Skip to content

Гарчиг руу орох

Шинэ хүнийг өмсөөд, тайлахгүй байх нь

Шинэ хүнийг өмсөөд, тайлахгүй байх нь

«Шинэ хүнийг өмс» (КОЛ. 3:10).

ДУУ: 43, 27

1, 2. а) Бид яагаад «шинэ хүнийг өмсөх» боломжтой вэ? б) Колосай 3:10–14-т бичсэн, шинэ хүний салшгүй хэсэг болсон зан чанаруудаас дурдана уу.

«ШИНЭ хүн» гэдэг үг эх Библид хоёр удаа гардаг (Эф. 4:24; Кол. 3:10). Энэ нь «Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн» хүн юм. Бид бүгдээрээ шинэ хүн болох боломжтой. Яагаад ингэж хэлж болох вэ? Ехова хүнийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн. Өөрөөр хэлбэл Еховад байдаг сайхан зан чанарууд хүмүүс бидэнд байдаг гэсэн үг (Эх. 1:26, 27; Эф. 5:1).

2 Бид анхны эцэг эхээсээ төгс бус байдлыг өвлөн авсан учраас заримдаа буруу юм хүсдэг нь үнэн. Бас орчныхоо нөлөөнд автахдаа амархан. Гэлээ ч Еховагийн тусламжаар хүслийнх нь дагуух хүн болж чадна. Ийм зорилго тавьж, зорьсондоо хүрэхийн тулд яах нь зүйтэй вэ? Элч Паулын бичсэн «шинэ хүний» салшгүй хэсэг болсон зан чанаруудыг авч үзье (Колосай 3:10–14-ийг уншина). Мөн ийм зан чанартай гэдгээ дэлгэрүүлэх ажил хийхдээ хэрхэн батлахыг ярилцъя.

«ТА НАР БҮГДЭЭРЭЭ НЭГ ХҮН МЭТ БОЛСОН»

3. Ямар байхыг Паул «шинэ хүний» салшгүй хэсэг гэсэн бэ?

3 Паул «шинэ хүнийг өмсөхийг» уриалсныхаа дараа хэнийг ч алаг үзэхгүй байхыг шинэ хүний салшгүй хэсэг гэжээ. Тэрээр: «Грек, иудей, хөвч таслуулсан, таслуулаагүй, харийн хүн, скут, боол, эрх чөлөөт хүн байх нь хамаагүй» гэж бичсэн. * Христийн дагалдагчид нэг нэгнээ яагаад яс үндэс, нийгмийн байдлаар нь ялгаварлах ёсгүй вэ? Яагаад гэвэл тэд «бүгдээрээ нэг хүн мэт болсон» (Кол. 3:11; Гал. 3:28).

4. а) Еховагийн үйлчлэгчид бусдад хэрхэн хандах ёстой вэ? б) Ямар нөхцөл бидний эв нэгдэлд аюул учруулж болзошгүй вэ?

4 Шинэ хүнийг өмссөн хүмүүс итгэл нэгтнүүдээ ч, итгэгч бус хүмүүсийг ч хүндэлдэг учраас нийгмийн байдал, гарал үүслээр нь ялгаварладаггүй (Ром 2:11). Гэхдээ ингэх нь зарим улс оронд түвэгтэй байдаг. Жишээлбэл Өмнөд Африкийн засгийн газар урьд нь баячуудын хороолол, хар арьстнуудын хотхон гэх мэтийг байгуулж хар цагаан арьстнуудыг тусгаарлажээ. Ихэнх Гэрч одоо ч тэндээ амьдардаг. Тийм учраас Удирдах Зөвлөл «зүрхээ өргөнөөр нээхийг» итгэл нэгтнүүддээ уриалж бие биетэйгээ илүү сайн танилцахад нь туслах зорилгоор 2013 оны 10 дугаар сард тусгай ажил зохион явуулахаар болжээ (2 Кор. 6:13, зүүлт).

