Skip to content

Гарчиг руу орох

Зехариагийн үзэгдэл. Танд яаж нөлөөлдөг вэ?

Зехариагийн үзэгдэл. Танд яаж нөлөөлдөг вэ?

«Над уруу эргэгтүн. ... Тэгвэл Би та нар уруу эргэх юм» (ЗЕХ. 1:3).

ДУУ: 20, 6

1-3. а) Зехариаг зөнчийн ажлаа эхлэх үед Еховагийн ард түмэн ямар байдалтай байсан бэ? б) Ехова буцаж ирэхийг ард түмэндээ уриалсны учир юу вэ?

НИСЭЖ БУЙ хуйлмал ном, сагсан доторх эмэгтэй, салхи татуулан нисэж буй өрөвтасынх шиг далавчтай хоёр эмэгтэй. Энэ бол зөнч Зехариагийн үзсэн үзэгдэл юм (Зех. 5:1, 7–9). Ехова Зехариад яагаад ийм хачин юм үзүүлсэн бэ? Тэр үеийн израйлчууд ямар байдалтай байсан бэ? Зехариагийн үзсэн үзэгдэл өнөөгийн бидэнд ямар ач холбогдолтой вэ?

2 МЭӨ 537 он. Еховагийн ард түмэн маш их баяр хөөртэй байлаа. Тэд Вавилонд олзлогдоод 70 жил болсны эцэст чөлөөлөгдсөн юм. Иерусалимд буцаж очоод жинхэнэ шүтлэгийг сэргээнэ гээд баярлан хөөрчээ. Ингээд жилийн дараа буюу МЭӨ 536 онд сүмийн суурийг тавьжээ. Тэр үед «хүмүүс чанга дуу[г]аар шуугиж, чимээ нь алсад сонсогдож байсан» (Езр. 3:10–13). Гэвч удалгүй сүм барих ажилд эсэргүүцэл тулгарав. Ар араасаа гарч ирсэн янз бүрийн саад бэрхшээлээс болж шантарсан хүмүүс сүм барих ажлаа зогсоов. Харин оронд нь өөрсдөдөө байшин барих, тариа ногоо тарих ажлыг анхаарах болжээ. Үүнээс хойш 16 жил өнгөрсөн ч Еховагийн сүмийг барих ажил анх эхэлсэн тэр л янзаараа байлаа. Тиймээс Ехова ард түмэндээ «Над руу эргэж ирээрэй, хувийн ажлаа хойш нь тавиарай» гэж сануулах хэрэгтэй болжээ. Тэд Еховаг чин сэтгэлээсээ, зоригтой шүтэх учиртай байв.

3 Бурхан ард түмнээ Вавилоноос чөлөөлснийхөө учрыг сануулахаар зөнч Зехариаг МЭӨ 520 онд илгээжээ. Сонирхолтой нь Зехариа гэдэг нэр «Ехова сануулсан» гэсэн утгатай. Ехова өөрсдийнх нь төлөө юу хийснийг израйлчууд мартжээ. Гэсэн ч Ехова сануулсан (Зехариа 1:3, 4-ийг уншина). Цэвэр шүтлэгийг сэргээхэд нь тусална гэдгээ хайрын сэтгэлээр сануулжээ. Бас хоёргүй сэтгэлээр шүтэхгүй бол хүлээж авахгүй гэдгээ хатуу анхааруулсан. Энэ өгүүллээр Зехариагийн үзсэн 6, 7 дахь үзэгдлийн тухай ярилцъя. Ехова израйлчуудын урам зоригийг хэрхэн бадраасан бэ? Энэ хоёр үзэгдэл бидэнд ямар сургамжтай вэ?

ХУЛГАЙ ХИЙДЭГ ХҮНИЙГ БУРХАН ШИЙТГЭНЭ

4. Зехариагийн үзсэн 6 дахь үзэгдэлд юу гардаг вэ? Хуйлмал ном яагаад хоёр талдаа бичигтэй байсан бэ? (Өгүүллийн эхэнд байгаа 1-р зургийг үзээрэй).

