Skip to content

Гарчиг руу орох

Бид яагаад «их жимс ургуулдаг» вэ?

Бид яагаад «их жимс ургуулдаг» вэ?

«Та нар их жимс ургуулдаг бол, миний шавь гэдгээ баталдаг бол Эцэг минь алдаршина» (ЁОХ. 15:8).

ДУУ: 145, 144

1, 2. а) Есүс нас барахаасаа өмнө шавь нартаа юуны тухай ярьсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Дэлгэрүүлдгийнхээ учрыг санаж явах нь яагаад чухал бэ? в) Юуны тухай үзэх вэ?

ЕСҮС нас барахынхаа өмнөх шөнө элчүүдтэйгээ их удаан ярилцжээ. Тийн ярьж суухдаа тэднийг ямар их хайрладгаа хэлсэн. Бас усан үзмийн модны тухай жишээ татсаныг бид өмнөх өгүүллээр үзсэн билээ. «Их жимс ургуулах» буюу Хаант төрийн тухай мэдээг тэвчээртэй дэлгэрүүлэхийг Есүс шавь нартаа уриалж тэр жишээг татжээ (Ёох. 15:8).

2 Гэхдээ зөвхөн юу хийхийг хэлээд болчихоогүй. Бас яагаад хийх ёстойг тайлбарласан. Дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй хийх ямар шалтгаан байдгийг хэлж өгсөн. Тэдгээр шалтгааныг мэдэх нь маш чухал. Яагаад? Үргэлж дэлгэрүүлэх хэрэгтэйн учрыг санаж явбал «сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон» тэвчээртэй тунхаглана (Мат. 24:13, 14). Тэгэхээр дэлгэрүүлэх хэрэгтэйн дөрвөн шалтгааныг Библиэс авч үзье. Түүнээс гадна Ехова бидэнд тэвчээртэйгээр үр тариа ургуулахад тустай ямар дөрвөн зүйл өгснийг ярилцъя.

БИД ЕХОВАГ АЛДАРШУУЛДАГ

3. а) Ёохан 15:8-д бичсэнээр, дэлгэрүүлдгийн маань хамгийн гол шалтгаан юу вэ? б) Усан үзэм нь юуг төлөөлдөг вэ? Яагаад тохиромжтой вэ?

3 Хүн төрөлхтөнд Еховаг алдаршуулж, нэрийг нь ариусгах нь дэлгэрүүлэх ажилд оролцдогийн маань хамгийн гол шалтгаан юм (Ёохан 15:1, 8-ыг уншина). Есүс Эцэг Еховагаа усан үзмийн мод арчилж ургуулдаг цэцэрлэгчтэй зүйрлэсэн. Харин өөрийгөө усан үзмийн модтой, дагалдагчдаа мөчиртэй адилтгажээ (Ёох. 15:5). Тэгвэл, усан үзэм нь юуг төлөөлдөг вэ? Христийн дагалдагчдын ургуулдаг жимс буюу дэлгэрүүлэх ажлыг төлөөлдөг. Есүс элчүүддээ «Та нар их жимс ургуулдаг бол ... Эцэг минь алдаршина» гэж хэлсэн. Сайн жимс гаргадаг усан үзмийн мод эзнээ алдаршуулдаг шиг, бид Хаант төрийн тухай мэдээ тунхаглахын тулд чадах бүхнээ хийвэл Еховаг алдаршуулна (Мат. 25:20–23).

4. а) Бурхны нэрийг ариусгах үйл хэрэгт хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ? б) Бурхны нэрийг ариусгах үйл хэрэгт оролцохыг та юу гэж үздэг вэ?

