Skip to content

Гарчиг руу орох

«Харийн хүмүүсийн» хүүхдэд тусламж хэрэгтэй

«Харийн хүмүүсийн» хүүхдэд тусламж хэрэгтэй

«Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ» (3 ИОХ. 4).

ДУУ: 41, 11

1, 2. а) Цагаачдын хүүхдэд ямар бэрхшээл тулгардаг вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?

«БИ хэлд орохоосоо л аав ээжтэйгээ, хурлын хүмүүстэй эх хэлээрээ ярьдаг байсан. Харин сургуульд ороод, байгаа газрынхаа хэлээр ярихыг илүү дээр гэж үздэг болсон. Хэдхэн жилийн дотор үндэснийхээ хэлээр ярихаа ч больсон, цуглаан дээр юу яриад байгааг ойлгохоо ч больсон. Үндэсний маань соёл харийн юм шиг санагддаг болсон» гэж Жаашуа ярьсан юм. Ийм явдал нийтлэг болжээ.

2 Эдүгээ дэлхий нийтийн хэмжээгээр 240 сая гаруй хүн уугуул нутгаасаа хол, хүний нутагт амьдарч байна. Та тэдний нэг үү? Хүүхэдтэй юү? Хэрэв тийм бол хүүхдийнхээ төлөө юу хийх хэрэгтэй вэ? Еховаг хайрлаж, үнэний замаар явах нөхцөлийг тэдэндээ хэрхэн бүрдүүлж өгөх вэ? (3 Иох. 4). Бусад хүн тэдэнд хэрхэн туслах вэ?

ХҮҮХДЭДЭЭ ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛООРОЙ

3, 4. а) Эцэг эх нь үр хүүхдэдээ хэрхэн үлгэр дуурайл болох вэ? б) Эцэг эхчүүд ямар буруу үзэлд автаж болохгүй вэ?

3 Хүүхдээ амийн замаар явуулъя гэвэл сайн жишээ үзүүлээрэй. Хэрэв та «эхлээд түүний хаанчлал[ыг]» хайдаг бол өдөр тутмын хэрэгцээг Ехова хангана гэдэгт хүүхэд тань итгэдэг болно (Мат. 6:33, 34). Энгийн амьдраарай. Өр тавихгүй байхыг хичээгээрэй. Еховад үйлчлэхийн тулд эд хөрөнгөө золиослоход бэлэн байгаарай. Мөнгө төгрөгтэй болохыг бус, «тэнгэрт баялагтай болохыг» хичээгээрэй. Хүнд таалагдах гэхийн оронд Еховагийн сайшаалыг олох нь амин чухал (Марк 10:21, 22-ыг уншина; Иох. 12:43).

4 Эцэг эхчүүд ээ, та нар хэчнээн завгүй байлаа ч хүүхдийнхээ төлөө цаг зав гаргаж байгаарай. Хүүхэд тань Еховаг эн тэргүүнд тавихаар шийдвэл яах вэ? Өөрийнхөө эсвэл таны төлөө мөнгө төгрөг, алдар нэртэй болох гэж яваагүйг нь магтан сайшаагаарай. Эцэг эхийгээ баян чинээлэг амьдруулах нь үр хүүхдийн үүрэг гэсэн буруу үзэлд бүү автаарай. «Хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстойг» санаарай (2 Кор. 12:14).

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ, ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛИЙГ ДАВААРАЙ

5. Үр хүүхдэдээ Еховагийн тухай ярих хэрэгтэйн учир юу вэ?

5 Зөгнөсөн ёсоор «өөр хэлтэн үндэстнүүд» Еховагийн байгууллага руу ирж байна (Зех. 8:23). Гэтэл танай хүүхэд үндэснийхээ хэлийг сайн ойлгохгүй бол үнэнийг заахад түвэгтэй болно шүү дээ. Тэд бол эцэг эхчүүд та нарын хувьд хамгийн их анхаарах ёстой суралцагчид юм. Таны хүүхэд Еховагийн тухай мэдэж авсан цагт л мөнх амьдрах боломжтой болно (Иох. 17:3). Еховаг таньж мэддэг болгохын тулд цаг мөч бүрийг алдалгүй ашиглан «түүний тухай ярьж байх» хэрэгтэй (Дэд хууль 6:6, 7-г уншина).

