Skip to content

Гарчиг руу орох

Ехова ард түмнээ удирддаг

Ехова ард түмнээ удирддаг

«ЭЗЭН чамайг ямагт удирдана» (ИС. 58:11).

ДУУ: 152, 22

1, 2. а) Еховагийн Гэрчүүдийн удирдагчид шашны удирдагчдаас юугаараа ялгаатай вэ? б) Энэ болон дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

«ТАНАЙ удирдагч хэн бэ?». Хүмүүс Еховагийн Гэрчүүдээс байнга ингэж асуудаг. Энэ нь ч гайхаад байх зүйл биш юм. Яагаад гэвэл эрэгтэй тэргүүнтэй эсвэл эмэгтэй удирдагчтай шашин олон байдаг. Манай Удирдагч бол төгс бус хүн биш гэж бид ам бардам хариулдаг. Биднийг Есүс Христ удирддаг. Харин Есүс өөрийн Эцэг Еховад захирагддаг (Мат. 23:10).

2 Өнөөдөр Бурхны ард түмнийг үл үзэгдэх Удирдагчаас гадна «итгэмжит ухаалаг боол» гэдэг бүлэг хүн удирддаг (Мат. 24:45). Тэгвэл биднийг Ехова үл үзэгдэх Хүүгээрээ дамжуулан үнэхээр удирддагийг хаанаас мэдэх вэ? Ехова ард түмнээ хүмүүсээр удирдуулж ирснийг энэ болон дараагийн өгүүллээр ярилцана. Тэр хүмүүсийн цаана Ехова байж ард түмнийхээ жинхэнэ Удирдагч нь гэдгээ харуулсан, одоо ч харуулж байгааг батлах гурван баталгааг эдгээр өгүүллээр авч үзнэ (Ис. 58:11).

АРИУН СҮНСЭЭР УДИРДУУЛСАН

3. Мосе юуны хүчээр израильчуудыг удирдсан бэ?

3 Бурхны төлөөлөгчид ариун сүнсээр удирдуулдаг байсан. Ехова Мосед израильчуудыг удирдах үүрэг оноожээ. Энэ хэцүү даалгаврыг биелүүлэхэд нь Мосед юу тус болсон бэ? Ехова Мосед ариун сүнсээ өгсөн (Исаиа 63:11–14-ийг уншина). Мосе ариун сүнсээр удирдуулсан гэдэг нь Ехова өөрөөр ард түмнээ удирдаж байсан гэсэн үг юм.

4. Мосе ариун сүнсээр удирдуулж байсныг израильчууд яаж мэдсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

4 Бурхны сүнс Мосед байгааг израильчууд мэдсэн болов уу? Мэдсэн. Мосе ариун сүнсний хүчээр олон гайхамшиг үйлдэж, Бурхны нэрийг фараонд тунхагласан (Ег. 7:1–3). Бас удирдагч хүнд байх ёстой хайр, дөлгөөн зан, тэвчээр гэх мэтийн сайхан зан чанарыг илэрхийлдэг байсан. Бусад улс үндэстний харгис хэрцгий, амин хувиа боддог удирдагчдаас хэчнээн ялгаатай байж вэ! (Ег. 5:2, 6–9). Ехова ард түмнээ удирдуулахаар Мосег сонгосон нь тодорхой байна.

5. Ехова өөр хэнд ариун сүнсээ өгсөн бэ?

5 Еховагийн ард түмнийг удирдахаар томилогдсон бусад хүн ч ариун сүнсээр удирдуулдаг байв. Жишээ нь «Нуны хүү Иошуа ... мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ» (Д.хууль 34:9). «ЭЗЭНий Сүнс Гидеон дээр буув» (Шүү. 6:34). «ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув» (1 Сам. 16:13). Бурхны ариун сүнс тусална гэдэгт энэ эрчүүд бүгдээрээ итгэж байсан. Өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй олон гайхамшгийг үйлдэхэд нь ариун сүнс тусалжээ (Иош. 11:16, 17; Шүү. 7:7, 22; 1 Сам. 17:37, 50). Тийм учраас тэдгээр гайхамшгийн төлөө Ехова магтаал хүртэх учиртай.

6. Израильчууд яагаад удирдагчдаа хүндлэх ёстой байсан бэ?

6 Мосе Иошуа Гидеон Давид нар ариун сүнсээр удирдуулж байгааг израильчууд хараад яах ёстой байсан бэ? Тэднийг хүндлэх ёстой байлаа. Ард түмэн Мосед дургүйцэн гомдоллоход Ехова: «Энэ ард түмэн Намайг хэр удаан голох вэ?» хэмээн асуудаг (Тоол. 14:2, 11). Үнэндээ Ехова тэр эрчүүдийг ард түмнийхээ удирдагч болгон сонгосон билээ. Израильчууд тэдэнд дуулгавартай байвал Еховаг Удирдагчаа хэмээн дагаж байгаа хэрэг байв.

