Skip to content

Гарчиг руу орох

Гайос ах дүүдээ хэрхэн тусалсан бэ?

Гайос ах дүүдээ хэрхэн тусалсан бэ?

НЭГДҮГЭЭР зууны сүүлчээр Гайос нарын дагалдагчдад хэцүү асуудал тулгарчээ. Хуурамч сургаалыг түгээн дэлгэрүүлдэг хүмүүс хурлуудын эв нэгдлийг эвдэн бусниулахыг оролдож байв (1 Иох. 2:18, 19; 2 Иох. 7). Тэдний нэг Диотреф гэгч, элч Иохан болон бусад хүний талаар «балмад үгсийг» тараадаг байжээ. Тэрээр явуулын ажлаар ирсэн дагалдагчдыг гэр орондоо хонуулан дайлж зочилдоггүйгээр үл барам, бусдыг ч бас ийм байлгахыг оролдож байлаа (3 Иох. 9, 10). Яг энэ үеэр Иохан Гайост захидал бичжээ. МЭ 98 онд бичсэн уг захидал Грек Сударт «Гуравдугаар Иохан» нэрээр орсон байдаг.

Гайос бэрхшээлийг үл тоон Еховад үнэнч үйлчилжээ. Энэ нь юунаас харагддаг вэ? Гайосыг яагаад дуурайх хэрэгтэй вэ? Иоханы захидлаас бид юу мэдэж авах вэ?

ЭРХЭМ АНДДАА БИЧСЭН ЗАХИДАЛ

«3 Иохан» номыг бичигч өөрийгөө зүгээр л «ахлагч» гэсэн боловч Гайос түүнийг элч Иохан гэж шууд таньжээ. Учир нь Иохан Гайост үнэнийг мэдүүлсэн билээ. Иохан захидлаа хаяглахдаа «Миний хайрладаг хайрт Гайост» гэж бичжээ. Еховатай сайн харьцаатай байдаг шигээ бие нь бас сайн байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн. Сэтгэл сэргээж урам зориг бадраам үг байгаа биз? (3 Иох. 1, 2, 4).

Гайос ахлагч байсан байж магадгүй. Гэхдээ уг захидалд энэ тухай тодорхой бичээгүй. Ах дүү нарыг танихгүй хэр нь угтан авч, хүндэлж зочилсон хэмээн Иохан Гайосыг магтжээ. Энэ нь Бурханд үнэнч байгаагийн шинж гэж дүгнэсэн. Яагаад гэвэл зочломтгой байх нь Бурхны үйлчлэгчдийн нэг онцлог юм (Эх. 18:1–8; 1 Тим. 3:2; 3 Иох. 5).

Иохан Гайосыг итгэл нэгтнүүдээ хүндлэн зочилдог гэж магтсаныг харвал Христийн дагалдагчид хурлуудыг эргэж тойрсныхоо дараа элч Иоханы байгаа газар очоод тэдгээр хуралд юу болсныг ярьдаг байсан нь тодорхой. Элч Иохан ийм маягаар хурлуудын талаарх сониныг сонсдог байсан байх.

Явуулын үйлчлэгчид итгэл нэгтнийхээ гэрт хонохыг хүсдэг байсан нь эргэлзээгүй. Дэн буудлууд нэр хүндгүй, үйлчилгээ муутай, садар самуун явдлын үүр уурхай болж байжээ. Тиймд хашир аянчид, болж өгвөл найз нөхдийндөө хоног төөрүүлэхийг чухалчилна. Христийн дагалдагчдын тухайд итгэл нэгтнийдээ хонохоос өөр сайн арга үгүй.

