Skip to content

Гарчиг руу орох

«Харснаараа шүүдгээ больцгоо»

«Харснаараа шүүдгээ больцгоо»

«Харснаараа шүүдгээ больцгоо. Үнэн мөнөөр нь л шүүцгээ» (ЁОХ. 7:24).

ДУУ: 54, 43

1. Исаиа Есүсийн талаар юу гэж зөгнөсөн бэ? Энэ нь яагаад сэтгэл сэргээдэг вэ?

ЕСҮС ХРИСТИЙН тухай Исаиагийн зөгнөл сэтгэл сэргээж, итгэл найдвар төрүүлдэг. Исаиагийн зөгнөснөөр, Есүс «Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй» бөгөөд «үнэн зөвөөр ядуусыг шүүнэ» (Ис. 11:3, 4). Энэ зөгнөл яагаад сэтгэл сэргээдэг вэ? Дэлхий ертөнц гадуурхал, алагчлах үзлийн далайд живж байгаа учир бид бүгдээрээ төгс Шүүгчийг хүсэн хүлээдэг. Тэр Шүүгч хэнийг ч өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй!

2. Есүс юу гэж тушаасан бэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Бид өдөр бүр бусдыг дүгнэдэг. Харамсалтай нь төгс бусын гайгаар нүдэндээ үзэгдсэнээр дүгнэх гээд байдаг. Тийм учраас төгс Шүүгч Есүстэй адилгүй. Есүс: «Харснаараа шүүдгээ больцгоо. Үнэн мөнөөр нь л шүүцгээ» гэж тушаасан (Ёох. 7:24). Тэгэхээр биднийг өөрийг нь дуурайгаасай, хүнийг гаднаас нь хараад бүү дүгнээсэй гэж хүсдэг ажээ. Хүн бусдыг дүгнэхдээ яс үндэс, эд хөрөнгө, нас сүүдрийг нь харгалзан үзэх хандлагатай байдаг. Бидний үзэл бодолд нөлөөлдөг энэ гурван зүйлийг нэг нэгээр нь ярилцангаа «Харснаараа шүүдгээ больцгоо» хэмээсэн Есүсийн тушаалыг хэрхэн биелүүлэхийг дэлгэрэнгүй авч үзье.

ЯС ҮНДЭС

3, 4. а) Харь үндэстнүүдийн талаарх үзэл бодлоо өөрчлөхөд нь элч Петрт ямар үйл явдал нөлөөлсөн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Петр юу ойлгосон бэ?

3 Элч Петр Цезариад байдаг харь үндэстэн Корнелын гэрт очих болжээ. Тэр үедээ юу эсийг бодсон бол оо (Үйлс 10:17–29). Харь үндэстнүүдийг бузар хэмээдэг үзэл тухайн үеийн иудейчүүдэд нэвт шингэсэн байв. Петр тэдний л нэг байсан. Гэтэл үзэл бодлоо өөрчлөхөд хүргэсэн хачин жигтэй явдал дөнгөж саяхан болоод өнгөрөв. Тухайлбал, Бурхан түүнд гайхамшгаар үзэгдэл үзүүлсэн (Үйлс 10:9–16). Бузар амьтдаар дүүрсэн бүтээлэг мэт зүйл тэнгэрээс бууж ирэхийг Петр үзжээ. Дараа нь нэгэн дуу гарч «Петр ээ, бос. Нядлаад ид!» гэв. Петр эрс татгалзсан. Тэгэхэд нөгөө дуу: «Бурхны ариусгасан юмыг бузар гэхээ боль» гэжээ. Чухам юу хэлэх гэснийг нь ойлгож ядан байтал Корнелын илгээсэн хүмүүс хүрч ирэв. Бурхны агуу хүчний удирдлагаар Петр тэр хүмүүстэй хамт Корнелынх руу явжээ.

