Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Ирландад сайн мэдээг түгээхэд илтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн нь

Ирландад сайн мэдээг түгээхэд илтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн нь

УСАН онгоц Белфастын буланд ирж дохиогоо хангинуулан зогсоход тавцан дээр байсан хэдэн зорчигч өглөөний нар туссан ногоон толгодыг харав. 1910 оны 5 дугаар сар байлаа. Тэдний дунд зогсох Чарлз Раасел Ирланд руу 5 дахь удаагаа аялж яваа нь энэ. Усан онгоцны үйлдвэрээс хараахан гараагүй аварга том хоёр хөлөг тээр тэнд харагдана. Тэр нь азгүй «Титаник», түүний дүү «Олимпик» онгоцнууд юм. * Үйлдвэрийн цаана, боомтон дээр 10 гаруй Библи Судлаач зогсоод Раасел ахыг хүлээнэ.

Раасел ах сайн мэдээг дэлхий даяар түгээх хамгийн сайн арга олохын тулд 20-оод жилийн өмнөөс аялж эхэлжээ. Анх 1891 оны 7 дугаар сард Ирландад очив. «Чикаго хот» гэдэг усан онгоцоор Квийнстауны эрэг рүү дөхөж явахдаа жаргаж буй нарыг хараад, төрсөн нутгийнхаа тухай ярьдаг байсан эцэг эхээ санасан биз ээ. Раасел ах болон хамт яваа нөхөд нь цэмцгэр хотууд, үзэсгэлэнт хөдөө нутгуудаар дайран өнгөрөхдөө «ургац хураахад бэлэн болсон» талбайг олж харжээ.

Раасел нийт 7 удаа Ирландад очсон. Эхний аяллын үед олон хүн сонирхжээ. Тийм ч учраас дараа дараагийн удаа ирж илтгэл тавихад хэдэн зуу, заримдаа бүр хэдэн мянган хүн чих тавин сонссон. Раасел ахыг 1903 оны 5 дугаар сард хоёр дахь удаагаа ирэхэд Белфаст, Дублин хотуудад болох цуглааны тухай зар нутгийн сонингуудад нийтлэгдсэн байв. Абрахамын итгэл ба хүн төрөлхтний хүртэх ивээлийн тухай «Баараггүй амлалт» гэсэн сэдэвтэй илтгэлийг «хүмүүс маш анхааралтай сонсож байсан» гэж Раасел дурссан байдаг.

Раасел Европ руу 3 дахь удаагаа аялах төлөвлөгөөндөө Ирландыг оруулсан нь сонирхогч харьцангуй олон байсных ажээ. 1908 оны 4 дүгээр сарын нэгэн өглөө Белфаст дахь усан онгоцны зогсоол дээр ирэхэд итгэл нэгт 5 хүн түүнийг тосов. Олон нийтэд урьдчилан зарласан «Сатаны эзэнт гүрнийг түлхэн унагасан нь» илтгэлийг сонсох гэж «юмны учрыг олж хужрыг тунгаах хүсэлтэй 300 орчим хүн» тэр орой иржээ. Тэдний дунд байсан нэг хүн Судрыг маш чадварлаг ашиглан эсэргүүцлээ илэрхийлж гарав. Дублинд бүр ч ширүүн эсэргүүцэгч гарч ирсэн. Олон улсын нэгэн байгууллагын нарийн бичгийн дарга, ноён Окоонор гэгч тэр хүн 1 000 гаруй хүнийг Библи Судлаачдын эсрэг хандуулахыг оролджээ. Юу болсон бол?