ТЭД БУРХНЫ «НЭРИЙН ТӨЛӨӨ ЯВЦГААСАН»

«Бурханд зохистой байдлаар [явуулын үйлчлэгчдийг] аян замд нь үдэж байхыг» Иохан Гайост захисан нь дандаа ийм байгаарай гэж зөвлөсөн хэрэг байлаа. Өөрөөр хэлбэл аялагчдыг аяллаа үргэлжлүүлэхэд нь хэрэгтэй бүхнээр хангаарай, тэгвэл тэд зорьсон газраа саадгүй хүрнэ гэсэн үг байв. Гайос өмнөх зочдодоо ийнхүү ханддаг байсан нь тодорхой. Учир нь тэд Гайосын итгэл, хайрын талаар Иоханд ярьсан ажээ (3 Иох. 3, 6).

Тэр зочид нь миссионерууд, Иоханы илгээсэн төлөөлөгчид эсвэл явуулын ахлагчид байсан байж болох юм. Ямар ч атугай сайн мэдээний төлөө явдаг хүмүүс байв. Иохан тэдний талаар бичихдээ «Нэрийн төлөө явцгаасан» гэсэн (3 Иох. 7). Яг өмнөх зүйл буюу 6-р зүйлд Бурхны тухай дурджээ. Үүнээс үзвэл «Нэрийн төлөө» гэдэг нь Бурхны нэрийн төлөө гэсэн үг. Тиймд тэр ах дүү нар бол хурлын гишүүд бөгөөд халуун дотноор угтуулах зохистой хүмүүс юм. Иохан: «Тиймээс тэдэн шиг хүмүүсийг бид дэмжих ёстой. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ» гэж бичжээ (3 Иох. 8).

ГАЙОСТ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙСАН

Иохан Гайост захидал бичих болсны учир нь талархлаа илэрхийлэх, бас ноцтой асуудлыг шийдэхэд нь туслах гэснийх байлаа. Хурлын гишүүн Диотреф, яагаад ч юм, зочид төлөөлөгчдийг гэр орондоо хонуулж дайлаагүй. Тэр ч бүү хэл хүндлэн зочлох гэсэн бусад хүнд саад болохыг оролдсон (3 Иох. 9, 10).

Диотрефийнд хоно гэсэн ч үнэнч дагалдагчид хонохгүй байх байсан нь лавтай. Тэрээр хуралд нөлөө бүхий хүн байх дуртай, Иоханыг огт хүндэлдэггүй, Иохан болон бусад хүний талаар санаатайгаар муу хэлж явдаг байжээ. Иохан түүнийг хуурамч багш гэж хэлээгүй. Гэлээ ч Диотреф элч Иоханы эрх мэдлийг эсэргүүцдэг байв. Нэр алдартай болох гэсэн хүсэл, зохисгүй хандлага нь үнэнч хүн мөн үү гэсэн бодол төрүүлэхээр байлаа. Нэр төрд дуртай, биеэ тоосон хүмүүс хурлыг хагалан бутаргах муу нөлөөтэйг Диотрефийн жишээ харуулдаг. Тийм учраас Иохан Гайост «Мууг биш, харин сайныг дуурай» гэж зөвлөсөн (3 Иох. 11).

САЙНЫГ ҮЙЛДЭХ ГОЛ ШАЛТГААН

Деметр гэдэг дагалдагч бусдадаа үлгэр дуурайл болдгоороо Диотрефээс ялгаатай байсан. Иохан: «[Деметр] бол сайн хүн гэж бүх хүн хэлдэг. ... Бид ч түүнийг сайн хүн гэж боддог. Бидний хэлэх үг үнэн гэдгийг чи мэднэ шүү дээ» гэж бичжээ (3 Иох. 12, ШГ). Деметрт Гайосын тусламж хэрэгтэй байсан байх. Элч Иохан Гайост энэхүү захидлыг бичсэн нь Деметрийг танилцуулж, түүнд туслаарай гэж хэлэх гэснийх бололтой. Иоханы төлөөлөгч эсвэл явуулын ахлагчийн хувьд Деметр уг захидлыг өөрийн биеэр Гайост хүргэж өгсөн ч байж болох юм. Элчийн бичсэн үг үнэн болохыг Деметр баталсан нь дамжиггүй.