4 «Зехариа» номны 5 дугаар бүлэг ер бусын үзэгдлээр эхэлдэг (Зехариа 5:1, 2-ыг уншина). Зехариа 9 метр урт, 4,5 метр өргөн хуйлмал ном нисэж явахыг харжээ. Уг ном дэлгээстэй бөгөөд хоёр талдаа бичигтэй байв. Тэр нь шүүх мэдээ ажээ (Зех. 5:3). Ер нь эртний хүмүүс хуйлмал номны нэг л тал дээр бичдэг байв. Харин энэ удаа ар өвөргүй бичсэнийг харвал маш чухал мэдээ ажээ.

Еховагийн Гэрчүүд хулгай хийх ёсгүй (5–7-р догол мөрийг үзээрэй)

5, 6. Ехова хулгайг юу гэж үздэг вэ?

5 Зехариа 5:3, 4-ийг уншина. Хүн бүр хийсэн хэргийнхээ хариуцлагыг Бурхны өмнө хүлээх ёстой. Тэгвэл Бурхны нэрийг алдаршуулах ёстой хүмүүс бүр ч их хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Хулгай хийвэл «Бурханыхаа нэрийг бузарла[на]» гэдгийг тэд сайн ойлгодог (Сур. 30:8, 9). Хүндэтгэх шалтгаантай бол хулгай хийх нь буруу биш гэж зарим хүн боддог. Гэвч ямар ч шалтгаан байсан, хулгай л бол хулгай. Хулгай хийнэ гэдэг бол хүсэл шуналаа Бурхнаас, Бурхны нэрнээс, хууль тушаалаас нь дээгүүр тавьж байна гэсэн үг.

6 Зехариа 5:3, 4-т «Хараал ... нь хулгайчийн гэрт ... нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр [буюу хараал] шөнөжин бай[на]» гэснийг та анзаарсан уу? Ехова үйлчлэгчдийнхээ үйлдсэн ямар ч буруу хэргийг илчилж, шүүнэ гэсэн үг. Хулгай хийснээ цагдаа, захирал, хурлын ахлагч, эцэг эхдээ мэдэгдэхгүй өнгөрч болох ч Еховагаас нууж чадахгүй. Ихийг ч авсан, багыг ч авсан, ямар ч шалтгаанаар хулгайлсан бай, Ехова заавал илчилнэ (Евр. 4:13). Цаг үргэлж үнэнч шударга байхыг хичээдэг хүмүүсийн дунд байгаа маань хэчнээн сайхан бэ! (Евр. 13:18).

7. Нисэж буй хуйлмал номны хараал бүү хүрээсэй гэж боддог бол яах хэрэгтэй вэ?

7 Ехова ямар ч хулгайг буруушаадаг. Бид Бурхныхаа нэрийг бузарлахгүйг хичээн биеэ цэвэр ариун авч явдаг. Ийнхүү ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж амьдрахыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Бурхан ийм хүмүүсийг бус, харин хуулийг нь санаатайгаар зөрчдөг хүмүүсийг шийтгэнэ.

АМЛАЛТАА ӨДӨР БҮР БИЕЛҮҮЛЭХ НЬ

8-10. а) Тангараг гэж юү вэ? б) Зедекиа хаан ямар тангаргаасаа няцсан бэ?

8 Нисэж буй хуйлмал номон дээр бичсэн дараагийн мэдээ нь Бурхны «нэрээр хуурамч тангараг тавьдаг» хүмүүст өгсөн сануулга байв (Зех. 5:4). Тангараг гэдэг нь үнэн шударга, бат нот гэж баталсан андгай юм. Эсвэл ямар нэг зүйлийг хийнэ хийхгүй гэдгээ баталж хэлсэн үг юм.

9 Еховагийн нэрээр тангараглана гэдэг бол туйлын нухацтай хандах ёстой асуудал мөн. Энэ нь сүүлчийн хаан Зедекиад тохиолдсон явдлаас харагддаг. Тэрээр Вавилоны хаанд үнэнчээр зүтгэнэ гэж Еховагийн нэрээр тангарагласан ч хэлсэндээ хүрээгүй. Үүнээс болоод Ехова Зедекиад «Вавилоны хаан [чамайг] сэнтийд залсан боловч [чи] тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд ... үхэх болно» гэж хэлүүлжээ (Езе. 17:16).

10 Зедекиа хаан Бурхны нэрээр тангарагласан (Ш.дэд 36:13). Тийм болохоор Ехова хэлсэн үгэндээ хүрэхийг нь харж байв. Гэвч Зедекиа тангаргаасаа няцаж Вавилоны савраас чөлөөлж өгөхийг Египетээс гуйжээ. Энэ нь ямар ч ашиггүй байлаа (Езе. 17:11–15, 17, 18).

