Skip to content

Гарчиг руу орох

Сатаны мунхруулгын эсрэг дайнд ялаарай

Сатаны мунхруулгын эсрэг дайнд ялаарай

ТА ДАЙРАЛТАД өртчихөөд байна! Сатан гэгч дайсан маш аюултай зэвсэг барьжээ. Ямар зэвсэг вэ? Мунхруулга! Энэ бол махан бие рүү биш, оюун ухаан руу довтлоход зориулсан зэвсэг юм.

Элч Паул Сатаны мунхруулгын аюулыг мэддэг байсан. Гэтэл мэддэггүй хүн итгэл нэгтнүүдийнх нь дунд олон байжээ. Жишээ нь Коринтын хурлын зарим хүн үнэний замаас хэзээ ч гарахгүй гэж өөртөө хэтэрхий итгэдэг байсан бололтой (1 Кор. 10:12). Тийм учраас Паул: «Могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан цэвэр, энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна» хэмээн анхааруулжээ (2 Кор. 11:3).

Өөртөө хэтэрхий итгэж болохгүйг Паулын хэлсэн үгнээс мэдэж болно. Оюун ухааны дайнд ялъя гэвэл Сатаны мунхруулга хэр аюултайг мэдэж аваад өөрийгөө хамгаалаарай.

МУНХРУУЛГА ХЭР АЮУЛТАЙ ВЭ?

Мунхруулга гэж юу вэ? Хүмүүсийн бодол санаа, үйл хөдлөлийг удирдахын тулд буруу ташаа мэдээлэл тарааж толгойг нь эргүүлэхийг хэлдэг. Мунхруулга хийх гэдгийг нэг номонд «худал мэдээлэл тараах, үнэнийг гуйвуулах, луйвардах, тархи угаах, сэтгэл зүйн дайн хийх»-тэй адилтгажээ. Хүмүүс энэ үгийг «ёс зүйгүй, хор хөнөөлтэй, шударга бус» гэх зэрэг үгтэй холбож тайлбарладаг («Propaganda and Persuasion»).

Мунхруулга хэр аюултай вэ? Өнгө, үнэргүй хорт хийтэй адил, ухаан санааг аажмаар хордуулдаг. Хүний зан авирыг судалдаг мэргэжилтэн Ванс Паакард: «Хүмүүс бодож байснаасаа ч илүүгээр нөлөөнд нь автсан байдаг» гэжээ. Өөр нэгэн мэргэжилтний хэлснээр хүмүүс мунхрахаараа «аймаглан устгах, дайн тулаан хийх, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах» зэргээр ухаан санаанд багтамгүй үйлдэл хийдэг байна («Easily Led—A History of Propaganda»).

Хэрэв хүн хүнээ мунхруулж чаддаг юм бол Сатан бүр ч илүү мунхруулж чадах нь ойлгомжтой. Хүн бүтээгдсэн тэр цагаас эхлэн Сатан хүний зан авирыг ажиглан судалж ирсэн. Өнөөдөр «бүх ертөнц» түүний мэдэлд байдаг. Тийм болохоор өөрийнхөө зохиосон худал хуурмагийг тараахын тулд юуг ч ашиглаж чадна (1 Иох. 5:19; Иох. 8:44). Сатан өнөөг хүртэл хүмүүсийн «бодол санааг сохолж» ирсэн. Сатан бол «бүх ертөнцийг мэхлэгч» юм (2 Кор. 4:4; Илч. 12:9). Сатаны мунхруулгад автахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

ИТГЭЛЭЭ БЭХЖҮҮЛЭЭРЭЙ

Мунхруулгад автахгүй байх энгийн аргыг Есүс хэлж өгсөн. Тэрээр: «Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэжээ (Иох. 8:31, 32). Дайны үед дайсны тал худал мэдээ тараадаг учраас цэрэг хүнд найдвартай мэдээлэл өгөх баттай эх сурвалж хэрэгтэй байдаг. Сатаны мунхруулгын эсрэг дайнд оролцож буй танд ч бас найдвартай мэдээлэл хэрэгтэй. Хаанаас авах вэ? Танд хэрэгтэй бүх мэдээлэл Еховагийн Үг Библид бий (2 Тим. 3:16, 17).