4 Бурхны нэрийг ариусгах үйл хэрэгт хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ? Бурхны нэр угаасаа л туйлын ариун учраас бид илүү ариун болгоно гэж байхгүй. Гэхдээ зөнч Исаиагийн хэлснийг анхаараарай. «Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм» гэжээ (Ис. 8:13). Ехова гэдэг нэр бүх нэрнээс хамгийн агуу нь бөгөөд ариун гэж үзээд бусдад ойлгуулахыг хичээдэг бол Бурхны нэрийг ариусгах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байна гэсэн үг (Мат. 6:9). Жишээ нь бид хүмүүст Бурхны гайхамшигтай зан чанарын тухай, хүн төрөлхтний талаарх санаа зорилгынх нь тухай үнэнийг тунхагладаг. Ийнхүү Еховагийн талаар Сатаны хэлсэн бүхэн худал гэдгийг ойлгуулдаг (Эх. 3:1–5). Түүнчлэн «алдар, хүндэтгэл, хүч нь» Еховагийнх гэдгийг хэсгийнхээ хүмүүст тунхагладаг бол нэрийг нь ариусгаж байгаа хэрэг (Илч. 4:11). 16 жил эхлэгчээр үйлчилж буй Рүнэ гэдэг эрэгтэй: «Орчлонт ертөнцийн Бүтээгчийг гэрчлэх завшаан олдсонд би их баярладаг. Тийм болохоор дэлгэрүүлээд байя гэж боддог» гэжээ.

БИД ЕХОВА ЕСҮС ХОЁРТ ХАЙРТАЙ

5. а) Дэлгэрүүлэх хэрэгтэйн ямар шалтгааныг Ёохан 15:9, 10-т дурдсан бэ? б) Тэвчээртэй байх хэрэгтэйг Есүс хэрхэн онцолсон бэ?

5 Ёохан 15:9, 10-ыг уншина. Бид Ехова Есүс хоёрт чин сэтгэлээсээ хайртай. Энэ бол Хаант төрийн тухай мэдээ тунхагладгийн бас нэг чухал шалтгаан юм (Марк 12:30; Ёох. 14:15). Есүс шавь нартаа «Хайрыг минь татаж яв» гэсэн. Яагаад? Христийн жинхэнэ дагалдагчийн ёсоор амьдрахад тэвчээр хэрэгтэйг тэрээр мэдэж байсан. Ёохан 15:4–10-т хайрыг татах гэдэг үгийг Есүс дахин дахин хэлсэн нь тэвчээртэй байх хэрэгтэйг ойлгуулах гэсэн хэрэг юм.

6. Яавал Христийн хайрыг татах вэ?

6 Христийн хайрыг татаж, сайшаалыг нь хүлээхийг хүсдэг бол яах хэрэгтэй вэ? Тушаалыг нь дагах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Есүсийн захисан болгоныг амьдралдаа хэрэгжүүлж түүнд дуулгавартай байх нь чухал. Энэ талаар Есүс өөрөө үлгэр жишээ үзүүлж «Би Эцгийнхээ тушаалыг биелүүлснээрээ хайрыг нь татдаг» гэж хэлсэн (Ёох. 13:15).

7. Дуулгавартай байх, хайрлах хоёр ямар холбоотой вэ?

7 Есүс элчүүддээ «Миний тушаалыг зөв гэж үздэг, биелүүлдэг хүн бол надад хайртай хүн» хэмээн хэлж дуулгавартай байх, хайрлах хоёр холбоотойг харуулсан (Ёох. 14:21). Яв, дэлгэрүүл гэсэн Есүсийн тушаалыг биелүүлснээр бид Бурханд хайртайгаа батална. Яагаад гэвэл Есүсийн тушаалд Эцгийнх нь үзэл бодол шингэсэн байдаг (Мат. 17:5; Ёох. 8:28). Ехова Есүс хоёрыг хайрладаг бол хайрыг нь үргэлж татна.

БИД СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ ТУНХАГЛАДАГ

8, 9. а) Дэлгэрүүлсээр байх хэрэгтэйн бас нэг шалтгаан юу вэ? б) Езекиел 3:18, 19; 18:23-ыг уншихлаар ямар хүсэл төрдөг вэ?

8 Удахгүй болох Еховагийн өдрийн талаар хүмүүст сэрэмжлүүлэхийг хүсдэг маань дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийх өөр нэг шалтгаан юм. Библид Ноаг «шударга сайныг тунхагласан» гэжээ (2 Петр 2:5-ыг уншина). Тэрээр удахгүй болох гэж байсан сүйрлийн аюулаас сэрэмжлүүлсэн байж таарна. Яагаад тэгж дүгнэж болох вэ? Есүс: «Үерийн өмнөх өдрүүдэд, Ноаг авдарт орсон тэр өдрийг хүртэл хүмүүс идэж уун, гэрлэж байлаа. Үер бууж өөрсдийг нь хаман одох хүртэл тэд анхаараагүй юм. Хүний Хүүгийн ирчихээд байгаа нь яг тийм байх юм» гэсэн байдаг (Мат. 24:38, 39). Хүмүүс хайхрамжгүй хандаж байсан ч Ноа сэрэмжлүүлэх мэдээг тунхагласаар байсан.

