Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 7

Даруу байж Еховаг баярлуулъя

Даруу байж Еховаг баярлуулъя

«Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай. ... Төлөв байдлыг хай» (ЗЕФ. 2:3).

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

ТОЙМ *

1, 2. а) Библид Мосег хэрхэн тодорхойлсон байдаг вэ? б) Даруу байж сурах ямар шалтгаан байдаг вэ?

БИБЛИД Мосег «дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу» хэмээн тодорхойлсон байдаг (Тоол. 12:3). Мосе сул дорой, шийдэмгий бус, хулчгар хүн байсан уу? Ийм хүнийг даруу төлөв, номхон хүлцэнгүй гэж ярьдаг хүмүүс бий. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш юм. Мосе өөртөө итгэлтэй, шийдэмгий, зоригтой хүн байсан. Тэрээр Еховагийн дэмжлэгээр Египетийн удирдагчтай нүүр тулан уулзаж, 3 сая хүнийг цөл дундуур удирдаж, элэг нэгтнүүдтэйгээ хамт дайснаа дарсан билээ.

2 Мосед тулгарсан бэрхшээл бидэнд тулгарахгүй байж магадгүй. Гэхдээ хүмүүс юм уу нөхцөл байдлаас болоод өдөр бүр даруу байх амаргүй. Гэлээ ч ийм сайхан чанартай болох шалтгаан бий. Ехова даруу хүмүүст дэлхийг өвлүүлэхээ амласан билээ (Дуу. 37:11). Та өөрийгөө даруу гэх үү? Хүмүүс таныг даруу гэж ярьдаг уу? Эдгээр асуултад хариулахаасаа өмнө ямар хүнийг даруу гэдгийг мэдэх нь зүйтэй.

ЯМАР ХҮНИЙГ ДАРУУ ГЭХ ВЭ?

3, 4. а) Даруу занг юутай зүйрлэж болох вэ? б) Даруу болоход ямар ямар зан чанар хэрэгтэй вэ? Яагаад?

3 Даруу занг * уран зурагтай зүйрлэж болно. Яагаад? Зураач зураг зурахын тулд олон өнгийн будгийг хольж найруулдаг шиг, бид даруу болохын тулд дуулгавартай байдал, дөлгөөн зан, эр зориг зэрэг сэтгэл татам чанаруудыг «хольж найруулах» шаардлагатай. Еховагийн таалалд нийцүүлэхэд эдгээр зан чанар яагаад хэрэгтэй вэ?

4 Зөвхөн даруу хүн л Бурханд дуулгавартай, дөлгөөн байдаг (Мат. 5:5; Гал. 5:23). Биднийг Бурхны хүслийн дагуу явахлаар Сатаны уур хүрдэг. Хэдийгээр бид даруу, дөлгөөн байдаг ч Сатаны ертөнцийн хүмүүс биднийг үзэн яддаг (Ёох. 15:18, 19). Ийм үед Сатаныг сөрөн зогсох эр зориг хэрэгтэй.

5, 6. а) Сатан яагаад даруу хүмүүсийг үзэн яддаг вэ? б) Ямар асуултуудыг авч үзэх вэ?

5 Бардам сагсуу, уураа барьж дийлдэггүй, Еховад дуулгаваргүй этгээдийг даруу биш гэнэ. Энэ тодорхойлолт Сатанд яг тохирно. Сатан даруу хүмүүсийг үзэн яддаг! Яагаад гэвэл, өөрт нь байдаггүй сайхан зан чанар даруу хүмүүст байдаг. Бас даруу хүмүүс Сатаны худалчийг баталдаг. Яаж? Сатан юу ч хэлж, хийсэн, тэд Еховад үйлчлэхээ больдоггүй (Иов 2:3–5).

6 Ямар үед даруу байх хэцүү вэ? Яагаад даруу байх гэж цаг ямагт хичээх шаардлагатай вэ? Эдгээр асуултад хариулахын тулд Мосе, Вавилонд олзлогдсон гурван еврей залуу болон Есүсийн жишээг үзье.

ЯМАР ҮЕД ДАРУУ БАЙХ ХЭЦҮҮ ВЭ?

