Skip to content

Гарчиг руу орох

Та нар маргаанаа шийдвэрлэж, эвлэрэхийг хичээх үү?

Та нар маргаанаа шийдвэрлэж, эвлэрэхийг хичээх үү?

ЕХОВА БУРХАН эв эеэ эрхэмлэж явахыг үйлчлэгчдэдээ захидаг. Хоорондоо үргэлж эвтэй байгаасай гэж хүсдэг. Ийм байвал бид хурлаа амар тайван байлгана. Хэрүүл маргаанаас залхсан олон хүн амар тайван хуралд маань татагддаг.

Жишээ авъя. Мадагаскарын нэгэн алдартай бөө Еховагийн Гэрчүүдийг ажиглажээ. Тэдний эв нэгдэлтэй байгааг хараад «Шашинд орлоо гэхэд энэ л шашинд ордог хэрэг» гэж боджээ. Яваандаа чөтгөрүүдтэй харьцахаа болив. Олон сар хичээж мэрийсний эцэст гэр бүлийнхээ амьдралыг Библийн дагуу өөрчилж, амар тайвны Бурхан Еховаг шүтдэг болжээ.

Энэ хүн шиг мянга мянган хүн жил бүр Еховагийн Гэрчүүдийн эгнээнд элсэж, эрээд олдошгүй эрдэнэ болсон тэр эв нэгдэл, амар тайвныг эдэлдэг. Гэхдээ хурлын гишүүдийн дунд «хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилго» байвал эв эвдрэлцэж улмаар түвэгтэй асуудал гардгийг Библид тодорхой бичжээ (Иак. 3:14–16). Бас ийм аюулаас хэрхэн зайлсхийх, эв нэгдлээ хэрхэн бэхжүүлэхийг ч зөвлөжээ. Зарим хүнд ямар асуудал тулгарсан, хэрхэн шийдвэрлэснийг авч үзье.

АСУУДАЛ БА ШИЙДЭЛ

«Би цуг ажилладаг итгэл нэгтэнтэйгээ таардаггүй байсан. Нэг удаа бид хоёрыг хэрэлдэж байтал хоёр хүн орж ирээд харчихсан» (КРИС).

«Байнга хамт дэлгэрүүлдэг байсан эмэгтэй гэв гэнэт л “Чамтай дэлгэрүүлэхээ болилоо” гэсэн. Дараа нь дуугарахаа ч больсон. Би ерөөсөө учрыг нь олоогүй» (ЖЭЭНЭТ).

«Би хоёр хүнтэй утсаар зэрэг холбогдоод ярьж байсан юм. Нэг нь баяртай гэж хэлэхээр нь утсаа тасалчихлаа гэж бодоод би тэр хүнийг нөгөө хүнд муулаад ярьчихав. Гэтэл мань хүн сонсож байдаг байгаа» (МАЙКЛ).

«Манай хурлын хоёр эхлэгч хоорондоо таарахаа болив. Нэг нь нөгөө рүүгээ хашхичиж гарсан. Хэрүүлийг нь сонссон хүмүүсийн урам хугарсан» (ГЭЭРИ).

Иймэрхүү явдлыг та ялихгүй зүйл гэж бодож байж болох юм. Гэтэл хэрүүл хийсэн хоёр хүний сэтгэл шархлаад зогсохгүй хурлын эв нэгдэлд аюул учирч мэднэ. Дээрх итгэл нэгтнүүд маань Библийн зөвлөгөөг дагаад эвлэрсэн нь сайшаалтай. Ямар зөвлөгөөг дагасан бол?

«Замдаа битгий хэрэлдээрэй!» (Эх. 45:24). Иосеф ах нарыгаа аав руугаа буцаад явах гэж байхад нь нэг нэгэндээ уурлаж гомдохгүй байхыг захисан нь энэ байлаа. Биеэ барьж чаддаггүй, амархан уурладаг хүнээс болоод байдал улам дордож нөгөө хүн уурлаж мэдэх юм. Крис хүнээр заалгах дургүй, бардам зантайгаа анзаарчээ. Өөрийгөө өөрчлөхийг хүссэн тул хамт ажилладаг итгэл нэгтнээсээ уучлалт гуйсан байна. Дараа нь уураа барьдаг болох гэж шаргуу хичээв. Үүнийг ажигласан нөгөө Гэрч бас өөрийгөө өөрчлөхөөр шийджээ. Одоо тэд Еховадаа эв нэгдэлтэй үйлчилж байна.

«Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ» (Сур. 15:22). Найз нь дуугарахаа болиход Жээнэт энэ зөвлөгөөний дагуу түүнтэй ярилцжээ. Гомдоох ямар нэгэн юм хийсэн эсэхээ эвтэйхэн асуув. Ярилцах нь эхэндээ амаргүй байлаа. Гэхдээ тэд асуудлынхаа талаар эелдэг тайван ярих тусам байдал дээрдэж байв. Тэгтэл Жээнэт тэр асуудалтай ямар ч холбоогүй нь тодорхой болов. Найз нь үүнийг ойлгоод Жээнэтээс уучлалт гуйжээ. Одоо тэд Ехова Бурхандаа дахин нэг баг мэт үйлчилж байна.

«Хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр» (Мат. 5:23, 24). Есүсийн «Ууланд айлдсан номлол»-д энэ үг байдгийг та санаж байгаа байх. Майкл итгэл нэгтнийгээ муулсандаа үнэхээр их харамсжээ. Алдаагаа засахын тулд шаардлагатай бүхнийг хийхээр шийдэв. Тэгээд нөгөө хүн дээрээ очиж буруугаа хүлээж уучлалт гуйв. Дараа нь юу болсон бол? Майкл: «Итгэл нэгтэн маань намайг чин сэтгэлээсээ уучилсан» гэсэн юм. Ингээд тэд эвлэрчээ.

«Нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал ... уучил» (Кол. 3:12–14). Олон жилийн туршлагатай хоёр эхлэгчийг санаж байна уу? Сайхан сэтгэлтэй нэг ахлагч тэдэнд тусалжээ. Хэрүүл маргаан хийж бусдыг гонсойлгосныг нь ойлгуулав. Бие биедээ хүлээцтэй хандаж Ехова Бурхандаа эв нэгдэлтэй үйлчлэх ёстойг сануулав. Тэд ахлагчийн зөвлөгөөг хүлээж аваад дагасан учир эвлэрчээ. Одоо сайн мэдээг хамтдаа баяр хөөртэй дэлгэрүүлж явна.

Хэрэв таныг гомдоовол Колоссай 3:12–14-т байдаг зөвлөгөөг даган даруу байж, уучлахыг хичээгээрэй. Тэгвэл тухайн асуудлыг бодохоо больдгийг олон хүн анзаарчээ. Хэчнээн хичээгээд ч уучилж чадахгүй бол Матай 18:15-д бичсэн Есүсийн зөвлөгөө тус болж болох юм. Уг нь энд нөгөөгийнхөө эсрэг ноцтой нүгэл үйлдсэн тохиолдолд ямар алхам хийх тухай бий. Гэхдээ та зарчмыг нь баримтлаад үзвэл ямар вэ? Санаачилга гаргаад тэр хүнтэй очиж уулзаарай. Ярилцахдаа эелдэг, даруу байж маргаанаа шийдвэрлэхийг хичээгээрэй.

Библид өөр олон чухал зөвлөгөө бий. Ихэнх нь «Сүнсний үр жимс» болох «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг» илэрхийлэхтэй холбоотой (Гал. 5:22, 23). Машины хөдөлгүүрийг тосолбол сайн ажилладаг шиг энэ сайхан чанаруудыг илэрхийлбэл эв нэгдэлтэй байна.

ААШ ЗАН АДИЛГҮЙ Ч ЭВТЭЙ БАЙЖ БОЛДОГ

Хүн бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Зан чанар, аливааг ойлгох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь харилцан адилгүй. Ийм хүмүүс нийлж нөхөрлөхлөөрөө хөгжилтэй, сайхан байдаг. Гэхдээ бие биеэ үл ойлгох, санал зөрөлдөх явдал гарч болзошгүй. Туршлагатай нэгэн ахлагчийн хэлснээр бол «ойр тойронд нь нүүрэмгий хүмүүс байвал ичимхий хүмүүст хэцүү байдаг. Шалихгүй юм шиг санагдах байх л даа. Гэтэл ийм хүмүүсийн хооронд хэрүүл маргаан ч гарч болдог» ажээ. Зан чанараараа ялгаатай хүмүүс хоорондоо хэзээ ч таарахгүй гэж та боддог уу? Есүсийн хоёр элчийг жишээ болгон ярилцъя. Петр гэж сонсвол санасан бодсоноо шууд хэлчихдэг хүн таны санаанд буух байх. Харин Иохан ямар хүн байлаа? Сайн бодож байгаад хэлдэг хийдэг, хайр халамжтай хүн байсан шүү дээ. Тэд зан чанараараа тэс өөр хүмүүс байсан. Гэсэн ч Ехова Бурхандаа хамт үйлчилдэг байжээ (Үйлс 8:14; Гал. 2:9). Үүнээс үзвэл эсрэг тэсрэг зантай хүмүүс ч гар нийлэн ажиллаж болдог байх нь ээ.

