Skip to content

Гарчиг руу орох

«Еховад итгэж, сайныг үйлд»

«Еховад итгэж, сайныг үйлд»

«[Еховад] итгэж, сайныг үйлд. ... Итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго» (ДУУ. 37:3).

ДУУ: 49, 18

1. Ехова хүнд ямар чадвар хайрласан бэ?

ЕХОВА хүнийг бүтээхдээ янз бүрийн чадвар хайрласан. Сэтгэн бодох чадвар өгсөн учраас хүн тулгараад байгаа асуудлаа шийдэж, ирээдүйгээ төлөвлөж чаддаг (Сур. 2:11). Төлөвлөснөө биелүүлж, зорьсондоо хүрэх чадвар бас өгсөн (Флп. 2:13). Мөс чанар буюу юу нь зөв, юу нь буруу болохыг ялгаж салгах төрөлхийн чадвар бэлэглэсэн. Тиймд бид буруу үйл хэргээс хол байж, алдаагаа засаж чаддаг (Ром 2:15).

2. Ехова биднээс юу хүсдэг вэ? Яагаад?

2 Ехова биднийг чадвараа зөв ашиглаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл бидэнд хайртай. Энэ бэлгээ зөв ашиглавал жаргалтай амьдарна гэдгийг маань мэддэг. Чадвараа зөв ашиглахыг Үгээрээ дамжуулан дахин дахин уриалдаг. Жишээ нь Еврей Сударт «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө»; «Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн» гэсэн зөвлөгөө бий (Сур. 21:5; Ном. 9:10). Грек Сударт «Бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд ... сайныг үйлдэцгээе»; «Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ ... үйлчил» гэж байдаг (Гал. 6:10; 1 Петр 4:10). Өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөө чадах бүхнээ хийгээсэй гэж Ехова биднээс хүсдэг нь тодорхой байна.

3. Хүн юу хийж чадахгүй вэ?

3 Нөгөө талаас хүний хийж чадах зүйл хязгаартай гэдгийг Ехова мэддэг. Бид өөрсдийнхөө хүчээр төгс бус байдал, нүгэл, үхлийг устгаж чадахгүй. Бас хүн бүр сонгох эрх чөлөөтэй учраас бусдыг хүссэнээрээ байлгаж чадахгүй (Х.дээд 8:46). Хэчнээн их мэдлэг, туршлага хуримтлууллаа ч Еховагийн хаана нь ч хүрэхгүй (Ис. 55:9).

Зовлон амсвал «ЭЗЭНд итгэж, сайныг үйлдээрэй»

4. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

4 Ехова удирдаж чиглүүлнэ, дэмжиж тэтгэнэ, хүч хүрэхгүй зүйлийг маань хийж өгнө гэдэгт бид цаг ямагт итгэж найдах хэрэгтэй. Үүний зэрэгцээ бэрхшээлээ давж, бусдад туслахын тулд өөрсдийнхөө зүгээс чадах бүхнийг хийх ёстой (Дуулал 37:3-ыг уншина). Товчхон хэлбэл Еховад ч итгэх хэрэгтэй, сайныг ч үйлдэх хэрэгтэй. «Итгэлтэй байдлыг хоол хүнсээ болгох» буюу юу ч хийсэн итгэмжтэй байх учиртай. Бурханд итгэж найддаг байсан Ноа, Давид болон бусад үнэнч үйлчлэгчээс жишээ авцгаая. Тэд юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ сайн мэддэг байсан төдийгүй чаддаг юмаа хийдэг байсан. Энэ тухай ярилцъя.

МУУ МУУХАЙГААР ДҮҮРСЭН ЕРТӨНЦӨД

5. Ноагийн амьдарч байсан нийгэм ямар байсан бэ?

5 Ноагийн үед дэлхий хүчирхийлэл, садар самуун явдлаар дүүрсэн байв (Эх. 6:4, 9–13). Бузар муу энэ ертөнцийг Ехова заавал устгана гэдгийг Ноа мэдэж байлаа. Гэсэн ч хүмүүсийг муу юм хийж байгааг хараад бухимддаг байсан нь лавтай. Энэ мэтээр хүч хүрэхгүй зүйл байсан ч, хийж чадах зүйл бас байгааг тэрээр сайн ойлгодог байжээ.

