Skip to content

Гарчиг руу орох

Тэвчээр—Зорилготойгоор тэсвэрлэх чадвар

Тэвчээр—Зорилготойгоор тэсвэрлэх чадвар

«ЭЦСИЙН өдрүүдэд» амьдрал улам хэцүү болж байгаа учир Еховагийн үйлчлэгчид урьдынхаасаа ч илүү тэвчээртэй байх хэрэгтэй (2 Тим. 3:1–5). Бидний эргэн тойронд амин хувиа л боддог, хэрүүл маргаан хийх дуртай, өөрийгөө хянах чадваргүй хүн олон байна. Ийм зан авиртай хүмүүс тэвчээргүй байдаг. Тиймд бид дор бүрнээ «Би эргэн тойрныхоо хүмүүс шиг тэвчээргүй загнадаг юм биш биз? Тэвчээртэй хүн ямар байдаг вэ? Яавал тэвчээртэй болох вэ?» гэж бодох хэрэгтэй.

ТЭВЧЭЭР ГЭЖ ЮУ ВЭ?

Библид гардаг «тэвчээр» гэдэг үг зовлон бэрхшээлийг хүлцэн тэсвэрлэх гэдгээс илүү өргөн утгатай. Тэвчээртэй хүн зорилгоо санаад бэрхшээлийг даван туулдаг. Өөрөөр хэлбэл бүх юм сайхан болно гэж найдаад тэвчдэг. Ийм хүн амин хувиа боддоггүй. Харин бусдад, тэр бүү хэл дургүйг нь хүргэсэн эсвэл өөдгүй зан гаргасан хүнд ч санаа тавьдаг. Муудалцсан хүнтэйгээ эвлэрнэ, харьцаа маань сайжирна гэж найддаг. Учир нь Библид тэвчээрийг хайраас үүдэлтэй гэж бичсэн байдаг * (1 Кор. 13:4). «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарын» тоонд «тэвчээр» ордог (Гал. 5:22, 23). Тэгвэл тэвчээртэй болохын тулд яах вэ?

ЯАВАЛ ТЭВЧЭЭРТЭЙ БОЛОХ ВЭ?

Тэвчээртэй болохын тулд Ехова Бурхнаас агуу хүчийг нь гуйж залбирах хэрэгтэй (Лук 11:13). Ехова өөрт нь итгэж найддаг хүмүүст агуу хүчээ өгдөг. Гэхдээ Бурхан агуу хүчээ өгнө гээд зүгээр сууж болохгүй. Залбирлынхаа дагуу үйлдэх хэрэгтэй (Дуу. 86:10, 11). Энэ нь юу гэсэн үг вэ? Тэвчээртэй болъё гэсэн зорилгоо биелүүлэхийн тулд өдөр бүр тэвчинэ гэсэн үг. Үүгээр бүх юм дуусахгүй. Өөр яах хэрэгтэй вэ?

Есүсийн үлдээсэн төгс жишээг судалж, даган дуурайгаад байвал тэвчээртэй болно. Элч Паул «шинэ хүний» тухай бичихдээ «тэвчээрийг» дурдсан бөгөөд «Христийн амар тайван зүрх сэтгэлийг тань эзэмдэг» хэмээжээ (Кол. 3:10, 12, 15). Сэтгэл зовох юмгүй амар тайван байя гэвэл Есүсийг дуурайх хэрэгтэй. Бурхан тухайн асуудлыг цаг нь болохоор шийднэ гэдэгт Есүс бат итгэдэг байсан. Бид бас тийм итгэлтэй бол эргэн тойронд юу ч болж байсан тэвчсээр байна (Ёох. 14:27; 16:33).

