Skip to content

Гарчиг руу орох

Дайснаа мэд!

Дайснаа мэд!

«Бид [Сатаны] төлөвлөгөөг мэднэ» (2 КОР. 2:11, зүүлт).

ДУУ: 49, 27

1. Адам Ева хоёрыг нүгэл үйлдмэгц Ехова хэнийг хэрхэн илчилсэн бэ?

МОГОЙ ярьж чадахгүйг Адам мэдэж байсан нь эргэлзээгүй. Тийм болохоор үл үзэгдэх нэг бүтээл могойг ашиглан Еватай ярьсныг тааварласан биз ээ (Эх. 3:1–6). Адам Ева хоёр энэ үл үзэгдэх бүтээлийн тухай бараг юу ч мэдэхгүй байв. Тэглээ ч гэсэн Адам танихгүй этгээдтэй нийлэн, халамжит тэнгэрийн Эцгээсээ нүүр буруулж хүсэл тааллынх нь эсрэг зүйл хийхээр шийджээ (1 Тим. 2:14). Адам Ева хоёрыг уруу татсан даруйд нь Ехова уг дайсныг бага багаар илчилсэн. Хорон муу энэ этгээдийг устгахаа амласан. Харин тэр болтол, Бурханд хайртай хүмүүсийг могойн цаанаас ярьсан үл үзэгдэх этгээд эсэргүүцнэ гэдгийг анхааруулсан (Эх. 3:15).

2, 3. Мессиаг ирэхээс өмнө Сатаны талаар яагаад цөөхөн дурдсан бэ?

2 Мэргэн ухаант Ехова өөрт нь тэрсэлсэн тэнгэрийн элчийн нэрийг нэг ч удаа хэлж өгөөгүй. * Харин тэрс явдал гарснаас хойш 2 500 жилийн дараа хочийг нь илчилжээ (Иов 1:6). Еврей Судрын «Шастирын дээд», «Иов», «Зехариа» гэсэн гурван номд л «Эсэргүүцэгч» гэсэн утгатай «Сатан» гэдэг үгийг дурдсан байдаг. Мессиаг ирэхээс өмнө энэ дайсны талаар яагаад тийм цөөхөн дурдсан юм бол оо?

3 Хэрэв Сатаны болон ажил үйлсийнх нь талаар Еврей Сударт олон удаа дурдсан бол хэтэрхий дөвийлгөсөн хэрэг болох байв. Ехова үүнийг хүсээгүй нь мэдээж. Гол нь, үйлчлэгчдэдээ Мессиаг таниулж түүнд анхаарлыг нь хандуулах зорилготой байв (Лук 24:44; Гал. 3:24). Мессиаг ирсний дараа Ехова хэнийг хэнээр илчлүүлсэн бэ? Сатан болон түүнтэй нийлсэн тэнгэрийн элчүүдийг Мессиа болон шавь нараар илчлүүлсэн. Тийм учраас бид тэдний тухай их зүйлийг мэддэг болсон. * Есүс болон тослогдогсдоор Сатан ба түүний талынхныг устгуулах учраас тийнхүү илчлүүлсэн нь цагаа олсон хэрэг байлаа (Ром 16:20; Илч. 17:14; 20:10).

4. Диаволаас хэтэрхий их айх хэрэггүйн учир юу вэ?

4 Элч Петр Сатан Диаволыг «архирах арслан» гэсэн бол Ёохан могой, луу хэмээн дүрсэлжээ (1 Петр 5:8; Илч. 12:9). Гэхдээ Диаволын хүч чадал хязгаартай учраас хэтэрхий их айх хэрэггүй (Яаков 4:7-г уншина). Бидний ар талд Ехова, Есүс, үнэнч тэнгэрийн элчүүд байгаа. Тэдний дэмээр бид дайснаа эсэргүүцэж чадна. Харин гурван чухал асуултын хариуг мэдэх хэрэгтэй. Сатан хэр нөлөөтэй вэ? Хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ? Юу хийж чадахгүй вэ? Эдгээр асуултыг авч үзэнгээ ямар сургамж авахаа бодоцгооё.

