Skip to content

Гарчиг руу орох

Еховад найдвал мөнх амьдарна!

Еховад найдвал мөнх амьдарна!

«Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» (СУР. 3:5).

ДУУ: 152, 49

1. Бидэнд яагаад тайвшрал хэрэгтэй вэ?

БҮХ хүнд тайвшрал хэрэгтэй. Санаа зовдоггүй, сэтгэлээр унадаггүй, зовж зүдэрдэггүй хүн гэж байхгүй. Хөгшрөх, өвчин тусах, хайртай хүн нь нас барах зэргээс болоод зовох нь бий. Дайсагнал, эсэргүүцлийн бай болж яваа хүмүүс ч бидний дунд байдаг. Түүнээс гадна хүчирхийлэл хаа сайгүй байна. Одоо бол «эцсийн өдрүүдийн» «хэцүү цаг» гэдэг нь яахын аргагүй үнэн. Бас шинэ ертөнц өдрөөс өдөрт ойртож байгаагийн шинж юм (2 Тим. 3:1). Гэхдээ л Еховагийн амлалт биелэх цагийг удаан хүлээх хэрэгтэй болж магадгүй. Бэрхшээл зовлон ч улам нэмэгдэх биз ээ. Тэгвэл тайвшралыг хэрхэн олох вэ?

2, 3. а) Бид Хабаккукийн талаар юу мэддэг вэ? б) Энэ өгүүллээр яагаад «Хабаккук» номыг судлах гэж байна вэ?

2 Энэ асуултын хариуг мэдэхийн тулд «Хабаккук» номыг судалцгаая. Хабаккук гэдэг нь «Тэврэх» гэсэн утгатай. Бурхан биднийг тайвшруулах гэж тэвэрдэг гэсэн үг. Эсвэл үйлчлэгчид нь Еховагаас чанга зуурдаг гэсэн үг. Библид Хабаккукийн амьдрал, үйл хэргийн талаар дэлгэрэнгүй бичээгүй ч түүний нэрээр нэрлэгддэг энэ номыг судлахаар урам сэргэдэг. Хабаккук Еховатай ярьж, хэдэн юм асуусан. Ехова зөнчтэйгөө ярилцсан яриагаа Үгэндээ бичүүлсэн нь бидний тусын тулд ажээ (Хаб. 2:2).

3 Хабаккук ямар хүн байсныг Еховатай ярилцсан ярианаас л мэдэж болно. Түүний бичсэн ном «эрт үед бичигдсэн» Бурхны Үгийн нэг хэсэг бөгөөд «тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдаг». Үүний ачаар «бид найдвар өвөрлөж явдаг» (Ром 15:4). Тэгвэл хүн нэг бүр «Хабаккук» номын ач тусыг хэрхэн хүртэж болох вэ? Хабаккукийн зөгнөлийг судалбал Еховад найдах гэж юу гэсэн үг болохыг ойлгож авна. Цаашилбал, зовлон бэрхшээлтэй үед ч тайвшралыг олж, үргэлж тайван байж болдог гэсэн итгэл төрнө. Үүнийг бодонгоо «Хабаккук» номыг дэлгэрэнгүй авч үзье.

ЕХОВАД ЗАЛБИРААРАЙ

4. Хабаккук юунаас болоод санаа зовсон бэ?

4 Хабаккук 1:2, 3-ыг уншина. Хабаккук маш хэцүү цагт амьдарч байжээ. Тэрээр эргэн тойрныхоо хорон муу, хэрцгий догшин хүмүүсээс болоод шаналан гашуудсан. «Энэ бүхэн хэзээ дуусах юм бол оо? Ехова яагаад удаад байна вэ?» гэж бодсон. Хаашаа л харна, элэг нэгтнүүд нь бие биетэйгээ хатуу ширүүн, шударга бус харьцана. Хабаккук юу ч хийж чадахгүй байлаа. Тиймд Еховад залбирч, ямар нэгэн юм хийгээч хэмээн гуйжээ. Ехова ард түмэндээ санаа тавихгүй байна эсвэл хэтэрхий удаад байна гэж бодсон ч байж болох юм. Танд бас тэгж санагдаж байсан уу?