6. Хүүхэд хос хэлтэй байх нь ямар ашигтай вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

6 Танай хүүхэд сургуулиас, мөн орчин тойрныхоо хүмүүсээс хэлийг нь амархан сурчихна. Харин үндэснийхээ хэлийг эцэг эхээсээ л сурна. Тиймд эх хэлээрээ тогтмол ярьж, харилцаж байх хэрэгтэй. Хэрэв тэд таны хэлийг мэддэг бол тантай ярьж, сэтгэлээ уудлахад нь амар байх биз ээ. Хос хэлтэй байвал бодох сэтгэх нь сайжирч, бусдын үзэл бодлыг сайн ойлгодог болно. Бас Еховад үйлчлэхийн төлөө илүү ихийг хийх боломжтой. Цагаач эцэг эхтэй Каролина: «Гадаад хэлний хуралд үйлчлэх гоё шүү. Би дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар очиж туслах дуртай» гэж ярьсан юм.

7. Танай гэр бүлд хэлний бэрхшээл тулгардаг бол яах хэрэгтэй вэ?

7 Гэхдээ цагаачдын хүүхдүүд тухайн орны хэл соёлд уусахлаараа эцэг эхтэйгээ үндэснийхээ хэлээр ярих хүсэлгүй болох нь бий. Зарим нь ярьж чадахаа ч больдог. Танай хүүхэд бас тийм бол ойлгодог хэлийг нь жаахан ч гэсэн сураад үзвэл ямар вэ? Тэдний юу ярьдгийг ойлгодог, юу үзэж харж, ямар хичээл хийдгийг нь мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн багш нартай нь харилцаж чаддаг байх нь чухал. Ийм бол хүүхдээ Гэрчийн ёсоор хүмүүжүүлэхэд илүү хялбар байна. Гадаад хэл сурахад цаг зав, хөлс хүч, даруу зан хэрэгтэй ч хүртэх үр шим нь их ээ. Жишээлбэл хүүхэд нь сонсголгүй болчихлоо гэхэд эцэг эх нь хүүхэдтэйгээ ойлголцохын тулд дохионы хэл сурна биз дээ? Тэгвэл та унаган гадаад хэлтэй хүүхэдтэйгээ ойлголцохын тулд үүнтэй адилхан хүчин чармайлт гаргахгүй гэж үү?

8. Хүүхдийнхээ унаган хэлээр сайн ярьж чадахгүй байлаа ч тэдэндээ яаж тусалж болох вэ?

8 Хүүхдийнхээ мэддэг унаган гадаад хэлээр чөлөөтэй ярьж сурах нь зарим эцэг эхэд боломжгүй байж болох юм. Үүнээс болоод хүүхдэдээ «Ариун Бичээсүүдийн» тухай мэдлэг эзэмшүүлэхэд амаргүй байж мэднэ (2 Тим. 3:15). Гэлээ ч Еховаг мэддэг, хайрладаг болгох боломжтой. Шань гэдэг ахлагч: «Ээж маань эгч дүү бид гурвын ярьдаг хэлийг сайн ойлгодоггүй, харин бид үндэснийхээ хэлээр сайн ярьж чаддаггүй байсан. Гэлээ ч Библиэ судалж, залбирч, 7 хоног бүр гэр бүлийн хичээлээ удирдах гэж чадлаараа хичээж байгаа ээжийгээ хараад Еховаг таньж мэдэх нь маш чухал зүйл гэдгийг ойлгосон» хэмээн дурссан юм.

9. Хоёр хэлээр Библи судлах хэрэгтэй хүүхдэд эцэг эх нь хэрхэн туслах вэ?

9 Зарим хүүхэд Еховагийн тухай хоёр хэлээр сурч мэдэх шаардлагатай байж магадгүй. Яагаад? Сургууль дээрээ нэг хэлээр, гэртээ өөр хэлээр ярьдаг учраас тэр юм. Тиймд зарим эцэг эх аль аль хэлээрх ном сэтгүүл, аудио болон видео бичлэгийг авч ашигладаг. Цагаач эцэг эхчүүд хүүхдээ Еховатай дотно болгохын тулд илүү их цаг зав, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй нь тодорхой байна.

