Skip to content

Гарчиг руу орох

Маш чухал үг

Маш чухал үг

«ЭМЭГТЭЙ». Есүс заримдаа эмэгтэйчүүдэд энэ үгийг хэлдэг байв. Жишээлбэл 18 жил бөгтөр байсан хүнийг эдгээгээд «Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө» гэжээ (Лук 13:10–13). Тэр байтугай төрсөн эхдээ хандаж энэ үгийг хэлсэн байдаг. Библи бичигдэж байх үед эелдэг боловсон байдлыг илтгэж энэ үгийг хэлдэг уламжлалтай байв (Иох. 19:26; 20:13). Үүнээс ч илүү эелдэг үг хэлдэг байжээ.

Библид зарим эмэгтэйн тухай хэлэхдээ онцгой эелдэг зөөлөн үг хэрэглэжээ. Есүс 12 жил цус алдах өвчтэй байсан нэг эмэгтэйд тэр үгийг хэлсэн. Уг нь тийм хүн Бурхны хуулиар бузарт тооцогддог учир Есүст хүрсэн нь хууль зөрчсөн явдал байв. Тэр эмэгтэй хуулийн дагуу бол олноос зайдуу явах ёстой ажээ (Лев. 15:19–27). Гэвч тэрээр «олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам муудсанаас» болоод цөхрөнгөө баржээ (Марк 5:25, 26).

Эмэгтэй, хурсан олны дундуур сэмээрхэн явсаар Есүсийн араас очоод хувцасных нь хормойд хүрэв. Тэр дороо л цус алдахаа болилоо! Хэнд ч мэдэгдэлгүй зугтъя гэж бодсон боловч «Хэн Надад хүрэв?» хэмээн Есүсийн хэлэхийг сонслоо (Лук 8:45–47). Тэгээд айн чичирсээр ирж Есүсийн өмнө унаад «бүх үнэнээ хэлжээ» (Марк 5:33).

Эмэгтэйн сэтгэлийг тайвшруулахын тулд Есүс намуухан дуугаар «Охин минь, зоригтой бай» гэв (Мат. 9:22). Библи судалдаг эрдэмтдийн үзэж байгаагаар «охин» гэсэн утгатай еврей, грек үгийг «сайхан сэтгэл, энэрэнгүй зөөлөн» байдлыг илэрхийлэн зүйрлэл маягаар хэрэглэдэг байжээ. Есүс тэр эмэгтэйг улам зоригжуулахын тулд цааш нь «Итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун» гэж хэлдэг (Марк 5:34).

«Охин минь». Боаз гэдэг чинээлэг израиль хүн Моабын нутгаас ирсэн Рут хэмээх бүсгүйг ийн дууджээ. Рут танихгүй хүний газраас арвай түүж байсан болохоор өөрийг нь тэгж хэлсэнд гайхаж байлаа. Боаз түүнд «Охин минь, анхааралтай сонс. Түрүүг түүх гэж өөр тариан талбай руу битгий яв» гэж хэлээд тариан түрүүг өөрийнх нь талбайгаас түүж байхыг зөвшөөрөв. Рут Боазын өмнө сөгдөн мөргөөд харийн бүсгүйд нинжин сэтгэлээр хандсаных нь учрыг асуудаг. Боаз: «Хадам эхдээ [Наомид] хийсэн бүгдийг ... надад бүрэн мэдэгдсэн» гэж хариулаад Ехова «чиний ажлыг шагнах болтугай» гэжээ (Рут 2:8–12).

Есүс Боаз нар өнөөгийн ахлагчдад ямар сайхан жишээ үзүүлээ вэ! Заримдаа хоёр ахлагч тусламж хэрэгтэй Гэрч эмэгтэйтэй уулзаад урамшуулан зоригжуулах хэрэгтэй болдог. Тийм үед Еховагаас удирдлага заавар гуйн залбирч, тэр эмэгтэйн хэлэхийг анхааралтай сонсвол сэтгэлийг нь тайвшруулж итгэлийг нь бэхжүүлэх зүйлийг Бурхны Үгнээс үзүүлж чадна (Ром 15:4).