(6–9-р догол мөрийг үзээрэй)

6, 7. а) Ноагийн хувьд хийж чадахгүй зүйл нь юу байсан бэ? б) Бид Ноатай юугаараа адилхан вэ?

6Ноагийн хийж чадахгүй зүйл нь юу байсан бэ? Тэрээр Еховагийн шүүх мэдээг үнэнчээр тунхаглаж байсан ч бүх хүнийг үнэний талд зогсоож чадаагүй. Бас усан галавыг хурдан юүлүүлэх нь түүний хийж чадах зүйл биш байсан. Ехова муу муухай бүхнийг устгана гэсэн амлалтаа товлосон цагтаа биелүүлнэ гэдэгт итгэх нь Ноагийн хувьд чухал байлаа (Эх. 6:17).

7 Бид ч бас бузар булайгаар дүүрсэн ертөнцөд амьдардаг. Ехова энэ ертөнцийг удахгүй устгах нь тодорхой (1 Иох. 2:17). Тэр болтол бид Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ч бүх хүнийг Ехова руу хүчээр авчирж чадахгүй. Бас «агуу их гай гамшгийг» хурдан эхлүүлж чадахгүй (Мат. 24:14, 21). Бурхан удахгүй гар бие оролцоно гэдэгт Ноа шиг бат итгэх ёстой (Дуу. 37:10, 11). Ехова бузар муу ертөнцийг устгах өдрөө нэг хоногоор ч хойшлуулахгүй гэдэгт бид итгэдэг (Хаб. 2:3).

8. Ноа хийж чадах зүйлээ хэрхэн анхаардаг байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

8Ноагийн хийж чадах зүйл нь юу байсан бэ? Ноа хийж чадахгүй зүйлээсээ болоод шантралгүй, харин хийж чадах зүйлээ анхаардаг байсан. «Зөвт байдлыг тунхаглагч» учраас Бурхны шүүх мэдээг үнэнчээр тунхагласан (2 Петр 2:5). Үүний үрээр итгэл нь бэхэжсэн нь эргэлзээгүй. Дэлгэрүүлэхийн зэрэгцээ хөвөгч авдар хийх даалгавраа биелүүлэхийн төлөө ур ухаанаа зарж, хүч чадлаа зориулжээ (Еврей 11:7-г уншина).

9. Ноаг хэрхэн дуурайх вэ?

9 Бид бас «Эзэний үйл хэрэгт үргэлж бялхаж» явдаг (1 Кор. 15:58). Зарим маань Хаанчлалын болон чуулганы танхим барих, засах ажилд оролцдог байхад, зарим нь чуулганы үеэр сайн дурын ажил хийж, нөгөө нэг хэсэг нь салбар юм уу орчуулгын алслагдсан оффист ажилладаг. Хамгийн гол нь дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог. Үүний ачаар ирээдүйдээ улам бүр итгэж найддаг. Нэг Гэрч эмэгтэй: «Би хүмүүст Бурхны Хаанчлалын ивээл хишгийн тухай ярихдаа нэг зүйлийг анзаардаг. Хүмүүс ирээдүйгээ ерөөсөө өөдрөгөөр хардаггүй, зовлонгоо хэзээ ч дуусахгүй гэж боддог юм билээ» хэмээн ярьсан. Үнэндээ бид дэлгэрүүлэх ажлынхаа ачаар ирээдүйгээ өөдрөгөөр харж, амийн төлөөх уралдаандаа шантралгүй гүйх урам зоригтой болдог (1 Кор. 9:24).

НҮГЭЛ ҮЙЛДСЭН БОЛ

10. Давид ямар ноцтой нүгэл үйлдсэн бэ?

10 Ехова Давид хааныг «Миний зүрх сэтгэлийн дагуух хүн» хэмээн хэлжээ (Үйлс 13:22). Давид насан туршдаа Бурхны үнэнч үйлчлэгч байсан билээ. Гэсэн ч ноцтой нүгэл үйлдэж байсан удаатай. Тэрээр Батшебатай завхайрч, улмаар хэргээ нуун далдлахын тулд нөхөр Уриаг нь дайны талбарт алуулах төлөвлөгөө зохиожээ. Түүгээр ч үл барам, төлөвлөгөө бичсэн захиагаа Уриагаар өөрөөр нь хүргүүлжээ! (2 Сам. 11:1–21). Давидын хийсэн хэрэг эцэст нь илэрсэн (Марк 4:22). Тэр үед Давид яасан бэ?