5, 6. а) Нэг улсад Бурхны ард түмний эв нэгдлийг бататгахын тулд ямар ажил зохиосон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Ямар үр дүнтэй байсан бэ?

5 Хоёр өөр хурлын, өөр хэлтэн үндэстэн ах дүү нарыг зарим амралтын өдөр уулзуулж байхаар болжээ. Тэд цуг дэлгэрүүлж, цуглаанд зэрэгцэн сууж, нэг нэгнийдээ зочилсон юм. Энэхүү арга хэмжээнд хэдэн зуун хурал хамрагдсан. Манай байгууллагын салбар итгэл нэгтнүүдээс, тэр байтугай Гэрч биш хүмүүсээс олон захидал хүлээн авчээ. Жишээ нь нэг сүмийн пастор дараах захидлыг бичжээ. «Би Гэрч биш л дээ. Гэхдээ та нар дэлгэрүүлэх ажлыг маш зохион байгуулалттай хийдэг нь гайхалтай санагдлаа. Бас олон үндэстнээс бүрдсэн мөртлөө эв нэгдэлтэй байдаг юм байна» гэжээ. Энэ тусгай ажил Гэрчүүдэд ямар санагдсан бол?

6 Кооса хэлт Ноома гэдэг хар арьст Гэрч эмэгтэй англи хурлын цагаан арьст итгэл нэгтнүүдээ умгар гэртээ урина гэхээс эхэндээ их л тэвджээ. Харин цагаан арьст Гэрчүүдтэй цуг дэлгэрүүлж, гэрт нь очиж дайлуулсныхаа дараа биеэ барихаа больсон байна. Тэрээр: «Тэд чинь бидэн шиг л жирийн хүмүүс байна шүү дээ!» гэж хэлжээ. Кооса хурлын ээлж болоход Ноома хоол хийж англи хурлын зарим итгэл нэгтнээ гэртээ урьжээ. Зочдынх нь дунд цагаан арьстай нэг ахлагч байлаа. Ноома: «Тээр доор, хуванцар сагсан дээр суухаас дургүйцээгүйд нь би үнэхээр гайхсан» гэсэн юм. Одоо ч үргэлжилж буй энэхүү тусгай ажлын үрээр олон итгэл нэгтэн маань шинэ найзуудтай болж, цаашдаа «зүрхээ өргөнөөр нээж» байхаар шийджээ.

«ӨРӨВЧ СЭТГЭЛ, САЙХАН СЭТГЭЛ»

7. Бид ямар учраас бусдыг өрөвддөг байх шаардлагатай вэ?

7 Сатаны ертөнцийг устгахаас нааш зовлон дуусахгүй. Ажилгүй болох, хүнд өвчин тусах, хавчлагад өртөх, байгалийн гамшигт нэрвэгдэх, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөө алдах гэх мэтийн янз бүрийн бэрхшээлээс болж бүх хүн зовдог. Бид зовж яваа нэгэндээ туслах учиртай. Үүний тулд өрөвч сэтгэлтэй байх хэрэгтэй. Өрөвдөхгүй бол тусалъя гэсэн сайхан сэтгэл төрөхгүй шүү дээ (Эф. 4:32). Шинэ хүний шинж болсон эдгээр зан чанартай болбол Бурхнаа дуурайж, бусдыг тайвшруулна (2 Кор. 1:3, 4).

8. Бүх хүнийг өрөвдөж, сайхан сэтгэл гаргах нь ямар сайн үр дүнтэй вэ? Жишээ хэлнэ үү.

