Skip to content

Гарчиг руу орох

Ямар хүнийг Бурхны агуу хүчээр удирдуулдаг гэх вэ?

Ямар хүнийг Бурхны агуу хүчээр удирдуулдаг гэх вэ?

«Бурхан та нарыг Христ Есүс шиг хандлагатай байлгах болтугай» (РОМ 15:5).

ДУУ: 25, 5

1, 2. а) Бурхны агуу хүчээр удирдуулдаг байх нь ямар ач тустай вэ? б) Энэ өгүүллээс ямар гурван асуултын хариуг авах вэ?

«БУРХНЫ агуу хүчээр удирдуулснаараа өдөр тутмын асуудлыг зөв шийддэг, илүү жаргалтай хүн болсон» гэж канад Гэрч эмэгтэй ярьсан юм. Бразил Гэрч эрэгтэй: «Эхнэр бид хоёр Бурхны агуу хүчээр удирдуулах гэж хичээж ирсэн учраас 23 жил жаргалтай амьдарч байна» гэлээ. Филиппиний Гэрч: «Бурхны агуу хүчээр удирдуулдаг болохын хэрээр сэтгэл тайван болдог юм билээ. Тэгээд итгэл нэгтнүүдийнхээ хэнтэй нь ч сайхан харьцаж сурсан» гэв.

2 Бурхны агуу хүчээр удирдуулах нь олон талын ач тустай байх нь ээ. Тийм учраас «Би ийм ивээл хүртэхийн тулд Бурхны агуу хүчээр хэрхэн удирдуулах вэ?» гэж өөрөөсөө асууж болно. Энэ асуултад хариулахын тулд эхлээд Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүнийг Библид юү гэж бичсэнийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ өгүүллээс дараах 3 асуултын хариуг авъя. 1) Ямар хүнийг Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн гэх вэ? 2) Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн болоход хэний жишээ тус болох вэ? 3) Христийнхтэй адил бодолтой байх гэж хичээвэл Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн болно гэхийн учир юү вэ?

БУРХНЫ АГУУ ХҮЧЭЭР УДИРДУУЛДАГ ХҮН ЯМАР БАЙДАГ ВЭ?

3. Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн болон Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн ямар ялгаатай вэ?

3 «Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн» болон «нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн» ямар ялгаатайг элч Паул тодорхой хэлж өгчээ (1 Коринт 2:14–16-г уншина). «Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн» «Бурхан агуу хүчээрээ илчилдэг зүйлийг» «мунхаг гэж үздэг бөгөөд ухаардаггүй учир хүлээж авдаггүй». Харин «Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн» «бүх юмыг нягталдаг» бөгөөд Христийнхтэй адил бодолтой байдаг. Паул бидэнд Бурхны агуу хүчээр удирдуулахыг уриалжээ. Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн өөр ямар онцлогтой вэ?

4, 5. Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн ямар байдаг вэ?

4 Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн ямар бодолтой байдгийг эхлээд ярилцъя. Тийм хүн ертөнцийн хандлагад автдаг учраас өөрийнхөө хүслийг л гол болгодог. Ертөнцийн хандлага нь «дуулгаваргүй хүмүүст нөлөөлдөг» гэж Паул бичжээ (Эф. 2:2). Ихэнх хүн эргэн тойрныхоо хүмүүсийг дуурайх дуртай байдаг. Тэд Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталж амьдрахыг огтхон ч хичээдэггүй, харин зөв гэж үзсэнээ л хийдэг. Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн алдар нэр, эд хөрөнгийг л голдуу боддог. Эсвэл хувийнхаа эрх ашгийг юунаас ч илүү чухал гэж үздэг.

5 Мөн нүгэлт хандлагатай хүмүүс Галат 5:19–21-д бичсэнийг үйлддэг. Элч Паул Коринтын хурлынханд бичсэн эхний захидалдаа өөр муухай хэргүүдийг жагсаажээ. Үүнд: хүмүүсийг хагаралдуулдаг, талцан хуваагддаг, хэрүүл өддөг, нэг нэгнээ шүүхэд өгдөг, удирдах үүрэгтэй хүнийг үл хүндэтгэдэг, идэж уухыг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгодог. Нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн сорилт тулгарахад буугаад өгчихдөг (Сур. 7:21, 22). Зарим хүн нүгэлт хүслээ хангах гэж явсаар Бурхнаар удирдуулахаа болино гэдгийг Юуда зөгнөжээ (Юуд. 18, 19).

6. Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн ямар байдаг вэ?

