Skip to content

Гарчиг руу орох

«Ажил ч маш агуу байна»

«Ажил ч маш агуу байна»

ИЕРУСАЛИМД чухал хурал болох гэж байлаа. Израилийн хаан Давид бүх ноёд, түшмэд, ихэс дээдсийг цуглуулав. Тэд тусгай зарлал сонсоод ихэд догдолжээ. Жинхэнэ Бурхныг шүтэхэд зориулсан онцгой барилга байгууламж барих тушаалыг Ехова Бурхан Давидын хүү Соломонд өгчээ. Өтөлж хөгширсөн Давид хаан, Еховагаас авсан барилгын зураг төслөө хүү Соломондоо өгөв. Тэрээр: «Ажил ч маш агуу байна. Учир нь энэ сүм хүнд зориулагдаагүй, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан» гэлээ (Ш.дээд 28:1, 2, 6, 11, 12; 29:1).

Тэгээд дараа нь, «Энэ өдөр ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгахыг хэн хүсэж байна вэ?» гэж асуув (Ш.дээд 29:5). Та тэнд байсан бол юу гэж хариулах вэ? Энэ агуу ажлыг дэмжье гэж бодох уу? Израильчууд ажилдаа шууд л ханцуй шамлан оржээ. Тэд «бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав» (Ш.дээд 29:9).

Хэдэн зууны дараа Ехова тэр сүмтэй харьцуулшгүй агуу зүйлийг хийх гэж байлаа. Энэ нь бэлгэдлийн сүм буюу Есүсийн золиосны үндсэн дээр Еховатай дотносон, Еховаг шүтэх боломжийг хүмүүст олгодог арга хэмжээ юм (Евр. 9:11, 12). Өнөөдөр хүмүүс Бурхантай яаж эвлэрч байна вэ? Шавь бэлдэх ажлын үрээр жил бүр хэдэн сая хүн Библийн хичээл заалгаж, хэдэн мянган хүн баптисм хүртэж, хэдэн зуун хурал байгуулагдаж байна (Мат. 28:19, 20).

Ийнхүү өсөхийн хэрээр Библид үндэслэсэн ном сэтгүүл хэвлэх, цуглааны танхимуудыг барьж байгуулах, засаж тордох ажил нэмэгдэж байна. Чуулганы танхим барих газар улам бүр хэрэгтэй болж байна. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил маань хамгийн агуу, хамгийн сайхан ажил гэдэгтэй та санал нийлнэ биз дээ? (Мат. 24:14).

Бид яагаад «ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгах» буюу сайн дурын хандив өргөдөг вэ? Бурхныг болон хөршөө хайрлах хайрандаа хөтлөгддөг. Бас Хаанчлалын тухай мэдээг цаг алдалгүй тунхаглах хэрэгтэйгээ ойлгодог. «Эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэлнэ» гэдэг бол сэтгэл хөдөлгөм явдал мөн. Хандивласан мөнгө маань хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу ажилд шударгаар, ухаалгаар зарцуулагдаж байгаа нь хэчнээн сайхан бэ! (Сур. 3:9).