хожмын үр дагаврыг нь бодсон нь ч ухаалаг хэрэг байлаа. Тийм учраас хүчтэй шуурганаар байшин нь нураагүй. Тэгвэл бид яаж ийм мэргэн ухаантай болох вэ? Яавал үргэлж мэргэн байх вэ?

БИ ЯАЖ МЭРГЭН УХААНТАЙ БОЛОХ ВЭ?

Эхлээд Мика 6:9-ийг анхааръя. Тэнд «[Бурхны] нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан» гэж байдаг. Еховагийн нэрээс эмээх гэдэг нь Еховаг хүндэтгэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл сүсэглэн биширч, тогтоосон хэм хэмжээг нь хүндэтгэн сахина гэсэн үг. Хүнийг хүндэлье гэвэл сэтгэхүйг нь мэдэх хэрэгтэй. Тэгвэл тэр хүнд итгэж, түүнээс суралцаж, хийдэг бүхнийг нь дуурайдаг болно. Үйл хэрэг маань алсдаа ямар үр дагавартай вэ, Еховатай тогтоосон харьцаанд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодож, хэм хэмжээг нь баримталдаг бол мэргэн ухаантай болно.

Дараа нь Сургаалт үгс 18:1-ийг бодъё. «Адайр [«зожиг», ШЕ] хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ». Болгоомжтой байхгүй бол Еховагаас ч, ард түмнээс нь ч хөндийрөх аюул биднийг отож байдаг. Зожигрохгүйн тулд Бурхны нэрээс эмээдэг, тогтоосон хэм хэмжээг нь хүндэтгэн сахидаг хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлж байх хэрэгтэй. Хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд цуглаан таслахгүй байж, хуралтай нягт холбоотой байх шаардлагатай. Цуглаан дээр оюун ухаанаа хөвчилж, зүрх сэтгэлээ нээн сонсох хэрэгтэй. Бас сонссон тэр зүйлээ зүрхэндээ шингээх нь чухал.

Үүнээс гадна сэтгэлээ уудлан залбирдаг бол Еховатай улам дотносно (Сур. 3:5, 6). Библи болон Еховагийн байгууллагаас гаргадаг хэвлэлийг уншихдаа оюун ухаан, зүрх сэтгэлээ нээдэг бол хийх гэж буй зүйлийнхээ алсын үр дүнг олж хараад тэр дагуу явж чадна. Төлөвшсөн Гэрч эрчүүдийн өгсөн зөвлөгөөг зүрх сэтгэлээрээ хүлээж авах нь бас чухал (Сур. 19:20). Тэгдэг бол «хамаг саруул ухааны эсрэг тэрслэх» биш, харин ч саруул мэргэн ухаантай болно.

МЭРГЭН УХААН ГЭР БҮЛД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Мэргэн ухаан гэр бүлийг хамгаалдаг. Яаж? Библид эхнэр хүн «нөхрөөсөө эмээх» буюу нөхрөө гүнээ хүндэл гэсэн зөвлөгөө бий (Еф. 5:33). Нөхөр хүн хүндлэл хүлээхийн тулд яах ёстой вэ? Хүчээр хүндлүүлэх, хүндэл гэж захиран тушаах нь үр дүнгүй. Эхнэр нь хэрүүл маргаанаас зайлсхийсэндээ нөхрийгөө байхад нь хүндэлсэн дүр үзүүлж болох л юм. Гэхдээ эзгүйд нь хүндлэх үү? Үгүй л болов уу. Яаж сайн үр дүнд хүрэхээ нөхөр хүн бодох хэрэгтэй. Ариун сүнсний үр жимсийг ургуулбал, өөрөөр хэлбэл хайр халамжтай, эелдэг байдаг бол эхнэр нь өөрийн эрхгүй гүнээ хүндэлнэ шүү дээ. Нөхөр нь хүндлэл хүлээх ч бай, үгүй ч бай Гэрч эхнэрүүд нөхрийгөө хүндлэх ёстой нь мэдээжийн хэрэг (Гал. 5:22, 23).

