Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 9

Хайр ба шударга ёс эртний Израйлд

Хайр ба шударга ёс эртний Израйлд

«Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг. Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн» (ДУУ. 33:5).

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

ТОЙМ *

1, 2. а) Бүх хүн юу хүсдэг вэ? б) Бид юунд итгэлтэй байж болох вэ?

БҮХ хүн хайрлуулахыг хүсдэг. Бас хүмүүс надтай харьцахдаа шударга байгаасай гэж хүсдэг. Хайрлахгүй, шударга бус хандаад байвал хүн өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодон, аз жаргалгүй болно.

2 Хүмүүс хайраар цангаж, шударга ёсоор өлсөж байдгийг Ехова мэддэг (Дуу. 33:5). Ехова биднийг үнэхээр их хайрладаг бөгөөд шударга бус явдлаас болж хохироосой гэж огтхон ч хүсдэггүй гэдэгт итгэлтэй байж болно. Мосегоор дамжуулж Израйл үндэстэнд өгсөн хуулийг судалбал энэ нь тодорхой харагдана. Хэрэв та хүмүүсийн хүйтэн сэтгэл, шударга бус байдлаас болоод цөхрөнгөө барж яваа бол Мосегийн хуулийг * судалж Ехова ард түмэндээ хэрхэн санаа тавьдгийг мэдэж аваарай.

3. а) Ром 13:8–10-т тайлбарласныг үзвэл, Мосегийн хуулийг судлахлаар юу мэдэж авдаг вэ? б) Энэ өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

3 Мосегийн хуулийг судлахлаар Ехова Бурхны хайр халамж, халуун сэтгэлийг мэдэж авдаг (Ром 13:8–10-ыг уншина). Израйлд өгсөн хуулийн цөөн хэдийг энэ өгүүллээр ярилцаад дараах асуултын хариуг мэдэж авцгаая. Мосегийн хууль хайранд үндэслэсэн гэхийн учир юу вэ? Энэ хууль шударга ёсыг хөхиүлэн дэмждэг гэж яагаад хэлж болох вэ? Хууль хэрэгжихэд эрх мэдэлтэй хүмүүс ямар үүрэгтэй байсан бэ? Хууль ямар хүмүүсийг хамгаалдаг байсан бэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авбал тайвширч, итгэл найдвар өвөрлөж, хайртай Эцэгтэйгээ улам дотносно (Үйлс 17:27; Ром 15:4).

ХАЙРАНД ҮНДЭСЛЭСЭН ХУУЛЬ

4. а) Мосегийн хуулийг яагаад хайранд үндэслэсэн гэж хэлж болох вэ? б) Матай 22:36–40-д бичсэнээр, Есүс ямар тушаалуудыг онцолсон бэ?

4 Мосегийн хуулийг хайранд үндэслэсэн гэж хэлж болно. Учир нь Ехова хайрандаа хөтлөгдөн бүхнийг хийдэг (1 Ёох. 4:8). Мосегийн хуулийн бүх заалтыг гаргахдаа Бурхныг хайрла, хөршөө хайрла гэсэн хоёр тушаалыг үндэс болгожээ (Лев. 19:18; Д.хууль 6:5; Матай 22:36–40-ийг уншина). Тэгэхээр Мосегийн хуулийг бүрдүүлдэг 600 гаруй зүйл тус бүрээс Еховагийн хайр харагддаг. Хэдэн жишээ үзье.

5, 6. Ехова эхнэр нөхрүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Юуг мэддэг вэ? Жишээ хэлнэ үү.

5 Ханьдаа үнэнч, үр хүүхдэдээ халамжтай бай. Гэрлэсэн хүмүүс бие биеэ насан туршдаа хайрлаасай гэж Ехова боддог (Эх. 2:24; Мат. 19:3–6). Завхайрч ханийнхаа итгэлийг эвдэх нь хамгийн харгис гэмт хэрэг юм. Арван тушаалын долоо дахид «Бүү завхайр» гэж байдаг нь санамсаргүй хэрэг биш ээ (Д.хууль 5:18). Энэ нь «Бурхандаа нүгэл үйлдэж», ханиа зовоож буй харгис үйлдэл юм (Эх. 39:7–9). Завхай явсны гайгаар буруугүй ханиа олон жил шаналгана.

