Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

«Британи дахь дэлгэрүүлэгчид ээ, сэрцгээ!»

«Британи дахь дэлгэрүүлэгчид ээ, сэрцгээ!»

«БРИТАНИ дахь дэлгэрүүлэгчид ээ, сэрцгээ!» хэмээсэн уриалга гарав («Мэдээлэгч» *, 1937 оны 12-р сар, Лондон). «10 жилийн дотор дорвитой өссөнгүй» гэсэн дэд гарчигтай. Эхний нүүрэнд нийтлэгдсэн 1928–1937 оны үйлчлэлийн тайлан үүнийг батална.

ЭХЛЭГЧ ХЭТЭРХИЙ ОЛОН ГЭЖ ҮҮ?

Британи дахь дэлгэрүүлэх ажлын эрч юунаас болоод сулрав аа? Хурлууд олон жилийн өмнөх хурдаа ахиулсангүй. Бас манай байгууллагын салбар алс бөглүү газар үйлчилж байсан 200-гаад эхлэгчид л дэлгэрүүлэх хэсэг өгчээ. Тийм учраас эхлэгч болох хүмүүст цаашид хэсэг хүрэлцэхгүй болов. Ийм шалтгааны улмаас Европын орнуудад үйлчлэхийг тэдэнд уриалжээ. Уг уриалгыг даган Британиас явж буй эхлэгчдийн урсгал тасрахгүй байлаа. Тэд хэл сайн мэдэхгүй ч Франц зэрэг улсад үйлчлэхээр очжээ.

ХУРДАА АХИУЛЪЯ

«Мэдээлэгч»-ийн 1937 оны дугаарт «Нэг сая цаг!» хэмээн 1938 оны зорилгыг бичжээ. Дэлгэрүүлэгчид сард 15 цаг, эхлэгчид 110 цаг дэлгэрүүлбэл энэ зорилгодоо ядах юмгүй хүрэх байв. Таван цагаар дэлгэрүүлэх бүлгүүдийг зохион байгуулж, давтан уулзалтыг түлхүү хийх, ялангуяа ажлын өдрүүдэд оройн цагаар үүнийг голлон анхаарах талаар уг өгүүлэлд санал болгожээ.

Урам зоригтой эхлэгчид дэлгэрүүлэх ажлыг анхаардаг байсан

Шинээр ийм уриалга гарсанд олон хүний сэтгэл хөдөлжээ. Хийлда Паажет гэдэг Гэрч эмэгтэй: «Энэ бол төвөөс ирсэн уриалга байсан. Ингэхийг бид тэсэн ядан хүлээж байсан. Удаа ч үгүй гайхалтай үр дүнд хүрсэн» хэмээн дурссан юм. Воолис гэдэг Гэрч эмэгтэй: «Таван цагийн санал үнэхээр агуу байсан! Эзний ажилд нэг удаа бүтэн өдрийг зориулахаас илүү жаргал байна гэж үү? . . . Орой нь ядарчихсан мөртлөө баяр хөөр болсоор гэртээ ирдэг байсан» гэжээ. Стивен Миллер гэдэг хүү уг уриалгыг дуртайяа хүлээн авч, боломж байгаа дээр энэ ажилдаа ханцуй шамлан оржээ! Унадаг дугуйтай бүлгүүд бүтэн өдрөөр дэлгэрүүлж зуны орой илтгэлийн бичлэг тавьж хүмүүст сонсгодог байсан тухай тэрээр дурсжээ. Уриа лоозон барин мэдээллийн маршид идэвхтэй оролцож, гудамжинд сэтгүүл бариад дэлгэрүүлдэг байв.