6 Тэгвэл «Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн» ямар байдаг вэ? Бурхантай тогтоосон харьцаагаа ихэд анхаардаг. Бурхныг дуурайхыг үргэлж хичээдэг (Эф. 5:1). Өөрөөр хэлбэл Еховагийнхтай адил үзэл бодолтой болох гэж хичээдэг. Түүний хувьд Бурхан бодитой. Хэзээ ч, хаана ч, ямар ч үед Еховагийн хэм хэмжээнд нийцүүлэх гэж хичээдгээрээ нүгэлт хүсэлдээ захирагддаг хүнээс ялгаатай (Дуу. 119:33; 143:10). Бурханд таалагддаггүй үйл хэргээс зайлсхийдэг. «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанартай» болохыг хичээдэг (Гал. 5:22, 23). Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэж, шүтлэгтээ нухацтай ханддаг.

7. Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүнийг Библид юү гэж бичсэн бэ?

7 Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг хүнийг Библид сайшааж бичсэн байдаг. Матай 5:3-т «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх» гэжээ. Ром 8:6-д «Махан биеийн юмыг боддог хүн үхнэ. Харин Бурхны агуу хүчинд таалагдах юмыг боддог хүн амьд явна, амар тайван байна» хэмээн бичжээ. Бурхныг анхаарлынхаа төвд байлгадаг бол Бурхантай болон бусад хүнтэй одоо ч, ирээдүйд ч эвтэй байна.

8. Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн байхын тулд яагаад хүчин чармайлт гаргах хэрэгтэй вэ?

8 Гэхдээ бид аюултай орчинд амьдардаг. Эргэн тойронд маань Бурхны үзэл бодлыг мэддэггүй хүмүүс байдаг учраас тэдний нөлөөнд автахгүйн тулд ихээхэн хичээх хэрэгтэй. Хэрэв бид Еховагийн үзэл бодолтой болох гэж хичээхгүй бол оюун ухаан маань ертөнцийнхний үзэл бодлоор дүүрэх аюултай. Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Оюун ухаанаа Еховагийн үзэл бодлоор хэрхэн дүүргэх вэ?

ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛСОН ХҮМҮҮС

9. а) Бурхны агуу хүчээр удирдуулдаг болъё гэвэл яах хэрэгтэй вэ? б) Одоо хэний тухай ярилцах вэ?

9 Хүүхэд аав ээжийгээ ажиглаж, сайн жишээг нь дагаад байвал сайн хүн болж төлөвшдөг. Бид бас Еховатай дотно хүмүүсээс суралцаж, үлгэр дуурайл авдаг бол Бурхны агуу хүчээр удирдуулдаг болно. Нөгөө талаар, махан биеийнхээ хүслийг хангадаг хүмүүсийн үзүүлсэн муу жишээ бидэнд сануулга болдог (1 Кор. 3:1–4). Библид сайн муу жишээний аль аль нь бий. Бид Бурхантай улам дотносохыг хүсэж байгаа учраас дуурайвал зохих сайн хүмүүсийн тухай ярилцъя. Тэд бол Иаков, Мариа, Есүс юм.

Иаковаас юу сурч болох вэ? (10-р догол мөрийг үзээрэй)

10. Иаков агуу хүчээр удирдуулдаг хүн байсан нь юунаас харагддаг вэ?

10 Эхлээд Иаковын тухай ярилцъя. Тэрээр хүнд бэрх амьдрал туулсан. Есав ах нь махан биеийнхээ хүслийг л боддог хүн байсан бөгөөд дүүгээ алахыг санаархжээ. Иаков бас хадам аавдаа мэхлэгдэж, нэг бус удаа ашиглуулсан. Гэсэн хэдий ч тэрээр Бурхны агуу хүчээр удирдуулдаг байлаа. Абрахамд өгсөн Еховагийн амлалт биелэхэд өөрийнх нь гэр бүл чухал үүрэг гүйцэтгэхийг мэдэж байсан учраас гэр бүлдээ их санаа тавьдаг байжээ (Эх. 28:10–15). Бурхны тогтоосон хэм хэмжээ, хүсэл тааллыг ямагт боддог байсныг хэлсэн үг, хийсэн үйлдэл нь харуулдаг. Жишээ нь ах Есавынхаа гарт амиа алдах нь гэж бодмогцоо Еховад хандан: «Намайг авраач гэж гуйн залбирч байна. ... Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ» гэжээ (Эх. 32:6–12). Өөрт нь болон өвөг дээдэст нь өгсөн Еховагийн амлалтад итгэж, хүсэл таалал, санаа зорилгынх нь дагуу явахыг хүсдэг байсан нь тодорхой.