9 Бид Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлж, хүн төрөлхтний талаарх Бурхны хүсэл тааллыг мэдэх боломжийг хүмүүст олгодог. Мэдээ хүлээж аваад амьд мэнд үлдээсэй гэсэн хүсэл Еховад ч, бидэнд ч байдаг (Езе. 18:23). Үүний зэрэгцээ өнөөгийн бузар муу ертөнцийг Бурхны Хаант төр устгана гэдэг мэдээг аль болох олон хүнд хүргэхийн тулд айлаар, олон нийтийн газраар явдаг (Езе. 3:18, 19; Дан. 2:44; Илч. 14:6, 7).

БИД ХҮМҮҮСТ ХАЙРТАЙ

10. а) Дэлгэрүүлэх хэрэгтэйн ямар шалтгааныг Матай 22:39-т бичсэн бэ? б) Паул Силас хоёр Филиппойн шоронгийн хуягт хэрхэн тусалсан бэ?

10 Дэлгэрүүлэх ажлаа хийсээр байх бас нэг чухал шалтгаан бий. Бид хүмүүст хайртай (Мат. 22:39). Энэ хайрандаа хөтлөгдөн дэлгэрүүлэх ажлаа тэвчээртэй хийдэг. Амьдрал нь өөрчлөгдөхөөр зүрх сэтгэл нь бас өөрчлөгдөх байх гэж боддог. Элч Паул болон хамтран зүтгэгч Силаст юу тохиолдсоныг авч үзье. Филиппой хотод байхад нь эсэргүүцэгчид тэднийг шоронд хийж орхижээ. Тэгтэл шөнө дундын үед гэнэт газар хөдлөхөд шорон доргиж хаалганууд нээгдэв. Шоронгийн хуяг хоригдлуудыг орголоо гэж бодоод амиа хорлохыг завдтал Паул: «Амиа бүү хорло!» гэж хашхирлаа. Айж чичирсэн хуяг: «Би яавал аврагдах вэ?» гэж асуухад «Эзэн Есүст итгэ. Та ... аврагдана» гэлээ (Үйлс 16:25–34).

Бид Еховаг, Есүсийг, хүмүүсийг хайрладаг учраас дэлгэрүүлдэг (5, 10-р догол мөрийг үзээрэй)

11, 12. а) Шоронгийн хуягт тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ? б) Бид юу хийхийг хүсдэг вэ?

11 Шоронгийн хуягт тохиолдсон явдлаас дэлгэрүүлэх ажлын талаар юу мэдэж болох вэ? Газар хөдөлсний дараа л тэр хүн хандлагаа өөрчилж, тусламж хүссэнийг анхаараарай. Библийн мэдээг тоож сонсдоггүй байсан хүмүүс гэнэтийн хэцүү явдал тохиолдоход хандлагаа өөрчилж, тусламж эрж болох юм. Жишээлбэл хэсгийн маань хүн олон жил ажилласан газраасаа гэнэт халагдаад хүнд цохилтод орж мэднэ. Эсвэл эхнэр юм уу нөхрөөсөө салаад сэтгэлээр унаж болох юм. Нөгөө хэсэг нь хүнд өвчин туссанаа мэдээд эсвэл хайртай хүнээсээ үүрд хагацаад сэтгэлийн зовлонд унаж магадгүй. Урьд нь бодож үзээгүй янз бүрийн асуулт ийм үед төрж эхэлдэг. Тэр ч байтугай «Би яавал аврагдах вэ?» гэж асууж магадгүй. Тийм хүмүүстэй уулзвал тэд итгэл найдварын мэдээг маань амьдралдаа анх удаа сонсохыг хүсэж болох юм.

