Skip to content

Гарчиг руу орох

Ноа Даниел Иов нар Еховаг мэддэг байсан. Харин та?

Ноа Даниел Иов нар Еховаг мэддэг байсан. Харин та?

«Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй. Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгоно» (СУР. 28:5).

ДУУ: 43, 49

1-3. а) Эцсийн өдрүүдэд амьдардаг бид Бурханд үнэнч хэвээрээ байя гэвэл яах хэрэгтэй вэ? б) Энэ өгүүллээр юү үзэх вэ?

ЭЦСИЙН өдрүүд төгсгөлдөө ойртох тусам «хорон муу хүн өвс шиг соёолж» байна (Дуу. 92:7). Тийм учраас ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэдэг хүн олон байгаа нь гайхах зүйл биш юм. Паул итгэл нэгтнүүддээ «бузар мууд хүүхэд шиг байж, ухаанаараа том хүн байхыг» зөвлөжээ (1 Кор. 14:20). Паулын зөвлөгөөг хэрхэн дагах вэ?

2 Үүний хариуг энэ өгүүллийн үндэс болсон Библийн зүйлээс мэдэж болно. «ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгоно» гэжээ. Өөрөөр хэлбэл Еховагийн сэтгэлд нийцдэг бүхнийг ойлгоно гэсэн үг юм (Сур. 28:5). Ехова зөв юм хийдэг хүмүүсийг мэргэн ухаантай болгодог гэж Сургаалт үгс 2:7, 9-т бичжээ. Тийм учраас тэд «зөв болон шударга явдал, цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг» ухаардаг.

3 Ноа Даниел Иов нар чухамдаа ийм хүмүүс байжээ (Езе. 14:14). Бурхны орчин үеийн ард түмэн ч мөн ялгаагүй. Тэгвэл та ямар вэ? Еховагийн таалалд нийцэх «бүх юмыг ойлгодог» уу? Хамгийн гол нь Еховагийн тухай үнэн зөв мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ өгүүллээр 1) Ноа Даниел Иов нар Бурхныг яаж мэддэг болсон, 2) энэ мэдлэг нь ямар ач тустай байсан, 3) яавал тэдэн шиг итгэлтэй болохыг ярилцъя.

НОА БУЗАР МУУ ЕРТӨНЦӨД БУРХАНТАЙ ХАМТ ЯВДАГ БАЙСАН

4. Ноа Еховаг яаж мэддэг болсон бэ? Мэдлэгтэй болсны үр ашиг нь юу байсан бэ?

4 Ноа Еховаг яаж мэддэг болсон бэ? Эртний хүмүүс гурван аргаар Бурхны тухай мэдэж авдаг байжээ. Тэд 1) Бурхны бүтээлийг ажиглаж, 2) үйлчлэгчдээс нь сонсож, 3) тогтоосон хэм хэмжээ, хууль зарчмыг нь баримтлаад ивээл хүртдэг байсан (Ис. 48:18). Ноа байгаль дэлхийг ажиглаад Бурхан байдгийн тоймгүй олон нотолгоог төдийгүй олон сайхан зан чанарыг нь, тухайлбал «мөнхийн хүчийг» нь олж харсан (Ром 1:20). Үүний дүнд Бурханд бат итгэдэг болжээ.

5. Ноа хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг яаж мэдсэн бэ?

5 «Хүн сонсож байж итгэдэг» (Ром 10:17). Тэгвэл Ноа Еховагийн тухай хаанаас сонссон бэ? Төрөл садангаасаа их зүйлийг сонссон биз ээ. Жишээ нь эцэг Ламех нь Бурханд итгэдэг хүн байсан бөгөөд Адамыг үхэхээс өмнө төржээ (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). Өвөө Метусела нь бас тэдний нэг юм. Хуланц өвөө Иаред нь Ноаг төрснөөс хойш 366 жил амьдарсан * (Лук 3:36, 37). Хүн төрөлхтний түүх хэрхэн эхэлснийг, Бурхан дэлхийг зөв шударга хүнээр дүүргэх санаа зорилготой байсныг Ноа дээрх хүмүүс болон тэдний эхнэрүүдээс сонссон байх. Бас Еденд хэрхэн тэрс явдал гарсныг дуулж, үр дагаврыг нь амсаж байгаагаа ойлгосон нь лавтай (Эх. 1:28; 3:16–19, 24). Мэдэж авсан зүйл сэтгэлд нь хүрч, Бурханд үйлчлэх хүсэл нь оргилжээ (Эх. 6:9).

