Skip to content

Гарчиг руу орох

Иаков Есаваас ууган хүүгийн эрхийг худалдаж авсан учраас Мессиагийн өвөг болсон уу?

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Мессиагийн өвөг дээдэс болохын тулд ууган хүүгийн эрхтэй байх ёстой байсан уу?

Манай ном хэвлэлд энэ талаар тайлбар гарч байсан. Тэдгээр тайлбар Еврей 12:16-д бичсэнтэй тохирч байгаа мэт санагдахаар байв. Уг зүйлд Есавыг «ариун юмыг эрхэмлэдэггүй», «ганцхан хоолноос ууган хүүгийн эрхээ [Иаковт] өгсөн» гэжээ. Иаков «ууган хүүгийн эрх»-тэй болсноор Мессиагийн өвөг дээдсийн нэг болох эрхтэй болсон гэлтэй (Мат. 1:2, 16; Лук 3:23, 34).

Гэвч Библийн түүхээс харвал Мессиагийн өвөг дээдэс байхын тулд заавал ууган хүү байх албагүй ажээ. Зарим нэг нотолгоог авч үзье.

Иаковын (Израйлын) хөвгүүдийн ууган нь Леагаас төрсөн Реубен юм. Хожим нь, Иаковын хайртай эхнэр Рахел анхны хүү Иосефоо төрүүлсэн. Реубен бузар хэрэг хийсэн учраас ууган хүүгийн эрх нь Иосефт шилжжээ (Эх. 29:31–35; 30:22–25; 35:22–26; 49:22–26; Ш.дээд 5:1, 2). Гэхдээ Реубен Иосеф хоёрын хэн нь ч Мессиагийн өвөг дээдэс болоогүй. Харин Иаковын эхнэр Леагийн дөрөв дэх хүү Иудагийн нэр Мессиагийн угийн бичигт оржээ (Эх. 49:10).

Матай 1:5-д Мессиагийн өвөг дээдэс болох дөрвөн хүнийг дурдсан байна. Бүгд л айлын ууган хөвгүүн байв. Жишээ нь Боаз Обедын аав, Обед Иессийн аав ажээ (Рут 4:17, 20–22; Ш.дээд 2:10–12).

Харин Иессийн хүү Давид ууган нь биш юм. Тэрээр найман хүүгийн отгон нь байв. Гэсэн ч Мессиа Давидын удмаас төрсөн (1 Сам. 16:10, 11; 17:12; Мат. 1:5, 6). Бас Соломон Давидын ууган хүү биш боловч түүний үр удмаас Мессиа гарсан.

Ууган хүү байх нь ямар ч ач холбогдолгүй гэж ойлгож болохгүй. Айлын ууган хөвгүүд хүндтэй байр суурь эзэлдэг байсан бөгөөд голдуу эцгээсээ хойш өрх тэргүүлдэг байв. Түүнчлэн хоёр дахин их өмч хөрөнгө өвлөж авдаг байжээ (Эх. 43:33; Д.хууль 21:17; Иош. 17:1).

Ууган хүүгийн эрхийг өөр хүүхдэд шилжүүлж болдог байв. Абрахам Ишмаелыг хөөж явуулаад Исаакт ууган хүүгийн эрхийг шилжүүлсэн (Эх. 21:9–14). Мөн дээр ярьснаар, Реубенд байсан ууган хүүгийн эрх Иосефт шилжжээ.

Одоо Еврей 12:16-г дахин анхааръя. Тэнд «Садар самуун явдалтай эсвэл ганцхан хоолноос ууган хүүгийн эрхээ өгсөн Есав шиг ариун юмыг эрхэмлэдэггүй хүн болохоос бүгдээрээ болгоомжил» гэжээ. Гол санаа нь юү вэ?

Элч Паул Мессиагийн өвөг дээдсийн тухай ярих гээгүй. Тэрээр дээрх үгийг хэлэхээсээ өмнө «хөлдөө зориулж замаа шулуун болгохыг» Христийн дагалдагчдад уриалсан. «Бурхны нигүүлслийг алдахаас» сэрэмжлүүлэх гэсэндээ ийн хэлжээ. Итгэл нэгтнүүд нь садар самуун явдалд орооцолдож болохгүй байв (Евр. 12:12–16). Хэрэв тэгвэл «ариун юмыг эрхэмлэдэггүй» Есав шиг болох байлаа. Есав ертөнцийн юманд толгойгоо мэдүүлсэн.

Өрхийн тэргүүн нь гэр бүлээ төлөөлж тахилчаар үйлчилдэг цаг үед Есав амьдарч байсан болохоор заримдаа тахил өргөдөг байсан ч байж болох юм (Эх. 8:20, 21; 12:7, 8; Иов 1:4, 5). Гэлээ ч тэрээр махан биеийнхээ хүсэлд дийлдээд өөртөө байсан бүхий л завшаанаа аяга шөлнөөс өгчихжээ. Абрахамын үр удамд учрах гай зовлонг амсахыг хүсээгүй байх (Эх. 15:13). Харь үндэстэн бүсгүйчүүдтэй гэрлэн эцэг эхийнхээ сэтгэлийг зовоосныг харахад ариун юмыг үнэлдэггүй хүн байсан нь тодорхой (Эх. 26:34, 35). Жинхэнэ Бурхныг шүтдэг эмэгтэйтэй гэрлэсэн Иаковаас тэс өөр хүн байлаа! (Эх. 28:6, 7; 29:10–12, 18).

Мессиагийн өвөг дээдсийн талаар ямар дүгнэлт хийж болох вэ? Тэдний зарим нь айлын ууган хүү байхад, зарим нь ууган хүү биш байсан. Иудейчүүд үүнийг мэддэг, ойлгодог учраас Христийг Иессийн отгон хүү Давидын удмаас гарсныг хүлээн зөвшөөрдөг байжээ (Мат. 22:42).