Бид Бурхны амласан шинэ ертөнцийг аль болох хурдан үзэх сэн гэж яардаг. Тэвчээртэй хүлээхийн тулд Ехова бидэнд яаж тэвчээртэй ханддагийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. «Зарим хүний боддог шиг Ехова амласнаа биелүүлэх гэж уддаггүй. Харин ч та нарт тэвчээртэй ханддаг. Учир нь тэр хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг билээ» гэж Бурхны Үгэнд бичжээ (2 Петр 3:9). Ехова бидэнд тэвчээртэй ханддагийг эргэцүүлэн бодохоор бусдад тэвчээртэй хандах хүсэл төрнө биз дээ? (Ром 2:4). Үүнийг санангаа, тэвчих шаардлагатай ямар үе байдгийг бодъё.

ЯМАР ҮЕД ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тэвчих шаардлагатай олон асуудал өдөр бүр тулгардаг. Жишээ нь маш чухал юм хэлмээр байсан ч бусдын яриаг таслахгүйн тулд тэвчихээс өөр аргагүй (Яак. 1:19). Бас тухайн хүний зуршил болсон зүйлийг хараад цухалддаг бол тэвчих шаардлагатай. Итгэл нэгтнийхээ зуршлыг хэт их анхаарахын оронд Ехова Есүс хоёр яадгийг бодох нь зүйтэй. Тэд бидний дутагдлыг голлон анхаардаггүй. Харин сайн талыг маань анхаарч, дутагдлаа засахыг тэвчээртэй хүлээж байдаг (1 Тим. 1:16; 1 Петр 3:12).

Бидний тэвчээрийг шалгасан өөр нэг юм бий. Бурууг нь хэлсэн хүнд ихэнх хүн амархан гомдох юм уу өөрийгөө өмөөрдөг. Харин Бурхны Үгэнд «Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу. Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго» гэсэн зөвлөгөө бий (Ном. 7:8, 9). Тэгэхээр ямар ч үндэслэлгүй буруутгагдлаа гэхэд тэвчээртэй байгаарай. Хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодоорой. Есүс бас тэгсэн (Мат. 11:19).

Эцэг эхчүүдэд тэвчээр бүр ч их хэрэгтэй. Ялангуяа хүүхдийнх нь хандлага, хүсэл сонирхол буруу тийшээ эргэж байгааг анзаарвал тэвчээртэйгээр засах хэрэгтэй. Нэг жишээ авъя. Скандинавын бетелчин Маттиас дунд сургуульд байхдаа итгэл үнэмшлээсээ болоод олны доог тохуу болдог байжээ. Үүнийг эцэг эх нь эхэндээ мэддэггүй байв. Харин хүү нь Бурхны тухай үнэнд эргэлзэж эхлэхэд тэд хэрэг бишидсэнийг ойлгожээ. Маттиасын аав Иллис: «Эхнэр бид хоёрын тэвчээрийг ч шалгасан даа» гэж дурсаж байна. Маттиас: «Бурхан гэж юу вэ? Библи Бурхны Үг биш байвал яах вэ? Бурхан биднийг ингээсэй, тэгээсэй гэж үнэхээр хүсдэгийг яаж мэдэж байгаа юм бэ?» гэх мэтээр асууна. Эсвэл «Тантай адилхан итгэхгүй бол яагаад буруу гэж?» гэх мэтээр ааваасаа асуудаг байв.

Иллис: «Заримдаа хүү маань бид хоёрыг биш, үнэнийг эсэргүүцэж, үнэнээс болоод л амьдрал нь хэцүү болсон юм шиг уурладаг байлаа» хэмээн ярьсан. Иллис энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол? «Хүү бид хоёрт хэдэн цагаар ярилцах үе ч байсан. Би ихэнхдээ сонсож, хүүгийнхээ үзэл бодол, сэтгэлийг сайн ойлгох зорилгоор хааяа асуулт асууна. Заримдаа өөрөөр нь тайлбарлуулахын тулд ганц хоёр өдөр бодох хугацаа өгнө. Тэгээд дараа нь яриагаа үргэлжлүүлдэг байв. Эсвэл хүүгийнхээ үзэл бодлын талаар эргэцүүлж бодоход хэдэн өдөр хэрэгтэй болно. Ийм маягаар тогтмол ярилцсаны дүнд Маттиас маань золиос, Бурхны хэмжээгүй эрх мэдэл, Еховагийн хайр гэх зэргийг бага багаар ойлгож авсан. Цаг хугацаа хэрэгтэй, бэрхшээл их байсан ч хүү маань яваандаа Еховаг хайрладаг болсон. Эхнэр бид хоёр өсвөр насны хүүдээ туслах гэж тэвчээр гаргасны үрээр үнэнийг сэтгэлд нь хоногшуулж чадсандаа баяртай байдаг».