6, 7. Ноагийн итгэл яагаад бэхэжсэн бэ?

6 Ноагийн итгэл яагаад бэхэжсэн бэ? Тэрээр нэрнийхээ утгыг мэдээд улам бат итгэлтэй болсон байх. Нэр нь «Амралт», «Тайвшрал» гэсэн утгатай ажээ. Энэ нь найдах, найдвар гэсэн утгыг агуулдаг (Эх. 5:29). Ламех Еховагаар удирдуулан «ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана» гэжээ. Ноа Еховад найддаг байсан. Бурхны амласан «үр хүүхэд» могойн толгойг няцална гэдэгт өөрөөс нь өмнө амьдарч байсан Абел Енох нартай адил итгэж байсан (Эх. 3:15).

7 Ноа Эхлэл 3:15-д байдаг зөгнөлийн нарийн ширийнийг сайн ойлгодоггүй байсан биз ээ. Гэлээ ч аврагдана гэсэн найдварыг энэ зөгнөлөөс олж харсан нь эргэлзээгүй. Түүнээс гадна энэ амлалт Енохын тунхагласан мэдээтэй холбоотой. Ехова муу хүмүүсийг устгана гэж Енох зөгнөж байсан билээ (Юуд. 14, 15). Хармагедоны үед бүрэн биелэх энэ зөгнөл Ноагийн итгэлийг улам батжуулсан нь гарцаагүй!

8. Бурхны тухай үнэн зөв мэдлэг нь Ноад ямар ач тустай байсан бэ?

8 Бурхны тухай үнэн зөв мэдлэг нь Ноад ямар ач тустай байсан бэ? Ноа энэ мэдлэгийнхээ ачаар итгэлтэй, мэргэн ухаантай болж, «Бурхантай хамт явдаг» байсан. Тиймээс буруу юм, ялангуяа Еховаг гонсойлгох юм хийдэггүй байжээ. Жишээлбэл Еховаг үл тоомсорлодог хүмүүстэй нөхөрлөөгүй. Хүн биетэй болсон чөтгөрүүдэд хууртаагүй. Хүмүүс чөтгөрүүдийн ер бусын хүчийг биширч, улмаар тэднийг шүтэж байсан бололтой. Харин Ноа нөлөөнд нь автаагүй (Эх. 6:1–4). Үр хүүхэд төрүүлж, дэлхийг дүүргэ гэсэн тушаал зөвхөн хүмүүст хамаатайг тэрээр мэдэж байсан (Эх. 1:27, 28). Тиймээс чөтгөрүүд эмэгтэйчүүдтэй хавьтсан нь гаж буруу явдал гэдгийг ойлгосон байж таарна. Тэдний дундаас төрсөн хүүхдүүд жирийн хүүхдүүдээс ялгаатай байсан нь үүнийг баталжээ. Ехова дэлхий дээр үер буулгаж муу хүмүүсийг бүгдийг нь устгах гэж байгаагаа Ноад хэлжээ. Ноа итгэсэн учраас хөвөгч авдар хийж, гэр бүлийнхнийгээ аварсан (Евр. 11:7).

9, 10. Бат итгэлтэй Ноаг хэрхэн дуурайх вэ?