4 Петр зөвхөн харснаараа л шүүсэн бол Корнелынд хэзээ ч очихгүй байх байв. Иудейчүүд харь үндэстнүүдийн гэрт ордоггүй байжээ. Петр тийм ягшмал үзэлтэй байсан атлаа яагаад Корнелын гэрт орсон бэ? Үзсэн үзэгдэл нь хүчтэй нөлөөлсөн бөгөөд Бурхны агуу хүч үзэл бодлыг нь өөрчилжээ. Тэрээр Корнелын ярихыг сонсоод сэтгэл нь хөдөлж «Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг юм байна гэдгийг би одоо үнэхээр сайн ойлголоо» хэмээн Бурхны агуу хүчээр удирдуулан хэлдэг (Үйлс 10:34, 35). Петрийн хувьд энэ нь цоо шинэ ойлголт байлаа! Энэ ойлголт Христийн бүх дагалдагчид нөлөөлөх учиртай. Яаж?

5. a) Ехова бидэнд өөрийнхөө талаар юу ойлгуулсан бэ? б) Бид Бурхны тухай үнэнийг мэддэг ч ямар үзлээсээ салаагүй байж мэдэх вэ?

5 Ехова алаг үздэггүй гэдгээ Петрээр дамжуулан бидэнд ойлгуулсан. Тэрээр хэнийг ч арьсны өнгө, яс үндэс, хэл соёлоор нь ялгаварладаггүй. Өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг ямар ч хүнийг хүлээж авдаг (Гал. 3:26–28; Илч. 7:9, 10). Та үүнийг мэддэг байх. Гэхдээ бусдыг ялгаварладаг гэр бүл, нутаг оронд төрж өссөн бол яах вэ? Та өөрийгөө алагчлах үзэлгүй гэж боддог ч ийм үзэл сэтгэлд тань нуугдаж байж болох юм. Бурхан хэнийг ч ялгаварладаггүй гэдгийг бусдад ойлгуулсан Петр ч алагчлах үзлээсээ ангижирч чадахгүй байсан шүү дээ (Гал. 2:11–14). Тэгвэл «Харснаараа шүүдгээ больцгоо» гэсэн Есүсийн тушаалыг хэрхэн биелүүлэх вэ?

6. а) Сэтгэлийн угт нуугдсан алагчлах үзлийг үндсээр нь тасдан хаяхын тулд яах хэрэгтэй вэ? б) Нэг ахлагчаас ирсэн тайлан мэдээнээс юу харагдаж байна вэ?

6 Бид Бурхны Үг хэмээх гэрлийг өөр лүүгээ тусгаж, алагчлах үзэл нуугдаж байгаа эсэхийг мэдэж авах хэрэгтэй (Дуу. 119:105). Бас ийм хандлага гаргадаг эсэхээ найзаасаа асууж болно. Хүн өөрийгөө мэддэггүй шүү дээ (Гал. 2:11, 14). Ийм хандлага сэтгэлийн угт нуугдаж байдаг учраас өөрөө ч мэдэлгүй бусдыг ялгаварладаг байж мэднэ. Жишээ авъя. Нэг ахлагч салбар луу явуулсан тайлан мэдээндээ бүрэн цагаар идэвхтэй үйлчилдэг эхнэр нөхөр хоёрын талаар бичжээ. Нөхөр нь дорд үзэгддэг үндэстнээс гаралтай ажээ. Ахлагч тэр үндэстнийг өөрөө ч бас дорд үздэгээ анзаараагүй бололтой. Нөхрийнх нь талаар олон сайхан зүйлийг бичсэн боловч дүгнэхдээ «Хэдийгээр [ийм үндэстэн] ч гэсэн биеэ авч явах байдал, амьдралын хэв маягаараа [ийм үндэстнүүд] заавал бохир заваан, ядуу дорд байх албагүй гэдгийг олон хүнд ойлгуулж байна» гэжээ. Эндээс ямар сургамж авах вэ? Бид хариуцлагатай ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай, өөрсдийгөө сайтар шалгаж, тусламжийг дуртайяа авах хэрэгтэй. Тэгвэл алагчлах үзлийн ул мөр сэтгэлийн угт байгаа эсэхийг мэдэж чадна. Өөр яах хэрэгтэй вэ?

