Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 8

Яагаад талархал илэрхийлэх ёстой вэ?

Яагаад талархал илэрхийлэх ёстой вэ?

«Үргэлж талархаж бай» (КОЛ. 3:15).

ДУУ 2 Ехова танд баярлалаа

ТОЙМ *

1. Есүсийн эдгээсэн самари хүн хэрхэн талархал илэрхийлсэн бэ?

АРГА НЬ барагдсан арван хүн байлаа. Уяман өвчнөөсөө салах магадлал тун бага ажээ. Гэтэл тэд нэг өдөр Агуу Багш Есүсийг холоос харав. Бүх төрлийн өвчнийг эдгээж байгааг дуулсан тул биднийг ч эдгээж чадна гэж итгэжээ. Тиймээс «Есүс Багш аа, биднийг өрөвдөөч» гэж хашхирлаа. Есүс тэднийг эдгээв. Сайхан сэтгэлтэй Есүст арвуулаа баярласан нь эргэлзээгүй. Гэхдээ тэдний нэг нь л талархал * илэрхийлсэн. Тэр самари хүн эдгэрсэндээ баярлан Бурхныг өөрийн эрхгүй «чанга дуугаар» алдаршуулжээ (Лук 17:12–19).

2, 3. а) Бид заримдаа яагаад талархал илэрхийлдэггүй вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Бид самари хүн шиг байхыг хүсдэг. Гэвч талархаж байгаагаа үгээрээ эсвэл үйлсээрээ илэрхийлэхээ мартах явдал хааяа гардаг.

3 Талархсан сэтгэлээ үгээрээ, үйлсээрээ илэрхийлэх нь яагаад чухал байдгийг энэ өгүүллээс мэдэж авъя. Талархдаг болон талархдаггүй байсан эртний хүмүүсийн жишээг ярилцъя. Эцэст нь талархлаа хэрхэн илэрхийлэхийг авч үзье.

ЯАГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ ЁСТОЙ ВЭ?

4, 5. Яагаад талархал илэрхийлэх ёстой вэ?

4 Талархал илэрхийлэх талаар Ехова үлгэр дуурайл болдог. Таалалд нь нийцүүлдэг хүмүүсийг ивээдэг нь талархал илэрхийлж буй нэг арга юм (2 Сам. 22:21; Дуу. 13:6; Мат. 10:40, 41). «Хайрт хүүхдүүдийнх нь хувьд та нар Бурхныг дуурайж яваарай» гэсэн уриалга Библид бий (Эф. 5:1). Тэгэхээр Еховаг дуурайх гэж хичээдэг маань талархал илэрхийлэх ёстойн гол шалтгаан юм.

5 Талархал илэрхийлэх ёстойн өөр нэг шалтгааныг авч үзье. Талархлыг сайхан амттай хоолтой зүйрлэж болно. Хоолыг ганцаараа идсэнээс олуулаа идвэл илүү таатай байдаг шүү дээ. Танд талархах сэтгэл төрвөл та өөрөө жаргалтай болно. Талархсан сэтгэлээ илэрхийлбэл та нөгөө хүнийг жаргалтай болгоно. Учир нь танд тусалсан хүн хэрэгтэй юм хийснээ ойлгоод баярлана. Улмаар та хоёр дотнын найзууд болно.

6. Талархлын үг болон алтан алим юугаараа төстэй вэ?

6 Талархал илэрхийлэх нь ач тустай. Библид «Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу» гэж байдаг (Сур. 25:11). Мөнгөн тавагтай алтан алим ямар гоё харагдах бол оо! Бас үнэ цэнг нь бодоод үз дээ! Хэрвээ танд ийм бэлэг өгвөл ямар санагдах вэ? Талархлын үг тань бусдад яг л ийм үнэ цэнтэй санагдана. Он жил өнгөрсөн ч алтан алим элэгдэнэ гэж үгүй. Үүн шиг, танаас сонссон талархлын үг насан туршид нь мартагдахгүй, үнэ цэнтэй хэвээрээ байна.