САТАН ХЭР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

5, 6. Хүний засгийн газрууд яагаад зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж чадахгүй вэ?

5 Үер болохоос өмнө Сатан зарим тэнгэрийн элчийг уруу татаж хүний охидтой завхайруулсан. Одоо Сатан тэрслүү тэнгэрийн элчүүдийг бүгдийг нь удирддаг. Үүний баталгаа Библид бий. Луу сүүлээрээ тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдан хамт унаж байгаагаар дүрсэлжээ (Эх. 6:1–4; Юуд. 6; Илч. 12:3, 4). Тэдгээр тэнгэрийн элч Бурхны гэр бүлээс хөөгдөөд Сатаны захиргаанд орсон. Гэхдээ тэд бол үймээн дэгдээгээд явдаг ямар ч засаг захиргаагүй этгээдүүд биш юм. Сатан, Бурхны Хаант төрийн загвараар засгийн газар байгуулж өөрийгөө хаанаар өргөмжилсөн. Үл үзэгдэх орчинд байдаг уг засгийн газрынхаа бүрэлдэхүүнд чөтгөрүүдийг оруулж, дэлхийг захирах эрх мэдэл өгчээ (Эф. 6:12).

6 Сатан үл үзэгдэх байгууллагаа ашиглан хүний бүх засгийн газрыг атгандаа байлгадаг. Үүнийг дараах үйл явдал баталдаг. Сатан Есүст «дэлхийн бүх улс гүрнийг» үзүүлээд, «Энэ бүхнийг захирах эрх мэдэл, энэ бүхний сүр жавхланг чамд өгье. Яагаад гэвэл энэ бүхнийг надад өгсөн юм. Би хүссэн хүндээ өгнө» гэжээ (Лук 4:5, 6). Сатаны нөлөөнд автдаг ч иргэдийнхээ сайн сайхны төлөө ажилладаг засгийн газар олон бий. Бас ард түмнээ гэсэн сэтгэлтэй удирдагчид байдаг. Гэхдээ нэг ч засгийн газар, нэг ч удирдагч зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж чадахгүй (Дуу. 146:3, 4; Илч. 12:12).

7. Сатан засгийн газруудаас гадна хуурамч шашин, худалдааны тогтолцоог хэрхэн ашигладаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

7 Сатан ба чөтгөрүүд засгийн газруудаас гадна хуурамч шашин, худалдааны тогтолцоог ашиглан «дэлхийн суугчдыг бүгдийг нь» мэхэлдэг (Илч. 12:9). Хуурамч шашнаар дамжуулан Еховагийн талаар худал мэдээ тараадаг. Тэр ч байтугай Бурхны нэрийг нуухыг оролддог (Иер. 23:26, 27). Чин сэтгэлтэй хүмүүс Бурхныг шүтэж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ чөтгөрүүдийг шүтдэг (1 Кор. 10:20; 2 Кор. 11:13–15). Диавол бас худалдааны тогтолцоог ашиглан худал суртал ухуулга явуулдаг. Жишээ нь мөнгөний хойноос хөөцөлдөж, эд хөрөнгө цуглуулах нь жаргалтай байх хамгийн сайн арга гэж заадаг (Сур. 18:11). Үүнд итгэсэн хүмүүс Бурхны төлөө биш, эд баялгийн төлөө хамаг амьдралаа үрдэг (Мат. 6:24). Яваандаа эд баялгийг илүү их хайрласнаас болж Бурхныг гэсэн хайр нь хөрдөг (Мат. 13:22; 1 Ёох. 2:15, 16).

