Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Еховагийн Гэрчүүдийн ном хэвлэлийг яагаад хувийн саит юм уу олон нийтийн сүлжээнд тавьж болохгүй вэ?

Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэлээ үнэгүй өгдөг болохоор хувилан олшруулж, өөр саит юм уу олон нийтийн сүлжээнд тавьж болно гэж боддог хүн байдаг. Гэхдээ энэ нь манай вэб саитын «Үйлчилгээний нөхцөл» *-ийг зөрчиж, улмаар ноцтой хэрэг үүсгэж байна. Уг «Үйлчилгээний нөхцөл»-д «Энэ сайтад байгаа зохиогчийн эрхтэй зураг, цахим хэвлэл, барааны тэмдэг, хөгжим, гэрэл зураг, видео болон өгүүллийг интернетэд тавих (Үүнд аль ч Вэб сайт, файл солилцох сүлжээ, олон нийтийн сүлжээ орно)»-ыг хориглоно гэж тодорхой бичсэн. Яагаад хориглодог вэ?

Манай хэвлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул өөр саитад тавьж болохгүй

Манай вэб саитын бүх материал зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Тэрслэгчид болон эсэргүүцэгчид манай хэвлэлийг вэб саитдаа тавьдаг. Энэ нь хүмүүсийг, ялангуяа Еховагийн Гэрчүүдийг төөрөлдүүлж, тэдэнд эргэлзээ төрүүлэх зорилготой (Дуу. 26:4; Сур. 22:5). Манай хэвлэлийн зарим материалыг эсвэл jw.org таних тэмдгийг (лого) зар сурталчилгаа, борлуулах бүтээгдэхүүн, аппликэйшндээ ашиглах явдал ч гардаг. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан учраас энэ бүхнийг зүй бусаар ашиглаж болохгүйг албан ёсоор сануулах эрх бидэнд бий (Сур. 27:12). Ийм үйлдэл өнөөг хүртэл гарсаар ирснийг мэдсэн хэр нь манай саитын материалыг өөр саитад байрлуулах эсвэл jw.org логог худалдааны зорилгоор ашиглахыг хүмүүст, ялангуяа итгэл нэгтнүүддээ зөвшөөрөөд байвал эсэргүүцэгчид болон худалдааны байгууллагын зохисгүй үйлдлийг таслан зогсоох гэсэн оролдлогыг маань шүүх дэмжихгүй байж болзошгүй.

Манай ном хэвлэлийг jw.org саитаас өөр эх сурвалжаас татаж авах нь эрсдэлтэй. Ехова «хоол унд» өгөх үүргийг зөвхөн «итгэмжит, ухаалаг боолд» даалгасан (Мат. 24:45). Энэ «боол» бэлгэдлийн хоол унд өгөх үүргээ биелүүлэхийн тулд www.pr418.com, tv.pr418.com, wol.pr418.com гэсэн албан ёсны вэб саитуудыг л ашигладаг. Гар утас, таблет гэх мэтийн зөөврийн хэрэгсэлд зориулсан JW Language®, JW Library®, JW Library Sign Language® гэсэн албан ёсны гуравхан аппликэйшн бий. Элдэв зар сурталчилгаагүй, Сатаны ертөнцийн нөлөөнөөс ангид байдаг эдгээр саит болон аппликэйшнд итгэж болно. Харин өөр саит, аппликэйшнээс татаж авбал өөрчлөгдсөн эсвэл Сатаны ертөнцийн нөлөөнд автсан байж болзошгүй (Дуу. 18:26; 19:8).

Түүнээс гадна сэтгэгдэл бичиж болдог саитуудад манай хэвлэлийг тавьчихвал тэрслэгчид, шүүмжлэгчид үүнийг далимдуулан Еховагийн байгууллагад үл итгэх хандлагыг дэвэргэж болзошгүй. Зарим Гэрч онлаин мэтгэлцээнд оролцож Еховагийн нэрийг улам бүр гутааж байна. Онлаин хэлэлцүүлэгт оролцох нь «дөлгөөхнөөр сургах» арга огтхон ч биш (2 Тим. 2:23–25; 1 Тим. 6:3–5). Мөн олон нийтийн сүлжээнд манай байгууллагын юм уу Удирдах Зөвлөлийн эсвэл түүний гишүүдийн нэрээр хэрэглэгчийн хуурамч данс нээсэн, хуурамч вэб саит хийсэн тохиолдол гарсан. Гэтэл Удирдах Зөвлөлийн гишүүдийн нэг нь ч хувийн вэб саитгүй бөгөөд олон нийтийн сүлжээ ашигладаггүй.

Хүмүүст jw.org саитыг танилцуулах нь «сайн мэдээ» түгээх чухал арга юм (Мат. 24:14). Дэлгэрүүлэх ажилд зориулсан манай вэб саит, аппликэйшнүүд сайжирсаар байна. Бүх хүн ач тусыг нь хүртээсэй гэж бид хүсдэг. Тийм учраас «Үйлчилгээний нөхцөл»-д дурдсанаар jw.org саитаас хэвлэлийн электрон хувилбарыг авч цахим шуудангаар явуулах юм уу линк илгээж болно. Сонирхсон хүмүүст албан ёсны вэб саитаа танилцуулбал бэлгэдлийн хоол унд өгдөг цорын ганц найдвартай суваг болох «итгэмжит, ухаалаг боол»-той холбож өгч байна гэсэн үг.

^ д/м 1 «Үйлчилгээний нөхцөл»-ийг jw.org саитын нүүр хуудасны доор буй ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАЛД линкээс үзээрэй. Уг «Нөхцөл»-д заасан хориг манай саитад байгаа бүх материалд хамаатай.