7, 8. Ах эгч хоёр нь өөрийг нь хүндлээгүй ч Мосе яасан бэ?

7 Эрх мэдэлтэй бол: Эрх мэдэлтэй хүн үргэлж даруу байх амаргүй. Ялангуяа захиргаан дор нь байдаг хүмүүс өөрийг нь хүндлэхгүй юм уу гаргасан шийдвэрийг нь шүүмжилдэг бол хэцүү. Ийм юм танд тохиолдож байсан уу? Гэрийнхэн тань таныг хүндлэхгүй байвал эсвэл шүүмжилбэл та яах вэ? Мосе яасан бол?

8 Ехова Мосег израйлчуудын удирдагч болгож, тэдэнд зориулсан хуулийг бичиж тэмдэглэх хүндтэй үүрэг даалгажээ. Ехова Мосег дэмжиж байгаа нь илт байсан. Харин эгч Мириам, ах Аарон нь Мосег шүүмжилж, эхнэрээ буруу сонгосон хэмээн муу хэлдэг. Хэрвээ Мосегоос өөр хүн байсан бол уурлаж, өшөө авах байх. Гэвч Мосе тэгээгүй. Уурлахыг урьтал болгохын оронд Мириамыг шийтгэхээ болиод эдгээгээч гэж Еховагаас гуйсан (Тоол. 12:1–13). Яагаад?

Мириамыг эдгээж өгөөч гэж Мосе Еховагаас гуйж байна (8-р догол мөрийг үзээрэй)

9, 10. а) Ехова Мосед юу ойлгуулсан бэ? б) Өрхийн тэргүүнүүд болон ахлагчид Мосегоос юу сурах нь зүйтэй вэ?

9 Мосе Еховагаар заалгажээ. Дөчин жилийн өмнө Египетийн хааны ордонд амьдарч байхдаа тэрээр даруу биш байв. Нэг хүнийг шударга бус зан гаргалаа гэж үзээд уурын мунхгаар амийг нь хөнөөсөн. Ехова үүнийг сайшаана гэж боджээ. Израйлчуудыг удирдахад зоригтой байхаас илүү, даруу байх хэрэгтэйг ойлгуулахын тулд Ехова Мосег 40 жил сургасан. Дуулгавартай, дөлгөөн биш бол даруу байх амаргүй. Гэвч Мосе сайн сурч, гарамгай удирдагч болжээ (Ег. 2:11, 12; Үйлс 7:21–30, 36).

10 Өрхийн тэргүүнүүд болон ахлагчид Мосег дуурайх ёстой. Таныг хүндлэхгүй байвал уурлахыг бүү урьтал болгоорой. Алдаагаа хүлээн зөвшөөрч даруу байгаарай (Ном. 7:9, 20). Еховагийн зааврын дагуу асуудлыг шийдвэрлээрэй. Эелдэг байж, дөлгөөхнөөр хариулж байгаарай (Сур. 15:1). Өрхийн тэргүүнүүд болон ахлагчид ийм байдаг бол Еховаг баярлуулж, эв эеийг сахиж, даруу байхын үлгэр дуурайл болно.

11-13. Гурван еврей залуугаас юу сурах вэ?

11 Хавчигдахад: Удирдагчид Еховагийн үйлчлэгчдийг хяхаж хавчсаар ирсэн билээ. Тэд бидэнд янз бүрийн «хэрэг» тулгадаг. Хамгийн гол нь «хүнд бус, Бурханд захирагдахаар» шийдсэн гэж буруутгадаг (Үйлс 5:29). Шоолж доромжлон, зодож жанчин, бүр шоронд ч хийж магадгүй. Гэхдээ Ехова туслах учраас бид өшөө авахгүй. Харин ч тайван байна.