ЯМАР ХЭЛНИЙ ХУРАЛД ХАРЬЯАЛАГДАХ ВЭ?

10. а) Ямар хэлний хуралд явахыг хэн шийдэх ёстой вэ? б) Шийдвэр гаргахаасаа өмнө яах хэрэгтэй вэ?

10 «Харийн хүмүүс» өөрийнхөө хэлний хурлаас хол амьдардаг бол нутгийн хуралд харьяалагдах хэрэгтэй болдог (Дуу. 146:9). Харин эх хэлээр нь ярьдаг хурал ойрхон байдаг бол «Манай гэр бүл аль хуралд харьяалагдвал сайн бэ?» гэсэн асуултыг бодох хэрэгтэй. Өрхийн тэргүүнүүд сайн бодож, залбирч, эхнэр хүүхэдтэйгээ зөвлөлдөж байгаад энэ асуудлыг шийдэх учиртай (1 Кор. 11:3). Юу юуг тооцож үзэх хэрэгтэй вэ? Библийн ямар зарчмыг баримтлах вэ? Заримыг нь авч үзье.

11, 12. а) Хүүхэд маань цуглаанд суусныхаа үр дүнг үзээсэй гэж хүсэж байвал эцэг эх юуг анхаарах хэрэгтэй вэ? б) Зарим хүүхэд үндэснийхээ хэлийг сурахаас яагаад татгалздаг вэ?

11 Эцэг эх нь хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг зөв үнэлэх ёстой. Хүүхэд 7 хоногт хэдхэн цаг цуглаанд суугаад л Библийн сургаалыг сайн ойлгодог болохгүй нь мэдээж. Гэхдээ нэг зүйлийг бодоорой. Ер нь хүүхдүүд сайн ойлгодог хэлнийхээ цуглаанд оччихсон байхад их юм сурдаг. Эцэг эхийнхээ бодсоноос ч ихийг ойлгочихсон байдаг. Хэрэв тэр хэлээр сайн ойлгодоггүй бол ингэж чадахгүй шүү дээ (1 Коринт 14:9, 11-ийг уншина). Тэгээд ч хүүхэд үндэснийхээ хэлээр хэлд орсон байлаа ч яваандаа өөр хэлээр сэтгэдэг, мэдэрдэг болохыг үгүйсгэх аргагүй. Зарим хүүхэд цуглаан дээр эцэг эхийнхээ ярьдаг хэлээр хариулж, үзүүлбэр үзүүлж, даалгавар биелүүлж сурсан байдаг. Гэхдээ ингэлээ гээд өөрийнхөө бодол, сэтгэлийг илэрхийлдэг гэсэн үг биш.

12 Хүүхдийн зүрх сэтгэлд хэлнээс гадна өөр олон зүйл нөлөөлдөг. Өгүүллийн эхэнд гарсан Жаашуад бас ийм явдал тохиолджээ. Эгч Ээстэр нь: «Жаахан хүүхдэд ээж аавынх нь хэлнээс гадна соёл, шашин нь бас нөлөөлдөг» гэж ярьсан юм. Хэрэв эцэг эхийнх нь соёл ойлгомжгүй болоод ирвэл хүүхэд хэлийг нь ч, итгэл үнэмшлийг нь ч сонирхохоо больдог. Тэгвэл эцэг эх нь яах хэрэгтэй вэ?

13, 14. а) Цагаач эхнэр нөхөр хоёр яагаад өөр хэлний хуралд шилжсэн бэ? б) Тэд өөрсдөө Еховатай үргэлж дотно байхын тулд юу хийсэн бэ?

