Skip to content

Гарчиг руу орох

Бие биеэ урамшуулахыг «бүр их анхааръя»

Бие биеэ урамшуулахыг «бүр их анхааръя»

«Нэгэндээ санаа тавьж, ... бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя» (ЕВР. 10:24, 25).

ДУУ: 53, 20

1. Элч Паул бие биеэ урамшуулахыг яагаад бүр их анхаараарай гэж еврей итгэл нэгтнүүддээ уриалсан бэ?

ЭЛЧ Паул еврей итгэл нэгтнүүддээ «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя» хэмээн уриалжээ (Евр. 10:24, 25). Паулыг ийн хэлэхэд Иерусалимд аж төрдөг иудей дагалдагчид гайхсан биз ээ. Гэхдээ яагаад тэгж хэлсэн нь 5-хан жилийн дараа тодорхой болжээ. Тэд Есүсийн хэлсэн шинж тэмдгийг хараад Иерусалимыг шүүх Еховагийн өдөр ойртсон бөгөөд хотоос зугтах цаг болсныг ойлгожээ (Үйлс 2:19, 20; Лук 21:20–22). Еховагийн өдөр МЭ 70 онд болж, ромчууд Иерусалимыг устгасан юм.

2. Бие биеэ зоригжуулах талаар улам их анхаарах шаардлагатай болоод байгаагийн учир юү вэ?

2 Еховагийн «агуу бөгөөд маш аймшигтай» өдөр одоо бүр ч ойрхон байна (Иоел 2:11). Зөнч Зефаниа: «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» хэмээн зөгнөсөн байдаг (Зеф. 1:14). Энэ анхааруулга өнөө үед ч хамаатай. Тийм учраас бид «сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгнээ анхаарах» учиртай (Евр. 10:24, зүүлт). Итгэл нэгтнүүдээ урьдынхаасаа илүү их анхаарч, санаа тавивал хэрэгтэй үед нь урам хайрлаж чадна.

ЯМАР ХҮМҮҮСТ УРАМ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

3. Элч Паул урам хайрлах талаар юү гэж бичсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 «Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол эелдэг үг түүнийг баярлуулдаг» (Сур. 12:25). Тийм ээ, бүх хүнд урам хэрэгтэй. Бусдыг урамшуулан зоригжуулдаг хүнд ч урам хайрлах хэрэгтэйг Паул хэлсэн байдаг. Тэрээр Ром дахь ах дүүдээ бичсэн захидалдаа «Би Бурхны өгсөн бэлгийг хуваалцаж, итгэлийг тань батжуулах зорилгоор та нартайгаа уулзахын хүслэн болж явна. Энэ нь би та нарын, та нар миний итгэлээр урамшин зоригжихын тулд юм» гэжээ (Ром 1:11, 12). Бусдыгаа урамшуулдаг байсан элч Паулд ч урам хугарах явдал хааяа тохиолддог байжээ (Ром 15:30–32-ыг уншина).

4, 5. Бид ямар хүмүүст урам хайрлах хэрэгтэй вэ? Яагаад?

4 Хувийн эрх ашгаа хойш нь тавьдаг хүмүүсийг магтах хэрэгтэй. Тийм хүмүүсийн тоонд эхлэгчид ордог. Эхлэгч болохын тулд дуртай юмаа золиосолсон хүн цөөнгүй. Бурхны үйл хэрэгт түлхүү оролцохын тулд миссионерууд, бетелчид, дүүрэг хариуцагчид болон тэдний эхнэрүүд, орчуулгын алслагдсан оффист ажилладаг хүмүүс ч бас ямар нэгэн юмаа золиосолсон байдаг. Тийм учраас тэдэнд урам хайрлах хэрэгтэй. Бүрэн цагаар үйлчлэхийг хүсдэг ч янз бүрийн шалтгааны улмаас үйлчилж чаддаггүй хүмүүст урам сэргээм үг хэлбэл тэд их баярлана.