Гайос угаасаа зочломтгой хүн. Тэгвэл яагаад зочломтгой хэвээрээ байгаарай гэж Иохан захисан юм бол? Гайосыг зоригжуулах шаардлагатай гэж бодсон юм болов уу? Диотреф зочломтгой итгэл нэгтнүүдээ хурлаас зайлуулахыг хичээж байсан. Үүнээс болоод Гайос зочломтгой зангаа гээчих вий гэж Иохан болгоомжилсон уу? Юутай ч, түүнд бичсэн захидалдаа «Сайныг үйлдэгч нь Бурхных» хэмээжээ (3 Иох. 11). Энэ бол үргэлж сайн юм хийх гол шалтгаан юм.

Гайос Иоханы захидлыг уншаад зочломтгой зангаа гээхгүй байхаар шийдсэн болов уу? Тийм ээ, шийдсэн гэж дүгнэж болно. Яагаад гэвэл Иоханы бичсэн захидал Библийн нэг хэсэг болж хадгалагдсан. Үүнийг уншсан хүн «сайныг дуурайх» хүсэл эрмэлзэлтэй болдог нь гарцаагүй.

«3 ИОХАН» НОМНООС АВАХ СУРГАМЖ

Бидний итгэл нэгт ах Гайосын талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй. Гэхдээ энэ товчхон мэдээллээс их юм ойлгож болно.

«Зочломтгой бай» гэсэн зөвлөгөөг хэрхэн дагах вэ?

Нэгдүгээрт, тэр холоос ирээд бидэнд үнэнийг зааж өгсөн үнэнч хүмүүсийн ачийг хариулах учиртай. Орчин үеийн бүх Гэрч сайн мэдээний төлөө тийм хол явдаггүй л дээ. Гэхдээ явуулын үйлчлэгчдийг, тухайлбал дүүрэг хариуцагчид болон эхнэрүүдийг нь бид Гайос шиг дэмжиж, урамшуулах боломжтой. Эсвэл дэлгэрүүлэгч хэрэгтэй газар оронд үйлчлэхээр явж буй ах дүүдээ бодит тусламж үзүүлж болно. Ямар ч байсан, «Зочломтгой бай» гэсэн зөвлөгөөг дагацгаая (Ром 12:13; 1 Тим. 5:9, 10).

Хоёрдугаарт, хурлуудад эрх мэдэлтэй холбоотой асуудал мэр сэр гарвал гайхах хэрэггүй. Элч Иохан Паул нарын эрх мэдлийн талаар хурлын зарим гишүүн маргаан дэгдээж байсан (2 Кор. 10:7–12; 12:11–13). Өнөөдөр ийм явдал тохиолдвол бид яах хэрэгтэй вэ? Паул Тимотод «Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж, зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай» хэмээн зөвлөжээ. Уур хүрмээр байсан ч дөлгөөн байвал өө сэв хайсан зарим хүн яваандаа үзэл бодлоо өөрчилж магадгүй. Тэгвэл Ехова «тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхож» болох юм (2 Тим. 2:24, 25).

Гуравдугаарт, ямар ч эсэргүүцлийг үл тоон Ехова Бурхандаа үнэнч үйлчилдэг итгэл нэгтнүүдээ бид магтах учиртай. Элч Иохан Гайосыг урамшуулан зоригжуулж, зөв юм хийж байгааг нь батлан хэлсэн байдаг. Өнөөгийн ахлагчид бас итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулах хэрэгтэй. Тэгвэл хурлын гишүүд «үл ядарна» (Ис. 40:31; 1 Тес. 5:11).

Грек эх бичгийг үзвэл элч Иоханаас Гайост бичсэн захидал 219-хөн үгтэй. Библийн хамгийн жижиг ном боловч Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд их юм хэлж өгдөг.