Түүнчлэн нөхөр нь эхнэрээ хайрлах ёстойг Библид тодорхой заасан байдаг (Еф. 5:28, 33). Нөхрийнхөө хайрыг даая гэвэл эхнэр хүн яах хэрэгтэй вэ? Таагүй ч гэсэн мэдэх эрхтэй зүйлийг нь нөхрөөсөө нуух ёсгүй. Энэ нь үнэхээр мэргэн ухаантайн шинж мөн гэж үү? Тэгэлгүй яах вэ! Нуусан юмыг нөхөр нь сүүлд мэдвэл ямар үр дагавартай вэ? Нөхөр нь эхнэрээ илүү их хайрлаж чадах уу? Хэцүү л байх. Тиймээс эвгүй зүйлийг цагийг нь олоод тайван хэлбэл нөхөр нь эхнэрээ үнэнч хэмээн үнэлэх нь лавтай. Тэгээд улам их хайрлана.

Өнөөдөр та хүүхдээ яаж хүмүүжүүлнэ, ирээдүйд хүүхэд тань тантай тэгж харьцана

Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байж Еховагийн замаар хүмүүжих учиртай (Еф. 6:1, 4). Тэгвэл эцэг эхчүүд хүүхдэдээ юу хийж болох, болохгүйг заасан урт жагсаалт гаргаж өгнө гэсэн үг үү? Зүгээр л гэрийн дүрэм гаргах эсвэл буруу юм хийсэн үед нь шийтгэх нь гол биш. Яагаад дуулгавартай байх ёстойг нь мэргэн ухаантай эцэг эхчүүд хүүхдэдээ ойлгуулдаг.

Жишээлбэл хүүхэд нь эцэг эхийнхээ нэгэнтэй нь хүндэтгэлгүй харьцчихлаа гэж бодъё. Загнаж зодвол хүүхэд ичих юм уу дуугүй болж болох юм. Гэхдээ дотроо бол уурлаж хорсон, яваандаа эцэг эхээсээ хөндийрнө.

Мэргэн ухаантай эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн сургаж, засаж залруулах вэ, энэ нь хүүхдэд хожим нь ямар үр нөлөөтэй вэ гэдгийг боддог. Эвгүй байдалд орсон даруйдаа арга хэмжээ авах хэрэггүй. Харин хүүхэдтэйгээ хоёулхнаа байхдаа тайван дөлгөөн ярьж, хайраа илэрхийлээрэй. Ехова чамайг үүрд сайн сайхан амьдраасай гэсэндээ эцэг эхээ хүндэл гэж хэлдэг хэмээн тайлбарлах хэрэгтэй. Эцэг эхээ хүндэлбэл Еховаг хүндэлж байгаа хэрэг гэдгийг ойлгуулаарай (Еф. 6:2, 3). Ийм маягаар зааж сургавал хүүхдийн сэтгэл хөдөлж эцэг эхийнхээ хайр халамжийг мэдэрч, илүү их хүндэлдэг болно. Тэгээд хожим нь ямар нэг асуудал тулгарвал эцэг эхээсээ тусламж гуйхаасаа айж ичихгүй.

Зарим эцэг эх хүүхдийнхээ сэтгэлийг шархлуулна гэж бодоод хэлж засдаггүй байж болох юм. Гэтэл хүүхэд нь том болоод яах вэ? Еховагаас эмээж, тогтоосон хэм хэмжээг нь дагах нь мэргэн ухаантайн шинж гэдгийг хүлээн зөвшөөрөх болов уу? Оюун ухаан, зүрх сэтгэлээ Еховад нээдэг болох уу? Эсвэл зожгирч Бурхнаас хөндийрөх болов уу? (Сур. 13:1; 29:21).

Сайн сийлбэрчин ямар хэв дүрс гаргахаа урьдчилаад боддог. Хасаж танаад л сайн бүтээл гаргачихна гэж байхгүй. Мэргэн ухаантай эцэг эхчүүд зориуд цаг зав гаргаж байгаад Еховагийн тогтоосон хэм хэмжээг сурч мэдэн, амьдралдаа хэрэгжүүлдэг. Ийнхүү Еховагийн нэрээс эмээдэг. Еховагаас, байгууллагаас нь холдож хөндийрдөггүй учраас мэргэн ухааныг олж, гэр бүлээ мэргэн ухаанаар сүндэрлүүлдэг.

Бид өдөр бүр янз бүрийн шийдвэр гаргадаг. Тэр нь ирээдүйд нөлөөлөх нь ч бий. Тиймээс хурдхан хариулж, яаран шийдэхийн оронд хэсэг азнаад бодвол дээргүй юү? Цаашдаа сайн муу ямар үр дагавар гарахыг нягталж бодоорой. Еховагаас удирдлага заавар, мэргэн ухаан гуйж, тэр дагуу яваарай. Тэгсэн цагт бид мэргэн ухаантай байж, ирээдүйд мөнх амьдарна (Сур. 3:21, 22).