9 Яавал бат итгэлтэй Ноа шиг болох вэ? Бурхны Үгийг сайн судалж, сурснаа зүрх сэтгэлдээ шингээж, мэдсэнээ ажил хэрэг болгон, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй (1 Петр 1:13–15). Тэгвэл итгэлтэй, мэргэн ухаантай болж Сатаны заль мэх, ертөнцийн муу нөлөөнөөс өөрийгөө хамгаална (2 Кор. 2:11). Хүчирхийлэл, садар самуун явдалд дурлаж, махан биеийнхээ хүслийг дагадаг хүн олон байдаг (1 Ёох. 2:15, 16). Ийм хүмүүс Бурхны агуу өдөр улам ойртож байгааг батлах баримтуудыг тоодоггүй. Есүс өнөө үеийг Ноагийн үетэй зүйрлэхдээ хүчирхийлэл, садар самуун явдлын аюулаас бус, Бурханд үйлчлэхээ болих аюулаас сэрэмжлүүлснийг анхаараарай (Матай 24:36–39-ийг уншина).

10 Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би Еховаг үнэхээр мэддэгээ амьдралаараа харуулдаг уу? Ингэж амьдрахыг хүмүүст заадаг уу?». Эдгээр асуултын хариунаас «Бурхантай хамт явдаг» эсэхээ мэдэж болно.

ДАНИЕЛ ХЭЗЭЭ ЯМАГТ МЭРГЭН УХААНТАЙ БАЙСАН

11. а) Даниел Еховаг яаж мэддэг болсон бэ? Эцэг эхийнх нь талаар ямар дүгнэлт хийж болох вэ? б) Та Даниелын юуг нь дуурайя гэж бодож байна вэ?

11 Даниел Еховаг яаж мэддэг болсон бэ? Еховаг болон Үгийг нь эрхэмлэн хайрладаг болоход эцэг эх нь их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Даниел аав ээжийнхээ зааж сургасныг амьдралдаа хэрэгжүүлдэг байжээ. Өтөл буурал болсон хойноо ч Судрыг нямбай судалдаг байв (Дан. 9:1, 2). Даниел Еховаг сайн мэддэг байсан. Израйлчуудын төлөө Бурхан юу хийснийг ч мэддэг байсан. Энэ нь Даниел 9:3–19-т байдаг, чин сэтгэлийн залбирлаас нь харагддаг. Энэ залбирлыг уншаад, нухацтай бодоорой. «Эндээс Даниелын талаар юу мэдэж авах вэ?» гэж өөрөөсөө асуугаарай.

12-14. а) Даниелыг Бурхны мэргэн ухаантай гэхийн учир юү вэ? б) Зоригтой, үнэнч байсан Даниелыг Бурхан хэрхэн ивээсэн бэ?

12 Бурхны тухай мэдлэг нь Даниелд ямар ач тустай байсан бэ? Хуурамч шүтлэг зонхилсон Вавилонд амьдраад Еховад үнэнч үйлчилнэ гэдэг амаргүй байв. Ехова: «Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг [«амар тайвныг», ШЕ] эрэлхийл» хэмээн тушаажээ (Иер. 29:7). Үүний зэрэгцээ өөрөөс нь өөр юү ч шүтэж болохгүй гэсэн (Ег. 34:14). Даниел энэ хоёр тушаалыг хэрхэн биелүүлсэн бэ? Бурхны мэргэн ухаантай учраас эхлээд Бурханд, дараа нь хүнд захирагдсан. Хэдэн зууны дараа Есүс бас ийм зарчим хэлсэн (Лук 20:25).

13 Гуч хоногийн хугацаанд хаанаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд «гуйлтаа өргөхийг» хориглосон зарлиг гарахад Даниел яасан бэ? (Даниел 6:7–10-ыг уншина). Тэрээр: «Гучхан л хоног шүү дээ. Ямар, мөнх биш!» гэж бодоогүй. Хааны зарлигийг Бурхан шүтэхээс илүү чухал гэж үзээгүй. Уг нь хэнд ч мэдэгдэлгүйгээр, нууцаар залбирч болох л байсан. Гэхдээ өдөр бүр залбирдгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Тиймээс амиа алдаж болзошгүй байсан ч Еховад үйлчлэхээ больсон гэж бодуулахгүйн тулд заншсан ёсоороо залбирахаар шийджээ.