Өмнөх алдаагаа мартахгүй бол (11–14-р догол мөрийг үзээрэй)

11, 12. а) Давидын хийж чадахгүй зүйл нь юу байсан бэ? б) Гэмшсэн хүнийг Ехова яах вэ?

11Давидын хийж чадахгүй зүйл нь юу байсан бэ? Өнгөрснийг өөрчилж чадахгүй байсан. Хийсэн хэргийнхээ үр дагавраас мултарч чадахгүй байсан. Тэр байтугай, зарим үр дагавраас насан туршдаа салж чадаагүй (2 Сам. 12:10–12, 14). Тиймээс Давидад итгэл хэрэгтэй байлаа. Чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова уучилна, хийсэн хэргийнх нь хор уршгийг тэвчих хүч өгнө гэдэгт итгэх хэрэгтэй байв.

12 Бүх хүн төгс бус учраас алдаж энддэг. Заримдаа ноцтой нүгэл үйлддэг. Тийм үед цаг хугацааг ухрааж алдаагаа засах боломжгүй. Үр дагаврыг нь амсаж амьдрахаас өөр аргагүй болно (Гал. 6:7). Харин гэмшвэл Ехова хэцүү үед маань, тэр байтугай өөрийнхөө буруугаас болоод зовж байгаа үед маань ч тусалж дэмжихээ амладаг (Исаиа 1:18, 19; Үйлс 3:19-ийг уншина).

13. Давид Еховатай дахин дотносохын тулд юу хийсэн бэ?

13Давидын хийж чадах зүйл нь юу байсан бэ? Тэрээр Еховатай дахин дотносохыг хичээсэн. Жишээ нь Еховагийн илгээсэн зөнч Натаны зэмлэлийг сонсоод буруугаа ухаарсан (2 Сам. 12:13). Бас Еховад нүглээ илчилж, сайшаалыг нь дахин хүлээх чин хүсэлтэйгээ мэдүүлэн залбирчээ (Дуу. 51:1–17). Хийсэн хэргээ бодоод хэт шаналахын оронд, харин ч сургамж авсан. Тийм учраас нэг алдаагаа дахин хэзээ ч давтаагүй. Давид үхэн үхтэлээ үнэнч байсан. Ехова үүнийг нь хэзээ ямагт санаж байдаг (Евр. 11:32–34).

14. Давидаас юу сурах вэ?

14 Бид Давидаас юу сурах вэ? Хэрэв ноцтой нүгэл үйлдсэн бол чин сэтгэлээсээ гэмшиж, Еховад нүглээ илчлэн, уучлалт гуйх шаардлагатай (1 Иох. 1:9). Бас ахлагчдад хэлэх хэрэгтэй. Тэд Еховатай дахин сайн харьцаатай болоход маань тусална (Иаков 5:14–16-г уншина). Ийм маягаар Еховагийн тусламжийг авбал эдгээнэ, уучилна гэсэн амлалтад нь итгэдгийн шинж болно. Түүнээс гадна алдаанаасаа сургамж аваад Еховад тууштай үйлчилж, ирээдүйгээ итгэлтэй харах хэрэгтэй (Евр. 12:12, 13).

БУСАД ТОХИОЛДОЛД

Өвчин хуучтай бол (15-р догол мөрийг үзээрэй)

15. Ханнагаас юу сурах вэ?

15 Эрт цагт Ноа Давид нараас гадна өөр олон хүн Еховад итгэж найдахын зэрэгцээ өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийдэг байжээ. Тэдний нэг нь Ханна юм. Тэрээр хэчнээн хүссэн ч хүүхэд гаргадаггүй байжээ. Гэхдээ Ехова тайвшруулна гэдэгт итгэж байсан учраас мөргөлийн асарт очиж сэтгэлээ уудлан залбирдаг байв (1 Сам. 1:9–11). Ямар сайхан жишээ вэ! Биднээс шалтгаалахгүй бэрхшээл тулгарахад, тухайлбал өвчин туссан үед Ехова санаа тавина гэдэгт итгээд «бүх зовнилоо Түүнд үүрүүлэх» хэрэгтэй (1 Петр 5:6, 7). Бас цуглаан болон Еховагийн байгууллагын өгдөг бүхнээс ач тус хүртэхийн тулд хамаг чадлаараа хичээх нь зүйтэй (Евр. 10:24, 25).

