Skip to content

Гарчиг руу орох

Амар тайван байхын тулд яах хэрэгтэй вэ?

Амар тайван байхын тулд яах хэрэгтэй вэ?

ӨНӨӨГИЙН ертөнц зовлонгоор дүүрэн учраас амар тайван байхын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой. Амар тайван амьдардаг ч гэсэн сэтгэл ханаж болохгүй. Жинхэнэ ёсоор амар тайван амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ? Бурхны Үгэнд юу гэж байдаг вэ? Амар тайван болоход нь хүмүүст хэрхэн туслах вэ?

ЖИНХЭНЭ ЁСООР АМАР ТАЙВАН БАЙЯ ГЭВЭЛ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Жинхэнэ ёсоор амар тайван байхын тулд сэтгэл санаа төвшин, айж түгших юмгүй байх ёстой. Бас хүмүүстэй дотносон нөхөрлөх хэрэгтэй. Хамгийн гол нь, Бурхантай цаг ямагт дотно байх шаардлагатай. Яавал дотно болох вэ?

Аж амьдралын төлөө санаа зовоод байвал тайван байж чадахгүй

Еховад итгэдэг бөгөөд эв найрамдалтай байхыг хүсдэгээ баталж тушаал, зарчмынх нь дагуу амьдрах учиртай (Иер. 17:7, 8; Яак. 2:22, 23). Ингэвэл Ехова бидэнтэй дотносож, биднийг амар тайван болгоно. Исаиа 32:17-д «Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм» гэж байдаг. Еховад чин зүрхнээсээ дуулгавартай байвал жинхэнэ ёсоор амар тайвныг эдэлнэ (Ис. 48:18, 19).

Түүнчлэн, тэнгэрийн Эцэг маань бидэнд агуу хүчээ өгдөг. Энэ гайхалтай бэлгийг авахлаар жинхэнэ ёсоор амар тайван болдог (Үйлс 9:31).

АМАР ТАЙВАН БОЛОХОД БУРХНЫ АГУУ ХҮЧ ТУСАЛДАГ

Элч Паул амар тайвныг Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанаруудын 3 дугаарт бичжээ (Гал. 5:22, 23). Агуу хүчээр нь удирдуулахгүй бол жинхэнэ амар тайван байх боломжгүй. Жинхэнэ амар тайвныг эдлэхэд Бурхны агуу хүч ямар хоёр аргаар тусалдгийг авч үзье.

Нэгдүгээрт, Бурхны Үгийг тогтмол уншвал амар тайван болно (Дуу. 1:2, 3). Библиэс уншсанаа эргэцүүлэн боддог бол агуу хүч бидэнд Бурхны үзэл бодлыг ойлгуулна. Жишээлбэл Ехова яагаад дандаа тайван байдгийг, амар тайван байх нь яагаад чухал гэж үздэгийг ойлгоно. Бурхны Үгнээс сурснаа ажил хэрэг болговол амар тайвныг мэдэрнэ (Сур. 3:1, 2).

Хоёрдугаарт, Бурхны агуу хүчийг гуйж залбирах учиртай (Лук 11:13). Хэрвээ тусламж гуйвал «хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэж Ехова амласан (Флп. 4:6, 7). Тогтмол залбирч агуу хүчийг нь гуйдаг бол өөртэй нь дотно хүмүүсийн мэдэрдэг тэрхүү амар тайвныг Ехова бидэнд өгнө (Ром 15:13).

Зарим хүн энэ зөвлөгөөг хэрэгжүүлээд өөрөө тайван амгалан, Еховатай болон бусад хүнтэй эв найрамдалтай болсон. Чухам яаж?

ТЭД ЯАЖ ЖИНХЭНЭ ЁСООР АМАР ТАЙВАН БОЛСОН БЭ?

Өмнө нь ууртай байсан боловч одоо үгээ бодож хэлдэг, энэрэнгүй, тэвчээртэй, хүнтэй эвтэй ярьдаг болсон хүн Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн дунд олон бий * (Сур. 29:22). Хэрхэн уураа дарж, эв эеийг сахидаг болсныг Бурхны хоёр үйлчлэгчээс мэдэж авъя.

Библийн зарчмыг баримтлахын зэрэгцээ Бурхнаас агуу хүчийг нь гуйж залбирдаг бол тайван байна

Дэвид Еховад өөрийгөө зориулахаасаа өмнө бусдыг байнга шүүмжилдэг, гэрийнхэндээ ширүүн үг хэлдэг байв. Тэрээр өөрийгөө өөрчилж эвийг эрхэмлэдэг болох шаардлагатайгаа ухаарчээ. Тэгээд яасан бол? Дэвид: «Библийн зарчмыг ажил хэрэг болгоод эхэлсэн чинь манай гэрийнхэн бүгдээрээ бие биеэ хүндэлдэг болсон» гэжээ.

Төрж өссөн орчин нь Рэйчилд нөлөөлжээ. Тэрээр: «Манайхан бүгдээрээ ууртай болохоор би одоо ч уураа дарах гэж тэмцдэг» хэмээн үнэнээ хэлсэн юм. Илүү тайван болохын тулд тэрээр яадаг бол? «Би Еховад байнга залбирч тусламж гуйдаг» гэж Рэйчил хариулсан.

