Skip to content

Гарчиг руу орох

«Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгнө»

«Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгнө»

«Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгч, зүрх сэтгэл[ийг] ... тань хамгаална» (ФЛП. 4:7).

ДУУ: 39, 47

1, 2. Паул Силас хоёрт юу тохиолдсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ШӨНӨ дундын үе. Филиппой хотын шоронгийн мухрын өрөөнд Паул, Силас гэдэг хоёр миссионер хоригдож байлаа. Хөлдөө дөнгөтэй, нуруундаа дөнгөж сая олсон зодуурын шархтай ажээ (Үйлс 16:23, 24). Бүх зүйл ямар хурдан болж өнгөрсөн гэж санана! Хүмүүс тэр хоёрыг гэв гэнэт барьж аваад зах дээр аваачин захирагчдын өмнө зогсоов. Тэдний тушаалаар хувцсыг нь хүү татан урж, хайр найргүй ташуурдаж гарчээ (Үйлс 16:16–22). Энэ бол туйлын шударга бус явдал! Ромын иргэн Паулыг шүүгээгүй байж ташуурдах нь хууль зөрчсөн хэрэг байв. *

2 Паул хав харанхуй өрөөнд тэр өдрийн үйл явдлыг эргэцүүлж, Филиппойн хүмүүсийн тухай бодож сууна. Паулын очсон олон хотод иудейчүүдийн синагог байдаг байхад, Филиппойд нэг ч байсангүй. Иймд иудейчүүд Бурхнаа шүтэхийн тулд хотын хаалгаар гарч гол дээр очдог байв (Үйлс 16:13, 14). Яагаад синагог байгаагүй вэ? Дор хаяж 10 иудей эрэгтэй байвал синагог байгуулж болдог. Харин энэ хотын иудей эрчүүд 10 ч хүрдэггүй юм болов уу? Филиппойчууд Паул Силас хоёрыг яагаад Ромын иргэн гэж бодоогүй вэ? Тэд Ромын иргэн гэдгээрээ бардамнадаг хүмүүс юм (Үйлс 16:21). Паул Силас хоёрыг иудей гэж мэдэж байснаас бус, Ромын иргэд байж болохыг тааварлаагүй байх. Юутай ч, Паул Силас хоёр хилс хэргээр шоронд орчихоод байгаа нь энэ.

3. Паул яагаад гайхсан байж болох вэ? Гэлээ ч ямар байсан бэ?

3 Паул бас сүүлийн хэдэн сард болсон үйл явдлыг ч эргэцүүлэн бодсон биз ээ. Түүнийг Эгейн тэнгисийн нөгөө талд буюу Бага Азид байхад зарим газар дэлгэрүүлэхийг нь Бурхан агуу хүчээрээ удаа дараа хориглосон билээ. Бурхны агуу хүч Паулыг өөр газар явуулах гээд түлхээд байх шиг санагджээ (Үйлс 16:6, 7). Гэхдээ хаашаа вэ? Тройд байхад нь Ехова үзэгдэл үзүүлэн «Македонд ир» гэжээ. Ехова юу хүсэж байгаа нь ийнхүү тодорхой болсон тул Паул урилгыг тэр дор нь хүлээж авсан (Үйлс 16:8–10-ыг уншина). Гэтэл Македонд ирээд удаа ч үгүй байхдаа шоронд орох нь тэр! Ехова үүнийг яагаад зөвшөөрөв? Шоронд хэр удах бол? Паулын толгойд иймэрхүү асуултууд эргэлдэж байсан ч урьдын адил итгэлтэй, урам зоригтой байлаа. Паул Силас хоёр «Бурханд залбирч, магтуу дуулав» (Үйлс 16:25). Бурхан тэдэнд амар тайвныг өгч ухаан бодол, зүрх сэтгэлийг нь амраасан ажээ.

4, 5. а) Паулынхтай төстэй ямар явдал бидэнд тохиолдож мэдэх вэ? б) Паулын нөхцөл байдал санаанд оромгүйгээр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

4 Та бас Паул шиг гайхаж байсан уу? Бурхны агуу хүчээр удирдуулж байна гэж бодсон ч бүх юм санаанд оромгүйгээр өөрчлөгдсөн удаа бий юү? Танд янз бүрийн бэрхшээл тулгарсан байж магадгүй. Эсвэл амьдралаа өөрчлөх шаардлага гарсан ч байж мэднэ (Ном. 9:11). Эргээд бодохоор Ехова яагаад ийм байдалд орохыг зөвшөөрсөн юм бол гэсэн асуулт төрөх байх. Гэлээ ч Еховад итгэхээ болилгүй тэвчээртэй байхад юу туслах вэ? Энэ асуултын хариуг мэдэхийн тулд Паул Силас хоёрт дараа нь юу тохиолдсоныг үзье.

