Skip to content

Гарчиг руу орох

«Чиний саруул ухаан магтагдах болтугай»

«Чиний саруул ухаан магтагдах болтугай»

ДАВИД өөрийг нь зорьж ирсэн нэгэн эмэгтэйг магтаж дээрх үгийг хэлжээ. Түүнийг Абигаил гэдэг. Давид Абигаилыг яагаад магтсан бэ? Абигаилаас бид юу сурах вэ?

Давидыг Саул хаанаас зугтаж явахад нь энэ эмэгтэй очиж уулзжээ. Абигаил бол Иудагийн өмнө зүгийн уулархаг нутагт амьдардаг олон малтай Набал гэгч баяны эхнэр юм. Урьд нь Давид хүмүүстэйгээ Набалын хонин сүрэг болон хоньчдыг «хана цайз мэт» хамгаалж байжээ. Хожим нь хоол хүнс илүүчлээч гэж хэлүүлэхээр Набал руу элчүүдээ илгээсэн (1 Сам. 25:8, 15, 16). Мал хөрөнгийг нь хамгаалж байсныхаа хариуд ийм тусламж гуйхад болохгүй гэж үү?

Гэвч Набал нэрэндээ таарсан хүн байлаа. Түүний нэр «Мунхаг», «Тэнэг» гэсэн утгатай ажээ. Тэрээр Давидын хүсэлтийг хүлээж авсангүй. Харин ч Давидыг доромжилж, хүний үнэргүй зан гаргав. Давид Набалаас өшөө авахаар шийдлээ. Набал мунхаг зангаасаа болоод гэр бүлээ сүйрүүлэхэд хүрчээ (1 Сам. 25:2–13, 21, 22).

Энэ явдал юугаар дуусахыг Абигаил урьдаас олж харсан тул зориглон хөдөлж ирээдүйн хаантай очиж уулзав. Давидтай ихэд хүндэтгэлтэй ярьж Еховатай дотно харьцаатайг нь сануулав. Мөн Давид болон хамт яваа хүмүүст нь зориулж их хэмжээний хүнс өглөө. Энэ эмэгтэйг Ехова явуулж гэмгүй хүмүүсийн цусыг урсгахаас сэргийлснийг Давид хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Абигаилд «Чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас ... болиулсан чи магтагдах болтугай» гэсэн (1 Сам. 25:18, 19, 23–35).

Тус болсон хүнд Набал шиг хүний үнэргүй зан гаргаж болохгүйг бид сайн ойлгодог. Үүний зэрэгцээ хэрэг явдал буруугаар эргэж байгааг анзаарсан бол хурцадмал байдлыг намжаахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Мөн дуулалч шиг «Надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач» гэж Бурхнаас гуйх нь зүйтэй (Дуу. 119:66).

Хэрэв бид аливаад ухаалаг ханддаг бол хүмүүс үйл хэргээс маань анзаарч мэдэх биз ээ. Тэгээд Давид шиг «Чиний саруул ухаан магтагдах болтугай» гэж ил хэлдэггүй юм аа гэхэд дотроо бодох нь дамжиггүй.