14 Үнэнч байх шийдвэрийг зоригтой гаргасан Даниелыг Ехова ивээж аймшигт үхлээс аварчээ. Үүний үр дүнд Меде Персийн эзэнт гүрний бүх ард түмэн Еховаг мэддэг болсон! (Дан. 6:25–27).

15. Яавал бат итгэлтэй Даниел шиг болох вэ?

15 Яавал бат итгэлтэй Даниел шиг болох вэ? Итгэлээ батжуулахын нууц нь Бурхны Үгийг гүйлгэж унших биш, харин «учрыг нь ойлгох» явдал юм (Мат. 13:23). Бид Еховагийн үзэл бодол, Библийн зарчмуудыг ойлгохыг хүсдэг. Тиймд уншсан зүйлээ сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Бас тогтмол залбирах нь маш чухал. Ялангуяа бэрхшээл тулгарсан үед шаргуу залбираарай. Мэргэн ухаан, хүч өгнө гэсэн итгэлтэйгээр залбираарай. Тэгвэл Ехова харамгүй өгнө (Яак. 1:5).

ИОВ ЯМАР Ч ҮЕД БУРХНЫ ЗАРЧМЫГ БАРИМТАЛДАГ БАЙСАН

16, 17. Иов Еховаг яаж мэддэг болсон бэ?

16 Иов Еховаг яаж мэддэг болсон бэ? Тэрээр израйл хүн биш ч Абрахам Исаак Иаков нарын холын хамаатан байжээ. Ехова тэдэнд өөрийгөө, мөн хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо илчилсэн билээ. Ийм чухал зүйлийг Иов ямар нэгэн байдлаар мэдэж авчээ (Иов 23:12). «Би Таны тухай чихээрээ сонслоо» гэж тэрээр хэлсэн байдаг (Иов 42:5). Бас Ехова түүнийг «Миний тухай зөвийг» ярьсан гэж хэлсэн (Иов 42:7, 8).

Еховагийн сайхан зан чанарыг бүтээлээс нь олж мэдвэл итгэл бэхэжнэ (17-р догол мөрийг үзээрэй)

17 Иов бас Бурхны бүтээлүүдийг ажиглаад зан чанарыг нь мэдсэн (Иов 12:7–9, 13). Бурхны дэргэд хүн хэчнээн өчүүхэн гэдгийг Иовд ойлгуулахын тулд Ехова ч, Елиху ч бүтээлүүдэд анхаарлыг нь хандуулжээ (Иов 37:14; 38:1–4). Еховагийн хэлсэн үг зүрх сэтгэлийг нь хөндсөн учраас Иов: «Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг. Тиймээс би ... шороо ба үнсэн дунд гэмшье» гэжээ (Иов 42:2, 6).

18, 19. Иов Еховаг үнэхээр мэддэг байснаа хэрхэн баталсан бэ?

18 Бурхны тухай үнэн зөв мэдлэг нь Иовд ямар ач тустай байсан бэ? Иов Бурхны зарчмуудыг маш сайн ойлгодог байжээ. Еховаг мэддэг, тэр мэдлэгийнхээ дагуу амьдардаг байв. Жишээ нь тэрээр хүмүүсийг энэрдэггүй байсан бол Бурхныг хайрладаг гэж хэлж чадахгүй байх байлаа (Иов 6:14). Өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй, харин ч баян ядуу бүх хүнийг ах дүүгийн ёсоор хайрладаг байжээ. Иов: «Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу?» гэжээ (Иов 31:13–22). Алдар нэр, эд баялгаасаа болж биеэ тоох юм уу бусдыг дорд үзэж байсан удаагүй. Ертөнцийн баячууд, алдартнуудаас юутай өөр байж вэ!