13 Гэрч эцэг эхчүүд хүүхдийнхээ эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавих учиртай (1 Кор. 10:24). Жаашуа Ээстэр хоёрын аав Сээмүэл: «Үнэнийг ямар хэлээр зааж өгвөл хүүхдүүдийн маань сэтгэл хөдлөх бол гэж эхнэр бид хоёр ажигладаг байсан. Бас мэргэн ухаан гуйж залбирдаг байсан. Залбирлын хариу бидний хүссэнээр байгаагүй. Гэхдээ манай хэлний цуглаанд явбал ашиг тус нь бага байгааг анзаараад нутгийн хэлний хуралд шилжсэн. Бид цуглаанд тогтмол хамт явж, дэлгэрүүлэх ажилд оролцдог байсан. Хурлынхаа найзуудыг хоолонд эсвэл аялалд урьдаг байв. Ингэсний хүчинд хүүхдүүд маань итгэл нэгтнүүдтэйгээ дотноссон. Бас Еховаг зөвхөн Бурхан төдийгүй Аав маань, Найз маань юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг бид хүүхдүүддээ эх хэлээ төгс эзэмшүүлэхээс ч илүү чухал гэж үзсэн» хэмээн ярьсан юм.

14 Сээмүэл цааш нь «Эхнэр бид хоёр ч гэсэн Еховатай үргэлж дотно байхын тулд эх хэлээрээ болдог цуглаанд явдаг байсан. Үнэхээр завгүй байсан болохоор их ч ядардаг байлаа. Гэхдээ хичээж мэрийгээд, зарим юмаа золиосолсон биднийг Ехова ивээсэнд их талархдаг. Гурван хүүхэд маань Еховад бүрэн цагаар үйлчилж байна» гэв.

ЗАЛУУЧУУД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

15. Кристина яагаад нутгийн хэлний хуралд үйлчлэхийг илүү дээр гэж үзсэн бэ?

15 Хүүхдүүд насанд хүрээд юуг ухаардаг вэ? Сайн ойлгодог хэлнийхээ хуралд байвал Еховад илүү үр бүтээлтэй үйлчлэхээ ухаардаг байна. Тийм үед эцэг эх нь «Хүүхдүүд маань биднийг тоохоо болилоо» гэж бодох хэрэггүй. Кристина: «Би үндэснийхээ хэлээр ойр зуурын юм ярьж ойлгодог ч цуглаан дээр ярьж байгаа юмыг ерөөсөө ойлгодоггүй байсан. Сайн ойлгодог хэлнийхээ чуулганд 12-тойдоо суусан юм. Миний сонсож байгаа зүйл үнэн гэдгийг тэр үед л ойлгож билээ!» гээд цааш нь «Нэг удаа би хамгийн сайн ойлгодог хэлээрээ залбирсан юм. Еховатай зүрх сэтгэлийнхээ угаас ярьж чадсан! Энэ бол миний амьдралд гарсан бас нэг том өөрчлөлт байсан» гэж дурссан юм (Үйлс 2:11, 41). Тэрээр насанд хүрээд эцэг эхтэйгээ зөвлөлдөн тухайн нутгийн хэлний хуралд шилжихээр болжээ. Кристина: «Сургуульд заалгасан хэлээрээ Еховагийн тухай судалсан минь надад тустай байсан» гэсэн юм. Удалгүй байнгын эхлэгч болжээ. Кристина баяр хөөртэй үйлчилдэг гэнэ.

16. Наадя нутгийн хэлний хурал руу яваагүйдээ яагаад баярладаг вэ?

16 Хүүхэд залуус аа, та нар амьдардаг газрынхаа хуралд үйлчлэхийг илүү дээр гэж үзэж байна уу? Тийм бол яагаад гэдгийг шалгаарай. Хурлаа соливол Еховатай илүү дотно болох уу? (Иак. 4:8). Эсвэл эцэг эхийнхээ хараа хяналтаас хол байхыг хүсээд байна уу? Биеийн амрыг харж байна уу? Одоо Бетелд үйлчилдэг Наадя: «Эгч дүү бид дөрөв өсвөр насанд хүрмэгцээ, амьдардаг газрынхаа хэлний хуралд шилжихийг хүссэн» гэж ярьсан юм. Гэвч эцэг эх нь тэднийг Еховагаас хөндийрнө гэж мэдэж байжээ. «Аав ээж хоёр маань биднийг нутгийн хэлний хурал руу явуулалгүй, харин эх хэлээ заах гэж их л хичээж байсанд нь одоо бид талархдаг. Энэ нь ч үнэхээр тустай байсан. Хүмүүсийг Еховатай танилцуулах янз бүрийн боломж бидэнд бүрдсэн» гэж Наадя ярьж байна.