«Мэдээлэгч»-д бас нэг уриалга гарчээ. «Бидэнд 1 000 эхлэгч хэрэгтэй байна». Шинэ аргаар бол эхлэгчид цаашид тусдаа биш, харин хуралтай хамтарч ажиллан хурлын гишүүдийг дэмжиж, урамшуулан зоригжуулах учиртай болов. Жоис Ээлис гэдэг Гэрч эмэгтэй: «Маш олон эрэгтэй Гэрчүүд эхлэгч болох хэрэгтэйгээ ойлгосон. Би тэр үед 13-хан настай байсан ч эхлэгч болохыг хүсдэг байсан» гэжээ. Тэрээр 1940 оны 7 дугаар сард 15 насандаа зорилгодоо хүрсэн байна. Пийтр (хожим нь Жоисын нөхөр болсон) «Сэрцгээ» гэсэн уриалгыг сонсоод эхлэгч болох талаар бодож эхэлсэн гэдэг. Тэгээд 1940 оны 6 дугаар сард 17-тойдоо 105 км зайтай Скарборо хотод эхлэгчээр үйлчлэхээр дугуйгаар явжээ.

Жонсон овогтой Сийрил, Кийти гэдэг хос бусдын төлөө гэсэн сэтгэлтэй шинэхэн эхлэгчид байв. Тэд бүрэн цагаар үйлчлэхийн тулд байшин, эд хогшлоо зарахаар болжээ. Сийрил ажлаасаа гарав. Ингээд тэд сарын дотор эхлэгчээр үйлчлэхэд бэлэн боллоо. «Бид чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Чин сэтгэлээсээ, баяр хөөртэй дэлгэрүүлдэг байсан» гэж Сийрил дурссан.

ЭХЛЭГЧДИЙН БАЙР

Эхлэгчдийн тоо огцом өсөхөд хариуцлагатай үүрэгтэй эрчүүд энэ «армид» хэрхэн туслах талаар боджээ. 1938 онд бүсийн үйлчлэгч (одоогийн дүүрэг хариуцагч) байсан Жим Каар том хотуудад эхлэгчдийг байртай болгох саналыг хүлээж аваад тэр дагуу ажиллажээ. Эхлэгчдийг хэсэг хэсгээрээ нийлж, хамт ажиллаж амьдрахыг уриалжээ. Тэгвэл зардлаа хэмнэх боломж бүрдэх байлаа. Эхлэгчид Шээффийлд хотод том байшин түрээсэлж, хариуцлагатай үүрэгтэй Гэрч эрэгтэйд хариуцуулав. Тэндхийн хурлынхан мөнгө төгрөг, эд хогшил хандивлажээ. Жим: «Бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байсан» гэж ярьсан юм. Хичээл зүтгэлтэй 10 эхлэгч тэр байшинд амьдарч, Бурхантай дотно байхад хэрэгтэй бүхнийг тогтмол хийдэг байв. «Эхлэгчид өдөр бүр өглөөний цайны үеэр [өдрийн] зүйлийг хэлэлцсэний дараа ... хэсгүүд рүүгээ явна».

Британи дахь эхлэгчдийн тоо өссөн

Дэлгэрүүлэгчид, эхлэгчдийн аль аль нь 1938 онд 1 сая цаг дэлгэрүүлэх уриалгыг дагаад зорилгодоо хүрчээ. Тайланг үзвэл уриалгыг дагасан бүх газар өсөлт ажиглагддаг. Таван жилийн хугацаанд Британи дахь дэлгэрүүлэгчдийн тоо бараг 3 дахин өссөн байна. Хаанчлалыг дахин анхаардаг болсноор Еховагийн үйлчлэгчид дайны хүнд жилүүдийг давах хүчтэй болжээ.

Бурхны дайн Хармагедон ойртсон өнөө үед Британи дахь эхлэгчид эгнээгээ дахин тэлж байна. Өнгөрсөн 10 гаруй жилд эхлэгчдийн тоо шинэ дээд амжилтад хүрч, 2015 оны 10 дугаар сарын байдлаар 13 224 болжээ. Бүрэн цагийн үйлчлэл бол амьдралаа үр бүтээлтэй өнгөрүүлэх хамгийн сайн аргуудын нэг гэдгийг эдгээр эхлэгч ойлгодог.

^ д/м 3 Хожмоо «Христиан үйлчлэл» гэдэг нэртэй болсон.