Тэр үеийн үйл явдлыг төсөөлцгөөе. Библийн үнэнийг хайдаг нэгэн эр «Айриш таймс» сонинд нийтлэгдсэн зарын дагуу илтгэл сонсохоор очжээ. Пиг дүүрэн хүнтэй танхимд арай гэж суудал оллоо. Тэгтэл буурал үстэй, цагаан сахалтай, урт хар хүрэм өмссөн илтгэгч хамаг анхаарлыг нь татав. Тэрээр лекц уншиж байхдаа тайзан дээр нааш цааш чөлөөтэй алхан, дохиж занган, Библийн нэг зүйлийг нөгөөтэй нь уялдуулан тайлбарлаж байлаа. Чанга яригчгүй хэр нь яриа нь танхимын хаа ч сонсогдоно. Илтгэгч 1 цаг 30 минутын турш сонсогчдыг бүрэн эзэмджээ. Тийм учраас мөнөөх эр Библийн үнэнийг ойлгож эхлэв. Дараа нь асуулт хариулт эхэллээ. Окоонор нөхөдтэйгөө нийлж илтгэгчийг хэцүү асуултаар булж гарав. Илтгэгч Библийг чадварлаг ашиглан хариулж, сонсогчид нижигнэтэл алга ташиж байлаа. Энэ бүхэн дуусахад мөнөөх эр дэлгэрэнгүй мэдэж авахаар ах нар дээр очлоо. Олон хүн ийм маягаар үнэнийг мэдэж авсныг тэр үеийн үйл явдлыг нүдээрээ үзсэн хүмүүс ярьсан байдаг.

Раасел ах дөрөв дэх аяллаа хийхээр 1909 оны 5 дугаар сард «Мавритани» хөлгөөр Нью-Йоркоос гарав. Ингэхдээ далайгаар аялах зуураа «Харуулын цамхаг» сэтгүүлийн өгүүллүүдийг хэлж бичүүлэхээр бичээч Хунтсийнгер ахыг дагуулж явжээ. Белфастад Раасел ахын илтгэлийг тэндхийн 450 хүн ирж сонссон бөгөөд суудал хүрэлцээгүйн улмаас 100 орчим нь зогсоод сонсжээ.

Раасел ах «Лүситээня» хөлөг дээр

Өгүүллийн эхэнд дурдсан тав дахь аяллын үеэр өмнөх явдал давтагдав. Дублинд илтгэл тавьсных нь дараа Окоонорын дагуулж ирсэн нэрт теологч янз бүрийн асуулт асууж гарлаа. Илтгэгч Библид үндэслэн хариулахад үзэгчид нижигнэтэл алга ташжээ. Маргааш нь манай аялагчид буухиа шуудангаар Ливерпул хүрээд тэндээсээ Нью-Йорк орох алдарт «Лүситээня» усан онгоцонд суув. *

Илтгэлийн тухай зар «Айриш таймс»-д нийтлэгдсэн байгаа нь, 1910 оны 5-р сарын 20

Раасел урьдчилан зарлагдсан илтгэлүүдээ 1911 онд 6, 7 дахь аяллынхаа үеэр тавьсан. Хавар нь «Хойд нас» гэдэг илтгэлийг Белфастад амьдардаг 20 Библи Судлаачаас гадна 2 000 зочин сонсжээ. Окоонор дахиад л нэг номлогчийг Дублинд авчирсан бөгөөд түүний асуултад Раасел ах Библид үндэслэн хариулж байсан нь үзэгчдийн талархлыг хүлээжээ. Мөн оны намар өөр хотуудад очиж илтгэл тавихад олон хүн сонссон. Окоонор 100 танхай этгээдийг дагуулан ирж Дублинд болох цуглаанд саад хийх гэж дахин нэг удаа оролдсон боловч үзэгчид илтгэгчийг идэвхтэй дэмжжээ.

Раасел ах тэр үед голчлон илтгэл тавьж байсан хэдий ч «энэ бол хүний ажил биш, Бурхны ажил» учраас «хэн нэгэн хүнээр дутахгүй» гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан. Цуглааны эхэнд тавьдаг илтгэлээс олон хүн Библийн үнэнийг мэдэж авдаг байв. Үр дүн нь юү байсан бэ? Сайн мэдээ түгэн дэлгэрч, Ирландын олон хотод хурлууд бий болсон (Британи дахь манай архиваас).

^ д/м 3 «Титаник» хөлөг 2 жилийн дараа буюу 1912 онд сүйрсэн.

^ д/м 9 «Лүситээня» 1915 оны 5-р сард Ирландын өмнөд эрэгт сүйрчээ.