Skip to content

Гарчиг руу орох

Бусдыг зохих ёсоор хүндэл

Бусдыг зохих ёсоор хүндэл

«Сэнтийд Залрагчид ба Хурганд магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай» (ИЛЧ. 5:13).

ДУУ: 9, 14

1. Хүмүүс ямар хүнийг хүндэлдэг вэ? Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

 ХҮНИЙГ онцгой анхаарч, үнэ хүндтэй гэж үздэг бол хүндэлж байна гэсэн үг. Ер нь хүмүүс алдар гавьяа байгуулсан эсвэл эрх мэдэлтэй хүнийг хүндлэх ёстой гэж үздэг. Тийм учраас бид өөрсдөөсөө ингэж асуух хэрэгтэй. «Хэнийг хүндлэх вэ? Тэд яагаад хүндэтгэл хүлээх зохистой вэ?». Эдгээр асуултын хариуг одоо ярилцъя.

2, 3. а) Ехова яагаад онцгой хүндэтгэл хүлээх зохистой вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Илчлэлт 5:13-т гардаг Хурга гэж хэн бэ? Яагаад хүндэтгэл хүлээх зохистой вэ?

2 Илчлэлт 5:13-т бичсэнээр «Сэнтийд Залрагч» ба «Хургыг» хүндлэх ёстой нь ойлгомжтой. Ехова хүндэтгэл хүлээх зохистойн нэг шалтгааныг «Илчлэлт» номны 4 дүгээр бүлэгт бичжээ. «Үеийн үед амьд байгч» Еховаг сүнсэн бүтээлүүд нь магтаж «Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» хэмээн хоолой нийлүүлэн дуулж байгааг уг бүлэгт дүрслэн бичсэн байдаг (Илч. 4:9–11).

3 «Хурга» нь Есүс Христ юм. Есүсийг «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга» гэдэг (Иох. 1:29). Тэрээр эрт эдүгээгийн бүх хаантай харьцуулшгүй агуу билээ. Энэ тухай Библид «Хаадын Хаан, эздийн Эзэн ... Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй» гэж бичжээ (1 Тим. 6:14–16). Үнэндээ хүн төрөлхтний гэм нүглийн төлөө сайн дураараа амиа золиосолсон Есүсээс өөр хаан байгаа гэж үү? Үй олон тэнгэрийн элч: «Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой» хэмээн Есүсийн талаар тунхагладаг. Та бас тэдэнтэй дуу хоолойгоо нийлүүлэхийг хүсэж байна уу? (Илч. 5:12).

4. Ехова Есүс хоёрыг яагаад хүндлэн дээдлэх ёстой вэ?

4 Бид Ехова Есүс хоёрыг хүндлэн дээдлэх ёстой. Яагаад гэвэл мөнх амьдрах эсэх маань үүнээс шалтгаална. Энэ нь Иохан 5:22, 23-т бичсэн Есүсийн үгнээс тодорхой харагддаг. Тэнд «Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцгийг хүндэлдэггүй» гэж бичжээ (Дуулал 2:11, 12-ыг уншина).

5. Бид бусдыг яагаад зохих ёсоор хүндлэх учиртай вэ?

5 Бурхан хүнийг өөрийнхөө «дүр төрхөөр» бүтээсэн билээ (Эх. 1:27). Тийм учраас ихэнх хүн Бурхны зан чанарыг ямар нэг хэмжээгээр тусган харуулдаг. Бие биеэ хайрлаж, сайхан сэтгэл гаргаж, өрөвдөн энэрч чаддаг. Түүнээс гадна Бурхан хүнийг бүтээхдээ мөс чанар суулгаж өгсөн. Хүн энэхүү төрөлхийн мэдрэмжийнхээ ачаар зөвийг буруугаас, шударгыг шударга бусаас, зохистойг зохисгүйгээс ялгаж чаддаг (Ром 2:14, 15). Ихэнх хүн цэвэрхэн, гоё юманд сэтгэл нь татагддаг. Бас өөр хоорондоо эвтэй найртай амьдрахыг хүсдэг. Еховагийн алдрыг ямар нэг байдлаар тусган харуулдгаа зарим хүн мэддэг, зарим нь мэддэггүй. Гэлээ ч тэд тодорхой хэмжээний хүндэтгэл хүлээх зохистой (Дуу. 8:5).

БУСДЫГ ХҮНДЛЭХДЭЭ ДҮН НУРУУТАЙ БАЙХ НЬ

6, 7. Хүнийг хүндлэх талаар Еховагийн Гэрчүүд бусдаас ямар ялгаатай вэ?