ТЭД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛСЭН

7. Дуулал 27:4-ийг бичсэн Давид болон бусад дуулалч хэрхэн талархал илэрхийлсэн бэ?

7 Бурхны эртний үйлчлэгчид талархал илэрхийлдэг байжээ. Тэдний нэг нь Давид юм (Дуулал 27:4-ийг уншина). Давид цэвэр шүтлэгийг ихэд үнэлдэг, энэ нь үйлсээс нь харагддаг байсан. Жишээ нь сүм барихад маш их хэмжээний эд баялаг хандивлажээ. Асафын үр удам дуулал буюу магтаалын дуу зохиож талархсан сэтгэлээ илэрхийлсэн байдаг. Нэгэн дуугаараа Бурханд талархал өргөхдөө «гайхамшигт үйлсийг» нь биширдгээ хэлжээ (Дуу. 75:1). Тэгэхээр, Давид болон Асафын үр удам ивээл хишгээ хайрладаг Еховадаа талархал илэрхийлдэг байжээ. Эдгээр дуулалчийг дуурайх хүсэл танд төрж байна уу?

Ромчуудад бичсэн Паулын захидлаас талархал илэрхийлэх талаар юу мэдэж болох вэ? (8, 9-р догол мөрийг үзээрэй) *

8, 9. Элч Паул итгэл нэгтнүүддээ хэрхэн талархал илэрхийлсэн бэ? Үр дүн нь ямар байсан бэ?

8 Элч Паул итгэл нэгтнүүдээ эрхэмлэн хүндэлдэг байв. Энэ нь тэдний талаар юу ярьдаг байснаас нь тодорхой харагддаг. Тэдний төлөө Бурханд байнга талархан залбирдаг байжээ. Бас тэдэнд талархаж явдгаа захидалдаа бичсэн. «Ром» номын 16 дугаар бүлгийн эхний 15 зүйлд итгэл нэгт 27 хүний нэрийг дурджээ. Ялангуяа Приска Акул хоёрыг «Миний төлөө амь насаараа дэнчин тавьж байсан» гээд, Фойбын тухай «Тэр өөрөө олон хүнд, бас надад ч тусалж байсан юм» хэмээн бичсэн. Хөдөлмөрч, хайрт ах дүү нараа Паул магтан урамшуулжээ (Ром 16:1–15).

9 Тэрээр итгэл нэгтнүүдийнхээ алдаа дутагдлыг мэддэг байсан. Гэлээ ч ромчуудад бичсэн захидлынхаа төгсгөлд тэдний сайн талыг бичжээ. Паулын захидлыг цуглаан дээр уншихад нэрээ сонссон хүмүүс хэчнээн их урамшсан бол оо! Ингээд Паул тэдэнтэй, тэд Паултай улам дотноссон нь лавтай. Та хурлынхаа гишүүдийн хэлсэн, хийсэн сайн сайхан бүхнийг анзаарах бүрдээ магтдаг уу?

10. Есүсээс юу сурах вэ?

10 Есүс Бага Азийн хурлуудад үг хэлэхдээ сайн үйлс бүтээсэн гэж дагалдагчдаа магтжээ. Жишээлбэл Туатэр дэх хуралд «Би та нарын ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэсвэр тэвчээрийг мэднэ. Бас сүүлийн ажил үйлс тань эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ» гэжээ (Илч. 2:19). Есүс тэдний ажил үйлс сайжирсныг дурдаад зогсоогүй, сайн үйлс бүтээхэд нөлөөлсөн зан чанаруудыг нь магтсан. Туатэр дэх хурлын зарим хүнийг зэмлэх шаардлагатай байсан. Гэхдээ үгнийхээ эхэнд ч, төгсгөлд ч урмыг нь сэргээжээ (Илч. 2:25–28). Тэрээр бүх хурлын тэргүүн учир асар их эрх мэдэлтэй. Тиймээс сайн ажиллалаа гэж бидэнд талархах албагүй шүү дээ. Тэгсэн атлаа талархлаа илэрхийлдэг. Ахлагчид Есүсийн энэ сайхан жишээг дагах нь зүйтэй!

