Skip to content

Гарчиг руу орох

Бурхны тухай үнэнийг заах нь

Бурхны тухай үнэнийг заах нь

«Өө, ЭЗЭН, ... Таны үгийн нийлбэр нь үнэн» (ДУУ. 119:159, 160).

ДУУ: 34, 145

1, 2. а) Есүс ямар ажлыг голлон анхаардаг байсан бэ? Яагаад? б) Бурхны хамтран зүтгэгч байя гэвэл яах ёстой вэ?

ЕСҮС ХРИСТ мужаан ч, багш ч байсан (Марк 6:3; Ёох. 13:13). Тэрээр ямар ч ажлыг төгс хийдэг хүн байлаа. Янз бүрийн багажаар модон эдлэл хийж сурсан сайн мужаан, бас Судрыг нэвтэрхий мэддэг, энэ мэдлэгээ ашиглан энгийн ардад Бурхны тухай үнэнийг ойлгуулдаг чадварлаг багш байв (Мат. 7:28; Лук 24:32, 45). Есүс 30 насандаа мужааны ажлаа орхиж, багш болсон нь илүү чухал гэж мэддэг учраас тэр юм. Дэлхийд ирсэн нэг шалтгаанаа тайлбарлахдаа: «Би Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг ... тунхаглах ёстой. Үүний төлөө Бурхан намайг илгээсэн» хэмээжээ (Мат. 20:28; Лук 3:23; 4:43). Есүс багшлах ажлыг амьдралынхаа гол зорилго болгосон бөгөөд хүмүүсийг энэ ажилдаа татан оролцуулахыг хүсэж байжээ (Мат. 9:35–38).

2 Бид мужаан байх албагүй ч сайн мэдээг дэлгэрүүлж, шавь бэлдэх учиртай. Бурхан оролцдог учраас энэ ажил үнэхээр чухал юм. Тэгээд ч биднийг «Бурхны хамтран зүтгэгчид» гэдэг (1 Кор. 3:9; 2 Кор. 6:4). Еховагийн «үгийн нийлбэр нь үнэн» гэдгийг бид ойлгосон учраас «үнэний үгийг зөв заагч байхыг» хүсдэг (Дуу. 119:159, 160; 2 Тимот 2:15-ыг уншина, зүүлт). Тиймээс Ехова, Есүс болон Хаант төрийн тухай үнэнийг заах гол багаж болсон Библийг сайн ашигладаг болохыг үргэлж хичээдэг. Дэлгэрүүлэх ажлаа үр өгөөжтэй хийхэд маань туслахын тулд Еховагийн байгууллага хэрэгцээтэй багаж хэрэгслийг нэмж өгсөн. «Заах ажлын багажны хайрцаг»-т байгаа тэр багажнуудыг сайн ашиглаж сурах нь зүйтэй.

3. Бид юуг голлон анхаарах ёстой вэ? Үйлс 13:48-аас юу ойлгож болох вэ?

3 Яагаад «Дэлгэрүүлэх ажлын багажны хайрцаг» гэхийн оронд «Заах ажлын багажны хайрцаг» гэсэн бэ? «Дэлгэрүүлэх» гэдэг нь мэдээ тунхаглах, харин «заах» гэдэг нь тэр мэдээг ой ухаанд шингээж, зүрх сэтгэлд хоногшуулах гэсэн үг. Сэтгэлд хоногшсон зүйлээ л хүн хэрэгжүүлнэ шүү дээ. Төгсгөл хүртэлх ахархан хугацаанд бид Библийн хичээл хийх, Бурхны тухай үнэнийг заах ажлыг голлон анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүсийг шаргуу хайж, Еховад үйлчилдэг болоход нь туслах ёстой (Үйлс 13:44–48-ыг уншина).

4. «Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүнийг хэрхэн олох вэ?