ТЭНГЭРИЙН ЭЛЧҮҮДИЙН ТУСЛАМЖИЙГ АВСАН

7. Тэнгэрийн элчүүд Мосед яаж тусалдаг байсан бэ?

7 Тэнгэрийн элчүүд Бурхны төлөөлөгчдөд тусалдаг байжээ (Еврей 1:7, 14-ийг уншина). Ехова тэнгэрийн элчүүдээрээ дамжуулан Мосег удирдсан. Жишээлбэл израильчуудыг чөлөөлж, удирдах даалгавар өгүүлэхээр нэгэн тэнгэрийн элчийг Мосе руу илгээжээ (Үйлс 7:35). «Тэнгэр элчүүдээр дамжуулж» өгсөн хуулийг нь Мосе ард түмэнд заасан (Гал. 3:19). Бас Ехова түүнд «Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна» гэжээ (Ег. 32:34). Хүний биетэй болсон тэнгэрийн элч Мосед тусалж байгааг израильчууд хараагүй. Гэхдээ Мосе тэднийг хэрхэн сургаж, удирдаж байгаагаас энэ нь тодорхой байлаа.

8. Иошуа Хезекиа хоёрт тэнгэрийн элчүүд хэрхэн тусалсан бэ?

8 Мосегийн халааг авсан Иошуад «ЭЗЭНий дайчдын жанжин» урам зориг өгчээ. Тийм учраас Иошуа израильчуудыг удирдан канаанчуудтай тулалдаж ялалт байгуулсан (Иош. 5:13–15; 6:2, 21). Хезекиа хаан Иерусалимыг эзлэхээр ирсэн Ассирийн хүчирхэг армитай нүүр тулжээ. Нэг шөнийн дотор «ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив» (Х.дэд 19:35).

9. Бурхны төлөөлөгчид төгс бус ч гэсэн ард түмэн яах ёстой байсан бэ?

9 Тэнгэрийн элчүүд төгс ч тэдний тусламжийг авсан хүмүүс төгс бус билээ. Мосе нэг удаа Еховаг алдаршуулаагүй (Тоол. 20:12). Иошуа Еховагаас удирдамж заавар авалгүйгээр гибеончуудтай гэрээ байгуулжээ (Иош. 9:14, 15). Хезекиа хаан хэсэг хугацаанд бардам болсон (Ш.дэд 32:25, 26). Гэлээ ч израильчууд удирдагчдаа төгс бус гэж гололгүй удирдамж зааврыг нь дагах ёстой байлаа. Ехова тэр удирдагчдад тэнгэрийн элчүүдээрээ туслуулж байв. Тэгэхлээр Ехова ард түмнээ удирддаг байсан нь тодорхой.

БУРХНЫ ҮГИЙГ УДИРДЛАГА БОЛГОСОН

10. Бурхны Үгийг Мосе хэрхэн удирдлага болгосон бэ?

10 Бурхны төлөөлөгчид Бурхны Үгийг удирдлага болгодог байсан. Израильчуудад өгсөн хуулийг «Мосегийн хууль» гэж Бурхны Үгэнд бичсэн байдаг (Х.дээд 2:3). Гэхдээ энэ хуулийг Ехова өгсөн учраас Мосе бас дагадаг байжээ (Ш.дэд 34:14). Еховаг мөргөлийн асар барих заавар өгөхөд «Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв» гэж Библид бичжээ (Ег. 40:1–16).

11, 12. а) Иошуа болон хаад юу хийх ёстой байсан бэ? б) Бурхны Үг Израилийн удирдагчдад хэрхэн нөлөөлдөг байсан бэ?

11 Иошуа Израилийн ард түмнийг удирдаж эхлэхдээ л Бурхны үгийг бичсэн номтой байв. Тэрээр уг номд «бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж явах» ёстой байжээ (Иош. 1:8). Бурхны ард түмнийг захирсан хаад бас энэ жишгээр явсан. Тэд Мосегийн хуулийг өдөр бүр уншиж, хуулан бичиж, «хуулийн бүх үгийг, эдгээр зарлигийг хянан сахих» үүрэгтэй байлаа (Дэд хууль 17:18–20-ийг уншина).