ТЭД ТАЛАРХААГҮЙ

11. Еврей 12:16-г үзвэл Есав ариун юмыг хэрхэн үздэг байсан бэ?

11 Харамсалтай нь Библид гардаг зарим хүн талархдаггүй байсан. Жишээлбэл Есав Еховаг хайрлаж хүндэлдэг эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн атлаа ариун юмыг эрхэмлээгүй (Еврей 12:16-г уншина). Талархах сэтгэлгүй нь юунаас харагдсан бэ? Ууган хүүгийн эрхээ ганц таваг шөлөөр дүү Иаковтаа яаран худалдсан (Эх. 25:30–34). Хожим нь Есав буруу шийдвэр гаргасандаа ихэд харамсжээ. Гэвч ууган хүүгийн эрхээ үнэлээгүй болохоор ивээл хүртээгүй гэж гомдоллох ямар ч үндэс байхгүй шүү дээ.

12, 13. Израйлчууд талархахаа больсон нь юунаас харагддаг вэ? Үр дүн нь юу байсан бэ?

12 Талархал илэрхийлэх олон шалтгаан израйлчуудад байсан. Арван гамшгийн дараа Ехова израйлчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн билээ. Дараа нь Улаан тэнгисийн дэргэд Египетийн армид хиар цохиулах аюулаас аварсан. Тэд ихэд талархан Еховаг магтаж ялалтын дуу дуулжээ. Гэхдээ дандаа талархах сэтгэлтэй байж чадсан болов уу?

13 Хожим нь саад бэрхшээл тулгарахад израйлчууд өөрсдийнх нь төлөө хийсэн Еховагийн бүх үйлсийг амархан мартжээ. Улмаар талархахаа больсон (Дуу. 106:7). Яаж? «Израилийн хөвгүүдийн бүх чуулган цөлд Мосе Аарон нарын эсрэг гомдоллов». Үнэн хэрэгтээ Еховад дургүйцэн гомдоллосон хэрэг байлаа (Ег. 16:2, 8). Ехова талархах сэтгэлгүй ард түмнээ хараад ихэд гонсойв. Тэгээд Иошуа Калеб хоёроос бусад нь цөлд үхэж үрэгдэнэ гэдгийг хожим нь хэлүүлжээ (Тоол. 14:22–24; 26:65). Тэдний муу жишээг дагахгүйн тулд яах вэ? Сайн жишээ үзүүлсэн хүмүүсийг хэрхэн дуурайх вэ?

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙГААРАЙ

14, 15. а) Эхнэр нөхрүүд бие биедээ хэрхэн талархал илэрхийлэх вэ? б) Талархал илэрхийлэх хэрэгтэйг хүүхдэдээ хэрхэн заах вэ?

14 Гэр бүлийнхэндээ. Гишүүн бүр нь талархал илэрхийлдэг бол тэр гэр бүл жаргалтай байна. Эхнэр нөхөр хоёр бие биедээ хэдийчинээ их талархана, төдийчинээ дотносно. Нэгнийхээ алдааг уучлахад ч илүү хялбар байна. Нөхөр нь талархах сэтгэлтэй бол эхнэрийнхээ хэлдэг, хийдэг сайн юмыг олж хардаг төдийгүй «магтдаг» (Сур. 31:10, 28). Харин эхнэр нь юуг нь үнэлж, юуны төлөө талархаж байгаагаа нөхөртөө тодорхой хэлдэг.