4 «Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүнийг хэрхэн олох вэ? Нэгдүгээр зууны дагалдагчдын хувьд тийм хүнийг олох цорын ганц арга нь дэлгэрүүлэх ажил байв. «Ямар ч хот, тосгонд очсон зохистой хүнийг ол» гэсэн зааврыг Есүс тэдэнд өгсөн (Мат. 10:11). Энэ заавар бидэнд ч хамаатай. Хуурамч, бардам, Бурхныг хайхардаггүй хүн сайн мэдээг сонсохгүй нь мэдээж. Чин сэтгэлтэй, даруу, үнэнийг мэдэхийг үнэхээр их хүсдэг хүмүүсийг л бид хайдаг. Үүнийг Есүсийн хийдэг байсан мужааны ажилтай зүйрлэж болно. Эхлээд тэрээр тохирох модыг хайж олоод, дараа нь багажаа ашиглан, ураа гарган тавилга, хаалга, буулга гэх мэтийг хийдэг байсан биз ээ. Үүнтэй адил, бид эхлээд чин сэтгэлтэй хүмүүсийг хайж олоод, дараа нь тохирох багажийг сайн ашиглан Есүсийн шавь болоход нь туслах учиртай (Мат. 28:19, 20).

5. Бид юуг мэдэх шаардлагатай вэ? Жишээгээр тайлбарлана уу. (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

5 Багаж бүр тодорхой зориулалттай. Есүсийн хэрэглэдэг байсан мужааны багажийг жишээ болгон авъя. Модыг хэмжих, зурж тэмдэглэх, тайрах, өрөмдөх, хэлбэр гаргах, тэгш хазгайг нь шалгах, угсрах зориулалт бүхий багаж хэрэглэдэг байсан байх. Үүнтэй адил, манай «Заах ажлын багажны хайрцаг» доторх багаж бүр тодорхой зориулалттай. Тийм учраас багажнуудаа хэрхэн ашиглахыг мэдэж авцгаая.

ТАНИЛЦУУЛАХ БАГАЖ

6, 7. а) Та нэрийн хуудсыг хэрхэн ашигладаг вэ? б) Цуглааны урилга ямар хоёр зориулалттай вэ?

6 Нэрийн хуудас. Жижигхэн боловч хэрэгтэй багаж юм. Өөрсдийгөө болон вэбсаитаа танилцуулахад тустай. Хүмүүс манай саит руу орохоороо бидний тухай илүү ихийг мэдэж авдаг. Тэр байтугай Библийн хичээл хийх хүсэлт гаргадаг. Одоогийн байдлаар, Библийн хичээл хийе гэсэн 400 000 гаруй хүсэлт jw.org-оор ирсэн. Ер нь өдөрт хэдэн зуун хүн хүсэлт гаргадаг. Та дэлгэрүүлэх боломжийг алдахгүйн тулд нэрийн хуудас авч явж байгаарай.

7 Урилга. Манай цуглааны урилгын нүүрэн талд «Таныг урьж байна. Еховагийн Гэрчүүдтэй Библи судлаарай» гэж бичсэн. Харин дотор талд нь Библи судлах хоёр аргыг бичсэн байгаа. Нэг нь цуглаанд ирэх, нөгөө нь ганцаарчилсан сургалтад хамрагдах юм. Тэгэхээр энэ багаж нь биднийг танилцуулах, бас «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүнд» Библи судлахыг уриалах зориулалттай (Мат. 5:3). Гэхдээ тухайн хүн Библи судлах хүсэлгүй байлаа ч манай цуглаанд ирж болно. Тэд манай цуглаанд ирвэл Библийн тухай өчнөөн их юм мэдэж авч болдгийг ойлгоно.

8. Цуглаанд ядаж ганц удаа ирэхийг уриалах нь хэр чухал бэ? Доголд мөрд гарсан жишээг хэлнэ үү.