5. «Хабаккук» номоос юу мэдэж авах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

5 Хабаккук Еховад найдахаа больсон уу? Амлалтад нь итгэхээ больсон уу? Яалаа гэж! Санаа зовоосон асуудлаа хүнд биш, Еховад хэлснийг нь бодвол итгэл найдвараа алдаагүй, харин ч Еховад найдаж байжээ. Тэрээр санаа зовж, төөрч будилсан ажээ. Бурхан яагаад юу ч хийхгүй хүлээгээд байгааг, яагаад өөрийг нь энэ зовлонгоос ангижруулахгүй байгааг ойлгоогүй. Биднийг сургамж аваасай гэсэндээ Ехова энэ бүхнийг Хабаккукаар бичүүлсэн. Юунд санаа зовж, эргэлзээд байгаагаа Еховад хэлэхээс айх хэрэггүй байх нь ээ. Үнэндээ бол сэтгэлээ уудлан залбирахыг Ехова бидэнд уриалдаг шүү дээ (Дуу. 50:15; 62:8). Сургаалт үгс 3:5-д «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэж бий. Хабаккук энэ үгийг санаж явдаг байсан биз ээ.

6. Залбирах нь яагаад чухал бэ?

6 Хабаккук итгэлт Анд, Эцэг Еховатайгаа дотносохын тулд идэвх санаачилга гаргажээ. Аж байдлынхаа төлөө хий зовоод, өөрөө зохицуулах гэхийн оронд сэтгэлээ уудлан залбирсан. Бид бас тэгэх хэрэгтэй. «Залбирлыг сонсдог Нэгэн» Ехова биднийг залбираарай, санаа зовоосон асуудлаа хэлээрэй, итгэж найддагаа батлаарай гэж уриалдаг (Дуу. 65:2). Залбирвал Ехова биднийг тайвшруулж, удирдан чиглүүлдэг. Энэ нь тэвэрч байгаатай адил юм (Дуу. 73:23, 24). Бидэнд тулгарсан асуудлыг юу гэж үзэж байгаагаа Ехова ойлгуулна. Чин сэтгэлээсээ залбирах нь Бурханд найддагийн нэг том баталгаа юм.

ЕХОВАГ СОНСООРОЙ

7. Хабаккукийг санаа зовоосон асуудлаа хэлэхэд Ехова яасан бэ?

7 Хабаккук 1:5–7-г уншина. Хабаккук санаа зовоосон асуудлаа хэлж залбирсныхаа дараа Ехова уурлах болов уу гэж бодсон байх. Халамжтай Эцэг Ехова зөнчийнхөө сэтгэлийг ойлгож байсан. Зовж шаналсандаа тусламж гуйж байгааг нь мэдэж байв. Тийм болохоор Хабаккукийг загнаагүй. Харин үнэнч бус иудейчүүдийг удахгүй яах гэж байгаагаа хэлсэн. Хүчирхийллээр дүүрсэн нийгмийн төгсгөл тун удахгүй болох гэж байгааг Еховагаас мэдсэн анхны хүн нь Хабаккук байсан ч байж болох юм.

8. Еховагийн өгсөн хариу Хабаккукт яагаад ойлгомжгүй санагдсан бэ?

8 Ехова арга хэмжээ авах гэж байгаагаа Хабаккукт хэлсэн. Хүчирхийллийг үйлдэгч хорон муу иудейчүүдийг халдейчууд буюу вавилончуудаар устгуулах гэж байлаа. «Та нарын өдрүүдэд» гэж хэлсэн нь энэ шийтгэл зөнч Хабаккукийг эсвэл тэр үеийнхнийг амьд сэрүүн байхад болох ажээ. Хабаккук ийм хариу сонсоно гэж бодоогүй. Вавилончууд израйлчуудаас ч илүү зэрлэг балмад, харгис догшин хүмүүс байв. Харин израйлчууд бол ядаж л, Еховагийн тогтоосон хэм хэмжээг мэддэг байсан. Ехова яагаад ийм харгис үндэстнийг ашиглан ард түмнээ шийтгэх болов? Иудачуудын зовлонг нимгэлэх биш, улам нэмэх бус уу? * Та Хабаккукийн оронд байсан бол юу гэж бодох бол?

9. Хабаккук өөр юу гэж асуусан бэ?

9 Хабаккук 1:12–14, 17-г уншина. Бузар мууг үйлдэгчдийг Ехова шүүж, шийтгэх бөгөөд ингэхдээ вавилончуудыг ашиглах гэж байгааг Хабаккук мэдсэн ч ойлгомжгүй зүйл байсаар байв. Гэхдээ даруу учраас Еховад найдаж байсан. Тэрээр Еховаг «Хад минь» гэж хэлжээ (Д.хууль 32:4; Ис. 26:4). Сайхан сэтгэлтэй, хайр халамжаар дүүрэн гэдэгт нь итгэж байсан болохоор Бурхнаас ахиж юм асуухаас айгаагүй. Иудагийн байдал улам муудахыг Ехова яагаад зөвшөөрөв? Яагаад тэр даруй арга хэмжээ аваагүй вэ? Төгс хүчит Нэгэн яагаад «анир чимээгүй» байж, муу муухай бүхнийг хүлцэнэ вэ? Ехова бол «Ариун Нэгэн» учраас «мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун» биз дээ?