Библийн зарчмыг баримталж, Бурхнаас агуу хүчийг нь гуйж, түүгээр удирдуулбал тайван болдгийг харуулах хоёрхон жишээ үзлээ. Бие биедээ дайсагнасан ертөнцөд амьдардаг ч амар тайван байх боломжтойг ойлголоо. Тайван байдаг бол гэрийнхэн, итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байна. Ехова бидэнд «бүх хүнтэй эвтэй байхыг» уриалдаг (Ром 12:18). Ийм боломж үнэхээр байдаг уу? Эвтэй байх гэж хичээх нь үр дүнтэй юү?

БУСАДТАЙ ЭВТЭЙ БАЙХЫГ ХИЧЭЭХ

Бид дэлгэрүүлэх ажилд оролцон, Бурхны Хаант төрийн тухай амар тайвны мэдээг хүмүүст тунхагладаг (Ис. 9:6, 7; Мат. 24:14). Олон хүн хүлээж авдаг нь сайшаалтай. Үүний дүнд тэд эргэн тойронд болж буй муу муухай бүхнийг хараад гуньж гутрах юм уу уурлаж бухимдахаа больдог. Харин ч ирээдүйдээ итгэж, «амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгөх» хүслээр жигүүрлэдэг (Дуу. 34:14).

Гэхдээ бүх хүн анх уулзсан даруйдаа л мэдээг маань хүлээгээд авдаг юм биш ээ (Ёох. 3:19). Тэглээ ч гэсэн бид тэр хүмүүст хүндэтгэлтэй хандаж, эвтэй найртай байхыг хичээдэг. Энэ нь Бурхны агуу хүчний тусламжийг авдгийн илрэл юм. Ийнхүү Матай 10:11–13-т байдаг Есүсийн зааврыг дагадаг. Тэнд «Айлд ороод мэндийг нь мэд. Та нарыг хүлээж авбал тэд ивээл хүртэнэ. Хүлээж авахгүй бол ивээл хүртэхгүй» гэж байдаг. Тийм болохоор тухайн үед хүлээж аваагүй боловч хожим нь сонсох байх гэж найдаад сэтгэл зовох юмгүй амар тайван явж болно.

Манай үйл ажиллагааг эсэргүүцдэг ч бай, үгүй ч бай, төрийн албаны ямар ч хүнийг хүндэлбэл эв эеийг сахиж, ажлаа бүтээх боломжтой. Жишээ авъя. Африкийн нэг улсын засгийн газар цуглааны танхим барих зөвшөөрлийг манай байгууллагад олгодоггүй байжээ. Гэхдээ энэ асуудлыг эвтэйхэн шийдвэрлэнэ гэдэгт манай байгууллага итгэж байв. Ингээд Английн Лондон хот дахь тус улсын элчин сайдтай нэг Гэрчийг уулзуулахаар болжээ. Тус улсад миссионероор үйлчилж байсан тэрээр Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны талаар ярих даалгавар авсан байна. Юу болсон бол?

«Би ресепшн дээр очиж явахдаа хувцсыг нь хараад миний мэддэг хэлний овгийн хүн байх гэж бодлоо. Тэгээд би сурсан хэлээрээ мэндлэв. Өөрийнх нь хэлээр мэндлэхийг сонсоод тэр эмэгтэй гайхаж “Та ямар хэргээр явна?” гэж асуув. Би их эелдэг байхыг хичээн, элчин сайдтай уулзахаар яваагаа хэллээ. Өнөөх эмэгтэйг утсаар ярихад элчин сайд өөрөө хүрч ирээд надтай нутгийнхаа хэлээр мэндлэв. Дараа нь миний яриаг анхааралтай сонссон. Манай байгууллага нийгэмд аюултай юу ч хийдэггүй гэдгийг би тайлбарласан юм» гэж тэрээр ярьжээ.

Энэ Гэрч хүндэтгэлтэй харьцаж, эвтэйхэн тайлбарласан учраас элчин сайд манай үйл ажиллагааны талаарх буруу ойлголтоо өөрчилсөн байна. Хэсэг хугацааны дараа тус улсын засгийн газар барилга барих хоригоо цуцалжээ. Ийм сайхан үр дүнд хүрсэнд ах дүү нар ямар их баярласан нь ойлгомжтой! Хүмүүсийг хүндэтгэдэг бол тайван амгалан болох зэргээр янз бүрийн ач тус хүртдэгийн нэг жишээ энэ юм.

ҮҮРД АМАР ТАЙВАН БАЙГТУН

Бурхны гэр бүлд жинхэнэ амар тайван байдал ноёлдог. Хэрэв та Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог энэ зан чанарыг өөрийн болгох гэж хичээдэг бол хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Хамгийн гол нь, Еховагийн сайшаалыг хүлээж, шинэ ертөнцөд үүрд амар тайван амьдарна (2 Петр 3:13, 14).

^ д/м 13 Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанаруудын тухай өгүүлдэг энэхүү цуврал өгүүллээр энэрлийн тухай хожим авч үзнэ.