Мунхруулахдаа гарамгай Сатан үүнийг сайн мэддэг. Тийм учраас Библи уншиж судлахад маань саад хийхийн тулд энэ ертөнцийг ашигладаг. «Диаволын заль мэхэнд» бүү хууртаарай! (Еф. 6:11). Үнэнийг ерөнхийд нь мэддэг байх нь хангалтгүй. Мэдлэгээ арвижуулахын тулд хичээж мэрийгээрэй (Еф. 3:18). Зохиолч Ноүм Чоомски: «Хэн ч чиний толгойд үнэнийг хийхгүй. Чи өөрөө л хайж олох хэрэгтэй» гэж бичжээ. Тэгэхээр үнэнийг хайж олохын тулд «Судрыг өдөр бүр нягтлан үзэж» байгаарай (Үйлс 17:11).

Оюун ухааны дайнд ялъя гэвэл Сатаны мунхруулга хэр аюултайг мэдэж аваад өөрийгөө хамгаалаарай

Сатан таныг сайтар нягталж бодоосой, юмны учрыг ухаж ойлгоосой гэж хэзээ ч хүсэхгүй. «Хэрэв хүмүүс ... шүүмжлэлтэй хандахаа больж байгаа бол» мунхруулга «маш үр дүнтэй байна гэсэн үг» гэж нэгэн номонд бичжээ («Media and Society in the Twentieth Century»). Сонссон болгоноо шүүж тунгаалгүйгээр шууд бүү итгэж байгаарай (Сур. 14:15). Бурхан таныг оюун ухаан, бодох чадвартайгаар бүтээсэн шүү дээ. Тийм учраас итгэлээ бэхжүүлэхийн тулд оюун ухаанаа дайчлаарай (Сур. 2:10–15; Ром 12:1, 2).

ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙГААРАЙ

Дайснаа айлгаж, урам зоригийг нь мохоох зорилгоор мунхруулга хийдэг цэргийн тактик байдаг. Мунхарсан цэргүүд хоорондоо дайтах юм уу бусдаасаа холдож хөндийрдөг. Герман улс дэлхийн І дайнд ялагдсан нэг шалтгааныг Германы нэг генерал хэлэхдээ «Туулайг могой ховсоддог шиг дайснууд мунхруулга хийж биднийг ховсодсон» гэжээ. Сатан Еховагийн орчин үеийн ард түмний эв нэгдлийг эвдэн бусниулахын тулд үүнтэй төстэй арга хэрэглэдэг. Жишээ нь санал зөрөлдүүлдэг. Эсвэл Еховагийн байгууллага шударга бус байна, буруу юм хийж байна гэх мэтээр бодуулж байгууллагаас гаръя гэсэн бодол төрүүлдэг.

Бүү мэхлэгдээрэй! Бурхны Үгэнд байдаг зөвлөгөөг дагаж ах дүүтэйгээ эвтэй байгаарай. Жишээ нь Библид «бие биеэ уучилж» маргаанаа даруйхан шийдвэрлэ гэсэн зөвлөгөө бий (Кол. 3:13, 14; Мат. 5:23, 24). Хурлынхнаасаа холдож хөндийрөхгүй байхыг анхааруулдаг (Сур. 18:1). Сатаны мунхруулгад автахгүй байж чадах эсэхээ мэдэхийн тулд өөрөөсөө ингэж асуугаарай: «Итгэл нэгтэн маань намайг гомдооход би хамгийн сүүлд яалаа? Бурхны сүнсээр удирдуулсан уу, ертөнцийн сүнсээр удирдуулсан уу?» (Гал. 5:16–26; Еф. 2:2, 3).

ИТГЭЛЭЭ БҮҮ АЛДААРАЙ

Цэрэг нь захирагчдаа үнэнч бус болбол сайн тулалдаж чадахгүй. Тийм учраас дайснууд эсрэг талынхаа цэргүүдийг үнэнч бус болгох зорилгоор мунхруулга хийдэг. «Дарга нартаа итгээд хэрэггүй!», «Тэднээс болж сүйрээд яах юм бэ!» гэх мэтийн ухуулга хийж болох юм. Улмаар дарга нарынх нь алдааг овжин ашиглаж ч мэднэ. Сатан яг ийм арга хэрэглэдэг. Еховагийн томилсон хүмүүст итгэхийг тань болиулахыг оролддог. Сатан энэ тэмцлээ хэзээ ч зогсоохгүй.