12 Бурхны Үг Израилийн удирдагчдад хэрхэн нөлөөлдөг байсан бэ? Иосиа хааны жишээг бодож үзье. Мосегийн хуулийг бичсэн ном олдоход гүүш нь түүнд уншиж өгчээ. * Хаан яасан бэ? «Тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, хувцсаа урав». Түүгээр ч зогсохгүй Бурхны Үгийн зааврыг дагаж хиймэл шүтээнүүдийг устгах аянг эрчимтэй өрнүүлсэн. Бас Дээгүүр өнгөрөх баярыг урьд хожид байгаагүй өргөн дэлгэр тэмдэглэхээр зохион байгуулжээ (Х.дэд 22:11; 23:1–23). Иосиа нарын үнэнч удирдагчид Бурхны Үгийг удирдлага болгодог байсан учраас ард түмэндээ өгсөн заавраа дуртайяа өөрчлөх юм уу тодорхой болгодог байсан. Үүний дүнд ард түмэн нь Бурхны хүсэл таалалд нийцүүлдэг байв.

13. Бурхны томилсон хаад болон бусад үндэстний хаад юугаараа ялгаатай байсан бэ?

13 Бусад үндэстний удирдагчид хүний мэргэн ухаанаар удирдуулдаг байсан. Жишээлбэл Канааны хаад болон ард түмэн нь цус ойртох, ижил хүйстэнтэйгээ явалдах, мал амьтантай хурьцах, хүүхдээ тахил болгон өргөх, хиймэл шүтээн шүтэх зэргээр жигшүүртэй бузар зүйлсийг хийдэг байжээ (Лев. 18:6, 21–25). Вавилон болон Египетийн хаад шинжлэх ухааны үндэстэй эрүүл ахуйн шаардлагыг мэдэхгүй учраас ард түмэндээ зааж сургадаггүй байсан (Тоол. 19:13). Харин Бурхны томилсон хаад шашин шүтлэг, ёс суртахуун, бие махбодын хувьд цэвэр ариун байхыг ард түмэндээ уриалдаг байжээ. Ехова тэднийг удирддаг байсан нь тодорхой.

14. Ехова зарим удирдагчийг яагаад шийтгэдэг байсан бэ?

14 Бурхны эртний ард түмнийг удирдан захирдаг байсан хаад бүгдээрээ заавар тушаалыг нь сахидаг байсан гэсэн үг биш ээ. Еховад дуулгаваргүй хаад ариун сүнс болон Үгээр нь удирдуулдаггүй, тэнгэрийн элчүүдийн тусламжийг авдаггүй байв. Заримдаа Ехова тийм хүмүүсийг шийтгэх юм уу оронд нь өөр хүнийг томилдог байжээ (1 Сам. 13:13, 14). Хожим нь төгс удирдагчийг томилсон.

ЕХОВА ТӨГС УДИРДАГЧИЙГ ТОМИЛСОН НЬ

15. а) Зөнчид хосгүй удирдагчийн талаар юу гэж зөгнөсөн бэ? б) Тэр удирдагч нь хэн байсан бэ?

15 Ехова ард түмнээ хосгүй удирдагчаар удирдуулах тухайгаа олон зууны турш зөгнөжээ. Мосе израильчуудад «ЭЗЭН Бурхан чинь чиний төлөө та нарын дундаас, ах дүү нарын чинь дотроос над шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун» гэжээ (Д.хууль 18:15). Тэр нь «удирдагч, жанжин» болно гэдгийг Исаиа зөгнөсөн (Ис. 55:4). «Жонон Мессиа» ирнэ гэж Даниел бичжээ (Дан. 9:25). Эцэст нь Есүс Христ өөрийгөө Бурхны ард түмний «Удирдагч» гэсэн (Матай 23:10-ыг уншина). Шавь нар нь түүнийг дуртайяа дагаж, Еховагийн сонгосон Нэгэн гэдэгт итгэж байжээ (Иох. 6:68, 69). Ехова ард түмнээ Есүс Христээр дамжуулан удирдаж байгаа гэдэгт тэд яагаад итгэсэн бэ?

16. Есүс ариун сүнсээр удирдуулдаг байсныг юу баталдаг вэ?

16 Есүс ариун сүнсээр удирдуулдаг байсан. Есүсийг баптисм хүртэхэд «тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт» буухыг баптисм хүртээгч Иохан харжээ. Дараа нь «Сүнс Есүсийг цөл уруу явуулав» (Марк 1:10–12). Есүс дэлхийд байхдаа ариун сүнсний хүчээр янз бүрийн гайхамшиг үйлдэж, сургаал заадаг байв (Үйлс 10:38). Бас хайр, баяр баясгалан, гуйвшгүй итгэл зэрэг ариун сүнсний үр жимсийг илэрхийлдэг байжээ (Иох. 15:9; Евр. 12:2). Өөр ямар ч удирдагч ийм баталгаануудыг үзүүлээгүй. Есүс үнэхээр Еховагийн томилсон удирдагч байсан.