Хүүхэд дуулгаваргүй бол (16-р догол мөрийг үзээрэй)

16. Эцэг эхчүүд Самуелаас юу сурах вэ?

16 Та Еховад үнэнч үйлчилдэг ч хүүхэд тань үнэний замаас гарсан бол яах вэ? Нас өндөр болсон Самуелыг дуурайгаарай. Тэрээр эрийн цээнд хүрсэн хүүхдүүдээ үнэний замаар хүчээр явуулж чадаагүй (1 Сам. 8:1–3). Энэ асуудлыг Еховад даатгахаас өөр арга түүнд байгаагүй. Хийж чадах зүйл нь тэнгэрийн Эцгээ баярлуулж, чин үнэнч байх явдал байлаа (Сур. 27:11). Самуелынхтай төстэй байдалд орсон эцэг эхчүүд өнөөдөр олон бий. Замаа алдсан хүүгийн тухай үлгэрт гардаг аав шиг, Ехова гэмшсэн хэнийг ч болов хүлээж авахад бэлэн гэдэгт тэд итгэдэг (Лук 15:20). Үүний зэрэгцээ Еховад үнэнч байхыг үргэлж хичээдэг. Хүүхэд нь сайн жишээг нь хараад хуралдаа эргээд ирнэ гэж найддаг.

Ядуу зүдүү бол (17-р догол мөрийг үзээрэй)

17. Ядуу бэлэвсэн эмэгтэйгээс юу сурах вэ?

17 Есүсийн үед амьдарч байсан ядуу бэлэвсэн эмэгтэйг бодож үзье (Лук 21:1–4-ийг уншина). Тэрээр сүм дотор гарч буй завхрал гажуудлыг хэчнээн хүссэн ч арилгаж чадахгүй (Мат. 21:12, 13). Бас амьдралаа дээшлүүлэх ямар ч боломжгүй байсан. Тэгсэн хэр нь «хоёр зэс зоос» буюу «амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ» сүмд хандивлажээ. Еховад үйлчлэхийг голлон анхаардаг бол хэрэгцээг нь хангана гэдэгт итгэдгээ ийнхүү харуулсан. Итгэл найдвар нь түүнд жинхэнэ шүтлэгийг дэмжих хүсэл төрүүлжээ. Бид бас Бурхны Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавивал Ехова хэрэгтэй бүхнээр маань хангана гэдэгт итгэдэг (Мат. 6:33).

18. Бурхны орчин үеийн үйлчлэгчээс юу сурах вэ?

18 Орчин үед ч бас Еховад итгэж найддаг, өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийдэг хүн олон бий. Тэдний нэг нь Еховад үнэнч үйлчилж байгаад 2015 онд нас барсан Маалком ах юм. Тэрээр эхнэртэйгээ хамт олон жил Еховад үйлчлэхдээ сайн муу янз бүрийн л юм үзжээ. Маалком: «Хүний амьдралд заримдаа тааж тааварлахын аргагүй, тэр байтугай дааж давшгүй юм тохиолддог. Харин ... Еховад найддаг хүн тэр бүхнийг даван туулж ивээл хүртдэг» гэжээ. Маалком ах юу гэж зөвлөсөн бэ? «Еховад хамаг чадлаараа, үр өгөөжтэй үйлчлэхийн тулд залбирч бай. Чадал хүрэхгүй юмаа биш, харин чадахыгаа л анхаар» гэжээ. *

19. а) 2017 оны уриа яагаад цагаа олсон бэ? б) Та энэ уриаг хэрхэн дагах вэ?

19 Энэ ертөнц «улам бүр бузар муу болох» учраас зовлон бэрхшээл багасах бус, харин ч нэмэгдэнэ гэж бодох нь зүйтэй (2 Тим. 3:1, 13). Хамгийн гол нь, зовлон учирвал айж сандрахгүй байх хэрэгтэй. Үүний оронд Ехова Бурхандаа итгэж найдахын зэрэгцээ өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх шаардлагатай. Тийм учраас «Еховад итгэж, сайныг үйлд» гэсэн үгийг 2017 оны уриа болгон авсан нь цагаа олсон хэрэг юм (Дуу. 37:3).

2017 оны уриа: «Еховад итгэж, сайныг үйлд»—Дуулал 37:3

^ д/м 18 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 10-р сарын 15-ны дугаарын 17–20-р хуудсанд Маалком ахын намтар бий.