5 Өөр ямар хүмүүст урам хайрлах хэрэгтэй вэ? «Эзний дагалдагчтай л гэрлэ» гэсэн зөвлөгөөг дагаж Еховад дуулгавартай байдаг ганц бие итгэл нэгтнүүддээ урам хайрлах нь зүйтэй (1 Кор. 7:39). Ажилсаг эхнэрээ нөхөр нь магтах хэрэгтэй (Сур. 31:28, 31). Түүнчлэн эсэргүүцэл тулгарсан ч, өвчин туссан ч үнэнч хэвээрээ байдаг Гэрчүүдийг урамшуулан зоригжуулах шаардлагатай (2 Тес. 1:3–5). Ехова Есүс хоёр энэ бүх үнэнч үйлчлэгчээ тайвшруулдаг (2 Тесалоник 2:16, 17-г уншина).

АХЛАГЧИД ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ УРАМ ХАЙРЛАДАГ

6. Исаиа 32:1, 2-т бичсэнээр ахлагчид ямар үүрэгтэй вэ?

6 Исаиа 32:1, 2-ыг уншина. Бид хэцүү цагт амьдарч байгаа учраас сэтгэлээр унах үе бишгүй байдаг. Есүс Христийн тослогдсон ах дүү нар болон өөр хонинуудын итгэмжит «ноёд» итгэл нэгтнүүддээ урам хайрладаг. Тэр ахлагчид бидний «итгэлийг захирдаггүй, харин баяр баясгалантай байгаасай гэсэндээ хамтарч ажилладаг» (2 Кор. 1:24).

7, 8. Ахлагчид бусдыг хэрхэн урамшуулж болох вэ?

7 Элч Паул ахлагчдад үлгэр дуурайл үзүүлсэн. Тэрээр хавчлагад өртөөд байсан Тесалоникийн итгэл нэгтнүүддээ «Бид ... та нарт үнэхээр их хайртай болсон учир Бурхны сайн мэдээг тунхаглаад зогсохгүй та нарын төлөө амиа өгөхөд бэлэн байсан» гэж бичжээ (1 Тес. 2:8).

8 Ахлагчид үг яриагаараа бусдын урмыг сэргээдэг. Гэхдээ энэ нь хангалтгүй. «Сул дорой хүмүүст тус болох ёстойг, Эзэн Есүсийн үгийг санаж явах учиртайг» Паул Эфэс дэх ахлагчдад сануулаад «Есүс: “Авахаасаа өгөх нь илүү жаргалтай” гэж хэлсэн билээ» хэмээжээ (Үйлс 20:35). Тэрээр ах дүүгийнхээ «төлөө өөрийгөө зориулахдаа, бүрмөсөн зориулахдаа дуртай» байсан. Тэдний төлөө юү ч хийхэд бэлэн гэдгээ үг яриагаараа төдийгүй үйл хэргээрээ баталжээ (2 Кор. 12:15). Өнөөгийн ахлагчид Паулыг дуурайх хэрэгтэй. Хэрэв ах дүүгээ үг яриагаараа ч, үйл хэргээрээ ч урамшуулж, тайвшруулдаг бол үнэхээр санаа тавьдаг гэсэн үг (1 Кор. 14:3).

9. Ахлагчид урам сэргээм зөвлөгөөг хэрхэн өгөх хэрэгтэй вэ?

9 Бурхантай дотносоход нь туслахын тулд ахлагчид итгэл нэгтнүүддээ хааяа зөвлөгөө өгдөг. Харин урам сэргээм зөвлөгөө өгөхийн тулд Библид гардаг жишээг дагах нь зүйтэй. Хамгийн агуу жишээг Есүс үлдээжээ. Тэрээр амилсныхаа дараа Бага Азийн зарим хуралд хатуу сануулга өгсөн. Гэхдээ эхлээд яасныг анхаараарай. Эфэс, Пергам, Туатэр дэх хурлуудын сайн үйлсийг тоочиж тэднийг магтсан (Илч. 2:1–5, 12, 13, 18, 19). Лаодик дахь хуралд «Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс хичээл зүтгэлтэй бай, гэмш» гэсэн (Илч. 3:19). Ахлагчид итгэл нэгтэндээ зөвлөгөө өгөхдөө Христийг дуурайвал зохино.