11, 12. а) Хамгийн чухал тангараг юү вэ? б) Еховад өөрийгөө зориулсан тангараг маань өдөр тутмын амьдралтай ямар холбоотой вэ? Жишээ хэлнэ үү.

11 Ехова Зедекиаг тангараглахад сонссон шигээ биднийг ч бас сонсдог. Тиймд бид Бурхны сайшаалыг хүлээхийн тулд тангаргаа биелүүлэх ёстой (Дуу. 76:11). Тангараг тангаргийн дотроос хамгийн чухал нь Еховад амь амьдралаа зориулсан тангараг юм. Юу ч болж байсан Еховад үйлчилнэ гэж бид тангарагласан.

12 Энэ тангаргаа хэрхэн биелүүлэх вэ? Еховаг «өдөр өдрөөр» алдаршуулна гэж амласнаа биелүүлэх эсэх маань том, жижиг сорилт тулгарахад харагдана (Дуу. 61:8). Жишээ нь хамт ажилладаг эсвэл сурдаг хүн танд сээтэн хаяад байвал яах вэ? Еховад дуулгавартай гэдгээ батлах боломж гэж үзээд нүүр өгөхгүй байж чадах уу? (Сур. 23:26). Та гэрийнхнээсээ ганцаараа Еховаг шүтдэг бол Гэрчийн ёсоор биеэ авч явахад туслаач гэж залбирдаг уу? Ямар ч нөхцөлд хайрлан халамжилж удирдан чиглүүлдэг Еховадаа өдөр бүр талархдаг уу? Библийг өдөр бүр уншдаг уу? Еховад өөрийгөө зориулан тангарагласан маань энэ бүхнийг амласан хэрэг юм. Дуулгавартай байж, чадах бүхнээ хийдэг бол Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг бөгөөд үнэхээр өөрийгөө зориулсан гэсэн үг. Еховаг шүтэх нь амьдралын маань салшгүй хэсэг шүү дээ. Амлалтаа биелүүлэх нь бидэнд л тустай. Бид үнэнч байвал сайхан ирээдүйг үзнэ (Д.хууль 10:12, 13).

13. Зехариагийн үзсэн 6 дахь үзэгдлээс юү мэдэж авсан бэ?

13 Еховаг хайрладаг бол хулгай хийх юм уу тангаргаасаа няцах ёсгүйг Зехариагийн үзсэн 6 дахь үзэгдлээс ойлголоо. Израйлчууд нүгэл үйлдэж байсан ч Ехова тэднийг орхиогүйг бас мэдэж авлаа. Эргэн тойрныхоо дайснуудад дарамтлагдсаныг нь Ехова ойлгож байжээ. Бурхан өөрөө амлалтаа биелүүлж бидэнд жишээ үзүүлсэн. Тэрээр тангаргаа биелүүлэхэд маань янз бүрээр тусалдаг. Нэг арга нь удахгүй муу муухай бүхнийг устгана гэсэн итгэл найдвар төрүүлдэг. Энэ найдварын талаар Зехариагийн үзсэн дараагийн үзэгдлээс мэдэж авъя.

ЕХОВА БУЗАР МУУГ АРИЛГАНА

14, 15. а) Зехариагийн үзсэн 7 дахь үзэгдэлд юу гардаг вэ? (Өгүүллийн эхэнд байгаа 2-р зургийг үзээрэй). б) Сагсан доторх эмэгтэйгээр юуг бэлгэддэг вэ? Тэнгэрийн элч яагаад сагсыг тагласан бэ?

14 Нисэж буй хуйлмал номыг харсных нь дараа тэнгэрийн элч Зехариад «Одоо нүдээ өргөгтүн» гэсэн. Зехариагийн үзсэн 7 дахь үзэгдэлд юу гардаг вэ? «Ефа» гэдэг сагс гардаг (Зехариа 5:5–8-ыг уншина). Дунд зэргийн хэмжээтэй энэ сагс тугалган тагтай ажээ. Сагсыг онгойлгоход дотор нь нэг эмэгтэй сууж байв. «Энэ бол Хилэнцэт байдал» гэж тэнгэрийн элч тайлбарласан. Эмэгтэйг сагсан дотроос гарах гэхэд нь Зехариа ямар их айсан бол оо! Тэнгэрийн элч шалмаг хөдлөн түүнийг сагс руу нь буцаан чулуудаж хүнд тагаар тагласан. Энэ нь ямар учиртай вэ?