8 Өөр улсаас ирсэн эсвэл хөрөнгө чинээ багатай итгэл нэгтнүүддээ сайхан сэтгэл гаргая гэвэл яах хэрэгтэй вэ? Тэдэнд найрсаг дотно хандаж хурлын нэг гишүүн гэдгийг нь мэдрүүлээрэй (1 Кор. 12:22, 25). Филиппинээс Японд нүүж очсон Дээникарл гэдэг эрэгтэйн тухай ярилцъя. Ажлынхан нь түүнийг гадуурхдаг байжээ. Нэг удаа тэрээр Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очиж үзэв. «Бараг бүгдээрээ япончууд байсан мөртлөө намайг хуучин танил шигээ халуун дотноор угтан авч билээ» гэж Дээникарл дурссан юм. Тэрээр үргэлж сайхан сэтгэлээр ханддаг Гэрчүүдийн ачаар Еховатай улам дотно болж, ахиц дэвшил гаргасаар баптисм хүртжээ. Одоо ахлагчаар үйлчилж байна. Бусад ахлагч Дээникарл болон эхнэр Жээнифэрийг нь хурлынхаа хүндтэй гишүүд гэж үздэг гэнэ. «Энэ хоёр маань энгийн амьдарч эхлэгчээр үйлчилдэг. Хаант төрийг эн тэргүүнд тавих талаар үлгэр дуурайл болдог хоёр доо» гэж тэд ярьжээ (Лук 12:31).

9, 10. Дэлгэрүүлэх хэсгийнхээ хүмүүсийг өрөвдөх нь сайн үр дүнтэй байдгийг харуулах жишээ хэлнэ үү.

9 Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлэх үед бүх хүнд «сайныг үйлдэх» боломж олддог (Гал. 6:10). Гадаадаас ирсэн хүмүүсийг өрөвдсөндөө хэлийг нь шамдан сурдаг Гэрчүүд олон бий (1 Кор. 9:23). Их ч ивээл хүртдэг. Жишээ нь Австралид амьдардаг Тийфани гэдэг эхлэгч эмэгтэй Брийсбэн хотод байдаг свахили хуралд туслахын тулд свахили хэл сурчээ. Хэл сурах амаргүй байсан ч илүү жаргалтай болсон гэнэ. Тэрээр: «Хэрэв та дэлгэрүүлэх ажлаа сонирхолтой болгохыг хүсдэг бол гадаад хэлний хуралд үйлчлээрэй. Хотоосоо гараагүй хэр нь гадаадад аялж байгаагаас өөрцгүй. Дэлхий даяар буй олон үндэстнүүдтэй ах дүү бололцсон гэдгээ ойлгоно. Хоорондоо хэчнээн эв нэгдэлтэй байдаг гээч!» гэжээ.

Бурхны үйлчлэгчид гадаадаас ирсэн хүмүүст яагаад туслахыг хүсдэг вэ? (10-р догол мөрийг үзээрэй)

10 Японд амьдардаг нэгэн гэр бүлийн жишээг авч үзье. Охин Сакико нь: «Бид 1990-ээд онд дэлгэрүүлж явахдаа бразилчуудтай их тааралддаг байсан. Тэдэнд португал Библиэс нь Илчлэл 21:3, 4 юм уу Дуулал 37:10, 11, 29 гэх мэтийн зүйлийг үзүүлэхэд маш анхааралтай уншаад, заримдаа бүр уйлдаг байв» гэж ярьсан юм. Энэ гэр бүл бразилчуудыг өрөвдөөд л болчихсонгүй. Бүр үнэнийг мэдүүлэхийг хүсжээ. «Бид гэр бүлээрээ португал хэл үзэж эхэлсэн» гэж Сакико ярив. Дараа нь тэднийхэн португал хурлыг үүсгэн байгуулалцсан юм. Энэ бүх хугацаанд тэд Бразилаас цагаачилж ирсэн олон хүнд Еховагийн үйлчлэгч болоход нь тусалжээ. Сакико: «Португал хэл сурахад уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй байдаг ч хүртэх ивээл нь бүр ч их. Бид Еховадаа талархдаг» гэж ярьсан (Үйлс 10:34, 35-ыг уншина).

ДАРУУ ЗАНГ «ӨМС»

11, 12. а) Шинэ хүнийг өмсөхдөө яагаад зөв хандлагатай байх ёстой вэ? б) Үргэлж даруу байхын тулд яах хэрэгтэй вэ?