12 Вавилонд олзлогдсон Хананиа, Мишаел, Азариа гэдэг гурван еврей залуугийн жишээг авч үзье. * Вавилоны хаан асар том алтан хөрөгт мөргөх зарлиг гаргажээ. Тэд хөрөг дүрс шүтэхгүй гэдгээ хаанд дөлгөөхнөөр учирласан. Дүрэлзсэн галтай зууханд шатаана гэсэн сүрдүүлгийг үл тоон Бурхандаа дуулгавартай байсан. Ехова тэднийг нэн даруй аварчээ. Харин тэд ингэнэ гэж санаагүй. Ехова юуг зөвшөөрнө, түүнийг нь хүлээж авахад бэлэн байсан (Дан. 3:1, 8–28). Даруу хүн үнэхээр зоригтой байдгийг тэд баталжээ. Хаан ч, сүрдүүлэг ч, шийтгэл ч Еховад үйлчлэхийг маань болиулж чадахгүй (Ег. 20:4, 5).

13 Бурханд үнэнч эсэх маань соригдох үед гурван еврей залууг хэрхэн дуурайх вэ? Ехова санаа тавина гэдэгт найдаад даруу байх хэрэгтэй (Дуу. 118:6, 7). Биднийг буруутгаж буй хүмүүст дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариулах нь зүйтэй (1 Петр 3:15). Хайртай тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон харьцаандаа сэв суулгах юм хийхээс эрс татгалзах ёстой.

Бид омогтой хүнийг ч хүндэлдэг (13-р догол мөрийг үзээрэй)

14, 15. а) Сэтгэл нь хямарсан хүн яадаг вэ? б) Исаиа 53:7, 10-т бичсэнээр, Есүсийг яагаад даруу байхын үлгэр дуурайл үлдээсэн гэж хэлж болох вэ?

14 Сэтгэл хямрахад: Бид бүгдээрээ янз бүрийн шалтгаанаар хямардаг. Сургууль дээр шалгалт өгөхөд, ажил дээр ямар нэг үүрэг даалгавар биелүүлэх болоход сандардаг. Эсвэл эмнэлэгт очих шаардлагатай болбол сэтгэл тавгүйтнэ. Ийм үед тайван амгалан байх амаргүй. Хямарсан үед ялихгүй юмнаас болоод уурлаж бухимдаж мэднэ. Хатуу ширүүн үг хэлж, хүйтнээр хандаж магадгүй. Сэтгэл хямарсан үедээ Есүсийн жишээг санаарай.

15 Дэлхий дэх амьдралынх нь сүүлийн хэдэн сард Есүсийн сэтгэл хямарчээ. Цаазлагдаж, аймшигтайгаар тарчилж үхнэ гэдгээ мэдэж байв (Ёох. 3:14, 15; Гал. 3:13). Маш их шаналж байгаагаа нас барахаасаа хэдэн сарын өмнө хэлж байжээ (Лук 12:50). Бас амиа алдахаасаа хэдхэн хоногийн өмнө «Би шаналж байна» гэж хэлсэн. «Эцэг минь, болох гэж байгаа бүхнээс намайг авраач. Гэхдээ би үүний л төлөө ирсэн шүү дээ. Эцэг минь, нэрээ алдаршуулаач» хэмээн сэтгэлээ уудлан залбирсныг нь бодож үзвэл даруу, дуулгавартай Нэгэн гэдэг нь тодорхой байна (Ёох. 12:27, 28). Цаг нь болоход Есүс дайснуудын гарт орохоосоо айгаагүй. Тэд Есүсийг гутаан доромжилж, аймшигтайгаар тарчлааж алжээ. Сэтгэл нь хямарч, зовж шаналж байсан ч тэрээр Бурхны хүсэл таалалд нийцүүлэн даруу байсан. Маш их шаналж байсан ч даруу байхын гайхалтай үлгэр дуурайл үлдээсэн Нэгэн бол Есүс гэж баттай хэлж болно (Исаиа 53:7, 10-ыг уншина).

Даруу байх талаар Есүс хамгийн агуу үлгэр дуурайл үлдээсэн (16, 17-р догол мөрийг үзээрэй) *

16, 17. а) Есүс найзуудаас болж хэрхэн соригдсон бэ? б) Есүсийг хэрхэн дуурайх вэ?

