Skip to content

Гарчиг руу орох

Гэнэтийн өөрчлөлт гарахад ч тайван байгаарай

Гэнэтийн өөрчлөлт гарахад ч тайван байгаарай

«Би сэтгэлээ үнэхээр тайвшруулан чимээгүй болгосон» (ДУУ. 131:2).

ДУУ: 24, 154

1, 2. а) Амьдралд нь гэнэтийн өөрчлөлт гарахад хүн яадаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) 131-р дуулалд бичсэнээр, үргэлж тайван байхын тулд яах хэрэгтэй вэ?

ЛЛОЙД Александра хоёр талбайд үйлчлэх томилолт аваад эхэндээ их л гонсойжээ. Учир нь 25 жил үйлчилсэн Бетелээсээ гарах ёстой болов. Ллойд: «Би гэдэг хүн бетелчин гэдгээрээ л танигддаг байлаа шүү дээ. Өөрчлөлт гарах болсон шалтгааныг ойлгож байсан ч өдөр хоног улирах тусам гологдсон юм шиг санагдаж байсан. Нэг тайвшраад, нэг гутраад, сэтгэл тавгүй байсан» гэж ярьсан юм.

2 Амьдралд гэнэтийн өөрчлөлт гарахад хүн маш ихээр санаа зовж, сэтгэл нь хямардаг (Сур. 12:25). Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тийм ч амархан биш. Тэгвэл сэтгэлээ яаж «тайвшруулан чимээгүй болгох» вэ? (Дуулал 131:1–3-ыг уншина). Гэнэтийн өөрчлөлт гарахад Еховагийн эртний болон орчин үеийн үйлчлэгчид яаж тайван байж чадсаныг энэ өгүүллээр үзье.

БУРХАН БИДЭНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

3. Иосефт юу тохиолдсон бэ?

3 Жишээ нь Иосефын тухай бодож үзье. Аав нь түүнийг бусад хүүгээсээ илүү хайрладаг байв. Үүнээс болоод ах нар нь Иосефт атаархаж, 17-тойд нь боол болгон худалджээ (Эх. 37:2–4, 23–28). Иосеф Египетэд 13 жил зовохдоо эхлээд боолчлогдож, дараа нь шоронд хоригдсон. Тэглээ ч цөхрөөгүй, өш санаагүй. Яагаад?

4. а) Иосеф шоронд байхдаа юуг голлон анхаардаг байсан бэ? б) Ехова залбиралд нь хэрхэн хариулсан бэ?

4 Иосеф шоронд байхдаа зовлонгоо биш, харин Еховагийн ивээлийг голлон анхаардаг байсан нь лавтай (Эх. 39:21; Дуу. 105:17–19). Хүүхэд байхдаа зүүдэлсэн зүүдээ санаад Ехова өөртэй нь хамт байгаа гэдэгт улам бүр итгэсэн байх (Эх. 37:5–11). Бас Еховад байнга залбирч, сэтгэлээ уудалдаг байсан биз ээ (Дуу. 145:18). Ехова чин сэтгэлийнх нь залбиралд хариулж, юу ч болж байсан орхихгүй гэдгээ батлан хэлж итгэл найдвар төрүүлсэн (Үйлс 7:9, 10). *

5. «Амар тайвныг» өгдөг Бурхан бидэнд хэрхэн туслах вэ?

5 Хэчнээн хэцүү юм тохиолдлоо ч Бурхан биднийг тайвшруулж, зөв бодож сэтгэхэд тусална (Филиппой 4:6, 7-г уншина). Тиймд санаа зовсон үедээ Бурхандаа залбираарай. Тэгвэл Еховагийн ачаар тайвшрах бөгөөд зогсолтгүй үйлчлэх хүч тэнхээ орж, яасан ч бууж өгөхгүй байхаар шийднэ. Үүнийг батлах орчин үеийн хэдэн жишээ үзье.

ТАЙВШРАХЫН ТУЛД ЕХОВАГААС ТУСЛАМЖ АВААРАЙ

6, 7. Тодорхой залбирах нь ямар ач тустайг жишээгээр тайлбарлана уу.