8 Цуглаанд ядаж ганц удаа сууж үзэхийг хүмүүст хэлээд л байх нь чухал. Яагаад? Тэд манай цуглаанд ирэхээрээ биднийг бусад шашныхнаас эрс ялгаатайг ойлгоно. Еховагийн Гэрчүүд үнэнийг Библид үндэслэн зааж Бурхантай танилцахад нь тусалдаг байхад, хуурамч шашныхан тийм биш байдаг (Ис. 65:13). Жишээ нь АНУ-д амьдардаг Рэй Линда гэдэг нөхөр эхнэр хоёр хэдэн жилийн өмнө энэ ялгааг олж харжээ. Тэд Бурханд итгэдэг байсан ч Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ойлгоод хотынхоо бүх сүмд очиж эхлэв. Сүм ч олон, шашны урсгал ч олон байлаа. Тиймээс нэгдүгээрт тэр сүмээс юм сурвал, хоёрдугаарт гишүүд нь Бурхны төлөөлөгчид гэмээр хувцасладаг бол байнга явдаг болъё гэж ярилцжээ. Хэдэн жилийн дараа хотын бүх сүмийг дуусгав. Гэвч итгэл найдвар нь талаар болжээ. Тэд юу ч сурсангүй, сүмд явдаг хүмүүс ч Бурхны төлөөлөгчид гэмээр харагдсангүй. Жагсаалтын сүүлд бичсэн сүмд оччихоод Линда ажил руугаа, Рэй гэр лүүгээ явав. Рэй замдаа Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимыг хараад, «Энд ямар хүмүүс ирдгийг харъя» гэж бодов. Маш сайхан сэтгэгдэл төрсөн нь мэдээж! Танхимд байсан хүн болгон халуун дотно, найртай сайхнаар угтан авч байсан бөгөөд аятайхан хувцаслажээ. Рэй урд эгнээнд суугаад олон зүйлийг мэдэж авчээ! Яг л элч Паулын хэлсэн шиг явдал болов. Цуглаанд анх ирсэн хүн: «Бурхан та нарын дунд үнэхээр байдаг юм байна» гэж дуу алдах тухай Паул хэлсэн байдаг шүү дээ (1 Кор. 14:23–25). Түүнээс хойш Рэй эхлээд ням гаргийн цуглаанд тогтмол явдаг болов. Сүүлдээ ажлын өдрийн цуглааныг ч алгасахаа больжээ. Эхнэр Линда нь бас цуглаанд очдог болсон байна. Энэ хос 70 гарсан хэдий ч Библийн хичээл заалган, баптисм хүртжээ.

ЯРИА ЭХЛЭХЭД ТУСТАЙ БАГАЖ

9, 10. а) Танилцуулгыг ашиглан яриа эхлэхэд яагаад амархан байдаг вэ? б) «Бурхны Хаант төр гэж юу вэ?» танилцуулгыг хэрхэн ашиглах вэ?

9 Танилцуулга. Яриа эхлэхэд тустай, хэрэглэхэд хялбар найман танилцуулга бидэнд бий. 2013 оноос гарч эхэлсэн эдгээр танилцуулгыг 5 тэрбум хувь хэвлэжээ! Бүгд ижилхэн загвартай учраас нэг л танилцуулгыг ашиглаад сурчихсан байхад бүгдийг нь ашиглаж болдгоороо онцлог багаж юм. Хүнийг ярианд татан оролцуулахын тулд танилцуулгыг хэрхэн ашиглах вэ?

10 Жишээ нь «Бурхны Хаант төр гэж юу вэ?» танилцуулгыг өгөхдөө нүүрэн талыг үзүүлээд «Бурхны Хаант төр гэж юу вэ?» хэмээн асууна. Дараа нь «Таны бодлоор ...» гэсэн хэсгийн гурван хариултын аль нэгийг сонгуулна. Тэр хүн алийг нь ч сонгосон, танилцуулгын дотор талд байгаа «Библид юу гэж байдаг вэ?» гэсэн хэсгийг үзүүлээд Даниел 2:44, Исаиа 9:6-г уншуулж яриагаа үргэлжлүүлэхийг хичээнэ. Эцэст нь танилцуулгын ар талд байгаа «Бодож үзээрэй» хэсгийн «Бурхны Хаант төр дэлхийг захирахад амьдрал ямар байх бол?» гэсэн асуултын хариуг дараагийн удаа ярилцахаар тохирно. Тэгээд 2 дахь уулзалтын төгсгөлд «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлын 7-р хичээлийг 3 дахь удаа уулзахдаа ярилцахаар тохирно. Уг товхимол нь Библийн хичээл эхлэхэд зориулсан нэг багаж юм.

СОНИРХОЛ ТӨРҮҮЛДЭГ БАГАЖ

11. Манай хоёр сэтгүүлийн зорилго юу вэ? Бид юуг мэдэх шаардлагатай вэ?

11 Сэтгүүл. «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» бол хамгийн олон хувь хэвлэгддэг, хамгийн олон хэлээр гардаг сэтгүүл юм. Эдгээр сэтгүүлийг орон орны хүн уншдаг. Тийм учраас хаана ч амьдардаг, ямар ч хүний сонирхлыг татах сэдвийг хөнддөг. Энэ хоёр багажийг ашиглан хүмүүсийн анхаарлыг өнөөгийн амьдралын хамгийн чухал асуудалд хандуулаарай. Гэхдээ алийг нь ямар хүнд зориулсныг мэдэх шаардлагатай.