АХЛАГЧИД Л УРАМ ХАЙРЛАХ ЁСТОЙ ЮМ БИШ

Эцэг эхчүүд ээ, бусдыг урамшуулахыг хүүхдэдээ зааж байна уу? (10-р догол мөрийг үзээрэй)

10. Хурлын гишүүн бүр нөгөөдөө хэрхэн урам хайрлах вэ?

10 Бусдыг урамшуулах нь зөвхөн ахлагчдын үүрэг биш. «Тустай үг хэлэхийн тулд дэм болох сайн юмыг л хэрэгтэй үед ярьж байхыг» Паул бүх дагалдагчдад уриалжээ (Эф. 4:29). Хэнд яаж туслахаа бид дор бүрнээ бодох учиртай. Паул еврей итгэл нэгтнүүддээ «Цуцсан гар, сөхөрсөн өвдгийг хүчтэй болго. Хөлдөө зориулж замаа шулуун болго. Тэгвэл доголон нь дордохгүй, харин эдгэх юм» хэмээн зөвлөжээ (Евр. 12:12, 13). Бид бүгдээрээ, тэр байтугай хүүхдүүд ч үг яриагаараа бусдыг урамшуулж, сэргээж чадна.

11. Маартэг хэн, яаж тайвшруулсан бэ?

11 Маартэ * гэдэг Гэрч эмэгтэй нэг хэсэг сэтгэл гутралд оржээ. Тэрээр: «Урмыг минь сэргээж өгөөч гэж би нэг өдөр Еховад залбирсан юм. Тэгтэл настай эгч надтай тааралдав. Тэрээр намайг хайрлаж, өрөвдөн энэрч билээ. Энэ нь надад үнэхээр хэрэгтэй байв. Бас над шиг сэтгэл гутралд орж байснаа ярихад нь би ганцаараа ингэж зовоогүйгээ ойлгосон» гэж бичжээ. Хэлсэн үг нь Маартэд ямар их тус болсныг тэр эгч мэдээгүй ч байж магадгүй.

12, 13. Филиппой 2:1–4-т байдаг зөвлөгөөг хэрхэн ажил хэрэг болгох вэ?

12 Паул Филиппой дахь хурлын бүх гишүүнд дараах зөвлөгөөг өгчээ. «Хэрэв та нар Христийн дагалдагчийн ёсоор бие биеэ урамшуулан зоригжуулдаг, хайрладаг учраас тайвшруулдаг, бие биедээ санаа тавьдаг, халуун сэтгэлээр хайрладаг, өрөвдөж энэрдэг юм бол санаа нэгтэй байж, бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй, зорилго нэгтэй байн намайг хагартал баярлуул. Юуг ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай. Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Флп. 2:1–4).

13 Бусдад туслах боломжийг бид бүгдээрээ эрж хайх хэрэгтэй. Ах дүүдээ урам хайрлахын тулд «тайвшруулдаг», «санаа тавьдаг», «халуун сэтгэлээр хайрладаг, өрөвдөж энэрдэг» байцгаая.

УРАМ ХАЙРЛАХ АРГА

14. Бусдыг урамшуулах нэг арга юү вэ?

14 Урьд нь туслуулж байсан хүмүүс маань үнэнч хэвээрээ байгааг дуулахаар сайхан байдаг. Элч Ёохан: «Хүүхдүүд минь үнэний замаар явж байгааг дуулахаас өөр юунд магнай хагартал баярлах билээ» гэж бичжээ (3 Ёох. 4). Үнэндээ, олон жилийн өмнө Библийн хичээл заалгаж үнэний зам дээр гарсан хүмүүс нь одоо ч үнэнч хэвээрээ төдийгүй эхлэгчээр үйлчилж байгааг дуулсан ямар ч эхлэгч баярлана шүү дээ. Тэгвэл сэтгэлээр унасан үед нь бусдын төлөө ямар сайн үйл хийснийг нь сануулахад л тэд тайвширч сэргэдэг.