12 Тийм учраас дэлгэрүүлэх ажлаа цөхрөлтгүй хийгээд байвал хандлага нь өөрчлөгдсөн хүмүүст тусалж чадна (Ис. 61:1). Шарлотт 38 жил бүрэн цагаар үйлчилж байна. Тэрээр: «Төөрч будилсан хүн өнөөдөр олон байна. Тэдэнд сайн мэдээ хэрэгтэй» гэж ярьсан юм. Эхлэгчээр 34 жил үйлчилж буй Эйвор: «Сэтгэл санаагаар унах явдал их болжээ. Би тийм хүмүүст туслахыг үнэхээр их хүсдэг учраас дэлгэрүүлдэг» гэв. Хөршөө хайрладаг маань дэлгэрүүлэх ажлаа тасралтгүй хийх хангалттай шалтгаан юм!

БИД ЯАГААД ТЭВЧДЭГ ВЭ?

13, 14. а) Ёохан 15:11-д юуны тухай гардаг вэ? б) Яавал Есүсийн эдэлсэн баяр баясгаланг эдлэх вэ? в) Баяр баясгалантай байхын ач тус юу вэ?

13 Есүс амиа алдахынхаа өмнөх үдэш элчүүдтэйгээ ярьж суухдаа тэвчээртэйгээр үр тариа ургуулахад тус болох хэдэн зүйлийг дурджээ. Тэр нь юу вэ? Ач тусыг нь хэрхэн хүртэх вэ?

14 Баяр баясгалан. Дэлгэрүүл гэсэн Есүсийн тушаал хүнд дарамт мөн үү? Үгүй. Есүс усан үзмийн модны тухай жишээ татсаныхаа дараа сайн мэдээ тунхаглагчид баяр баясгалан эдэлнэ гэсэн (Ёохан 15:11-ийг уншина). Чухам яаж эдлэх вэ? Дээр хэлсэнчлэн, Есүс өөрийгөө усан үзмийн модтой, шавь нараа мөчиртэй зүйрлэсэн. Мөчрүүд нь их биетэйгээ холбоотой байхдаа ус, шим тэжээл авдаг. Үүн шиг, бид Христтэй нягт холбоотой байж, мөрөөр нь яг таг дагадаг бол Есүсийн эдэлсэн баяр баясгаланг эдэлнэ. Есүс, Эцгийнхээ хүссэнийг хийгээд баяр баясгалантай болдог байсан билээ (Ёох. 4:34; 17:13; 1 Петр 2:21). Эхлэгчээр 40 жил үйлчилж буй Ханнэ: «Дэлгэрүүлснийхээ дараа баяр хөөртэй болж, цаашдаа ч Еховад үйлчилсээр байх хүсэл зориг бадардаг» гэсэн юм. Үнэхээр ч, баяр баясгалантай хүн цөхрөлтгүй дэлгэрүүлэх сэтгэлийн тэнхээтэй байдаг. Тийм учраас хүмүүсийн ихэнх нь хүлээж авдаггүй хэсгээр ч байнга дэлгэрүүлдэг (Мат. 5:10–12).

15. а) Ёохан 14:27-д юуны тухай дурдсан бэ? б) Амар тайван хүн үр тариа ургуулсаар байдаг гэхийн учир юу вэ?

15 Амар тайван (Ёохан 14:27-г уншина). Есүс нас барахынхаа өмнөх тэр үдэш элчүүддээ «Би та нарыг амар тайван байлгадаг» гэжээ. Есүс биднийг амар тайван байлгадаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Дэлгэрүүлбэл Ехова Есүс хоёрыг баярлуулна. Тэднийг баярлуулж, сайшаалыг нь хүлээж байгаагаа мэдсэн хүн амар тайван байдаг. Амар тайван болохын хэрээр тэвчээртэй дэлгэрүүлсээр байдаг (Дуу. 149:4; Ром 5:3, 4; Кол. 3:15). Бүрэн цагаар 45 жил үйлчилж буй Ульф: «Би дэлгэрүүлэхээрээ ядардаг л даа. Гэхдээ энэ ажлын үрээр жинхэнэ ёсоор утга учиртай, сэтгэл хангалуун амьдардаг» гэжээ. Сэтгэл санаа дандаа тайван байх нь үнэлж баршгүй ивээл юм!

16. а) Ёохан 15:15-д юуны тухай гардаг вэ? б) Элчүүд яаж Есүсийн үүрдийн анд нөхөд болсон бэ?