6 Райн Жүлиэт хоёр тусгай эхлэгчээр түр үйлчлэх томилолтын хугацаа нь дуусаж байгааг дуулаад гуньж гутарчээ. Райн: «Бид хоёр шууд л Еховад залбирсан. Еховад итгэж найддагаа батлах онцгой боломж олдож байгааг ойлгосон. Манай хуралд шинэ Гэрчүүд олон байсан л даа. Тийм болохоор бат итгэлтэйгээ баталж, тэдэнд үлгэр дуурайл болоход туслаач гэж залбирсан» хэмээн ярьжээ.

7 Ехова залбиралд нь хэрхэн хариулсан бол? Райн: «Залбирч дуусмагцаа элдэв юм бодохоо больж, сэтгэл амарсан байв. Бурхан биднийг амар тайван болгож зүрх сэтгэл, ухаан бодлыг маань хамгаалсан. Хэрвээ зөв хандлагатай л байвал Ехова өөртөө үйлчлүүлсээр байх юм байна гэдгийг ойлгосон» гэсэн юм.

8-10. а) Санаа зовох үед Бурхан агуу хүчээрээ хэрхэн тусалдаг вэ? б) Еховад үйлчлэхийг голлон анхаарвал ямар ач тустай вэ?

8 Бурхан агуу хүчээрээ биднийг тайвшруулаад зогсохгүй, гол юмаа анхаарахад туслах Библийн зүйлийг сануулдаг (Ёохан 14:26, 27-г уншина). Бетелд 25 жил үйлчилсэн Филип Мэри хоёр 4 сарын дотор хоёр ээжийгээ, бас нэг хамаатнаа алджээ. Түүнээс гадна Мэри оюун ухааны доройтолд орсон аавыгаа асрах шаардлагатай болов.

9 Филип: «Би маш сайн тэвчиж байна гэж бодож байсан ч ямар нэг юм дутагдаад байв. “Харуулын цамхаг” судалж байхдаа Колосай 1:11-ийг уншсан юм. Би тэвчиж байсан нь үнэн боловч 100 хувь тэвчиж чадаагүй юм билээ. “Бүхнийг баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлэх” ёстой байв. Баяр баясгалантай байх нь нөхцөл байдлаас биш, Бурхны агуу хүч нөлөөлөхөөс шалтгаалдгийг энэ зүйлээс ойлгосон» гэж ярьсан юм.

10 Филип Мэри хоёр Еховад үйлчлэхийг голлон анхаарч байсан болохоор янз бүрийн ивээл хүртжээ. Бетелээс гараад удалгүй хэдэн суралцагчтай болов. Тэд 7 хоногт нэг бус удаа хичээл хийх хүсэлтэй, ахиц гаргадаг хүмүүс байлаа. Мэри өнгөрснөө дурсан «Суралцагчид маань бидний баяр баясгалан байсан. Бүх юм сайхан болно гэдгийг Ехова ийм аргаар хэлж байсан» гэжээ.

ЯАВАЛ ЕХОВА ИВЭЭХ ВЭ?

Гэнэтийн өөрчлөлт гарахад Иосефыг хэрхэн дуурайх вэ? (11–13-р догол мөрийг үзээрэй)

11, 12. а) Иосеф Еховагийн ивээлийг хүртэхийн тулд яасан бэ? б) Ехова Иосефыг хэрхэн ивээсэн бэ?

11 Гэнэтийн өөрчлөлт гарахад бэрхшээлээс өөр юу ч бодохоо болих нь бий. Харин Иосеф тэгээгүй. Еховагийн ивээлийг хүртэхийн тулд нөхцөл байдалдаа тохируулан чадах бүхнээ хийхээр шийджээ. Тэрээр Потифарынд байхдаа ажлаа сайн хийдэг байсан. Шоронд байхдаа ч харгалзагчийн даалгасан ямар ч ажлыг сайн хийж гүйцэтгэдэг байв (Эх. 39:21–23).