15. Үнэнч үйлчилж буй хүмүүсийг хэрхэн урамшуулах вэ?

15 Хурлуудыг эргэж явахдаа талархлын үгтэй зурвас аваад урам орсон тухайгаа дүүрэг хариуцагчид болон тэдний эхнэрүүд ярих нь олонтоо. Үнэнч үйлчилж байгаад нь талархахад ахлагчид, миссионерууд, бетелчид бас урамшдаг.

БИД БҮГДЭЭРЭЭ БУСДЫГ УРАМШУУЛЖ ЧАДНА

16. Үг дуу цөөтэй хүн бусдыг хэрхэн урамшуулах вэ?

16 Дуу цөөтэй, яриа хөөрөө муутай учраас бусдыг урамшуулж чадахгүй гэж бодох нь эндүүрэл болно. Үгүй ядаж, хүнтэй мэндлэхдээ сайхан инээмсэглэхэд л нөгөө хүнд урамтай санагддаг. Хэрэв тэр хүн инээх ч үгүй байвал бэрхшээл тулгарсны шинж байж болох юм. Тиймээс яриаг нь анхааралтай сонсвол тайвшрах биз ээ (Яак. 1:19).

17. Залуу Гэрчийг хэцүү үед нь хэрхэн тайвшруулсан бэ?

17 Хээнри гэдэг Гэрч залуу нэг хэсэг сэтгэлээр унаж маш их хямарчээ. Учир нь ойрын хамаатнууд нь, бас нэр хүндтэй ахлагч байсан аав нь үнэний замыг орхисон ажээ. Тэгтэл дүүрэг хариуцагч, Хээнриг кафед дагуулан орж аяга кофе авч өгөөд сэтгэлээ онгойтол ярихыг нь анхааралтай сонсов. Үнэний зам руу эргэхэд нь аавдаа, хамаатнууддаа туслах цорын ганц арга нь өөрөө үнэнч байх явдал гэдгийг Хээнри ойлгосон гэнэ. Тэрээр Дуулал 46; Зефаниа 3:17; Марк 10:29, 30-ийг уншаад их тайвширчээ.

Бид бүгдээрээ бие биеэ дэмжиж, урамшуулан зоригжуулж чадна (18-р догол мөрийг үзээрэй)

18. а) Соломон хааны бичсэнээс үзэхэд бусдыг урамшуулах ямар арга байдаг вэ? б) Элч Паул юү гэж зөвлөсөн бэ?

18 Бид зовж шаналсан итгэл нэгтнүүдээ тайвшруулж, урамшуулж чадна гэдгийг Маартэ Хээнри нарт тохиолдсон явдал харуулж байна. Соломон хаан: «Цагаа олсон үг юутай сайхан бэ! Дулаахан харц зүрхийг баярлуулдаг. Сайн мэдээ ясанд эм болдог» хэмээн бичжээ (Сур. 15:23, 30). Түүнээс гадна «Харуулын цамхаг» сэтгүүл юм уу манай вэб саитаас уншиж өгвөл сэтгэлээр унасан хүнийг тайвшруулж болох юм. Бурхнаа магтаж хамт дуу дуулбал зоригждог нь Паулын хэлсэн үгнээс харагддаг. Тэрээр: «Еховаг зүрх сэтгэлийнхээ угаас магтаж, дуулал, магтуу, түүнд зориулсан дууг талархах сэтгэлээр дуулан нэг нэгнээ сургаж, зоригжуул» гэж бичжээ (Кол. 3:16; Үйлс 16:25).

19. Бие биеэ урамшуулан зоригжуулахыг бүр их анхаарах шаардлагатайн учир юү вэ? Бид яах хэрэгтэй вэ?

19 Еховагийн өдөр ойртох тусам бие биеэ урамшуулан зоригжуулахыг «бүр их анхаарах» шаардлагатай (Евр. 10:25). Паулын зөвлөснөөр «бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусалж байгаа шигээ цаашдаа ч тийм» байцгаая (1 Тес. 5:11).

^ д/м 11 Нэрсийг өөрчлөв.