15 Ехова ард түмнийхээ дунд ямар ч муу муухай юм байлгахгүйг энэ үзэгдлээс ойлгож болно. Хэрэв бузар муу юм байвал даруйхан арилгана (1 Кор. 5:13). Тэнгэрийн элч сагсыг тугалган тагаар шалмаг гэгч нь тагласан нь ийм учиртай.

Ехова цэвэр шүтлэгийг хамгаалахаа амласан (16–18-р догол мөрийг үзээрэй)

16. а) Зехариагийн үзсэн сагсыг яасан бэ? (Өгүүллийн эхэнд байгаа 3-р зургийг үзээрэй). б) Далавчтай эмэгтэйчүүд сагсыг хааш нь авч явсан бэ?

16 Дараа нь Зехариа өрөвтасынх шиг хүчирхэг далавчтай хоёр эмэгтэйг үзжээ (Зехариа 5:9–11-ийг уншина). Тэд сагсан доторх эмэгтэйгээс тэс ондоо байлаа! Хүчирхэг далавчаараа доош шунган мөнөөх «Хилэнцэт байдлыг» агуулсан сагсыг аваад нислээ. Хаашаа авч явсан бэ? «Шинарын газар» буюу Вавилон руу авч явсан. Ямар учраас тэр вэ?

17, 18. а) Вавилон яагаад «Хилэнцэт байдлыг» аваачихад тохирсон газар вэ? б) Та ямар үүрэгтэй вэ?

17 Вавилон бол «Хилэнцэт байдлыг» аваачихад тохирсон газар гэдэг нь Зехариагийн үеийн израйлчуудад ойлгомжтой байв. Төрж өссөн энэ хот нь садар самуун явдал, хуурамч шүтлэгийн үүр болсныг тэд мэддэг. Тийм учраас нөлөөнд нь автахгүйн тулд өдөр бүр тэмцэх шаардлагатай байлаа. Тэд энэ үзэгдлийн тухай сонсоод ямар их тайвширсан бол оо! Ехова цэвэр шүтлэгийг хамгаалах ажээ.

18 Иудейчүүд ч бас шүтлэгээ цэвэр ариун байлгах үүрэгтэйг уг үзэгдэл сануулсан. Еховагийн ард түмний дунд «Хилэнцэт байдал» орж чадахгүй, орох ч ёсгүй. Бурхны цэвэр ариун байгууллагын гишүүн бид Бурхныхаа хайр халамжийг мэдэрч, айх аюулгүй байдаг. Тиймээс хүн бүр байгууллагаа цэвэр ариун байлгах үүрэгтэй. Еховагийн ард түмний дунд бузар булай ямар ч юм байх учиргүй.

ЦЭВЭР АРИУН ХҮМҮҮС ЕХОВАГ АЛДАРШУУЛДАГ

19. Зехариагийн үзсэн үзэгдлээс бид юу мэдэж авсан бэ?

19 Зехариагийн үзсэн 6, 7 дахь үзэгдлээс бид юу мэдэж авсан бэ? Ехова бол бузар мууг тэвчдэггүй Бурхан гэдгийг хулгай хийдэг, тангаргаасаа няцдаг хүмүүс санаж явах хэрэгтэй. Еховагийн үйлчлэгч бид бузар муу бүхнийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байх ёстой. Түүнээс гадна тэнгэрийн Эцгээ баярлуулахыг үргэлж хичээдэг бол хараал хүрэхгүй, харин ч ивээл хүртэж, хамгаалуулна гэдгийг энэ хоёр үзэгдлээс мэдэж авлаа. Бузар муугаар дүүрсэн энэ ертөнцөд үргэлж цэвэр ариун байх гэж хамаг чадлаараа хичээдэг бол Ехова бидэнд заавал тусална! Тэгвэл жинхэнэ шүтлэг дэлхий даяар түгэн дэлгэрнэ гэдэгт яагаад итгэж болох вэ? Агуу их гай гамшиг ойртож буй энэ үед Ехова байгууллагаа хамгаална гэсэн ямар баталгаа байдаг вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээс мэдэж авъя.