12 Нэг өдөр шоронгийн харгалзагч хоёр хоригдлыг Иосефын гарт даатгасан. Тэд шоронд орохоосоо өмнө фараонд үйлчилдэг байжээ. Тэр хоёр Иосефыг ажиглаад сайхан сэтгэлтэй хүн гэж дүгнэсэн учир сэтгэл түгшээм зүүд зүүдэлснээ ярьжээ (Эх. 40:5–8). Тэдний дунд болсон яриа хожмын сайн сайхны эхлэл байсныг Иосеф тухайн үед яахан мэдэх билээ! Тэрээр хоёр жилийн дараа шоронгоос суллагдаж, тэр өдрөө фараоны дараа орох эрх мэдэлтэй хүн болжээ (Эх. 41:1, 14–16, 39–41).

13. Бид яавал Еховагийн ивээлийг хүртэх вэ?

13 Өөрөө зохицуулж чадахааргүй гэнэтийн явдал бидэнд ч тохиолдож болох юм. Гэхдээ тэвчээртэй байж, өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийвэл Ехова ивээнэ (Дуу. 37:5). Бид заримдаа «сандарч тэвддэг» нь үнэн. Гэхдээ Паулын хэлсэн шиг, хэзээ ч «цөхөрдөггүй» (2 Кор. 4:8). Ялангуяа дэлгэрүүлэх ажлыг байнга анхаардаг бол Паул үнэн үг хэлснийг ойлгоно.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛАА БАЙНГА АНХААР

14-16. Амьдралд нь өөрчлөлт гарсан ч Филип дэлгэрүүлэх ажлыг хэрхэн анхаарч байсан бэ?

14 Гэнэтийн өөрчлөлт гарахад ч дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарах талаар сайн мэдээ тунхаглагч Филип үлгэр дуурайл болдог. Тэрээр Иерусалимд шинэ даалгавраа баяр хөөртэй биелүүлж байв (Үйлс 6:1–6). Тэгтэл бүх юм өөрчлөгдөх нь тэр! Христийн дагалдагчид хавчигдаж, Стефан алагдав. * Дагалдагчид хавчлагаас болоод Иерусалимаас дүрвэжээ. Харин Филип Еховадаа үйлчлээд завгүй байхын тулд сайн мэдээ бараг хүрээгүй Самари хотод дэлгэрүүлэхээр явжээ (Мат. 10:5; Үйлс 8:1, 5).

15 Филип, Бурхны агуу хүчээр удирдуулан хаашаа ч явахад бэлэн байв. Тиймээс Ехова түүнийг сайн мэдээ хүрээгүй газар тунхаглуулахаар илгээжээ. Иудейчүүд самаричуудтай муухай харьцдаг байсан ч Филип тэднийг алаг үзэлгүй сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлсэн. Үүнд нь баярласан самаричууд «түүний үгийг анхааран сонсжээ» (Үйлс 8:6–8).

16 Дараа нь Филип Еховагийн агуу хүчээр удирдуулан Ашдод, Цезариа гэдэг хоёр хотод очиж дэлгэрүүлэв. Оршин суугчдын ихэнх нь харь үндэстнүүд ажээ (Үйлс 8:39, 40). Самарид анх очиж дэлгэрүүлснээс хойш 20 жилийн дараа Филипийн амьдралд дахиад л өөрчлөлт гарав. Тэрээр тэндээ суурьшиж, гэр бүлтэй болсон. Ийм өөрчлөлт гарсан ч дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарч байсан учир Еховагийн ивээлийг гэр бүлээрээ хүртжээ (Үйлс 21:8, 9).

17, 18. Дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарах нь ямар ач тустай вэ?

17 Дэлгэрүүлэх ажлыг голлон анхаардаг бол гэнэтийн өөрчлөлт гарсан ч өөдрөг байж чаддаг гэж бүрэн цагийн үйлчлэгчид ярьдаг. Өмнөд Африкт амьдардаг Осборн Полайт хоёр Бетелээс гарчээ. Тэд цагийн ажил, амьдрах байраа ядах юмгүй олчихно гэж бодож байв. «Харамсалтай нь ажил тийм ч амархан олдоогүй» гэж Осборн хэлсэн. Эхнэр Полайт нь: «Гурван сар ажил хайсан. Ядахдаа хадгалсан мөнгө ч байхгүй. Үнэхээр хэцүү байсан» гэв.