6 Эхнэр нөхөр хоёр ямаршуу харьцаатайг Ехова сайн мэддэг. Нөхөр нь эхнэрээ хайрлан халамжлах ёстойг Мосегийн хуульд заажээ. Израйл эрчүүд ялих шалихгүй зүйлээс болж эхнэрээсээ салах ёсгүй байсан (Д.хууль 24:1–4; Мат. 19:3, 8). Харин ноцтой асуудал тулгараад салахаар болбол эхнэртээ салсныг гэрчилсэн бичиг өгөх ёстой. Энэ бичиг эмэгтэйчүүдийг хамгаалах зорилготой бөгөөд садар самуун явдлаас болж салаагүйг баталдаг байв. Түүнээс гадна нөхөр нь эхнэртээ салсны гэрчилгээг өгөхөөсөө өмнө хотын ахлагчидтай зөвлөлддөг байсан бололтой. Ийнхүү хотын ахлагчид гэр бүлээ аврахад нь хос хоёрт туслахыг хичээдэг байсан байх. Израйл эрэгтэй аминч үзлийн улмаас эхнэрээсээ саллаа гэхэд тэдний хэргийг шийдэж буй ахлагчдын цаана Ехова байдаг байсан. Тэрээр уйлж унжиж буй эхнэрийн нулимсыг харж, зовлонг нь мэдэрдэг байжээ (Мал. 2:13–16).

(7, 8-р догол мөрийг үзээрэй) *

7, 8. а) Ехова эцэг эхчүүдэд ямар тушаал өгсөн бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй). б) Бид ямар сургамж авч болох вэ?

7 Ехова бас хүүхдүүдэд маш их санаа тавьдгийг Мосегийн хуулиас мэдэж болно. Уг хуульд зааснаар, эцэг эхчүүд үр хүүхдийнхээ бие махбодын хэрэгцээг хангаад зогсохгүй Бурхантай дотно болоход нь туслах тушаалтай байв. Тэд Еховагийн хуулийг хүүхдэдээ ойлгуулж, Еховаг хайрладаг болгон хүмүүжүүлэхийн тулд боломж бүрийг ашиглах ёстой байлаа (Д.хууль 6:6–9; 7:13). Ехова израйлчуудыг хожим шийтгэсэн. Яагаад? Тэд хүүхдүүдээ тамлан зовоож алдаг байсан нь нэг шалтгаан юм (Иер. 7:31, 33). Эцэг эхчүүд хүүхдээ Еховагаас ирсэн үнэтэй өв хөрөнгө, бэлэг гэж үзэх ёстой болохоос бус, тоохгүй орхидог эсвэл хамаагүй хаядаг эд зүйлтэй адилтгаж болохгүй байв (Дуу. 127:3).

8 Сургамж: Эхнэр нөхрүүд хоорондоо хэрхэн харьцдагийг Ехова анхааралтай ажиглаж байдаг. Үр хүүхдээ хайрлан халамжлах үүргийг эцэг эхчүүдэд оноосон. Үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцно.

9-11. Ехова яагаад шунахыг хориглосон хууль гаргасан бэ?

9 Бүү шуна. Шунахыг, өөрөөр хэлбэл хүний юманд санаархахыг арав дахь тушаалаар хориглосон (Д.хууль 5:21; Ром 7:7). Ехова ийм хууль гаргаснаараа нэг чухал зүйл ойлгуулахыг хүсжээ. Ард түмэн нь зүрхээ хамгаалах буюу зөв бодож эргэцүүлдэг, цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой. Бодол, сэтгэл нь бузар муу бол үйлдэл нь бас бузар муу байна гэдгийг тэрээр мэддэг (Сур. 4:23). Хэрэв хүн буруу юм хүсээд байвал бусдыг хайрлаж чадахгүй. Давид хаан ийм урхинд оржээ. Уг нь их сайн хүн байсан боловч нэг удаа хүний эхнэрт шунан дурласан. Хүсэл тачаалдаа автсаны гайгаар нүгэл үйлдсэн (Яак. 1:14, 15). Давид тэр эмэгтэйтэй завхайраад зогсоогүй нөхрийг нь мэхлэхийг оролдож, дараа нь амийг нь хөнөөжээ (2 Сам. 11:2–4; 12:7–11).

10 Бүү шуна гэсэн энэ хуулийг зөрчлөө гэхэд Ехова мэддэг байв. Учир нь тэрээр хүмүүсийн бодол санааг мэдэж чадна (Ш.дээд 28:9). Муу юм хийхэд хүргэдэг бодлыг таягдан хаях хэрэгтэйг израйлчууд дээрх хуулиас ойлгодог байжээ. Ехова аргагүй л мэргэн ухаантай, хайр халамжтай Эцэг мөн!

11 Сургамж: Ехова хүний гаднах төрхийг л хардаг юм биш ээ. Зүрх сэтгэл доторхыг бас хардаг (1 Сам. 16:7). Бодол, сэтгэл, үйлдлийг Еховагаас нуух аргагүй. Бодол, хандлага маань сайн байвал магтаж урамшуулдаг. Харин муу байвал мэдэж аваад засаасай, буруу юм бүү хийгээсэй гэж боддог (Ш.дэд 16:9; Мат. 5:27–30).