8, 9. а) Адам Ева болон тэрслүү тэнгэрийн элчүүдийн тухай түүхээс ямар хоёр сургамж авч болох вэ? б) Сатан хэр нөлөөтэйг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

8 Адам Ева болон тэрслүү тэнгэрийн элчүүдийн жишээнээс хоёр чухал сургамж авч болно. Нэгд, бидний өмнө хоёр л сонголт байгаа. Нэг бол Еховад үнэнч байх, үгүй бол Сатаны талд орох (Мат. 7:13). Хоёрт, Сатантай нийлсний ашиг тун өчүүхэн. Жишээ нь Адам Ева хоёр сайн муугийн хэм хэмжээг өөрсдөө тогтоох болсон. Бас чөтгөрүүд хүний засгийн газруудыг захирах тодорхой хэмжээний эрх мэдэлтэй болсон (Эх. 3:22). Гэлээ ч Сатаны тавьж буй ашигтай гэмээр саналыг хүлээж авбал дандаа хохирол амсдаг. Тэгэхээр үнэн хэрэгтээ ашиг тус огт байхгүй гэсэн үг (Иов 21:7–17; Гал. 6:7, 8).

9 Сатан хэр нөлөөтэйг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ? Эрх баригчдын талаар зөв үзэлтэй байна. Дэлгэрүүлэх ажилд оролцох ирмүүн хүсэлтэй болно. Еховагийн үйлчлэгч бид төр засгийг хүндлэх ёстой (1 Петр 2:17). Мөн Бурхны тогтоосон хэм хэмжээтэй зөрчилдөхгүй л бол тэдний хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй (Ром 13:1–4). Гэхдээ улс төрийн нам эвсэл, удирдагчийн нэгийг нөгөөгөөс нь илүү гэж үзэлгүй төвийг сахих учиртай (Ёох. 17:15, 16; 18:36). Сатан Еховагийн нэр хүндийг унагахын тулд юу хийдгийг бид мэддэг учраас Бурхныхаа тухай үнэнийг бусдад заах хүсэл улам бүр оргилдог. Еховагийн нэрийг хэлж таниулан, нэрээр нь дуудуулдгаараа бахархдаг. Мөнгөнд эсвэл эд юманд дурлахын оронд Бурхныг хайрлах нь юунаас ч илүү чухал шүү дээ (Ис. 43:10; 1 Тим. 6:6–10).

САТАН ХҮМҮҮСТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

10-12. а) Сатан тэнгэрийн элчүүдийг хэрхэн урхиндаа оруулсан бэ? б) Буруу замаар орсон тэнгэрийн элчүүдээс ямар сургамж авах вэ?

10 Сатан хүмүүст нөлөөлөхийн тулд үр дүнтэй олон арга хэрэглэдэг. Жишээлбэл хүмүүсийг аргандаа оруулах зорилгоор өгөөш тавьдаг. Бас айлган сүрдүүлж байгаад захирах гэж оролддог.

11 Сатан олон тэнгэрийн элчийг урхиндаа оруулах гэж өгөөшийг хэрхэн үр дүнтэй ашигласныг бодоод үзье. Эгнээндээ элсүүлэхийн тулд тэднийг тодорхой хугацаагаар судалсан байж таарна. Зарим нь Сатаны тавьсан өгөөшийг үмхэж, эмэгтэйчүүдтэй садарлан самуурсан. Тэдний дундаас төрсөн эрлийз хүүхдүүд хүн төрөлхтнийг дарангуйлан захирах болжээ (Эх. 6:1–4). Сатан үнэнч бус тэнгэрийн элчүүдийг садар самуун явдлаар урхидаад зогсоогүй, хүн төрөлхтнийг захирах эрх мэдэл амласан байх. Ийнхүү «эмэгтэйн үр хүүхдийн» тухай зөгнөл биелэхэд саад болохыг оролдсон байж болох юм (Эх. 3:15). Ямар ч байсан Ехова үер буулгаж Сатан болон тэрслүү тэнгэрийн элчүүдийн хамаг төлөвлөгөөг нураасан.