6 Бид бусдыг хүндлэх ёстойгоо ойлгодог. Гэхдээ яаж, хэр их хүндлэх вэ гэдгээ сайн мэддэггүй. Яагаад гэвэл ихэнх хүн Сатаны ертөнцийн хандлагад бүрэн автсан байдаг. Тийм учраас зарим нэг хүнийг зохих ёсоор хүндлэхийн оронд шүтэн биширдэг. Төр шашны удирдагчид, урлаг спортын одод зэрэг нэр алдартай хүмүүсийг хэтэрхий өргөмжилж бараг л ер бусын хүн мэт үздэг. Хөгшин залуугүй бүгд л тэднийг үлгэр дуурайл болгодог. Зан авир, хувцас хунар, биеэ авч яваа байдлыг нь дуурайх жишээтэй.

7 Бурхны жинхэнэ үйлчлэгчид ийм буруу үзлээс зайлсхийх учиртай. Дэлхий дээр амьдарч байсан хүмүүсээс Христ л ганцаараа бидний хувьд төгс үлгэр дуурайл юм (1 Петр 2:21). Хэрэв хүмүүсийг зохих ёсоор хүндлэхийн оронд шүтэн биширвэл Бурханд таалагдахгүй. «Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй» гэсэн чухал үгийг бид санаж явах хэрэгтэй (Ром 3:23). Үнэндээ Ехова Есүс хоёроос өөр хэн ч онцгой хүндэтгэл хүлээх эрхгүй.

8, 9. а) Еховагийн Гэрчүүд төрийн алба хашдаг хүмүүст хэрхэн ханддаг вэ? б) Тэднийг хүндлэхдээ юуг онцгой анхаарах хэрэгтэй вэ?

8 Төрийн алба хашдаг хүмүүсийн дунд эрх мэдэлтэн олон бий. Тэд хууль дүрэм сахиулж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө санаа тавих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлбэл олон хүн ач тус хүртэнэ. Тийм учраас элч Паул итгэл нэгтнүүддээ төр засгийн эрх мэдлийг «дээд эрх мэдлүүд» хэмээн үзэж, захирагдахыг зөвлөсөн байдаг. Тэрээр: «Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа ... төл, ... хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл» хэмээн захижээ (Ром 13:1, 7).

9 Албан тушаалтнуудыг хүндлэх ёстой гэсэн хууль дүрэм, ёс заншилтай улсад амьдардаг ч бай, үгүй ч бай, Еховагийн Гэрч болгон тэднийг хүндэлдэг. Үүргээ гүйцэтгэх үед нь хамтран ажилладаг. Албан тушаалтнуудыг хүндлэхдээ Библийн зарчмаа дагаж ухаалаг байх хэрэгтэй. Үүний тулд Бурхныхаа хуулийг зөрчихгүй, төвийг сахих байр сууриасаа няцахгүй байхыг онцгой анхаардаг (1 Петр 2:13–17-г уншина).

10. Еховагийн үйлчлэгчид төр засгийн эрх мэдэлтнүүдэд захирагдах талаар ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

10 Еховагийн эртний үйлчлэгчид төр засгийн эрх мэдэлтнүүдэд хэрхэн хандах талаар сайхан жишээ үзүүлсэн байдаг. Хүн амын тооллого явуулах тухай Ромын Цезарийн зарлиг гарахад Иосеф Мариа хоёр дуулгавартай дагажээ. Мариа анхны хүүхдээ төрүүлэх дөхсөн байсан ч тэд бүртгүүлэхээр Бетлехем рүү явсан (Лук 2:1–5). Паулын тухай бодъё. Тэрээр хилс хэрэгт яллагдан өөрийгөө өмгөөлж байхдаа Херод Агрийп хаан болон Ромын Иудей мужийн захирагч Фестэд хүндэтгэлтэй хандсан (Үйлс 25:1–12; 26:1–3).

11, 12. а) Бид шашны удирдагчдыг яагаад онцгойлон хүндэлдэггүй вэ? б) Австри Гэрч нэгэн улс төрчид хүндэтгэлтэй хандсанаар ямар үр дүнд хүрсэн бэ?

11 Шашны удирдагчид дээд зэргээр хүндлүүлэхийг хүсдэг. Гэвч Еховагийн Гэрчүүд тэднийг онцгой хүндэтгэл хүлээх зохистой хүмүүс гэж үздэггүй. Яагаад гэвэл хуурамч шашин Бурхныг гутаан доромжилж, үг сургаалыг нь мушгин гуйвуулдаг. Тиймээс бид тэднийг онцгойлон хүндэлдэггүй, харин жирийн л хүн шиг ханддаг. Есүс тухайн үеийнхээ шашны удирдагчдыг «хоёр нүүрт», «сохор газарчид» хэмээн буруушаасан байдаг (Мат. 23:23, 24). Еховагийн Гэрчүүд төр засгийн эрх мэдэлтнүүдийг зохих ёсоор хүндэлдэг учраас заримдаа бодож байгаагүй сайн үр дүнд хүрэх нь бий.