7. Зүрхээ хэрхэн «өргөнөөр нээх» вэ?

7 «Зүрхээ өргөнөөр нээвэл» бусдыг ялгаварлан гадуурхахын оронд хайрладаг болно (2 Кор. 6:11–13, зүүлт). Та яс үндэс, овог аймаг, хэл соёл нэгтэй хүмүүстэй л нийлж нөхөрлөдөг үү? Тийм бол яс үндэс, хэл соёлоороо ялгаатай хүмүүстэй нөхөрлөхийг хичээгээрэй. Хамт дэлгэрүүлж, хоолонд эсвэл үдэшлэгт урьж болно шүү дээ (Үйлс 16:14, 15). Ингэвэл таны зүрх хайраар бялхаж, алагчлах үзлийг багтаах зайгүй болно. Бусдыг харснаараа шүүчих гээд байдаг өөр аюул бий. Эд хөрөнгийн талаар ярилцъя.

ЭД ХӨРӨНГӨ

8. Левит 19:15-д бичсэнээр бид баячууд, ядуучуудад хэрхэн хандаж мэдэх вэ?

8 Эд хөрөнгө бол бусдыг дүгнэхэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл юм. Левит 19:15-д «Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигонолгүй, харин хөршөө шударгаар шүү» гэж байдаг. Тухайн хүний баян ядуу байх нь бидний үзэл бодолд хэрхэн нөлөөлөх вэ?

9. Соломон ямар гашуун үнэнийг бичсэн бэ? Бид ямар сургамж авах вэ?

9 Соломон хаан Бурхны агуу хүчээр удирдуулан төгс бус хүмүүсийн тухай гашуун үнэнийг бичжээ. Сургаалт үгс 14:20-д «Ядуу хүнээс хөрш нь хүртэл зугтдаг бол баян хүнд олон найз нөхөд байдаг» гэж бий. Эндээс юу ойлгож болох вэ? Сэрэмжтэй байхгүй бол баян чинээлэг Гэрчүүдтэй нөхөрлөж, ядуу итгэл нэгтнүүдээсээ зугтдаг болж мэднэ. Хүнийг зөвхөн эд хөрөнгөөр нь дүгнэвэл аюултай. Яагаад?

10. Яаков ямар аюулаас сэрэмжлүүлсэн бэ?

10 Бусдыг хөрөнгө чинээгээр нь дүгнэдэг бол хуралд ангийн ялгаа бий болж болзошгүй. Ийм асуудлаас болоод нэгдүгээр зууны зарим хуралд талцан хуваагдах явдал гарсныг Есүсийн шавь Яаков анхааруулжээ (Яаков 2:1–4-ийг уншина). Ийм үзэл бодол хуралд нөлөөлөх аюул байдаг тул бид болгоомжтой байх ёстой. Бусдыг хөрөнгийнх нь хэмжээгээр дүгнэхгүйн тулд яах вэ?

11. Хүнийг хөрөнгө чинээгээр нь Еховатай дотно эсэхийг тодорхойлж болох уу? Тайлбарлана уу.

11 Бид ах дүүгээ Еховагийн хардгаар хардаг байх ёстой. Ехова хүнийг баян эсвэл ядуу учраас хайрладаг юм биш ээ. Эд хөрөнгөтэй байна уу, дутуу гацуу байна уу гэдгээр Еховатай дотно эсэхийг тодорхойлох аргагүй. Есүс: «Баян хүн тэнгэрийн Хаант төрд орох амаргүй» гэж хэлсэн болохоос «боломжгүй» гэж хэлээгүй (Мат. 19:23). Нөгөө талаар, «Ядуус та нар жаргалтай. Учир нь Бурхны Хаант төр та нарынх юм» гэж хэлсэн (Лук 6:20). Гэхдээ ядуу хүмүүс бүгдээрээ сургаалыг нь сонсоно, ивээл хүртэнэ гэсэн үг биш юм. Есүсийг дагаагүй ядуус тэр үед олон байсан. Тэгвэл гол санаа нь юу вэ? Хүнийг хөрөнгө чинээгээр нь Еховатай дотно эсэхийг тодорхойлж болохгүй л гэсэн үг.