12. а) «Сэрцгээ!» сэтгүүлийг ямар хүнд зориулсан бэ? Зорилго нь юу вэ? б) Та ойрын үед энэ багажийг ашиглаад ямар сайн үр дүнд хүрсэн бэ?

12 «Сэрцгээ!» сэтгүүл нь Библийг бага зэрэг мэддэг эсвэл огт мэддэггүй хүнд зориулагдсан. Тийм хүмүүс Христийн шашны сургаалын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Бас шашинд итгэдэггүй байж магадгүй. Эсвэл амьдралд хэрэгтэй зөвлөгөө Библид байдгийг мэддэггүй. Бурхан байдаг гэдэгт уншигчдыг итгүүлэх нь «Сэрцгээ!» сэтгүүлийн гол зорилго юм (Ром 1:20; Евр. 11:6). Бас Библи бол «үнэхээр ... Бурхны үг» гэдэгт итгэхэд тус болно (1 Тес. 2:13). 2018 оны гурван дугаар: «Аз жаргалд хүргэх зам», «Гэр бүлээ сайхан авч явах 12 нууц», «Уй гашуугаа хэрхэн тайлах вэ?» гэсэн нэртэй.

13. а) Тараах «Харуулын цамхаг» сэтгүүлийг ямар хүмүүст зориулан гаргадаг вэ? б) Та ойрын үед энэ багажийг ашиглаад ямар сайн үр дүнд хүрсэн бэ?

13 Тараах «Харуулын цамхаг» сэтгүүл нь Бурхныг болон Библийг тодорхой хэмжээгээр үнэлж хүндэлдэг хүмүүст зориулагдсан. Тэд Библийн мэдлэгтэй ч сургаалыг нь зөв ойлгодоггүй байж болох юм (Ром 10:2; 1 Тим. 2:3, 4). 2018 оны гурван дугаар: «Өнөө үед Библи хэрэгтэй юү?», «Ирээдүй ямар болох вэ?» (англи), «Бурхан танд санаа тавьдаг уу?» (англи) гэсэн нэртэй.

СЭТГЭЛ ХӨДӨЛГӨХ БАГАЖ

14. а) «Заах ажлын багажны хайрцаг»-т байдаг дөрвөн видеог ямар зорилгоор гаргасан бэ? б) Та эдгээр багажийг ашиглаад ямар сайн үр дүнд хүрсэн бэ?

14 Видео. Есүсийн үед мужаан хүн гар ажиллагаатай багаж хэрэглэдэг байсан бол орчин үед цахилгаан хөрөө, өрөм, зүлгүүр, хадаас хадагч хэрэглэдэг болсон. Үүнтэй адил, бид ном хэвлэлээс гадна олон сайхан видеотой болсон. «Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?», «Библийн хичээл яаж хийдэг вэ?», «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?», «Еховагийн Гэрчүүд—Бид хэн бэ?» гэсэн дөрвөн видео манай багажны хайрцагт бий. Хоёр хүрэхгүй минутын видеог анхны уулзалтаар үзүүлэхэд тохиромжтой. Хоёроос дээш минутын видеог дараа уулзахдаа юм уу завтай хүнд үзүүлж болно. Энэ багажнууд хүний сэтгэлийг хөдөлгөж Библи судлах, цуглаанд явах хүсэл төрүүлэх биз ээ.

15. Манай байгууллагын видеог эх хэлээрээ үзэхлээр хүмүүст ямар санагддаг вэ? Жишээ хэлнэ үү.

15 Жишээ нь нэг Гэрч «Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?» видеог Микронезээс ирсэн, яп хэлтэй эмэгтэйд эх хэлээр нь үзүүлжээ. Видеог дөнгөж үзэж эхэлмэгцээ мөнөөх эмэгтэй: «Манай япаар ярьж байна. Итгэмээргүй юм! Аялгыг нь сонсохоор манай арлын хүн байна!» хэмээн дуу алджээ. Тэгээд jw.org-т байгаа, өөрийнх нь хэлээрх бүх материалыг үзэж, уншина гэдгээ хэлсэн байна (Үйлс 2:8, 11-тэй харьцуулаарай). Бас нэг явдал. АНУ-д амьдардаг Гэрч эмэгтэй өөр улсад байдаг хамаатандаа дээрх видеоны линкийг илгээжээ. Уг видеог төрөлх хэлээрээ үзсэн хамаатан нь: «Ертөнцийг муу нэгэн захирдаг гэсэн нь миний анхаарлыг онцгой татсан. Би Библийн хичээл заалгах хүсэлтээ гаргачихсан» гэж бичжээ. Тэрээр манай үйл ажиллагааг хязгаарласан улсад амьдардаг ажээ.