12 Леопольд Энгэл-Айтна гэдэг идэвх зүтгэлтэй австри Гэрчийг нацистууд баривчилж галт тэргэнд ачаад Буухнвальдын хорих лагерь луу явуулжээ. Тэр галт тэргэнд Хайнрих Глайсна гэдэг хоригдол явж байв. Австрийн улс төрч тэрээр нацистуудын дургүйг хүргэсэн ажээ. Энгэл-Айтна ах хорих лагерь луу явах замдаа итгэл үнэмшлийнхээ талаар ярьж өгөв. Хүндэтгэлтэй ярьсан болохоор Глайсна анхааралтай сонсжээ. Дэлхийн II дайны дараа Глайсна эрх мэдлээ ашиглан Австрийн Гэрчүүдэд олон удаа тусалсан гэдэг. Христийн дагалдагчид эрх мэдэлтэй хүмүүсийг зохих ёсоор хүндлэх ёстой гэсэн Библийн тушаалыг дагаад сайн үр дүнд хүрсэн ийм жишээ олон байдаг. Та ч бас олныг мэддэг байх.

ХҮНДЭТГЭЛ ХҮЛЭЭХ ЗОХИСТОЙ ХҮМҮҮС

13. Бидний хүндэтгэлийг хүлээх зохистой хүмүүс хэн бэ? Яагаад?

13 Шашин шүтлэгээр нэгддэг ах дүү маань, ялангуяа удирдах үүрэгтэй ахлагчид хүндэтгэл хүлээх зохистой хүмүүс яах аргагүй мөн (1 Тимот 5:17-г уншина). Үндэс угсаа, мэдлэг боловсрол, нийгмийн гарал, хөрөнгө мөнгөнийх нь хэмжээнээс үл хамааран бид тэднийг хүндэлдэг. Библид ахлагчдыг «бэлгүүд» гэсэн байдаг бөгөөд Бурхны ард түмэнд санаа тавих чухал үүрэг хүлээдэг (Еф. 4:8). Ахлагчид, дүүрэг хариуцагчид, салбарын хорооны гишүүд, Удирдах Зөвлөлийн гишүүдийг бодоод үзээрэй. Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид хариуцлагатай үүрэг хүлээдэг итгэл нэгтнүүдээ гүнээ хүндэлдэг байсан. Өнөөгийн бид ч мөн ялгаагүй. Бид олны танил ахлагчдыг шүтэн биширдэггүй. Бас манай байгууллагын төлөөлөгчдийг ирвэл тэнгэрийн элч ирсэн мэт ханддаггүй. Гэхдээ тэднийг нөр их хөдөлмөрлөж, даруу байдгийнх нь төлөө хүндэлдэг (2 Коринт 1:24; Илчлэлт 19:10-ыг уншина).

14, 15. Ахлагчид болон шашны удирдагчдын хоорондох ялгаа юу вэ?

14 Тийм ахлагчид Еховад хайртай, даруу хоньчид гэдгээрээ алдартай. Хүмүүс өөрсдөд нь алдартнуудад хандаж байгаа юм шиг хандаасай гэж тэд хүсдэггүй. Үүгээрээ орчин үеийн болон нэгдүгээр зууны шашны удирдагчдаас эрс ялгаатай. Есүс тэдний тухай хэлэхдээ «Найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх ... дуртай» гэсэн байдаг (Мат. 23:6, 7).

15 Даруу ахлагчид Есүсийн үгийг дуртайяа дагадаг. Есүс: «Та нар “Багш аа” гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй. Та нар “удирдагчид” гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм. Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог. Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно» гэжээ (Мат. 23:8–12). Дэлхий дахинд буй хурлуудын ахлагчид итгэл нэгтнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдгийн учир нь энэ юм.

Ахлагчид даруу байдаг учраас бусдын хайр, хүндэтгэлийг хүлээдэг (13–15-р догол мөрийг үзээрэй)

16. Бусдыг хүндэлж сурахын тулд яагаад тасралтгүй хичээх ёстой вэ?

16 Хэнийг, хэрхэн хүндлэх талаар зөв үзэлтэй болоход цаг хугацаа хэрэгтэй нь үнэн. Есүсийн дагалдагчдад ч ийм үе байсан (Үйлс 10:22–26; 3 Иох. 9, 10). Библийн хууль тушаалыг даган бусдыг хүндэлдэг болоход цаг хугацаанаас гадна хичээл зүтгэл хэрэгтэй. Хэрэв бид бусдыг зохих ёсоор хүндэлж сурвал янз бүрийн ач тус хүртэнэ.