12. Библид баян ядуу хүмүүст зориулсан ямар зөвлөгөө байдаг вэ?

12 Еховагийн ард түмний дунд баян ч хүн бий, ядуу ч хүн бий. Тэд бүгдээрээ Еховаг бүхий л зүрхээрээ хайрлаж, идэвх зүтгэлтэй үйлчилдэг. «Устаж үгүй болдог эд баялагт бус, ... Бурханд найд» хэмээсэн зөвлөгөө баян хүмүүст хамаатай (1 Тимот 6:17–19-ийг уншина). Мөн үүний зэрэгцээ мөнгийг хайрлахаас болгоомжил гэсэн зөвлөгөө баян ядуу гэлтгүй, Бурхны бүх үйлчлэгчид хамаатай (1 Тим. 6:9, 10). Хэрэв бид ах дүүдээ Еховагийн үзэл бодлоор ханддаг бол тэр хүнд юу байна, юу байхгүй гэдгээр дүгнэхгүй. Тэгвэл хүнийг нас сүүдрээр нь дүгнэх тухайд юу хэлж болох вэ? Ингэх нь зөв үү?

НАС СҮҮДЭР

13. Библид бичсэнээр бид настай хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?

13 Настай хүмүүсийг зохих ёсоор хүндэлж байхыг Библид олон удаа дурдсан байдаг. Левит 19:32-т «Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл» гэж бичжээ. Бас Сургаалт үгс 16:31-д «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» гэжээ. Паул Тимотод «Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин түүнийг эцэг шигээ [үз]» гэж зөвлөсөн (1 Тим. 5:1, 2). Тимот настай эрчүүдийг захирах тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байсан ч өрөвдөж, хүндэлж харьцаж бай гэсэн зөвлөгөө авчээ.

14. Ямар үед насаар ах хүнд зөвлөгөө өгөх, сахилгын арга хэмжээ авахаас эмээх учиргүй вэ?

14 Тэгвэл настай итгэл нэгтэн маань санаатайгаар нүгэл үйлдэх юм уу Еховад таалагдахгүй юмыг хөхүүлэн дэмжвэл яах вэ? Өндөр настай, хүндэтгэл хүлээдэг байлаа ч санаатайгаар нүгэл үйлдсэн бол Ехова зүгээр өнгөрөөхгүй. Исаиа 65:20-д байдаг зарчмыг анхаараарай. Тэнд «Зуу нас хүрээгүй нэгнийг [«Нүгэлтэн зуун настай байлаа ч түүнийг», ШЕ] хараагдсан хүн гэж тооцох болно» гэж бичсэн байна. Езекиелийн үзэгдэлд үүнтэй төстэй зарчмыг бичжээ (Езе. 9:5–7). Тэгэхээр, Эртний Нэгэн Еховаг хүндэтгэх нь хамгийн чухал юм (Дан. 7:9, 10, 13, 14). Ехова Бурхныг хүндэтгэдэг бол насаар ах хүнд ч зөвлөгөө өгөхөөс эмээхгүй (Гал. 6:1).

Та насаар дүү итгэл нэгтнүүдээ хүндэлдэг үү? (15-р догол мөрийг үзээрэй)

15. Насаар дүү итгэл нэгтнүүдээ хүндлэх талаар элч Паулаас юу сурч болох вэ?