Есүсийг баптисм хүртсэний дараахан тэнгэрийн элчүүд түүнд хэрхэн тусалсан бэ? (17-р догол мөрийг үзээрэй)

17. Тэнгэрийн элчүүд Есүст яаж тусалдаг байсан бэ?

17 Тэнгэрийн элчүүд Есүст тусалсан. Есүсийг баптисм хүртсэний дараахан «тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв» (Мат. 4:11). Нас барахаас нь хэдэн цагийн өмнө «тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа» (Лук 22:43). Хэрэгтэй үед нь Ехова тэнгэрийн элчүүдийг илгээж туслуулна гэдгийг Есүс мэдэж байв (Мат. 26:53).

18, 19. Есүс Еховагийн Үгийг хэрхэн удирдлага болгодог байсан бэ?

18 Есүс Еховагийн Үгээр удирдуулсан. Есүс дэлхий дээр үйлчилсэн цагаасаа эхлэн шонд хадуулж амиа алдах хүртлээ Судрыг удирдлага болгодог байжээ. Тэр байтугай нас барахынхаа өмнө эцсийн удаа үг хэлэхдээ Мессиагийн тухай зөгнөлөөс эш татсан (Мат. 4:4; 27:46; Лук 23:46). Гэтэл шашны удирдагчид Бурхны Үгийг өөрсдийнх нь зохиосон ёс заншилтай зөрчилдсөн тохиолдолд дагадаггүй байв. Есүс тэдний талаар «Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг. Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг. Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж, Надад дэмий хоосноор мөргөж байна» хэмээн Бурхны Үгэнд бичсэнийг эш татжээ (Мат. 15:7–9). Ехова тийм хүмүүсээр ард түмнээ удирдуулна гэж үү?

19 Есүс үг сургаалаа ч Бурхны Үгэнд үндэслэн заадаг байжээ. Шашны удирдагчид мад тавих зорилгоор янз бүрийн асуулт асуухад тэрээр хосгүй мэргэн ухаан, арвин их туршлагадаа эрдэлгүй, харин Судрыг үндэс болгон хариулдаг байсан (Мат. 22:33–40). Тэнгэрийн амьдралаа эсвэл орчлонт ертөнцийг хэрхэн бүтээсэн тухайгаа ярьж сонсогчдоо бишрүүлэхийн оронд «Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээдэг» байжээ (Лук 24:32, 45). Есүс Еховагийн Үгийг эрхэмлэж, бусдад ярьж өгөх дуртай байсан.

20. а) Есүс Еховаг хэрхэн алдаршуулдаг байсан бэ? б) Есүс Херод хоёр ямар ялгаатай вэ?

20 Сонсогчид нь Есүсийн яриаг сонсоод биширдэг байв. Гэвч Есүс өөрийн Багш Еховад алдар магтаалыг хүртээдэг байсан (Лук 4:22). Нэгэн баян хүн Есүсийг «Сайн Багш аа» хэмээн алдаршуулах гэхэд нь тэрээр даруу байж «Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш» гэжээ (Марк 10:17, 18). Энэ явдлаас хойш 8 жилийн дараа Иудейн захирагч болсон Херод Агрийп Есүсээс тэс ондоо хүн байлаа! Тусгай арга хэмжээний үеэр «хааны хувцастайгаа заларсан» түүнийг ярихад олон түмэн гайхан биширч «“Хүний дуу биш, бурхны дуу байна” хэмээн бахдан хашхирчээ». Херод энэ магтаалд согтсон бололтой. Дараа нь яасан бэ? «Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв» (Үйлс 12:21–23). Ехова Херодыг удирдагчаар сонгоогүй нь тодорхой. Харин Есүс Еховагийн томилсон Удирдагч гэдгээ баталж, Еховаг ард түмнийхээ Агуу Удирдагч нь гэж магтан алдаршуулдаг байсан.

21. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

21 Ехова Есүсийг хэдхэн жил Удирдагч байлгахыг хүсээгүй. Есүс амилсныхаа дараа шавь нартаа «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. ... Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэжээ (Мат. 28:18–20). Хэрэв тэрээр үл үзэгдэх сүнсэн биетэй болж тэнгэрт амьдардаг болсон юм бол дэлхий дээр байгаа Бурхны ард түмнийг яаж удирдах вэ? Ехова ард түмнээ удирдуулахын тулд хэнийг Есүсийн төлөөлөгч болгох вэ? Ард түмэн нь Христийн төлөөлөгчдийг яаж таних вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр ярилцана.

^ д/м 12 Энэ нь Мосегийн бичсэн эх бичиг байсан бололтой.