Сатан садар самуун, бардам зан, ид шидийг өгөөш болгодог (12, 13-р догол мөрийг үзээрэй)

12 Энэ явдал ямар сургамжтай вэ? Садар самуун явдлын урхи болон аминч үзлийн аюулыг дутуу үнэлж болохгүй. Сатантай нийлсэн тэнгэрийн элчүүд Бурхантай хамт олон зуун жилийг өнгөрөөсөн. Тийм сайхан орчинд байсан хэр нь муу юм хүсэж, түүнийгээ улам дэвэргэсэн. Бурхны байгууллагын дэлхий дэх хэсэгт хэдэн арван жил үйлчилсэн хүн бидний дунд олон. Тийм сайхан орчинд байдаг хэдий ч бузар булай юм хүсэх амархан (1 Кор. 10:12). Зүрхээ байнга шалгаж, ёс журамгүй юм бодохгүй байж, бардам зангаа дарж байх нь амин чухал! (Гал. 5:26; Колосай 3:5-ыг уншина).

13. Сатаны хэрэглэдэг үр дүнтэй өөр нэг өгөөш юу вэ? Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?

13 Ер нь хүн ид шид, ер бусын хүчийг сонирхох хандлагатай байдаг. Сатан хуурамч шашныг төдийгүй үзэж харах, уншиж сонсох зүйлийг ашиглан хүний сониуч занг хөдөлгөдөг. Кино, электрон тоглоом гэх мэтийн зугаацаж цэнгэх хэрэгслийг ашиглан буг чөтгөрийг сонирхол татам болгож харагдуулдаг. Энэ урхинд орохгүйн тулд яах вэ? Юу үзэж болох, болохгүйг бичсэн жагсаалтыг Бурхны байгууллага гаргаж өгөхгүй нь ойлгомжтой. Бид Еховагийн зарчимд нийцүүлж зөв шийдвэр гаргадаг байхын тулд дор бүрнээ мөс чанараа сургах шаардлагатай (Евр. 5:14). Түүнчлэн Бурхныг «хоёр нүүр гаргалгүй хайрладаг» бол зөв шийдвэр гаргана (Ром 12:9). Кино, ном зохиол, тоглоом гэх мэтийг сонгохдоо «Би хоёр нүүр гаргаж байгаа юм биш биз? Суралцагч эсвэл давтан уулздаг хүмүүс миний сонгосныг харвал заадаг зарчмаа баримталдаг гэж бодох уу?» гэж өөрөөсөө асууцгаая. Ам ажил зөрдөггүй бол Сатаны урхинд орох нь бага байна (1 Ёох. 3:18).

Засгийн газрын хориг, ангийнхны дарамт шахалт, гэр бүлийн эсэргүүцлийн цаана Сатан байдаг (14-р догол мөрийг үзээрэй)

14. Сатан биднийг хэрхэн айлгаж магадгүй вэ? Сатаны эсрэг бат зогсохын тулд яах нь зүйтэй вэ?

14 Сатан биднийг Еховагаас урвуулахын тулд өгөөш хэрэглэхээс гадна айлган сүрдүүлэхийг оролддог. Жишээ нь засгийн газарт нөлөөлөн манай байгууллагын үйл ажиллагааг хориулж чадна. Эсвэл Библийн зарчмын дагуу амьдрах гэхэд ажлынхан, ангийн хүүхдүүдээр шоолуулж мэднэ (1 Петр 4:4). Цуглаанд явах гэхэд сайхан сэтгэлтэй гэр бүлийнхнээр маань саад хийлгэж ч магадгүй (Мат. 10:36). Сатаны эсрэг бат зогсохын тулд яах нь зүйтэй вэ? Нэгд, довтлоход нь гайхах хэрэггүй. Учир нь Сатан бидэнтэй дайтаж байгаа (Илч. 2:10; 12:17). Хоёрт, илүү чухал асуудлыг санах хэрэгтэй. Таатай үедээ л Еховад үйлчлээд, бэрхшээл тулгарвал нүүр буруулна гэж Сатан биднийг гүтгэсэн шүү дээ (Иов 1:9–11; 2:4, 5). Гуравт, цаг ямагт Еховад найдан хүч тэнхээ өгөөч гэж залбирч байх нь чухал. Ехова биднийг хэзээ ч орхихгүйг бүү мартаарай (Евр. 13:5).