5 Паул Силас хоёрыг магтуу дуулж байтал санаанд оромгүй янз бүрийн явдал болов. Гэнэт газар хүчтэй хөдөлж шоронгийн хаалганууд цэлийтэл нээгдэв. Бүх хоригдлын гинж тайлагджээ. Шоронгийн хуягийг амиа хорлох гэтэл Паул хорьж болиулав. Хуяг болон гэрийнхэн нь баптисм хүртлээ. Өглөө болоход захирагчид Паул Силас хоёрыг суллуулахаар цагдаа нарыг явуулжээ. Шуугиан дэгдээлгүй хотоос явахыг цагдаа нар ятгасанд тэд Ромын иргэн гэдгээ хэлэв. Хотын захирагчид үүнийг мэдээд ноцтой алдаа гаргаснаа ойлгожээ. Тэгээд өөрсдөө ирж тэднийг шоронгоос гарган хотоос явахыг гуйв. Паул Силас хоёр явахаасаа өмнө шинэхэн дагалдагч Лудиагийнд зорьж очжээ. Салах ёс хийх далимд ах дүү нарыг ч зоригжуулав (Үйлс 16:26–40). Нөхцөл байдал ямар хурдан өөрчлөгдөв өө!

«ХҮНИЙ УХААНААС ДАВУУ»

6. Юуны тухай ярилцах вэ?

6 Дээрх явдлаас юу ойлгох вэ? Ехова бидний төсөөлж ч байгаагүй зүйлийг хийж чаддаг тул бэрхшээл тохиолдсон үед санаа зовох хэрэггүй. Паул үүнийг ойлгоод сэтгэл нь хөдөлжээ. Тиймд санаа зовохгүй байх болон Бурхан амар тайван өгөх талаар Филиппойн ах дүүдээ бичсэн байдаг. Эхлээд Филиппой 4:6, 7-д юу бичсэнийг ярилцъя (Уншина). Дараа нь, Ехова үйлчлэгчдийнхээ төсөөлж ч байгаагүй зүйл хийдгийг харуулсан өөр хэдэн жишээг Библиэс үзье. Эцэст нь, Бурхнаас амар тайвныг авбал ямар ач тустайг ярилцъя.

7. Паул Филиппой дахь ах дүүдээ бичсэн захидлаараа юу ойлгуулахыг хүссэн бэ? Бид юу ойлгох хэрэгтэй вэ?

7 Филиппой дахь дагалдагчид Паулын захидлыг уншаад юу бодсон бол? Паул Силас хоёрт юу тохиолдсон, Ехова тэдэнд туслахын тулд төсөөлж ч байгаагүй зүйлийг нь хийснийг санасан байх. Паул энэ захидлаараа юу ойлгуулахыг хүссэн бэ? Бүү санаа зов, харин залбир, тэгвэл Бурхнаас амар тайвныг авна гэдгийг ойлгуулахыг хүсжээ. «Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг» өгнө гэснийг анхаараарай. Зарим орчуулгад «бүх мөрөөдлөөс маань илүү», «хүмүүний бүх төлөвлөгөөг давах» гэж буулгасан байдаг. Үүнээс үзвэл Бурхны өгдөг амар тайван бол төсөөлөхийн аргагүй гайхалтай зүйл юм. Заримдаа бид асуудлаа хэрхэн шийдэхээ мэддэггүй. Харин Ехова сайн мэддэг бөгөөд бидний төсөөлж ч байгаагүй зүйлийг хийдэг (2 Петр 2:9-ийг уншина).

8, 9. а) Паулыг Филиппой хотод байхад шударга бус явдал тохиолдсон ч ямар сайн үр дүн гарсан бэ? б) Филиппой дахь дагалдагчид Паулын үгэнд яагаад эргэлзэлгүй итгэж байсан бэ?

8 Филиппой дахь ах дүү нар тэр явдлаас хойших 10 жилийн хугацаанд юу болсныг бодоод зоригжсон нь лавтай. Паул Силас хоёрыг шударга бус явдлын золиос болох гэж байхад Ехова саад хийгээгүй нь учиртай байлаа. Тэд «сайн мэдээг хамгаалж», «тунхаглах эрхээ хууль ёсных гэж баталсан» (Флп. 1:7). Филиппой хотын захирагчид шинээр байгуулагдсан хурлыг хавчиж зүрхлэхгүй болсон. Бас Паул өөрийгөө Ромын иргэн гэж хэлснээс болсон уу, ямар ч байсан хамт аялж явсан Лук эмч Филиппойд үлдэж шинэ итгэл нэгтнүүддээ туслах боломжтой болсон.