Иллис эхнэртэйгээ хоёулаа Еховад найдахын зэрэгцээ хүүдээ тэвчээртэй тусалжээ. Иллис: «Би Маттиад “Ээж бид хоёр чинь чамд маш их хайртай учраас ойлгохгүй юмыг нь хүүд минь ойлгуулж өгөөч гэж Еховад шаргуу залбирч байгаа” гэж хэлдэг байв» хэмээн дурссан юм. Тэд бууж өгөлгүй тэвчээртэй байсандаа баярлаж явдаг ажээ!

Эдгэршгүй өвчтэй гэрийнхнээ эсвэл найзыгаа асрах болбол тэвчээртэй байх шаардлагатай. Скандинавт амьдардаг Эллений * тухай ярилцъя.

Найман жилийн өмнө Эллений нөхөр хоёр удаа цус харваснаас болоод өрөвдөх, баярлах, гуних мэдрэмжгүй болжээ. Энэ нь Элленд маш хэцүү байдаг ажээ. Тэрээр: «Асар их тэвчиж, байнга залбирах хэрэгтэй байдаг» гээд «Би Филиппой 4:13-т дуртай. “Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна” гэж уншаад тайвширдаг» гэж ярьсан юм. Ехова тусална гэдэгт бүрэн найддаг учраас Эллен энэ зовлонгоо тэвчдэг байна (Дуу. 62:5, 6).

ТЭВЧЭЭРТЭЙ ЕХОВАГ ДУУРАЙ

Тэвчих талаар хамгийн агуу үлгэр дуурайл болдог Нэгэн бол Ехова юм (2 Петр 3:15). Ехова хэрхэн тэвчсэнийг харуулах олон тохиолдлыг Библид бичсэн байдаг (Нех. 9:30; Ис. 30:18). Жишээлбэл Содомыг устгахаар шийдчихээд байхад нь Абрахам энэ шийдвэрийнх нь талаар дахин дахин асуусан. Ехова яасан бэ? Юуны түрүүнд, Абрахамын яриаг таслалгүй, асуулт бүрийг нь тэвчээртэй сонссон. Дараа нь асуусан болгонд нь хариулж, яриаг нь сонсож байгаагаа баталсан. Бас 10-хан зөв шударга хүний төлөө Содом хотыг устгахгүй гэдгээ амласан (Эх. 18:22–33). Тэвчээртэй сонсохын зэрэгцээ уурлахгүй байх талаар Ехова ямар сайхан жишээ үзүүлээ вэ!

Христийн дагалдагч бүр шинэ хүнийг «өмсөх» ёстой. Тэвчээр бол «шинэ хүн» гэгч тэрхүү «хувцасны» нэг чухал хэсэг мөн. Хэрэв бид тэвчээртэй болох гэж хамаг чадлаараа хичээвэл халамжтай, тэвчээртэй тэнгэрийн Эцгээ алдаршуулж, «итгэл, тэвчээрийн ачаар амласныг хүлээж авдаг хүмүүсийн» тоонд орно (Евр. 6:10–12).

^ д/м 4 Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог 9 зан чанарын тухай цуврал өгүүллийн эхнийхээр хайрыг авч үзсэн.

^ д/м 15 Нэрийг өөрчлөв.