САТАН ЮУ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ВЭ?

15. Хүсээгүй юмыг маань Сатан хүчээр хийлгэж чадах уу? Тайлбарлана уу.

15 Хүмүүсийн хүсээгүй зүйлийг Сатан хүчээр хийлгэж чадахгүй (Яак. 1:14). Өнөөдөр олон хүн Сатаны талд байгаагаа мэддэггүй. Харин үнэнийг мэдсэнийхээ дараа хэнд үйлчлэхээ өөрсдөө шийддэг (Үйлс 3:17; 17:30). Бурхны талд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн хүнийг Сатан яаж ч хичээгээд урвуулж чадахгүй (Иов 2:3; 27:5).

16, 17. а) Сатан болон чөтгөрүүд юу хийж чадахгүй вэ? б) Еховад чанга залбирахаас яагаад айх хэрэггүй вэ?

16 Сатан болон чөтгөрүүдийн хийж чадахгүй өөр юм бий. Жишээлбэл, хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаанд юу байгааг хардаг гэж Библийн аль ч номонд байдаггүй. Зөвхөн Ехова Есүс хоёр ийм чадвартай (1 Сам. 16:7; Марк 2:8). Тэгвэл ярих юм уу чанга залбирахад яадаг вэ? Диавол болон чөтгөрүүд залбирахыг маань сонсоод саад хийнэ гэж айх хэрэгтэй юү? Хэрэггүй. Бид, Диавол харчихна гээд Еховад үйлчлэхээсээ айдаггүй биз дээ? Үүн шиг, Диавол сонсчихно гээд чанга залбирахаас айх хэрэггүй. Бурхны үйлчлэгчид чанга залбирч байсан талаар Библид олон удаа бичсэн байдаг. Диавол сонсоно гэж айсан тухай огт байдаггүй шүү дээ (Х.дээд 8:22, 23; Ёох. 11:41, 42; Үйлс 4:23, 24). Та Еховагийн хүслийн дагуу хэлж, хийх гэж чадлаараа хичээдэг үү? Тэгдэг бол таныг үүрд хохироохыг Ехова Сатанд хэзээ ч зөвшөөрөхгүй гэдэгт итгээрэй (Дуулал 34:7-г уншина).

17 Бид дайснаа мэдэх хэрэгтэй ч түүнээс айх шаардлагагүй. Еховагийн дэмжлэгийг авбал төгс бус хүн ч Сатаныг ялж чадна (1 Ёох. 2:14). Хэрэв бид Диаволыг эсэргүүцвэл Диавол биднээс зайлна (Яак. 4:7; 1 Петр 5:9). Сатан өсвөр насны охид хөвгүүдийг онцгойлон онилдог бололтой. Тэгвэл түүний довтолгоог сөрөн зогсохын тулд охид хөвгүүд яах шаардлагатай вэ? Дараагийн өгүүлэлд энэ асуултын хариу бий.

^ д/м 2 Зарим тэнгэрийн элч оноосон нэртэйг Библиэс мэдэж болно (Шүү. 13:18; Дан. 8:16; Лук 1:19; Илч. 12:7). Ехова од бүрд нэр өгсөн учраас (Дуу. 147:4) үл үзэгдэх хөвгүүддээ бүгдэд нь, тухайлбал Сатан болсон тэнгэрийн элчид ч нэр хайрласан гэж дүгнэх нь зүйд нийцнэ.

^ д/м 3 Сатан гэдэг үг Еврей Сударт ердөө 18 удаа, харин Грек Сударт 30 гаруй удаа гардаг.