15 Тэгвэл насаар дүү хүнд хэрхэн хандах ёстой вэ? Хүндлэх хэрэггүй юү? Үгүй. Элч Паул Тимотод «Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи үнэнч хүмүүст үг яриа, зан байдал, хайр, итгэл, цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол» гэж бичжээ (1 Тим. 4:12). Үүнийг бичих үед Тимот 30 гарч явсан бололтой. Гэлээ ч Паул түүнд туйлын хариуцлагатай үүрэг даалгасан. Эндээс юу ойлгож болох вэ? Итгэл нэгтнээ насаар дүү гэж басах учиргүй. Түүнээс гадна Эзэн Есүсийнхээ тухай бодъё. Тэрээр дэлхий дээр байхдаа олон чухал ажлыг амжуулсан билээ. Тэр үед дөнгөж 30 гарч явсан шүү дээ.

16, 17. а) Гэрч эрэгтэйг туслах үйлчлэгч юм уу ахлагчид нэр дэвшүүлэх эсэхээ ахлагчид юунд үндэслэн шийдэх вэ? б) Ахлагч хүн өөрийнхөө үзэл бодол, нутгийн ёс заншлыг дагавал юу болох вэ? Жишээ хэлнэ үү.

16 Насаар дүү хүнийг үл хүндлэх хандлага зарим оронд байдаг. Үүний улмаас ахлагчид шаардлага хангасан залуу эрчүүдийг ахлагч, туслах үйлчлэгчид нэр дэвшүүлэхээс цааргалах нь бий. Библид туслах үйлчлэгч, ахлагч болох насыг нарийн заагаагүйг ахлагчид бүгдээрээ санах нь зүйтэй (1 Тим. 3:1–10, 12, 13; Тит 1:5–9). Хэрэв ахлагч хүн уламжлал, ёс заншлаа үндэс болгон дүрэм зохиодог бол Бурхны Үгийг баримталдаггүй гэсэн үг. Залуу эрчүүдийг өөрийнхөө үзэл бодол юм уу нутгийнхаа ёс заншлаар бус, харин Бурхны Үгэнд байдаг хэм хэмжээний дагуу дүгнэх учиртай (2 Тим. 3:16, 17).

17 Хэрэв ахлагчид Библийн хэм хэмжээг баримтлахын оронд уламжлалаа дагадаг бол шаардлага хангасан эрчүүдийг туслах үйлчлэгч, ахлагч болоход нь чөдөр тушаа болно. Нэг улсад болсон явдлыг жишээ болгон авъя. Ахлагчид үүрэг даалгавраа сайн биелүүлдэг туслах үйлчлэгч залууг ахлагч болох шаардлага хангасан гэж үзсэн ч нэрийг нь дэвшүүлээгүй ажээ. Учир нь ахлагч байхад дэндүү залуудна гэж настай зарим ахлагч үзсэн байна. Залуу гэдгээр нь шалтаглан ахлагч болгоогүй нь харамсалтай. Энэ бол ганц л жишээ. Дэлхийн олон оронд иймэрхүү үзэл бодол түгээмэл байдаг нь тайлан мэдээнээс харагддаг. Үзэл бодол, улс орныхоо соёл, ёс заншлыг дагахын оронд Библид найдах нь туйлын чухал! Энэ бол харснаараа бусдыг шүүхээ боль гэсэн Есүсийн тушаалыг биелүүлэх цорын ганц арга юм.

ҮНЭН МӨНӨӨР НЬ ШҮҮ

18, 19. Хэнийг ч алаг үздэггүй Бурхнаа дуурайя гэвэл яах хэрэгтэй вэ?

18 Бид төгс бус хэдий ч, хэнийг ч алаг үздэггүй Бурхнаа дуурайх боломжтой (Үйлс 10:34, 35). Үүний тулд байнга хүчин чармайлт гаргаж, Бурхны Үгэнд байдаг сануулгыг цаг ямагт анхаарч байх хэрэгтэй. Тэгдэг бол «Харснаараа шүүдгээ больцгоо» гэсэн Есүсийн тушаалыг биелүүлж сурна (Ёох. 7:24).

19 Хаан Есүс Христ удахгүй бүх хүнийг шүүнэ. Гэхдээ нүдэндээ харагдаж, чихэндээ сонсогдсоноор биш, харин үнэн мөнөөр нь шүүнэ (Ис. 11:3, 4). Ямар сайхан бэ!