Мариагаас юу сурч болох вэ? (11-р догол мөрийг үзээрэй)

11. Мариа агуу хүчээр удирдуулдаг байсан нь юунаас харагддаг вэ?

11 Одоо Мариагийн тухай ярилцъя. Ехова яагаад Мариаг Есүсийн эх болгохоор сонгосон бэ? Агуу хүчээр нь удирдуулдаг бүсгүй байв. Яагаад тэгж хэлж болох вэ? Садангийнхаа Зехариа Елизабет хоёрын гэрт очоод юү гэж хэлснийг уншаарай (Лук 1:46–55-ыг уншина). Бурхны Үгийг эрхэмлэн хайрладаг, Еврей Судрыг маш сайн мэддэг байсан нь харагдаж байна (Эх. 30:13; 1 Сам. 2:1–10; Мал. 3:12). Түүнээс гадна Иосеф Мариа хоёр шинэхэн гэрлэсэн хэдий ч Есүсийг төртөл энгэр зөрүүлээгүйг анхаараарай. Эндээс юү мэдэж болох вэ? Хэн хэн нь Еховагийн хүсэл тааллыг голлон анхаардаг, өөрийн хүслийг хоёрдугаарт тавьдаг байсан (Мат. 1:25). Хожим нь Мариа Есүсийн амьдралд юу тохиолдож буйг ажиглаж, мэргэн үгийг нь анхааран сонсож, «энэ бүхнийг сэтгэлдээ тээж явжээ» (Лук 2:51). Эндээс, Мессиагийн талаарх Бурхны санаа зорилгыг ихэд сонирхож байсан нь тодорхой харагддаг. Мариаг дуурайн Бурхны хүсэл тааллыг амьдралынхаа эн тэргүүнд тавьж явцгаая.

12. а) Есүс, Эцэг Еховагаа хэрхэн дуурайсан бэ? б) Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

12 Бурхны агуу хүчээр удирдуулах талаар хамгийн гайхалтай үлгэр дуурайл болсон хүн хэн бэ? Мэдээж Есүс. Тэрээр дэлхий дээр амьдарч, үйлчлэхдээ Эцэг Еховагаа дуурайдаг байжээ. Эцэг шигээ боддог, мэдэрдэг, үйлддэг байлаа. Бурхны хүсэл таалал, хэм хэмжээний дагуу амьдарчээ (Ёох. 8:29; 14:9; 15:10). Жишээ нь Исаиа Марк нарын бичсэнийг харьцуулж, Ехова Есүс хоёрын сэтгэлийг хэрхэн дүрсэлснийг анхаараарай (Исаиа 63:9; Марк 6:34-ийг уншина). «Би хүмүүсийг Есүс шиг өрөвдөж, шаардлагатай бол туслахад бэлэн байдаг уу? Есүсийг дуурайн сайн мэдээ дэлгэрүүлэх, заах ажилд өөрийгөө бүрэн зориулдаг уу?» гэж өөрөөсөө асууцгаая (Лук 4:43). Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн бусдыг өрөвддөг, туслахыг хичээдэг.

13, 14. а) Бурхны агуу хүчээр удирдуулдаг орчин үеийн хүмүүсээс юу сурч болох вэ? б) Жишээ хэлнэ үү.

13 Бурхны агуу хүчээр удирдуулдаг, Христийг дуурайхыг хичээдэг хүн орчин үед олон бий. Идэвхтэй дэлгэрүүлдэг, гайхалтай зочломтгой, бусдыг өрөвдөн энэрдэг гэх мэтийн олон сайхан зан чанарыг нь та олж харсан байх. Тэд ийм сайхан зан чанартай болох гэж мэрийхийн зэрэгцээ алдаа дутагдалтайгаа тэмцэж яваа тан шиг л төгс бус хүмүүс. Бразилд амьдардаг Рейчил гэдэг эмэгтэй: «Би урьд нь моод хөөх дуртай байсан болохоор даруу хувцаслана гэдгийг мэддэггүй байлаа. Харин Библи судлаад Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн болохын тулд их хичээх хэрэгтэйгээ ойлгосон. Өөрийгөө өөрчлөх амархан байгаагүй ч амьдралын жинхэнэ утга учрыг олоод илүү их аз жаргалтай болсон» гэж ярьсан юм.