16 Нөхөрлөл. Есүс элчүүддээ «Та нарын баяр баясгалан улам бүр бялхаасай» гэж хэлснийхээ дараа хувиа бодолгүй бусдыг хайрлахын чухлыг тайлбарласан (Ёох. 15:11–13). Дараа нь «Би та нарыг анд нөхөд гэсэн» хэмээжээ. Есүстэй нөхөрлөнө гэдэг ямар агуу завшаан бэ! Элчүүд Есүсийн үүрдийн анд нөхөд байхын тулд яах ёстой байсан бэ? «Явж», байнга «жимс ургуулах» ёстой гэсэн (Ёохан 15:14–16-г уншина). Хоёр жилийн өмнө Есүс элчүүддээ явж дэлгэрүүл гэж тушаажээ. Тэд: «Бурхны Хаант төрийн захирах цаг ойрхон байна» гэж тунхаглах ёстой болсон (Мат. 10:7). Сүүлчийн шөнөө Есүс тэднийг зоригжуулан, эхлүүлсэн ажлаа тэвчээртэй үргэлжлүүлэхийг уриалсан (Мат. 24:13; Марк 3:14). Есүсийн тушаалыг биелүүлэх нь амаргүй байсан ч тэд биелүүлжээ. Тийм ч учраас үүрдийн анд нөхөд нь болсон. Ингэхэд нь бас нэг зүйл тус болсон. Юу вэ?

17, 18. а) Ёохан 15:16-д юуны тухай дурдсан бэ? б) Энэ нь Есүсийн шавь нарт ямар ач тустай байсан бэ? в) Бид яагаад урам зоригтой болдог вэ?

17 Залбирлын хариу. Есүс: «Та нар миний нэрээр Эцгээс минь юу ч гуйсан, тэрээр та нарт өгнө» гэжээ (Ёох. 15:16). Энэ амлалтыг сонсоод элчүүд нь хэчнээн их урамшсан бол оо! * Есүс удахгүй үхэх гэж байгааг элчүүд үнэндээ ойлгоогүй. Гэхдээ Удирдагч нь байхгүй боллоо ч Ехова тэдний залбиралд хариулж, дэлгэрүүлэх ажилд нь туслахад бэлэн байсан. Есүсийг нас бараад удаагүй байхад элчүүд Еховагаас эр зориг гуйдаг. Ехова ч залбиралд нь хариулжээ (Үйлс 4:29, 31).

Тусламж гуйж залбирвал Ехова заавал хариулна (18-р догол мөрийг үзээрэй)

18 Өнөөдөр ч бас адилхан. Хэрэв бид дэлгэрүүлэх ажлаа тэвчээртэй хийгээд байвал Есүсийн анд нөхөд хэвээрээ байна. Бас дэлгэрүүлэхэд хэцүү санагдсан үед тусламж гуйж залбирвал Ехова заавал хариулна (Флп. 4:13). Есүс биднийг анд нөхдөө болгосонд, Ехова залбиралд маань хариулдагт бид үнэхээр их талархдаг! Энэ дөрвөн зүйлийг Ехова бэлэглэдэг учраас бид жимс ургуулах урам зоригтой болдог (Яак. 1:17).

19. а) Бид яагаад дэлгэрүүлсээр байдаг вэ? б) Бид яагаад Бурхнаас авсан ажлаа гүйцээх урам зоригтой болдог вэ?

19 Тэвчээртэй дэлгэрүүлдгийн дөрвөн шалтгааныг энэ өгүүллээр үзлээ. Еховаг алдаршуулж, нэрийг нь ариусгахын тулд, Ехова Есүс хоёрт хайртайгаа батлахын тулд, аюулаас сэрэмжлүүлэхийн тулд, хүмүүст хайртайгаа батлахын тулд бид байнга дэлгэрүүлдэг. Түүнээс гадна баяр баясгалан, амар тайван, нөхөрлөл, залбирлын хариу гэсэн дөрвөн зүйлийн тухай үзсэн. Эдгээр нь Бурхнаас авсан ажлаа гүйцээх урам зоригтой болгодог. «Их жимс ургуулах» гэж чармайж байгааг маань Ехова хараад хэчнээн их баярладаг бол оо!

^ д/м 17 Ехова залбиралд нь хариулна гэдгийг Есүс элчүүддээ дахин дахин батлан хэлж байсан (Ёох. 14:13; 15:7, 16; 16:23).