10. Заримдаа бидэнд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

10 Заримдаа бидэнд бас Хабаккукт төрсөн сэтгэгдэл төрдөг. Уг нь бид Еховаг «сонсдог». Түүнд найдаж, Үгийг нь уншиж судлаад итгэл найдвараа батжуулдаг. Түүнээс гадна байгууллагаараа дамжуулж өгдөг заавраас нь Еховагийн амлалтын талаар «сонсдог». Тэгсэн хэр нь «Зовлон хэзээ дуусах юм бэ?» гэдэг. Хабаккук дараа нь яасан бэ? Бид юу сурч болох вэ?

ЕХОВАГ ХҮЛЭЭГЭЭРЭЙ

11. Хабаккук яахаар шийдсэн бэ?

11 Хабаккук 2:1-ийг уншина. Хабаккук Еховатай яриад санаа амарчээ. Тийм учраас Еховаг хүлээхээр шийдсэн. Хожим нь тэрээр: «Гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой» гэж дахин хэлснийг үзэхэд энэ шийдвэрийг хоромхон зуур гаргаагүй ажээ (Хаб. 3:16). Бурхныг тэвчээртэй, итгэлтэй хүлээсэн түүн шиг хүн олон бий. Тийм хүмүүсийг бодохоор урам орж, Еховаг цөхрөлтгүй хүлээх хүсэл төрдөг (Мика 7:7; Яак. 5:7, 8).

12. Хабаккукаас юу сурах вэ?

12 Шийдэмгий байсан Хабаккукаас юу сурах вэ? Нэгдүгээрт, ямар ч сорилт тулгарсан Еховад залбирахаа больж болохгүй. Хоёрдугаарт, Ехова Үг, байгууллагаараа дамжуулан юу хэлдгийг сонсох хэрэгтэй. Гуравдугаарт, цаг нь болохоор Ехова биднийг зовлонгоос ангижруулна гэдэгт бүрэн найдаж тэвчээртэй хүлээх шаардлагатай. Хэрэв бид Хабаккукийг дуурайн Еховатай ярьж, хэлэх үгийг нь сонсдог, тэвчээртэй хүлээдэг бол сэтгэл тайвширч, сорилтыг давах хүчтэй болно. Итгэж найдаж байвал ямар ч хэцүү асуудал тулгарсан тэнгэрийн Эцгээ тэвчээртэй хүлээж, баяр хөөртэй байна (Ром 12:12).

13. Ехова Хабаккукийг хэрхэн тайвшруулсан бэ?

13 Хабаккук 2:3-ыг уншина. Хабаккук хүлээхээр шийдэхэд Ехова баярласан нь лавтай. Зөнч нь хэрхэн зовж буйг Төгс хүчит Нэгэн сайн мэдэж байлаа. Тиймээс чин сэтгэлийнх нь гуйлтад хариулна хэмээн хэлж тайвшруулсан. Тун удахгүй санаа зовох хэрэггүй болох ажээ. Бурхан Хабаккукт «Тэвчээртэй байж, надад итгэ. Удаж байгаа мэт боловч би заавал хариулна!» гэж хэлсэнтэй адил байв. Амлалтаа биелүүлэх цагаа товлочихсон гэдгийг Ехова түүнд сануулж, тэр болтол тэвчээртэй хүлээхийг зөвлөжээ. Тийм учраас Хабаккук сэтгэлээр унаагүй.

Бид яагаад Еховагийн төлөө чадах бүхнээ хийхээр шийдсэн бэ? (14-р догол мөрийг үзээрэй)

14. Бэрхшээл зовлон тохиолдсон үед бид яах ёстой вэ?

14 Еховаг тэвчээртэй хүлээж, хэлсэн үгийг нь онцгой анхаардаг бол ямар ч бэрхшээл зовлон тохиолдсон итгэлтэй, тайван байж чадна. Ехова арга хэмжээ авах цагаа хэлээгүй байхад хэзээ гэдгийг анхаарах хэрэггүйг Есүс сануулсан (Үйлс 1:7). Ехова товлосон цагаа нарийн баримтална гэдэгт итгэж болно. Тиймд бид шантрахын оронд даруу байж, итгэл алдрахгүй, тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Хүлээх зуураа цагаа зөв ашиглан Еховагийн төлөө чадах бүхнээ хийх нь зүйтэй (Марк 13:35–37; Гал. 6:9).

ЕХОВАД НАЙДВАЛ МӨНХИЙН АМИАР ШАГНУУЛНА

15, 16. а) «Хабаккук» номд ямар чухал амлалт байдаг вэ? б) Энэ амлалтаас юу ойлгож болох вэ?