19 Иов Еховагаас өөр хэнийг ч, юуг ч шүтдэггүй байв. Эд баялаг гээд аливаа зүйлийг шүтэх нь «Бурханыг үгүйсгэсэн хэрэг» болох байсан (Иов 31:24–28-ыг уншина). Гэрлэлтийг эрэгтэй эмэгтэй хоёрын нандин холбоо гэж үздэг байжээ. Онгон охиныг тачаангуй харахгүйн тулд нүдтэйгээ гэрээ байгуулсан гээд бод доо (Иов 31:1). Тэр үед олон эхнэртэй байхыг Бурхан зөвшөөрсөн болохоор сэтгэл татсан хэнийг ч бага эхнэрээ болгож болох байсан. * Гэхдээ эр хүн нэг л эмэгтэйтэй гэрлэх ёстойг Еховагийн санаачилсан анхны гэрлэлтээс мэддэг байсан бололтой. Өөрөө ч энэ жишгээр амьдарчээ (Эх. 2:18, 24). Иовоос хойш 1 600-гаад жилийн дараа Есүс Христ гэрлэлт ба сексийн талаарх энэ зарчмыг хүмүүст зааж өгсөн (Мат. 5:28; 19:4, 5).

20. Ехова болон хэм хэмжээнийх нь тухай үнэн зөв мэдлэг найз нөхөд, үзэж харах зүйлээ зөв сонгоход тустай гэхийн учир юү вэ?

20 Яавал бат итгэлтэй Иов шиг болох вэ? Еховагийн тухай үнэн зөв мэдлэгтэй болж, мэдлэгээ ямар ч үед мөрдлөг болгох хэрэгтэй. Жишээлбэл Давид Еховагийн тухай бичихдээ «хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг» гээд «хуурмаг хүмүүстэй» нийлэхээс сэрэмжлүүлжээ (Дуулал 11:5; 26:4-ийг уншина). «Энэ хоёр зүйлээс Бурхны үзэл бодлын талаар юү мэдэж болох вэ? Энэ мэдлэгээ ашиглан юүг амьдралынхаа эн тэргүүнд тавих вэ? Мөн интернэт хэрэглэх, найз нөхдөө сонгох, чөлөөт цагаа өнгөрөөхөд энэ мэдлэг нөлөөлөх үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Юү гэж хариулахаас Еховаг хэр сайн мэддэгээ шалгаж болно. Өнөөгийн бузар муу ертөнцийн нөлөөнд автахгүйн тулд «оюун ухаанаа байнга дайчлан» зөв бурууг төдийгүй мэргэн мунхаг хоёрыг ялгаж сурах нь чухал (Евр. 5:14; Эф. 5:15).

21. Еховагийн сайшаалыг хүлээхэд шаардлагатай «бүх юмыг ойлгодог» болохын тулд яах хэрэгтэй вэ?

21 Ноа Даниел Иов гурав Еховаг сайн мэддэг болохын тулд чадах бүхнээ хийсэн. Тийм учраас тэд Еховагийн сайшаалыг хүлээхэд шаардлагатай «бүх юмыг ойлгожээ». Ийнхүү тэд зөв шударга байх талаар үлгэр дуурайл болсон бөгөөд бүх талаар амжилт олжээ (Дуу. 1:1–3). Иймд өөрөөсөө «Би Еховаг Ноа Даниел Иов нар шиг сайн мэддэг үү?» гэж асуугаарай. Өнөөдөр Ехова өөрийнхөө талаар их зүйлийг мэдүүлж байгаа учраас бид энэ гурван хүнээс ч илүү их мэдлэгтэй байх боломжтой (Сур. 4:18). Бурхны Үгийг гүнзгий судлаарай. Эргэцүүлж бодоорой. Агуу хүчийг нь гуйж залбираарай. Ингэвэл тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносно. Бурхны мэргэн ухаантай болж, өнөөгийн бузар муу ертөнцийн нөлөөнд автахгүй явж чадна (Сур. 2:4–7).

^ д/м 5 Ноагийн элэнц эцэг Енох бас «Бурхантай хамт явж байсан». Гэхдээ Ноаг төрөхөөс 69 жилийн өмнө «Бурхан түүнийг авч явсан» (Эх. 5:23, 24).

^ д/м 19 Ноа ч ялгаагүй. Еденд тэрс явдал гарснаас хойш удалгүй олон эхнэртэй байх ёс дэлгэрсэн ч тэрээр нэг л эхнэртэй байсан (Эх. 4:19).