БУСАД ХҮН ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

17. а) Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх үүргийг Ехова хэнд өгсөн бэ? б) Эцэг эхчүүд үр хүүхдэдээ үнэнийг заахын тулд яах хэрэгтэй вэ?

17 Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн үнэний замаар явуулах онцгой эрхийг Ехова эцэг эхчүүдэд өгснөөс бус, эмээ өвөөд эсвэл өөр хүнд өгөөгүй (Сургаалт үгс 1:8; 31:10, 27, 28-ыг уншина). Гэхдээ сэтгэлийг нь хөдөлтөл заая гэсэн ч хүүхэд тань таны хэлийг сайн ойлгодоггүй бол яах вэ? Бусдаас тусламж авах хэрэгтэй. Туслуулна гэдэг нь хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхээс хойш сууж байгаа хэрэг биш ээ. Харин ч энэ нь хүүхдээ «Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» ажлын нэг хэсэг юм (Еф. 6:4). Тиймд гэр бүлийн хичээлээ яаж удирдах талаар ахлагчдаас зөвлөгөө аваарай. Бас хүүхдээ сайн найзтай болгохын тулд тэднээс тусламж хүсэж болно.

Хуралтай нягт хамтран ажиллах нь хүүхэд, эцэг эхийн хэн хэнд тустай (18, 19-р догол мөрийг үзээрэй)

18, 19. а) Итгэл нэгтнүүд нь охид хөвгүүдэд яаж тусалдаг вэ? б) Эцэг эхчүүд юуг орхигдуулах ёсгүй вэ?

18 Эцэг эхчүүд үр хүүхдэдээ туслахын тулд өөр гэр бүлүүдийг гэр бүлийн хичээлдээ хааяа урьж болох юм. Төлөвшсөн итгэл нэгтнүүдийнхээ дэмээр ахиц дэвшил гаргадаг охид хөвгүүд олон байдаг. Хамт дэлгэрүүлэх юм уу чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөдөг учраас тэр юм (Сур. 27:17). «Надад санаа тавьдаг байсан ах нарыг би үргэлж дурсаж явдаг. Цуглаан дээр биелүүлэх даалгавраа бэлдэхэд минь тэд тусалдаг байлаа. Тэгэх бүрд нь би олон юм сурч авсан. Бас тэдэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрөөх гоё байж билээ» хэмээн дээр дурдсан Шань хэлжээ.

19 Хүүхдэд тусалж байгаа хүмүүс яах нь зүйтэй вэ? Эцэг эхийнх нь талаар үргэлж сайнаар ярьж, тэднийг хүндлэхийг заах хэрэгтэй. Эцэг эхийнх нь өмнөөс үүргийг нь гүйцэтгэж болохгүй. Бас ёс суртахууны талаар буруу ойлголт төрүүлж мэдэхээр үйлдэл хийхээс болгоомжлох ёстой (1 Петр 2:12). Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ тусламж авч болох ч үнэнийг заах үүргээ орхигдуулах ёсгүй. Итгэл нэгтэн нь хэрхэн тусалж байгааг хянаж чиглүүлэхийн зэрэгцээ өөрсдөө хүүхдэдээ зааж сургадаг байх учиртай.

20. Хүүхдээ Еховагийн сайн үйлчлэгч болгоё гэвэл эцэг эхчүүд яах хэрэгтэй вэ?

20 Эцэг эхчүүд ээ, Еховагаас тусламж гуйхаас гадна өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийгээрэй (Шастирын дэд 15:7-г уншина). Хүүхдийнхээ Еховатай тогтоосон харьцааг өөрийнхөө хүсэл сонирхлоос дээгүүр тавиарай. Бурхны Үгийг эрхэмлэдэг болгохын тулд чадах бүхнээ хийгээрэй. Хүүхдээ Еховагийн сайн үйлчлэгч болно гэдэгт хэзээ ямагт итгэж яваарай. Танай хүүхэд Бурхны Үгийг ч, үлгэр жишээг тань ч дагадаг болбол элч Иоханд төрсөн сэтгэгдэл танд төрөх биз ээ. «Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ» (3 Иох. 4).