15 Эцэг эхчүүд талархал илэрхийлэхийг хүүхдэдээ хэрхэн заах вэ? Хүүхдүүд аав ээжийнхээ үг яриа, үйл хөдлөлийг дуурайдгийг санаарай. Таны төлөө ямар нэг юм хийвэл баярлалаа гэж хүүхдэдээ хэлж үлгэр дуурайл болоорой. Түүнээс гадна сайхан сэтгэл гаргасан хүнд баярлалаа гэж хэлж байхыг хүүхдэдээ зааж захиж байгаарай. Чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй бөгөөд энэ нь маш чухал гэдгийг тэдэнд ойлгуулаарай. Жишээ нь Клэри гэдэг эмэгтэй: «Ээж маань 32-тойдоо гурван хүүхдээ ганцаараа өсгөх шаардлагатай болсон юм. Ээжид ямар хэцүү байсныг би өөрөө 32 хүрээд ойлгосон. Тэгээд ах бид гурвыг өсгөхийн тулд золиосолсон бүхнийх нь төлөө талархаж байгаагаа хэлсэн юм. Миний хэлсэн үг сэтгэлд нь хоногшсоныг ээж саяхан надад хэлж билээ. Байнга л бодогддог, бодох бүрдээ магнай нь тэнийдэг гэсэн» хэмээн ярьжээ.

Талархал илэрхийлэхийг хүүхдэдээ зааж өгөөрэй (15-р догол мөрийг үзээрэй) *

16. Талархал илэрхийлбэл урам сэргээдгийг харуулах жишээ хэлнэ үү.

16 Хурлынхандаа. Итгэл нэгтэндээ талархлаа илэрхийлбэл сэтгэл нь сэргэнэ. Хорхэ гэдэг 28 настай ахлагчийн тухай ярья. Тэрээр хүнд өвчин тусжээ. Бүтэн сарын дараа л цуглаандаа явж эхэлсэн ч үүрэг даалгавар биелүүлэх боломжгүй байв. Хорхэ: «Би цуглаан дээр даалгавар биелүүлж чадахгүй байгаадаа гутарч өөрийгөө ямар ч хэрэггүй болчихсон юм шиг санаж байлаа. Тэгтэл нэг ах надад “Манай гэрийнхэнд сайхан жишээ үзүүлдэгт талархаж явдаг шүү. Чамайг илтгэл тавих бүрд бид ямар их баярладаг байсныг чи мэдэхгүй байх л даа. Чиний илтгэлийг сонсоод манай гэрийнхний итгэл батажсан” гэж ярихад хоолой зангирч нүдийг минь нулимс бүрхээд ирсэн. Тэр ахын хэлсэн үг цагаа олсон байсан» гэсэн юм.

17. Колосай 3:15-д бичсэнээр, өгөөмөр сэтгэлтэй Еховадаа хэрхэн талархал илэрхийлэх вэ?

17 Өгөөмөр Бурхандаа. Ехова бидэнд бэлгэдлийн хоол ундыг элбэг дэлбэг өгдөг. Жишээ нь бид цуглаан, сэтгүүл, вэб саитаараа дамжуулаад заавар зөвлөгөө авдаг. Та илтгэл сонсож, өгүүлэл уншиж эсвэл нэвтрүүлэг үзэж байхдаа «Яг надад зориулжээ» гэж бодож байсан уу? Тэгвэл Еховад хэрхэн талархал илэрхийлэх вэ? (Колосай 3:15-ыг уншина). Нэг арга нь энэ сайхан бэлгийг өгдөгт нь байнга талархан залбирах юм (Яак. 1:17).

Цуглааны танхимыг цэвэрлэх нь талархал илэрхийлэх нэг сайн арга (18-р догол мөрийг үзээрэй)

18. Еховад талархал илэрхийлэх өөр ямар арга байна вэ?