11 Бид шинэ хүнийг өмсөхдөө бусдаас магтаал сонсохыг зорилго болгох ёсгүй. Харин Бурхнаа алдаршуулах гэсэн зөв хандлагатай байх ёстой. Нэгэн цагт төгс байсан тэнгэрийн элч бардам болсны гайгаар нүгэл үйлдсэн шүү дээ (Езекиел 28:17-той харьцуулаарай). Төгс бус бидний хувьд бардам зангаас хол байх нь бүр ч хэцүү! Гэхдээ л даруу зангаар өөрийгөө хувцаслах боломжтой. Яаж?

12 Даруу байхын тулд Бурхны Үгнээс уншсан зүйлээ өдөр бүр эргэцүүлэн бодож байх нь маш чухал (Д.хууль 17:18–20). Ялангуяа Есүс юу зааж сургасан, даруу байх талаар ямар жишээ үзүүлснийг бодох хэрэгтэй (Мат. 20:28). Жишээ нь Есүс элч нарынхаа хөлийг угаасан байдаг (Ёох. 13:12–17). Өөрийгөө бусдаас илүү гэж үзчих гээд байдгаа болихын тулд Бурхны агуу хүчийг байнга гуйж залбирах нь бас тустай (Гал. 6:3, 4; Флп. 2:3).

13. Даруу байвал ямар ач тустай вэ?

13 Сургаалт үгс 22:4-ийг уншина. Даруу бай гэсэн шаардлагыг Ехова бүх үйлчлэгчдээ тавьдаг. Хурлын гишүүн бүр даруу байвал хоорондоо эв нэгдэлтэй, амар тайван байна. Бас Ехова даруу хүнд нигүүлслээ үзүүлдэг. Элч Петр: «Та нар бүгдээрээ даруу занг хувцас мэт өмсөж бие биетэйгээ харьц. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг энэрч нигүүлсдэг» гэж бичжээ (1 Петр 5:5).

«ДӨЛГӨӨН ЗАН, ТЭВЧЭЭРИЙГ ӨМС»

14. Дөлгөөн, тэвчээртэй байх талаар хамгийн сайн жишээг хэн үзүүлдэг вэ?

14 Өнөөгийн нийгэмд дөлгөөн, тэвчээртэй байхыг сул доройн шинж гэж үздэг. Гэвч үнэндээ тийм биш! Энэ сайхан чанарууд орчлонт ертөнцийн хамгийн хүчирхэг Нэгэн болох Еховагаас эхтэй. Тэрээр дөлгөөн, тэвчээртэй байх талаар хамгийн сайн жишээ үзүүлдэг (2 Петр 3:9). Еховаг төлөөлөн ирсэн тэнгэрийн элчүүд Абрахам Лот хоёрын асуултад юу гэж хариулсныг санаарай (Эх. 18:22–33; 19:18–21). Бас дуулгаваргүй израйлчуудыг Ехова 1 500 гаруй жил тэвчсэнийг бодоорой (Езе. 33:11).

15. Есүс дөлгөөн, тэвчээртэй байх талаар ямар жишээ үзүүлсэн бэ?

15 Есүс дөлгөөн хүн байсан (Мат. 11:29). Дагалдагчид нь янз бүрийн дутагдал гаргадаг ч тэрээр гайхалтай тэвчээртэй ханддаг байв. Дэлхий дээр үйлчлэх хугацаандаа шашны удирдагчдын шударга бус шүүмжлэлд их өртдөг байсан. Гэлээ ч дөлгөөн, тэвчээртэй байсаар хилс хэргээр цаазлагдсан билээ. Тэрээр шонд хадуулан тарчилж байхдаа өөрийг нь зовоосон хүмүүсийг өршөөхийг Эцгээсээ гуйн залбирч «Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна» гэж хэлжээ (Лук 23:34). Хэчнээн зовлонтой, дарамттай үед ч дөлгөөн, тэвчээртэй байх талаар юутай гайхалтай жишээ үзүүлээ вэ! (1 Петр 2:21–23-ыг уншина).