Өөрийгөө яаж хамгаалах вэ? Еховагийн байгууллагаас бүү холдоорой. Бурхны ард түмнийг удирддаг хүмүүс төгс бус ч гэсэн тэднийг хүндлээрэй (1 Тес. 5:12, 13). Тэрслэгчид, мэхлэгчид манай байгууллага руу довтолж болох юм. Тэдний үг үнэн юм шиг санагдсан ч «ухаан бодлоороо тэр даруй ганхаж дайвалгүй» тууштай байгаарай (Тит 1:10; 2 Тес. 2:2). Тимотод өгсөн Паулын зөвлөгөөг дагаж «юу сурсан дотроо байнга байн», «хэнээс сурснаа» санаж яваарай (2 Тим. 3:14, 15). Ехова орчин үеийн үйлчлэгчдээ итгэмжит боолоор дамжуулан удирдаад бараг 100 жил болж байна. Энэ бол боолд итгэх хангалттай нотолгоо юм (Мат. 24:45–47; Евр. 13:7, 17).

БҮҮ АЙГААРАЙ

Сатан зөвхөн зальжин арга хэрэглэдэггүй. Заримдаа айлган сүрдүүлдэг. Энэ бол «мунхруулах аргын хамгийн эртнийх» юм («Easily Led—A History of Propaganda»). Жишээлбэл ассиричууд «мунхруулгыг айлган сүрдүүлэх аргатай хослуулж» дайснаа эрхэндээ оруулдаг байсан гэж Британийн профессор Филип Тейлор бичжээ. Сатан таныг эрхэндээ оруулж Еховад үйлчлэхийг тань болиулахын тулд хүн, хавчлага, үхэл гээд янз бүрийн зүйлээр айлгахыг оролдож магадгүй (Ис. 8:12; Иер. 42:11; Евр. 2:15).

Айдаст бүү автаарай. Есүс: «Биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй» гэсэн (Лук 12:4). Ехова танд санаа тавина, хэрээс хэтэрсэн хүч өгнө гэдэгт бүү эргэлзээрэй. Сатаны довтолгоог эсэргүүцэхэд тань тусална гэж амласнаа заавал биелүүлнэ гэдэгт итгээрэй (2 Кор. 4:7–9; 1 Петр 3:14).

Заримдаа айдас төрж, урам хугармаар явдал танд тохиолдож болох юм. Тийм үед Ехова Иошуагийн урмыг сэргээж юу хэлснийг санаарай. «Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун» гэсэн шүү дээ (Иош. 1:9). Санаа зовоод байвал шууд л Еховад залбирч юу бодож байгаагаа хэлээрэй. «Бурханы амар тайван нь» таны «зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална». Тэгээд та Сатаны ямар ч мунхруулгад автахгүй байх хүчтэй болно (Флп. 4:6, 7, 13).

Ассирийн төлөөлөгч Рабшаке Еховагийн ард түмнийг айлгахын тулд ямар мунхруулга хийснийг санаж байна уу? Хэн ч та нарыг Ассириас хамгаалж чадахгүй, Ехова Бурхан чинь юу ч хийж чадахгүй гэсэн утгатай үг хэлсэн шүү дээ. Бас «[Ехова] надад “Энэ газрын эсрэг явж, устга” гэж айлдсан билээ» хэмээн хэлдэг. Тэгэхэд нь Ехова яасан бэ? «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс болж бүү айгтун» гэсэн (Х.дэд 18:22–25; 19:6). Дараа нь нэг тэнгэр элчээ илгээж ганц шөнийн дотор Ассирийн 185 000 цэргийг устгуулсан (Х.дэд 19:35).

МЭРГЭН БАЙЖ ЕХОВАГ БАЙНГА СОНСООРОЙ

Та мэхлэгдэж байгаагаа огт мэдэхгүй хүний тухай кино үзэж байсан уу? Үзэгчийн нүдээр харахад энэ нь тодорхой учраас «Битгий итгэ! Чамайг хуурч байна!» гэж хэлмээр санагдаж байсан биз дээ? Тэнгэр элчүүд тан руу «Сатаны худал үгэнд битгий итгэ!» гэж хашхирч байгаагаар төсөөл дөө.

Сатаны мунхруулгыг бүү сонсоорой (Сур. 26:24, 25). Еховаг сонсож, юу ч хийсэн түүнд л итгэж найдаарай (Сур. 3:5–7). «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул» гэсэн захиасыг нь биелүүлээрэй (Сур. 27:11). Тэгвэл та Сатаны мунхруулгын эсрэг дайнд ялна!