18 Түүнээс гадна шүтлэгийн газраа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах нь Еховад талархал илэрхийлж буй хэрэг юм. Бид цуглааны танхимаа цэвэрлэх, засварлах ажилд тогтмол оролцдог. Аудио, видео төхөөрөмжийг ариг гамтай эдэлдэг. Цуглааны танхимаа байнга арчилдаг бол удаан хугацаагаар ашиглана, их засвар хийх шаардлага тэр бүр гарахгүй. Ийнхүү мөнгө хэмнэдэг бол дэлхийн өөр хэсэгт цуглааны танхим барих, шинэчлэн засах ажлыг хийх боломж бүрдэнэ.

19. Нэгэн дүүрэг хариуцагч болон түүний эхнэрт тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

19 Бидний төлөө нөр их хөдөлмөрлөдөг хүмүүст. Тэд талархлын үгийг маань сонсоод тулгарч буй бэрхшээлийнхээ талаар өөр бодолтой болох байх. Нэгэн дүүрэг хариуцагч болон түүний эхнэрт тохиолдсон явдлыг авч үзье. Тэсгим хүйтэн өвлийн нэгэн орой эцэж ядарсан тэд гэртээ иржээ. Ихэд даарсан эхнэр нь гадуур хувцсаа ч тайлалгүй бүхлээрээ унтчихав. Өглөө нь нөхөртөө явуулын ажилд цаашид оролцож чадахгүй нь ээ гэж хэлжээ. Тэгтэл үдийн алдад салбараас захидал ирэв. Эхнэрт нь хаягласан байлаа. Долоо хоног бүр нэг байрнаас нөгөө рүү нүүх нь үнэхээр хэцүү байдгийг уг захидалд дурдаад, тэвчээртэй үйлчилдгийг нь магтжээ. Нөхөр нь: «Магтаалын тэр үг эхнэрийн маань сэтгэлийг хөдөлгөсөн. Түүнээс хойш явуулын ажил хийхээ больё гэж нэг ч удаа яриагүй. Харин ч бүр, энэ үйлчлэлд оролцохоос шантрах бүрд минь намайг зоригжуулдаг байсан» хэмээн ярьсан юм. Тэд явуулын ажлыг бараг 40 жил хийжээ.

20. Бид өдөр бүр яах шаардлагатай вэ? Яагаад?

20 Үг яриа, үйл хэргээрээ өдөр бүр талархлаа илэрхийлцгээе. Талархдаг хүн энэ ертөнцөд ховор болжээ. Харин бид чин сэтгэлээсээ талархсанаа үг болон үйлсээрээ илэрхийлбэл өдөр бүр тулгардаг бэрхшээлийг давах гэж яваа нэгэндээ нэмэр болж болох юм. Бас насан туршийн найзууд болно. Хамгийн гол нь, өгөөмөр сэтгэлтэй талархуу Эцэг Еховагаа дуурайж байна гэсэн үг.

ДУУ 148 Та цорын ганц Хүүгээ өгсөн

^ д/м 5 Талархал илэрхийлэх талаар Ехова, Есүс болон уяман өвчтэй самари хүнээс юу сурах вэ? Тэд болон бусад хүн ямар жишээ үзүүлснийг энэ өгүүллээр авч үзнэ. Талархал илэрхийлэх нь яагаад чухал, ямар аргаар талархаж болохыг ярилцана.

^ д/м 1 ҮГИЙН ТАЙЛБАР: Талархаж байна гэдэг бол хүний үнэ хүндтэйг, юмны үнэ цэнг ойлгож байна гэсэн үг. Чин зүрхнээсээ баярласан сэтгэлийг энэ үгээр илэрхийлдэг.

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Паулын захидлыг Ром дахь хурлынханд уншиж байна; Акул Приска, Фойб болон бусад хүн нэрээ сонсоод баярлаж байна.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Үлгэр дуурайл болсон настай эгчид талархал илэрхийлэхэд нь ээж нь охиндоо тусалж байна.