9 Филиппой дахь дагалдагчид Паулын захидлыг уншаад, амьдрал мэдэх хүний үг гэдгийг ойлгож байв. Паул хүнд бэрхийг амсаж явсан ч Бурхны ачаар амар тайван байсан. Энэ захидлаа бичиж байхдаа Ромд хэдийнээ баривчлагдаж гэрийн хорионд орсон байлаа. Тэгсэн атлаа Бурхны амар тайвныг авсан нь уг захидлаас харагддаг (Флп. 1:12–14; 4:7, 11, 22).

«ЮУНД Ч БҮҮ САНАА ЗОВ»

10, 11. Хэтэрхий их санаа зовоод байвал яах хэрэгтэй вэ? Юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?

10 Юунд ч санаа зовохгүй байж, Бурхны өгдөг амар тайвныг мэдэрье гэвэл яах вэ? Санаа зовохгүй байх сайн арга нь залбирах гэдгийг Филиппой дахь дагалдагчдад бичсэн Паулын захидлаас мэдэж болно. Тэгэхээр санаа зовсон үедээ залбираарай (1 Петр 5:6, 7-г уншина). Ехова санаа тавина гэсэн итгэлтэйгээр залбираарай. Ивээл хүртэх бүрдээ талархаж байгаарай. «Гуйж хүсдэг, бодож төсөөлдөг бүхнээс маань илүү ихийг» Ехова хийж чадна гэдгийг байнга санавал итгэл улам батажна (Эф. 3:20).

11 Ехова бидний төлөө юу хийхийг хараад бид бас Паул Силас хоёр шиг гайхаж магадгүй. Ер бусын явдал болохгүй байх л даа. Гэхдээ зайлшгүй хэрэгтэй тусламж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно (1 Кор. 10:13). Ехова нөхцөл байдлыг сайжруулж, асуудлыг шийдэж өгнө гээд гараа хумхиад суух ёсгүй нь ойлгомжтой. Залбирсан бол түүнийхээ дагуу зүтгэлтэй байх хэрэгтэй (Ром 12:11). Үнэхээр хүсэж байгаагаа ингэж л батална шүү дээ. Зүтгэлтэй хүнийг Ехова ивээдэг. Залбиралд маань хариулахдаа бидний гуйж хүссэнээс ч илүү юм хийж чаддагийг мартаж болохгүй. Заримдаа огт бодоогүй гайхалтай зүйлийг ч хийж магадгүй. Үүнд улам их итгэхэд тус болох Библийн зарим үйл явдлыг ярилцъя.

ЕХОВА БИДНИЙ ТӨСӨӨЛЖ Ч БАЙГААГҮЙ ЗҮЙЛИЙГ ХИЙДЭГ

12. а) Ассирийн хаан Сеннахериб заналхийлэхэд Хезекиа хаан юу хийсэн бэ? б) Ехова асуудлыг хэрхэн шийдсэнээс бид юу ойлгож авах хэрэгтэй вэ?

12 Ехова хэний ч бодож байгаагүй зүйлийг хийсэн жишээ Библид олон байдаг. Иудагийн хаан Хезекиагийн үед Ассирийн хаан Сеннахериб Иуда руу цөмрөн орж цайз хэрэм бүхий хотуудыг бүгдийг нь эзлэн авч, ганцхан Иерусалимыг үлдээсэн байлаа (Х.дэд 18:1–3, 13). Хамгийн сүүлд Иерусалим руу хөдөлжээ. Ийм эгзэгтэй үед Хезекиа хаан юу хийсэн бэ? Еховад залбирч, зөнч Исаиагаас зөвлөгөө авсан (Х.дэд 19:5, 15–20). Бас муйхар зан гаргалгүй Сеннахерибийн шаардсан алба гувчуурыг өгсөн (Х.дэд 18:14, 15). Дараа нь хотыг хамгаалах бэлтгэл ажил хийжээ (Ш.дэд 32:2–4). Энэ бүхний эцэст юу болсон бэ? Еховагийн илгээсэн нэг тэнгэрийн элч Сеннахерибийн 185 000 цэргийг ганцхан шөнийн дотор хиар цохижээ. Хезекиа ийм юм болно гэж төсөөлөө ч үгүй! (Х.дэд 19:35).

Иосефт тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ? (Эх. 41:42). (13-р догол мөрийг үзээрэй)

13. а) Иосефт тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ? б) Абрахамын эхнэр Сарад ямар гайхамшигт явдал тохиолдсон бэ?