15 Ехова: «Зөвт хүн итгэлээрээ амьдарна», «дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно» гэж амлажээ (Хаб. 2:4, 14). Тэгэхээр, Бурханд найдаж, тэвчээртэй хүлээдэг хүн мөнхийн амиар шагнуулах ажээ.

16 Хабаккук 2:4-т байдаг Бурхны амлалтыг бодоод үз дээ. Элч Паул захидалдаа гурван ч удаа эш татсаныг үзвэл хэчнээн чухал амлалт гэдэг нь тодорхой (Ром 1:17; Гал. 3:11; Евр. 10:38). Бид ямар ч зовлон туулсан, Еховадаа итгэж найдаад, үнэнч хэвээрээ байвал амлалт биелэх цагийг заавал үзнэ. Ехова бидэнд өнөөдрийг биш ирээдүйг бодоорой гэж хэлдэг.

17. Өөрт нь итгэж найддаг хүмүүст Ехова юу гэж амладаг вэ?

17 Эцсийн өдрүүдэд амьдарч буй бидэнд «Хабаккук» номоос мэдэж авах юм бий. Ехова өөрт нь итгэж найддаг шударга сайн хүн бүрийг мөнх амьдруулахаа амладаг. Тиймд юу ч тохиолдсон, Бурхандаа итгэж найдаж явцгаая. Ехова биднийг дэмжин тэтгэж, авран хамгаалахаа Хабаккукаар хэлүүлсэн. Мөн өөрт нь итгэж найдан, товлосон цаг нь болтол тэвчээртэй хүлээхийг уриалдаг. Бурхны Хаант төр захирах тэр үед Еховаг шүтдэг аз жаргалтай, эв нэгдэлтэй хүмүүс дэлхийг дүүргэнэ (Мат. 5:5; Евр. 10:36–39).

ЕХОВАД НАЙДАЖ, БАЯР ХӨӨРТЭЙ БАЙ

18. Еховагийн хэлсэн үг Хабаккукт яаж нөлөөлсөн бэ?

18 Хабаккук 3:16–19-ийг уншина. Еховагийн хэлсэн үг Хабаккукийн сэтгэлийг хөдөлгөсөн. Эрт үед үйлчлэгчдийнхээ төлөө юу хийснийг нь эргэцүүлэн бодоод улам их итгэж найдах болжээ. Ехова удахгүй арга хэмжээ авна гэдгийг Хабаккук мэдсэн учраас нэг хэсэгтээ зовно гэдгээ ойлгож байсан ч тайвширсан. Эргэлзэхээ больж, Ехова аварна гэдэгт бүрэн итгэсэн. 18-р зүйлд бичсэн үгийг нь харвал Хабаккук итгэл найдвараа зүйрлэшгүй сайхнаар илэрхийлжээ. Уг зүйлийг үгчилж орчуулбал «Би Эзэнд баярласандаа үсэрч дэвхэцнэ, Бурханд баярласандаа эргэлдэнэ» гэсэн утгатай гэж зарим эрдэмтэн хэлдэг. Эндээс маш чухал зүйлийг ойлгож болно. Ехова бидэнд гайхалтай сайхан амлалт өгөөд зогсоогүй, энэ амлалтаа биелүүлэхийн тулд одоо ч ажиллаж байгаа ажээ.

19. Тайвшрахын тулд Хабаккукийг хэрхэн дуурайх вэ?

19 Еховад итгэж найдах нь чухал гэдгийг «Хабаккук» номоос мэдэж авлаа (Хаб. 2:4). Цаг үргэлж найдахын тулд Еховатай улам дотно болох хэрэгтэй. Тиймээс 1) шаргуу залбирч юунд санаа зовж байгаагаа Еховад хэлж; 2) Еховагийн Үг болон байгууллагаас ирдэг зааврыг онцгой анхаарч; 3) Еховаг тэвчээртэй, итгэл алдрахгүй хүлээх хэрэгтэй. Хабаккук энэ бүхнийг хэрэгжүүлсэн билээ. Тэрээр номынхоо эхэнд уй гашуу, гаслан зовлонгийн тухай бичсэн боловч төгсгөлд нь итгэл найдвар, баяр баясгалангийн тухай өгүүлжээ. Бид Хабаккукийг дуурайвал тэнгэрийн Эцэг маань биднийг бас тэвэрч тайвшруулна. Харанхуй ертөнцөд амьдарч байхдаа үүнээс илүү тайвшралыг олно гэж үү?

^ д/м 8 Хабаккук 1:5-д «та нар» гэж бичсэн нь Иудагийн бүх хүн гамшигт нэрвэгдэнэ гэсэн үг байлаа.