БУСДЫГ ЗОХИХ ЁСООР ХҮНДЛЭХИЙН АЧ ТУС

17. Эрх мэдэлтэй хүмүүсийг хүндлэх нь ямар ач тустай вэ?

17 Эрх мэдэлтэй хүмүүсийг хүндэлдэг бол тэд бидний эрхийг хамгаалж сайн мэдээг саадгүй дэлгэрүүлэхэд тусалж болох юм. Бас манай байгууллагын үйл ажиллагааг магтан сайшаах нь бий. Германд амьдардаг Бийргит гэдэг эхлэгч хэдэн жилийн өмнө охиныхоо хонхны баярт очжээ. Багш нар Еховагийн Гэрчүүдийн хүүхдүүдтэй олон жил ажиллаж байгаадаа баяртай байгаагаа энэ ээжид хэлэв. Хэрэв сургуульд нь нэг ч Гэрч хүүхэд байгаагүй бол харамсалтай байх байсан гэжээ. Бийргит хариуд нь «Манайхны хүүхдүүд Бурхны тогтоосон хэм хэмжээг заалгадаг болохоор биеэ зөв авч яван, багш нараа хүндэлж сурдаг» хэмээн тайлбарлажээ. Нэг багш: «Хэрэв бүх хүүхэд Гэрч хүүхдүүд шиг байсан бол багшийн ажил диваажин байх байлаа» гэж хэлсэн байна. Хэдэн 7 хоногийн дараа өөр нэг багш Лайпциг хотод болсон чуулганд суужээ.

18, 19. Ахлагчдыг яагаад зохих ёсоор хүндэлдэг байх хэрэгтэй вэ?

18 Бид ахлагчдыг зохих ёсоор хүндлэхдээ Бурхны Үгэнд байдаг төгс зарчмыг баримталж, мэргэн сургаалыг дагадаг (Еврей 13:7, 17-г уншина). Нөр их хөдөлмөрлөдгийнх нь төлөө тэднийг магтаж болно, магтах ч ёстой. Бас өгсөн зааврыг нь дагахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ингэдэг бол ахлагчид үүргээ баяр хөөртэй биелүүлнэ. Гэхдээ ахлагчийг хүндэлнэ гэдэг нь «нэр хүндтэй» гэж үзсэн ахлагчийнхаа хувцаслах, үс зүсээ янзлах, илтгэл тавих, тэр байтугай, яаж ярьдгийг нь яг таг дуурайна гэсэн үг биш. Энэ нь бусдад буруу ойлголт төрүүлнэ. Ахлагч хүн ч бас төгс бус гэдгийг бүү мартаарай. Бидний даган дуурайх ёстой нэгэн бол Христ юм.

19 Бид ахлагчдыг өргөмжлөн дээдлэх бус, харин зохих ёсоор хүндэлдэг бол тэдэнд тусалж байна гэсэн үг. Яагаад гэвэл тэд өөрийгөө бусдаас илүү чухал гэж үзэх, өөртөө эрдэх зэргээр бардам зангийн урхинд орохгүй.

20. Бусдыг зохих ёсоор хүндлэх нь ямар ач тустай вэ?

20 Хэрэв бид хүндэтгэл хүлээх зохистой хүмүүсийг хүндэлдэг бол аминч үзэлд автахгүй. Хүмүүс бидэнд хүндэтгэлтэй хандлаа гэхэд өөрийгөө дөвийлгөж, их зан гаргахгүй. Бас Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхдаг учраас ямар ч хүнийг хэтэрхий их өргөмжлөн дээдлэхгүй, магтан алдаршуулахгүй. Түүнээс гадна хүндэлж явдаг хүн маань урам хугалж, сэтгэл шархлуулж болох юм. Тэглээ гээд тэр хүнээс болж Еховагаас нүүр буруулахгүй.

21. Бусдыг зохих ёсоор хүндлэхийн хамгийн гол ач тус нь юу вэ?

21 Бусдыг зохих ёсоор хүндэлдэг бол хамгийн гол нь Ехова Бурхныгаа баярлуулна. Бид Бурхандаа үнэнч байхын тулд хүсэл таалалд нь нийцүүлэхийг хичээдэг. Ингэснээр Еховаг дайсандаа хариу барихад нь хувь нэмэр оруулна (Сур. 27:11). Бусдыг хүндлэх талаар буруу ойлголттой хүмүүс хаа сайгүй байна. Харин бид хэнийг, хэрхэн хүндлэхийг Еховагаар заалгадагтаа баярладаг!