ШУДАРГА ЁСЫГ ХӨХИҮЛЭН ДЭМЖДЭГ ХУУЛЬ

12. Мосегийн хуулиас Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

12 Ехова бас шударга ёсыг дээдэлдэг нь Мосегийн хуулиас тодорхой харагддаг (Дуу. 37:28; Ис. 61:8). Шударга байх талаар Ехова өөрөө төгс жишээ үзүүлдэг. Израйлчууд Бурхны хуулийг сахиад ивээл хүртдэг байсан. Харин зөв шударга хэм хэмжээг нь үл тоомсорлохоороо зовж шаналдаг байв. Арван тушаалаас дахиад хоёрыг авч үзье.

13, 14. Арван тушаалын эхний хоёрт юу гэж байдаг вэ? Үүнийг биелүүлэхийн ач тус нь юу байсан бэ?

13 Зөвхөн Еховаг шүт. Арван тушаалын эхнийх нь зөвхөн Еховад чин үнэнч бай, хоёр дахь нь шүтээн шүтэж болохгүй гэсэн тушаал юм (Ег. 20:3–6). Эдгээр тушаал Еховад бус, харин израйлчуудад хэрэгтэй байв. Израйлчууд Бурхандаа үнэнч байх үедээ дэвжин дээшилдэг, өөр үндэстнүүдийн бурхдыг шүтэхээрээ зовж шаналдаг байсан.

14 Канаанчуудын тухай бодоод үзье. Тэд жинхэнэ, амьд Бурхныг шүтэхийн оронд амьгүй шүтээнүүдэд мөргөдөг байжээ. Ийнхүү өөрсдийгөө гутаан доромжилсон (Дуу. 115:4–8). Бузар булай бэлгийн харьцаанд орох, бага насны хүүхдүүдээр тахил өргөх зэрэг зан үйл нь тэдний шүтлэгийн нэг хэсэг байв. Израйлчууд Еховагаас нүүр буруулж, тэдний шүтээнүүдийг шүтдэг болсноор өөрсдийгөө гутаан доромжилж, гэрийнхнийгээ зовоосон (Ш.дэд 28:1–4). Эрх мэдэлтэй хүмүүс Еховагийн шударга хэм хэмжээг уландаа гишгэжээ. Эрх мэдлээ урвуулан ашиглаж сул дорой, харж хамгаалах хүнгүй хүмүүсийг дарладаг байв (Езе. 34:1–4). Өөрийгөө хамгаалах чадваргүй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд муу юм хийвэл шийтгэнэ гэдгээ Ехова израйлчуудад анхааруулсан (Д.хууль 10:17, 18; 27:19). Харин шударга ёсыг дээдэлдэг үнэнч хүмүүсээ ивээдэг байсан (Х.дээд 10:4–9).

Ехова биднийг хайрладаг бөгөөд шударга бус явдлаас болж зовбол мэддэг (15-р догол мөрийг үзээрэй)

15. Та Еховагийн талаар юу мэдэж авсан бэ?

15 Сургамж: Еховад үйлчилдэг гэдэг атлаа хэм хэмжээг нь уландаа гишгэж, үйлчлэгчдийг нь хохироодог хүмүүс байдаг. Гэхдээ тэднээс болж Еховаг буруутгаж болохгүй. Ехова биднийг хайрладаг бөгөөд шударга бус явдлаас болж зовбол мэддэг. Эх нь нялх үрийнхээ зовлонг мэдэрдэг бол, Ехова бидний зовлонг түүнээс ч илүү сайн ойлгодог (Ис. 49:15). Тэр даруйд нь асуудлыг шийдэхгүй байж магадгүй. Гэхдээ буруу юм хийж бусдыг зовоосондоо гэмшээгүй хүмүүсийг цаг нь болохоор шийтгэнэ.

МОСЕГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

16-18. Мосегийн хуулиар юуг зохицуулах боломжтой байсан бэ? Ямар сургамж авч болох вэ?

16 Израйлчуудын амьдралын бүхий л асуудлыг Мосегийн хуулиар зохицуулах боломжтой байсан. Томилогдсон ахмадууд Еховагийн ард түмнийг шүүхдээ шударга байх ёстой байв. Бурхныг шүтэхтэй холбоотой асуудлыг төдийгүй хүмүүсийн маргаан, гэмт хэргийг шүүх үүргийг тэдэнд даалгажээ. Дараах жишээг анхаараарай.

17 Хүн алсан гэмт хэрэгтэнд тийм ч амархан алах ял оноочихдоггүй байв. Хотынх нь ахлагчид уг хэргийг мөрдөн шалгасны дараа хэрэгтэнд алах ял оноох эсэхийг шийднэ (Д.хууль 19:2–7, 11–13). Түүнээс гадна өмчийн болон гэр бүлийн маргаан гээд өдөр тутмын амьдралын олон асуудлыг шийддэг байсан (Ег. 21:35; Д.хууль 22:13–19). Ахлагчид нь шударга, ард түмэн нь Мосегийн хуулийг сахиж байх үед хүн бүр жаргалтай, бүгдээрээ Еховаг алдаршуулдаг байжээ (Лев. 20:7, 8; Ис. 48:17, 18).