13 Иаковын хүү Иосеф гэдэг залуугийн тухай ярилцъя. Тэрээр шоронд хоригдож байхдаа байр суурь, нэр нөлөөгөөрөө Египетэд хоёрт орох хүн болно гэж төсөөлж байгаагүй. Бас Ехова өөрөөр нь дамжуулан гэр бүлийнхнийг нь өлсгөлөнгөөс аварна гэж бодоогүй байх (Эх. 40:15). Иосефын огт бодож байгаагүй зүйлийг Ехова хийсэн. Иосефын элэнц эх Сараг бод доо. Өтөлж хөгширсөн тэрээр шивэгчнийхээ хүүг хүүхдээ болгоно гэж бодсоноос бус, өөрөө хүү төрүүлнэ гэж төсөөлөө ч үгүй биз ээ. Исаак төрсөн нь Сарагийн хувьд санаанд оромгүй явдал байлаа (Эх. 21:1–3, 6, 7).

14. Бид юунд итгэж болох вэ?

14 Шинэ ертөнц ирэхээс өмнө Ехова бүх зовлон бэрхшээлийг үгүй хийнэ гэж бид боддоггүй. Бас гайхамшиг үйлдэж өгөөч гэж Еховагаас гуйдаггүй. Гэхдээ Ехова эртний үнэнч үйлчлэгчдэдээ ер бусын аргаар тусалж байсныг бид мэддэг. Ехова одоо ч өөрчлөгдөөгүй (Исаиа 43:10–13-ыг уншина). Тийм учраас хүсэл таалалд нь нийцүүлж амьдрах хүчтэй болгоно гэдэгт итгэж болно (2 Кор. 4:7–9). Хезекиа Иосеф Сара нарт тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ? Бид л үнэнч байвал дааж давшгүй мэт саадыг давахад Ехова тусална.

Бид л үнэнч байвал дааж давшгүй мэт саадыг давахад Ехова тусална

15. Бурхны амар тайвныг мэдэрье гэвэл яах хэрэгтэй вэ? Яагаад ийм боломжтой болсон бэ?

15 Хүнд бэрх үед Бурхны өгдөг амар тайвныг мэдэрье гэвэл яах хэрэгтэй вэ? Ехова Бурхантайгаа үргэлж дотно байх хэрэгтэй. Христ Есүс амиа золиос болгон өгсний ачаар л бид Бурхантай дотносох боломжтой болсон билээ. Золиос бол тэнгэрийн Эцгийн маань гайхамшигт үйлсийн нэг юм. Ехова золиосын үндсэн дээр нүгэлт биднийг өршөөж, зүрх сэтгэлийг маань ариусгаж, өөртөө ойртуулдаг (Ёох. 14:6; Яак. 4:8; 1 Петр 3:21).

ЗҮРХ СЭТГЭЛ, УХААН БОДЛЫГ МААНЬ ХАМГААЛНА

16. Бурхнаас амар тайвныг авбал ямар ач тустай вэ? Жишээгээр тайлбарлана уу.

16 «Хүний ухаанаас давуу амар тайвныг» Бурхнаас авах нь ямар ач тустай вэ? Үүний хариуг Библид «Христ Есүсээр дамжуулан ... зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэж бичжээ (Флп. 4:6, 7). «Хамгаалах» гэж орчуулдаг грек үг нь цэрэг дайны холбогдолтой үг хэллэг юм. Эрт үед хүмүүс энэ үгийг сонсоод хотыг хамгаалахаар томилогдсон тусгай цэргүүдийг боддог байжээ. Тийм хотын нэг нь Филиппой юм. Хот нь тусгай цэргийн хамгаалалтад байдаг учраас Филиппойн оршин суугчид шөнө тайван унтдаг байжээ. Үүнтэй адилхан, бид амар тайвныг Бурхнаас авсан бол зүрх сэтгэл, ухаан бодол маань амар амгалан байна. Ехова бидэнд санаа тавьж, сайн сайхан байгаасай гэж хүсдэгийг бид мэддэг (1 Петр 5:10). Энэ мэдлэг маань санаа зовох, сэтгэлээр унах зэргээс хамгаалдаг.

17. Ехова агуу их гай гамшгийн үеэр юу хийнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй вэ?

17 Хүн төрөлхтөн дэлхий дээр урьд хожид болж байгаагүй агуу их гай гамшгийг тун удахгүй үзнэ (Мат. 24:21, 22). Тэр үед хүн нэг бүрд юу тохиолдохыг бид мэдэхгүй. Гэхдээ хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Бид Еховагийн юу хийхийг нэг бүрчлэн мэдэхгүй ч Ехова Бурхнаа мэддэг. Ехова санаа зорилгоо хэзээд биелүүлдгийг түүх баталдаг. Санаанд оромгүй зүйлийг ч хийж магадгүй. Юу ч болж байсан, «хүний ухаанаас давуу амар тайвныг» илүү онцгой байдлаар амсах боломж бидэнд гарна.

^ д/м 1 Силас бас Ромын иргэн байсан бололтой (Үйлс 16:37).