16 Дэлхий дэх амьдралынх нь эцсийн шөнө Есүсийн сэтгэл ямар их хямарсныг төсөөл дөө. Үхэн үхтэлээ үнэнч байж чадах болов уу? Хэрэв үнэнч байж чадахгүй бол өчнөөн тэрбум хүнд мөнх амьдрах ирээдүй бэлэглэх аргагүй болно (Ром 5:18, 19). Хамгийн гол нь Эцгийнхээ нэрийг алдаршуулж чадахгүй (Иов 2:4). Гэтэл дотнын найзууд буюу элчүүдтэйгээ эцсийн удаа хамт хооллож байх тэр шөнө Есүсийн даруу эсэхийг сорьсон явдал болов. Элчүүд «хэн нь хамгийн агуу нь болох талаар ширүүн маргалджээ». Тэд урьд нь энэ сэдвээр олон удаа маргасан. Үүний өмнөхөн ч маргалдсан гээд бод доо! Есүс тэдний алдааг тухай бүрд нь засах гэж оролдож байсан билээ. Гайхалтай нь Есүс энэ удаа ч уурлалгүй тайван байлаа. Ямар хандлагатай байх ёстойг нь урьдын адил дөлгөөхөн хэлж, чухалчлан захив. Дараа нь үнэнчээр дэмждэг гэж найзуудаа магтсан (Лук 22:24–28; Ёох. 13:1–5, 12–15).

17 Иймэрхүү юм тохиолдвол та яах вэ? Хэчнээн бухимдаж байсан ч Есүсийг дуурайн дөлгөөн байгаарай. «Хүлээцтэй ханд» гэсэн Еховагийн тушаалыг дуулгавартай дагаарай (Кол. 3:13). Би ч гэсэн хүнийг уурлуулах юм хэлдэг, хийдэг шүү дээ гэдгээ санавал энэ тушаалыг биелүүлэхээс хойш суухгүй (Сур. 12:18; Яак. 3:2, 5). Хүний сайн талыг олж хараад магтаж сураарай (Эф. 4:29).

ЯАГААД ДАРУУ БАЙХ ГЭЖ ҮРГЭЛЖ ХИЧЭЭХ ЁСТОЙ ВЭ?

18. Ехова даруу хүмүүст хэрхэн тусалдаг вэ? Бид яах ёстой вэ?

18 Зөв шийдвэр гаргана. Төвөгтэй асуудлыг зөв шийдэхэд Ехова тусална. Гэхдээ даруу байсан цагт л тусална гэдгийг санаарай. Тэрээр «даруу хүний хүсэлтийг» сонсдог (Дуу. 10:17). Зөвхөн сонсоод зогсохгүй «даруу хүнийг шударгаар удирдаж, тэдэнд Өөрийн замыг сургадаг» (Дуу. 25:9). Ехова Библиэр, ном хэвлэлээр, * «итгэмжит, ухаалаг боолын» боловсруулдаг хөтөлбөрөөр дамжуулан биднийг удирддаг (Мат. 24:45–47). Тэгвэл бид яах ёстой вэ? Тусламж зайлшгүй хэрэгтэйг хүлээн зөвшөөрч, Еховагийн өгдөг бүх материалыг судалж, мэдэж авсан бүхнээ дуртайяа хэрэгжүүлэх учиртай.

19-21. Мосе Кадешт байхдаа ямар алдаа гаргасан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

19 Алдаж эндэхгүй. Мосегийн тухай дахиад бодъё. Тэрээр олон арван жил даруу байж, Еховаг баярлуулж явсан билээ. Гэвч цөлөөр тэнүүчилсэн 40 жил нь дуусахын алдад даруу байж чадаагүй. Олон жилийн өмнө амийг нь аварч байсан эгч нь нас баржээ. Эгчийгээ Кадешт оршуулаад удаагүй байхад нь израйлчууд дахин гомдоллов. Зохих ёсоор анхаарахгүй байна гэлцжээ. Энэ удаа ус байхгүй гэж «Мосетэй мэтгэлцсэн». Ехова Мосегоор янз бүрийн гайхамшиг үйлдүүлж байсныг, Мосе өөрийнхөө эрх ашгийг хойш тавин олон жил удирдаж ирснийг тэд умартаж, дургүйцэн гомдоллосон. Усгүй боллоо гэж гомдоллоод зогсоогүй, ангаж цангасан нь Мосегийн буруугаас болсон мэтээр ярьжээ (Тоол. 20:1–5, 9–11).