18 Осборн Полайт хоёр энэ хүнд байдлаас яаж гарсан бол? Осборн: «Санаа зовоод зүгээр суухын оронд дэлгэрүүлэх ажилд хамаг анхаарлаа хандуулахаар шийдсэн. Хурлынхантай хамт дэлгэрүүлж байсан учраас зөв бодолтой, өөдрөг, жаргалтай, баяр хөөртэй байсан. Хаа сайгүй хайсаар яваад ажил олсон шүү» хэмээн ярьжээ.

ЕХОВАГ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭ

19-21. а) Үргэлж амар тайван байхын тулд яах хэрэгтэй вэ? б) Гэнэтийн өөрчлөлт гарахад өөдрөг байх нь ямар ач тустай вэ?

19 Амьдралд юу тохиолдсон чадах бүхнээ хийж, Еховаг тэвчээртэй хүлээвэл тайван амгалан байх боломжтойг дээрх жишээнүүдээс мэдэж авлаа (Мика 7:7-г уншина). Амьдрал өөрчлөгдлөө ч өөдрөг байвал Еховатай улам дотносдог. Дээр дурдсан Полайт: «Ямар ч үед, тэр байтугай бүх юм санаснаар болохгүй үед ч Еховад найдна гэж чухам юу гэсэн үг болохыг би шинэ томилолт аваад илүү сайн ойлгосон. Би Еховатай илүү дотно болсон» гэжээ.

20 Өмнө дурдсан Мэри одоо ч эхлэгчээр үйлчлэхийн зэрэгцээ настай аавыгаа асарч байна. Тэрээр: «Санаа зовоод байвал хийж байгаа ажлаа түр орхиод, залбирч, дараа нь хэвтэж амрах хэрэгтэй юм билээ. Миний сурсан хамгийн чухал зүйл бол бүхнийг Еховад даатгаж сурсан явдал. Энэ нь ирээдүйд ч маш их хэрэгтэй» хэмээн ярьсан.

21 Гэнэтийн өөрчлөлт гарахад огт бодож байгаагүйгээрээ соригдсон гэж өгүүллийн эхэнд гарсан Ллойд Александра хоёр хэлсэн юм. Тэд: «Жинхэнэ итгэлтэй эсэхээ, хэцүү цагт сэтгэлээр унахгүй, тайван байж чадах эсэхээ сорилт тулгарахад л мэдэж авсан. Одоо бид хоёр илүү сайн хүн болж байгаа» гэжээ.

Гэнэтийн өөрчлөлт, гэнэтийн ивээл! (19–21-р догол мөрийг үзээрэй)

22. Чадах бүхнээ хийж байгаа бол юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?

22 Энэ тогтолцооны үед бидний амьдралд юу ч тохиолдож магадгүй. Еховад үйлчлэх аргаа өөрчлөх шаардлага гарч мэднэ. Өвчин тусахгүй гэхийн баталгаа байхгүй. Гэр бүлийн өмнө хүлээх үүрэг нэмэгдэж болох юм. Гэхдээ юу ч болж байсан, Ехова санаа тавьж хэрэгтэй үед тусална гэдэгт итгээрэй (Евр. 4:16; 1 Петр 5:6, 7). Тэгээд нөхцөл байдалдаа тохируулан чадах бүхнээ хийгээрэй. Тэнгэрийн Эцэгтээ залбирч, бүхнээ даатгаж сураарай. Тэгвэл амьдрал яаж ч өөрчлөгдсөн, тайван амгалан байна.

^ д/м 4 Иосеф хэдэн жилийн дараа хүүтэй болжээ. Тэр хүүдээ Манассе гэдэг нэр өгснийхөө учрыг тайлбарлан «Бурхан миний бүх зовлонг ... мартуулсан» гэсэн. Ехова таагүй дурсамжийг нь мартуулахын тулд хүү өгснийг тэрээр ойлгожээ (Эх. 41:51).

^ д/м 14 Энэ дугаарт нийтлэгдсэн «Таны мэдлэгт» буланг үзнэ үү.