ҮНЭНИЙГ ЗААХ БАГАЖ

16. Товхимол тус бүрийн зориулалтыг тайлбарлана уу. а) «Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун», б) «Бурхнаас ирсэн сайн мэдээ», в) «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?»

16 Товхимол. Уншихдаа тааруу хүнд эсвэл манай ном хэвлэл тухайн хүний эх хэлээр гараагүй бол үнэнийг хэрхэн заах вэ? Яг ийм үед хэрэглэх багаж бол «Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун» * товхимол юм. Харин «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимол нь хичээл хийхэд нэн тохиромжтой. Арын хуудсан дахь 14 сэдвээс сонирхсон сэдвийг нь сонгуулаад, хичээл эхэлнэ. Та ахин уулзахдаа энэ аргыг туршиж үзсэн үү? Багажны хайрцаг доторх гурав дахь багаж нь «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» товхимол юм. Суралцагчийг байгууллагатай танилцуулах зорилготой энэ товхимлыг хэрхэн ашиглахыг «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал»-ын 2017 оны 3-р сарын дугаараас үзээрэй.

17. а) Судлахад зориулсан хоёр номын зорилго юу вэ? б) Бид юуг санах хэрэгтэй вэ? Яагаад?

17 Ном. Товхимлоор хичээл эхэлсэн бол «Библиэс юу мэдэж авах вэ?» * номыг хэзээ ч үзэж болно. Энэ багаж нь Библийн үндсэн сургаалыг илүү сайн мэддэг болоход тустай. Хэрэв суралцагч уг номыг үзэж дууссан, бас ахиц гаргаж байгаа бол «Бурхнаараа хайрлуулж явъя» номоор хичээлээ үргэлжлүүлээрэй. Библийн зарчмыг өдөр тутам хэрхэн баримтлахыг заахад энэ ном тустай. Нэг зүйлийг сануулахад, суралцагч тань баптисм хүртсэн ч энэ хоёр номоо үзэж дуустал хичээлээ үргэлжлүүлэх шаардлагатай. Энэ нь Еховад бат итгэж, үнэнч байхад нь тустай (Колосай 2:6, 7-г уншина).

18. а) 1 Тимот 4:16-д бидэнд хамаатай ямар уриалга байдаг вэ? б) «Заах ажлын багажны хайрцаг»-аа ямар зорилгоор ашиглах ёстой вэ?

18 Еховагийн Гэрчүүд бид мөнх амь руу хөтлөх үнэнийг хүмүүст заах үүрэгтэй (Кол. 1:5; 1 Тимот 4:16-г уншина). Энэ үүргээ биелүүлэхэд маань туслах зорилгоор Еховагийн байгууллага заах ажлын багажтай «хайрцаг»-ийг бидэнд өгсөн ( «Заах ажлын багажны хайрцаг» гэсэн хавсралтыг үзнэ үү). Эдгээр багажаа аль болохоор чадварлаг ашиглаж сурцгаая. Сонирхсон хүнд ямар хэвлэлийг хэзээ өгөхөө дэлгэрүүлэгчид өөрсдөө шийдэж болно. Гэхдээ хэвлэл тараах нь бидний зорилго биш. Бас сонирхдоггүй хүнд хэвлэл өгөх шаардлагагүй. Чин сэтгэлтэй, даруу, Бурхныг мэдэх гэж үнэхээр хүсдэг хүмүүсийг л шавь болгох нь бидний гол зорилго. Тэд бол «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүс юм (Үйлс 13:48; Мат. 28:19, 20).

^ д/м 16 Уншиж чаддаггүй хүнд «Бурханд дуулгавартай байгтун» гэдэг нэртэй, дан зураг бүхий товхимлыг өгөөд хичээл хийгээрэй.

^ д/м 17 «Библиэс юу мэдэж авах вэ?», «Бурхнаараа хайрлуулж явъя» ном байхгүй бол яах вэ? «Библийн сургаалыг зөв ойлгох нь», «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номоор хичээлээ хийгээрэй. Харин шинэ ном гарахаар хуучин номынхоо оронд шинэ номоор хичээлээ үргэлжлүүлээрэй.