14 Рэлийн гэдэг филиппин бүсгүй өөр нэг дутагдалтайгаа тэмцэх шаардлагатай байв. Тэрээр үнэний замаар явдаг ч хангалуун амьдрахын тулд дээд боловсрол, сайн ажилтай болоход хамаг анхаарлаа хандуулжээ. Рэлийн: «Би Бурхны төлөө илүү ихийг хийнэ гэсэн зорилгоосоо хазайж эхэлсэн. Гэхдээ миний амьдралд ажлаас минь илүү чухал ямар нэгэн юм дутагдаад байгааг анзаарсан. Тэгээд Еховад үйлчлэхийг дахин гол зорилгоо болгосон» гэжээ. Тэр цагаас хойш Рэлийн Матай 6:33, 34-т байдаг Еховагийн амлалтад итгэдэг болжээ. «Ехова надад санаа тавина гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй!» гэж Рэлийн ярьсан юм. Танай хуралд бас ийм хүмүүс байдаг байх. Христийг дуурайдаг тэр үнэнч хүмүүсийг та дуурайхыг хүсдэг биз дээ? (1 Кор. 11:1; 2 Тес. 3:7).

ХРИСТИЙНХТЭЙ АДИЛ БОДОЛТОЙ БАЙ

15, 16. а) Христийг хэрхэн дуурайх вэ? б) Яавал Христ шиг боддог болох вэ?

15 Христийг дор бүрнээ хэрхэн дуурайх вэ? Христийнхтэй адил бодолтой байхыг 1 Коринт 2:16-д уриалжээ. Мөн Ром 15:5-д «Христ Есүс шиг хандлагатай» байх тухай бичсэн байна. Христийг дуурайя гэвэл бодож, мэдэрч, үйлдэх арга барилыг нь судалж мэдээд мөрөөр нь дагах шаардлагатай. Есүс Еховатай тогтоосон харьцаагаа бүхнээс илүү чухалчлан үздэг байжээ. Тиймээс бид Есүс шиг байж сурвал Еховатай илүү адилхан болно. Есүс шиг бодож сурах нь маш чухал гэдгийн учир энэ юм.

16 Яавал Есүстэй адилхан боддог болох вэ? Түүнийг гайхамшиг үйлдэж, сургаал айлдаж, хүмүүст элэгсэг дотно хандаж, Бурхны тогтоосон хэм хэмжээг хэрхэн сахиж байгааг шавь нар нь ажигладаг байсан. Тийм ч учраас «Бид бол ... Есүсийн үйлдсэн бүхнийг үзсэн гэрчүүд юм» гэжээ (Үйлс 10:39). Харин бид тэр бүхнийг хараагүй. Гэхдээ «Матай», «Марк», «Лук», «Ёохан» номонд Есүсийг нүдэнд харагдтал бичсэн байдаг. Тиймд энэ дөрвөн номыг уншиж, эргэцүүлэн бодвол Христийнхтэй адил бодолтой болно. Энэ хэрээр Есүсийн мөрөөр яг таг дагаж, «Христ шиг боддог байхын тулд өөрсдийгөө бэлдэж» чадна (1 Петр 2:21; 4:1).

17. Христ шиг боддог болбол ямар ач тустай вэ?

17 Христ шиг бодож сурах нь ямар ач тустай вэ? Шим тэжээлтэй хоол идэх тусам бие махбод тэнхэрдэг шиг Христ шиг боддог болох тусам Бурхантай улам дотносно. Ийм хүн ямар ч үед өөрийнхөө оронд Есүсийг тавьдаг болно. Тэгээд зөв шийдвэр гаргаж Бурхны сайшаалыг олно. Сэтгэл түгших юмгүй, тайван амгалан байна. Энэ бүх ач тусыг бодохоор Эзэн Есүс Христийг дуурайх хүсэл төрж байгаа биз? (Ром 13:14).

18. Энэ өгүүллээс та юу мэдэж авсан бэ?

18 Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн ямар байдгийг авч үзлээ. Үлгэр дуурайл болсон хүмүүсийн тухай ярилцлаа. Христийнхтэй адил бодолтой хүн Бурхны агуу хүчээр удирдуулдгийг энэ өгүүллээс мэдэж авлаа. Гэхдээ сурах юм үүгээр дуусаагүй. «Бурхантай үнэхээр дотно эсэхээ яаж мэдэх вэ? Улам дотносохын тулд яах хэрэгтэй вэ? Бурхантай тогтоосон харьцаа маань өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?» гэсэн асуултын хариуг мэдэх шаардлагатай. Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.