16. Яавал дөлгөөн, тэвчээртэй байх вэ?

16 Тэгвэл бид дөлгөөн, тэвчээртэй байхын тулд яах хэрэгтэй вэ? Паул итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай. Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» гэжээ (Кол. 3:13). Нэгнийгээ уучилдаг байхын тулд дөлгөөн, тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгвэл хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулна.

17. Дөлгөөн зан, тэвчээр хоёрыг яагаад чухал гэж хэлж болох вэ?

17 Еховагийн үйлчлэгч бүр дөлгөөн, тэвчээртэй байх ёстой. Тэгэхгүй бол аврагдаж чадахгүй (Мат. 5:5; Яак. 1:21). Хамгийн гол нь ийм хүн Ехова Бурхнаа алдаршуулна, Библийн зөвлөгөөг дагахад нь бусдад тусална (Гал. 6:1; 2 Тим. 2:24, 25).

«ХАЙРЫГ ӨМС»

18. Бусдыг хайрлах, алаг үзэхгүй байх хоёр ямар холбоотой вэ?

18 Энэ өгүүллээр авч үзсэн бүх зан чанар хайртай нягт холбоотой. Баячуудад тал засаж, ядуусыг дорд үздэг байсан итгэл нэгтнүүдээ шавь Яаков зэмлэж «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» гэсэн хаан хуулийг зөрчиж байгааг нь сануулсан. Тэрээр цааш нь «Хүнийг алаг үзвэл нүгэл үйлдэж байгаа хэрэг» гэжээ (Яак. 2:8, 9). Бид бусдыгаа хайрладаг учраас мэдлэг боловсрол, яс үндэс, нийгмийн байдлаар нь ялгаварладаггүй. Зөвхөн гаднаа л тэгж харагддаг юм биш ээ. Энэ нь бидний дотроос гардаг.

19. Хайрыг өмсөх нь яагаад чухал бэ?

19 Бусдыг хайрладаг хүн «тэвчээртэй, сайхан сэтгэлтэй» байдаг. Бас «бардамнадаггүй» (1 Кор. 13:4). Хаант төрийн тухай мэдээг тасралтгүй дэлгэрүүлэхийн тулд тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, даруу байх зайлшгүй шаардлагатай (Мат. 28:19). Хурлынхаа бүх хүнтэй сайн харьцаатай байхад эдгээр зан чанар тус болно. Ингэж хайрлахын ач тус юу вэ? Хурлын гишүүд эв нэгдэлтэй байж Еховаг алдаршуулна. Бусад хүн үүнийг хараад татагдах биз ээ. Библид шинэ хүний салшгүй хэсэг болсон зан чанаруудыг дурдаад, «Хамгийн гол нь, хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» гэж төгсгөсөн нь тун тохирчээ (Кол. 3:14).

«БАЙНГА ШИНЭЧИЛ»

20. а) Хүн бүр өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад? б) Бид ямар ирээдүйг хүсэн хүлээдэг вэ?

20 Хүн бүр өөрөөсөө «Хуучин хүнээ тайлаад, дахин өмсөхгүйн тулд өөр яах хэрэгтэй вэ?» гэж асуух нь зүйтэй. Бурхнаас тусламж гуйн шаргуу залбирч, Бурхны Хаант төрд багтахад саад болох хандлага, үйл хэргээс ангижрахын тулд уйгагүй хичээх шаардлагатай (Гал. 5:19–21). Түүнээс гадна «Би оюун ухаанаа байнга шинэчилж байгаа юу?» гэж бодох нь чухал (Эф. 4:23, 24). Бид төгс бус учраас шинэ хүнийг өмсөөд, тайлахгүй байхыг ямагт хичээх ёстой. Ирээдүйд хүн бүр шинэ хүнийг өмсөж, гайхалтай сайхан зан чанартай болно. Тэр үед амьдрал ямар сайхан байх бол оо!

^ д/м 3 Библийг бичиж байх үед скутуудыг зэрлэг, бүдүүлэг гэж ад үздэг байжээ.