Та хурлынхаа хэн нэг хүний хэлдэг үг, хийдэг үйлдлээс болж бухимддаг бол яах вэ? Христ тэр хүний төлөө амиа өгснийг бүү мартаарай. Тэгээд ч та тэр хүнд хайраа илэрхийлэх үүрэгтэй шүү дээ (Иох. 13:34, 35; Ром 5:6–8). Түүнтэй найзлахаа больё гэхийн оронд «Энэ хүн Еховагийн хуулийг зөрчөөд байна уу? Намайг санаатайгаар гомдоогоод байна уу? Эсвэл бид хоёрын зан араншин өөр учраас ийм асуудал гарч байна уу? Миний илэрхийлж сурахыг хүсдэг зан чанар түүнд байдаг юм биш биз?» гэж өөрөөсөө асуугаарай.

Хэрэв тэр хүн яриа хөөрөөтэй, харин та дуу цөөтэй бол ядаж цөхөх юмгүй яриа эхэлдэг аргыг нь сурахын тулд хамт дэлгэрүүлж болно шүү дээ. Эсвэл тэр хүн танаас илүү өгөөмөр зантай бол юу сурч болох вэ? Та өгөхийн жаргал эдэлж байгаа хүнийг харсан уу? Хэрвээ илүү их өгөөмөр болъё гэвэл тэр хүнийг дуурайн өндөр настай, өвчин хуучтай, гачигдал зовлонтой хүмүүст хэрэгтэй зүйлийг нь өгөөрэй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, та хоёр тэс өөр зантай нь үнэн. Гэхдээ нөгөө хүнийхээ сайн талыг нь үргэлж хараад байвал үй зайгүй найзууд болдоггүй юм аа гэхэд өмнөхөөсөө дотно болоод зогсохгүй хурлын эв нэгдлийг батжуулна.

Юодиа Сунтухе хоёр ааш зангаараа адилгүй эмэгтэйчүүд байсан байж болох юм. Гэхдээ элч Паул тэдэнд «Эзэн дотор санаа нэгтэй байгаарай» гэж захижээ (Флп. 4:2). Бид ч бас итгэл нэгтнүүдтэйгээ хамт Ехова Бурхнаа шүтэж, эвтэй байхыг хүсдэг.

МАРГААНАА ТАСЛАН ЗОГСОО

Цэцэг тарьсан талбайд хогийн ургамал ургавал үндсээр нь зулгааж хаядгийн адил бусдын талаар таагүй бодол төрвөл ухаан санаанаасаа таягдан хаях хэрэгтэй. Эс тэгвэл ийм бодол яваа яваандаа сэтгэл зүрхийг эзэмдэж магадгүй. Үүнээс болоод хуралд ч хэцүү асуудал үүсэж мэднэ. Хэрэв бид Ехова Бурхнаа, ах дүүгээ хайрладаг бол Бурхны ард түмний эв нэгдлийг эвдэн бусниулахгүйн тулд чадах бүхнээ хийнэ.

Даруухан байж, эвлэрэхийг хичээвэл гайхалтай үр дүнд хүрнэ

Нөгөө хүнтэйгээ эвлэрэх зорилго тавиад маргаанаа шийдвэрлэхийг хичээвэл таны бодсоноос ч илүү гайхалтай үр дүнд хүрнэ. Нэг Гэрч эмэгтэй үүнийг биеэрээ үзжээ. Тэрээр: «Нэг эгч надтай яг л хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцдаг байсан. Их муухай санагддаг байлаа. Сүүлдээ уур хүрээд тэр эгчтэй хүйтэн хөндий харьцдаг болов. “Намайг хүндэлдэггүй юм чинь би ч бас хүндлэхгүй” гэж бодсон юм» хэмээн ярьжээ.

Дараа нь энэ Гэрч өөрийгөө дүгнэж үзжээ. «Дутагдлаа олж хараад их гутарсан. Бодлоо өөрчлөх хэрэгтэйгээ ойлгосон. Энэ тухайгаа Еховад залбирсныхаа дараа нөгөө эгчдээ бяцхан бэлэг ил захидалтай хамт өгөв. Муухай загнаж байсныг минь уучлаарай гэж бичсэн юм. Бид хоёр тэврэлдэж, энэ асуудлаа мартахаар тохирсон. Түүнээс хойш бүх юм сайхан болсон».

Эв нэгдэл хүн болгонд хэрэгтэй. Гэхдээ өөртөө итгэлгүй эсвэл бардам хүмүүс бусадтай түнжин хагарах гээд байдаг талтай. Еховаг шүтдэггүй хүмүүс ийм байх нь хэвийн үзэгдэл. Харин Еховагийн үйлчлэгчдийн дунд энх тайван, эв нэгдэл ноёлох учиртай. Паул Еховагаар удирдуулан захидал бичихдээ «Та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг ... би хичээнгүйлэн ятгая. Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» гэжээ (Еф. 4:1–3). «Амар тайвны хүлээс» бол асар их үнэ цэнтэй зүйл юм. Энэ хүлээсийг улам бат бөх болгохын тулд аливаа маргааныг шийдвэрлэж явцгаая.