20 Мосе ихэд уурлан бачимдсанаасаа болоод дөлгөөн байж чадаагүй. Уг нь тэрээр Еховагийн тушааснаар хадтай ярих ёстой байв. Гэтэл ард олон руу хашхичиж өөрийн хүчээр гайхамшиг үйлдэх гэж байгаа мэтээр ярьсан. Тэгээд хадыг хоёр удаа цохисонд ус олгойдон гарав. Бардам зан, уур хилэнгийн гайгаар ноцтой алдаа гаргажээ (Дуу. 106:32, 33). Мосе хоромхон зуур дөлгөөн байж чадаагүйн улмаас Амласан газар луу орох эрхээ хасуулсан (Тоол. 20:11, 12).

21 Энэ явдал бидэнд сургамж болдог. Нэгдүгээрт, даруу байх гэж цаг ямагт хичээх ёстой. Эс тэгвэл бардам занд амархан дийлдэж, буруу зөрүү ярих эсвэл хийх аюултай. Хоёрдугаарт, сэтгэл хямарсан үед биеэ барих чадвар сулардаг. Тийм учраас сэтгэлийн дарамтад орсон үедээ дөлгөөн байхыг бүр ч их хичээх ёстой.

22, 23. а) Яагаад даруу байх гэж үргэлж хичээх ёстой вэ? б) Зефаниа 2:3-т бичсэн үг ямар учиртай вэ?

22 Хамгаалагдана. Удахгүй Ехова муу хүмүүсийг бүгдийг нь устгахад дэлхий дээр зөвхөн даруу хүмүүс үлдэнэ. Тэр цагт дэлхий даяар жинхэнэ амар тайван ноёлно (Дуу. 37:10, 11). Даруу хүмүүсийн дунд та байх болов уу? Зөнч Зефаниагийн бичсэн Еховагийн зөвлөгөөг дагавал та тэнд байх нь дамжиггүй (Зефаниа 2:3-ыг уншина).

23 «Магадгүй ... та нар нуугдсан байх болно» гэж Зефаниа 2:3-т бичсэн нь ямар учиртай юм бол оо? Ехова таалалд нь нийцүүлэхийг хичээдэг, хайртай хүмүүсээ хамгаалах чадалгүй гэсэн үг үү? Үгүй. Хамгаалагдъя гэвэл бид зүгээр суух ёсгүй. Даруу байж, Еховаг баярлуулахыг хичээгээд байвал Еховагийн «уурын өдрийг» эсэн мэнд давж, мөнх амьдрах боломжтой.

ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай

^ д/м 5 Төрөлхийн даруу хүн гэж байхгүй. Даруу болох гэж хичээх хэрэгтэй. Найрсаг зантай хүнтэй харьцахад дөлгөөн, даруу байх амар бол, бардам хүнтэй харьцахад тэр бүр амаргүй. Даруу байхад юу саад болдог, яаж даван туулахыг энэ өгүүллээр үзнэ.

^ д/м 3 ҮГИЙН ТАЙЛБАР: Даруу зан. Хэрэв хүн даруу бол бусадтай эелдэг зөөлөн харьцана. Уур хүрмээр үед ч уурлаж унтууцахгүй дөлгөөн байна. Бас их зан гаргахгүй, бусдыг өөрөөсөө дээр гэж үзнэ. Ехова Бурхан даруу зантай. Тэрээр дорд бүхнийг хайрлан халамжилж, өршөөж энэрдэг.

^ д/м 12 Вавилончууд энэ гурван еврей залууд Шадрах, Мешах, Абед-него гэдэг нэр өгчээ (Дан. 1:7).

^ д/м 18 Жишээ нь «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2011 оны 4-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Бурхны алдрын төлөө шийдвэр гаргагтун» гэсэн өгүүллийг үзээрэй.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хэн нь агуу болох талаар шавь нарыгаа маргалдахад Есүс уурлалгүй дөлгөөн байж, алдааг нь эвтэйхэн засаж байна.