Skip to content

Гарчиг руу орох

Золиосын ачаар хүн төрөлхтөн мөнх амьдрах боломжтой болсон. Энэ бол Бурхны өгсөн хамгийн агуу бэлэг

ОНЦЛОХ СЭДЭВ | БҮХ ХҮНД ЗОРИУЛСАН ОНЦГОЙ БЭЛЭГ

Хамгийн агуу бэлэг

Хамгийн агуу бэлэг

«Сайн, төгс бэлэг бүхнийг гэрлийн Эцэг дээрээс өгдөг» (Яаков 1:17). Тэнгэрийн Эцэг, Ехова Бурхан маань хэр зэрэг өгөөмөр зантайг энэ зүйл харуулдаг. Тэгвэл хүн төрөлхтөнд өгсөн Бурхны бэлгүүд дотроос ямар бэлэг хамгийн агуу нь вэ? Ёохан 3:16-д Есүс: «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» гэж хэлжээ.

Бурхны цорын ганц Хүү бол яахын аргагүй хамгийн агуу бэлэг юм. Учир нь энэ бэлгийн ачаар бидэнд нүгэл, хөгшрөлт, үхэл хэмээх боолчлолоос чөлөөлөгдөх боломж бүрдсэн (Дуулал 51:5; Ёохан 8:34). Бид өөрсдөө хэчнээн хичээсэн ч тэр боолчлолоос чөлөөлөгдөх аргагүй. Гэвч Бурхан агуу хайрандаа хөтлөгдөн, биднийг аврах арга хэмжээ авсан. Ехова Бурхан, Есүс Христ буюу цорын ганц Хүүгээ золиослон, дуулгавартай хүн төрөлхтөнд мөнх амьдрах ирээдүй бэлэглэсэн. Тэгвэл золиос гэж юу вэ? Яагаад золиос төлөх шаардлагатай болсон бэ? Золиос бидэнд ямар ач тустай вэ?

Алдсан зүйлийг эргүүлэн олж авахад төлдөг үнийг эсвэл боолчлолоос чөлөөлөх үнийг золиос гэдэг. Бурхан бидний өвөг дээдэс Адам Ева хоёрыг төгс бүтээсэн гэж Библид байдаг. Тэд диваажин дэлхий дээр үр хүүхдүүдтэйгээ мөнх амьдрах ирээдүйтэй байв (Эхлэл 1:26–28). Харамсалтай нь, тэд Бурханд дуулгаваргүй байхаар шийдэж нүгэл үйлдэн энэ сайхан ирээдүйгээ балласан. Библид «Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» гэж байдаг (Ром 5:12). Адам үр хүүхдэдээ төгс амийг бус, нүгэл болон нүглийн үр дагавар болох үхлийг өвлүүлсэн.

Алдсан зүйлийг олж авахын тулд эн тэнцүү үнэ буюу золиос төлөх шаардлагатай байв. Бурхны тушаалыг Адам санаатайгаар зөрчиж нүгэл үйлдсэн учраас төгс амиа алдсан. Ийнхүү үр удам нь нүгэл үхлийн боол болсон гэж Библид байдаг. Тиймээс өөр нэг төгс хүн амиа золиосолж боолчлолоос чөлөөлөх байв (Ром 5:19; Эфэс 1:7). Бурхан хайрандаа хөтлөгдөн золиос төлсөн учраас л хүн төрөлхтөн дэлхий дээрээ мөнх амьдрах боломжтой болсон (Илчлэл 21:3–5).

Золиосын ачаар хүн төрөлхтөн мөнх амьдрах боломжтой болдог учраас үнэхээр Бурхны өгсөн агуу бэлэг юм. Өмнөх өгүүллээр бэлгийн үнэ цэнийг тодорхойлох дөрвөн хүчин зүйлийг авч үзсэн. Бурхны өгсөн «төгс бэлэг»-т энэ дөрвөн хүчин зүйл хэрхэн багтдагийг авч үзье.

Хүсэл эрмэлзэлд маань нийцдэг. Хүн мөнх амьдрах төрөлхийн хүсэлтэй (Номлогчийн үгс 3:11). Энэ хүслээ хүн өөрөө хангаж чадахгүй. Гэхдээ золиосын ачаар мөнх амьдрах боломжтой. Библид «Учир нь нүглийн хөлс бол үхэл. Харин Бурхны бэлэг бол Эзэн Христ Есүсээр дамжуулан өгөх мөнх амь мөн» гэж байдаг (Ром 6:23).

Хэрэгцээ шаардлагыг маань хангадаг. Хүн золиос төлж чадахгүй. Библид «Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд түүнийг мөнхөд төлж баршгүй» гэж байдаг (Дуулал 49:8). Тэгэхлээр нүгэл үхлийн боолчлолоос чөлөөлөгдөхийн тулд бидэнд Бурхны тусламж заавал хэрэгтэй байх нь. Есүс биднийг «аврахын тулд амиа золиосолсон». Бурхан бидэнд яг хэрэгтэй зүйлийг маань өгсөн (Ром 3:23, 24).

Цагаа олж өгсөн. «Биднийг нүгэлтэн байхад Христ бидний төлөө үхсэн» гэж Библид бичсэн (Ром 5:8). «Биднийг нүгэлтэн байхад» золиос төлөгдсөн нь Бурхан биднийг нүгэлтэй ч гэсэн хайрладгийг харуулдаг. Бид нүглийн үр дагаврыг амсдаг ч гэсэн ирээдүйгээ өөдрөгөөр харах боломжтой болсон.

Хүний төлөө гэсэн сэтгэлээр өгсөн. Бурхан бидний төлөө Хүүгээ золиосолсны учрыг Библи хэлж өгдөг. «Бурхан биднийг мөнх амьдруулах гэж цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээж нүгэлт биднийг хайрладгаа батлан харуулсан. Бид Бурхныг хайрласан бус, Бурхан биднийг хайрласан» (1 Ёохан 4:9, 10).

Ийм агуу бэлэг өгсөнд нь талархлаа хэрхэн илэрхийлэх вэ? Ёохан 3:16-д «Хүүд итгэдэг» хүн л аврагдана гэж Есүс хэлсэн байдгийг санаарай. Библид бичсэнээр итгэл нь «найдвар биелэхийн баталгаа» юм (Еврей 11:1). Бат итгэлтэй байя гэвэл үнэн зөв мэдлэгтэй болох хэрэгтэй. Тиймээс «төгс бэлэг» өгдөг Еховагийн тухай мэдлэгтэй болоорой. Бас Есүсийн амиа золиослон байж өгсөн мөнх амьдрах боломжийг алдахгүйн тулд яах ёстойг цаг гарган судлаарай.

Энэ талаар www.pr418.com-т байгаа Библид үндэслэсэн өгүүллийг судлаарай. Еховагийн Гэрчүүд бас танд дуртайяа тусална. Та хамгийн агуу бэлгийн тухай мэдлэгтэй болж ач тусыг нь хүртээд «Бидний Эзэн Есүс Христээр дамжуулан намайг аврах Бурхандаа талархаж байна!» хэмээн дуу алдах биз ээ (Ром 7:25).