18 Сургамж: Бидний амьдралын бүхий л асуудлыг Ехова сонирхож байдаг. Хүмүүстэй шударга харьцаж байна уу, хайр халамжтай байна уу гэдгийг, бас олны дунд болон гэртээ ганцаараа байхдаа юу хэлж, хийдгийг маань анхаарч байдаг (Евр. 4:13).

19-21. а) Ахлагчид болон шүүгчид ямар байх ёстой байсан бэ? б) Мосегийн хуульд хүмүүсийг хамгаалсан ямар ямар заалт байсан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

19 Ехова ард түмнээ хөрш үндэстнүүдийнх нь муу нөлөөнөөс хамгаалахыг хүсдэг байв. Тиймд Мосегийн хуулийг ард түмнээр сахиул гэсэн шаардлагыг ахлагчид болон шүүгчдэд тавьжээ. Гэхдээ шүүгчид ард түмэнд хатуу ширүүн, харгис догшин зан гаргах ёсгүй байлаа. Харин шударга ёсыг дээдлэх учиртай байсан (Д.хууль 1:13–17; 16:18–20).

20 Ехова ард түмнийхээ зовлонг ойлгодог учраас шударга бус явдлын хохирогч болохоос сэргийлсэн хууль гаргасан. Жишээлбэл Мосегийн хуулийн дагуу шүүвэл, хүнийг гэмт хэрэг хийсэн гэж хилсээр буруутгах явдал бараг гарахгүй. Хэн буруутгаад байгааг мэдэх эрхийг хилсээр буруутгагдаад байгаа хүнд олгосон (Д.хууль 19:16–19; 25:1). Наад зах нь хоёр гэрчээс мэдүүлэг авч байж буруутай эсэхийг нь тогтоох ёстой (Д.хууль 17:6; 19:15). Ганцхан гэрчтэй гэмт хэргийг хэрхэн шийддэг байсан бэ? Хэрэгтэн шийтгэлээс мултарна гэж санах ч хэрэггүй байлаа. Яагаад гэвэл гэмт үйлдлээ Еховагаас нуух аргагүй байв. Эцэг хүн гэр бүлийнхнийгээ захирах эрх мэдэлтэй ч тэр нь хязгаартай байсан. Гэр бүлийн зарим маргаанд хотын ахлагчид оролцож эцсийн шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ (Д.хууль 21:18–21).

21 Сургамж: Ехова төгс жишээ үзүүлдэг. Хэзээ ч шударга бус юм хийдэггүй (Дуу. 9:7). Хэм хэмжээг нь үнэнчээр баримталдаг хүмүүсийг шагнадаг, эрх мэдлээ урвуулан ашигладаг хүмүүсийг шийтгэдэг (2 Сам. 22:21–23; Езе. 9:9, 10). Зарим хүн хэрэг хийчихээд шийтгэлээс зугтдаг ч Ехова цаг нь болохоор хэргийг нь илчилнэ (Сур. 28:13). Хэрэв тэд гэмшихгүй бол «амьд Бурхны гарт орох нь аймшигтай хэрэг» гэдгийг удахгүй ойлгоно (Евр. 10:30, 31).

ЯМАР ХҮМҮҮСИЙГ МОСЕГИЙН ХУУЛИАР ХАМГААЛДАГ БАЙСАН БЭ?

Ахлагчид маргааныг шийдвэрлэхдээ хайр, шударга ёсыг дээдэлдэг Еховаг дуурайх ёстой байсан (22-р догол мөрийг үзээрэй) *

22-24. а) Мосегийн хуулиар ямар хүмүүсийг хамгаалдаг байсан бэ? Еховагийн талаар юу мэдэж болох вэ? б) Египетээс гарсан нь 22:22–24-т ямар анхааруулга байдаг вэ?

22 Өнчин хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүд, харийнхан зэрэг өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийг Мосегийн хуулиар хамгаалдаг байв. «Чи харийн хүн юм уу, өнчин хүмүүс дээр шударга ёсыг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав» гэж Израйлын шүүгчдэд тушаажээ (Д.хууль 24:17). Ехова нийгмийн эмзэг бүлгийнхнийг илүү их анхаарч санаа тавьдаг бөгөөд тэдэнтэй зүй бусаар харьцсан хүмүүсийг шийтгэдэг байсан (Египетээс гарсан нь 22:22–24-ийг уншина).

23 Түүнчлэн ямар ч байдлаар цус холилдохыг хориглосноор гэр бүлийн гишүүдийг бэлгийн гэмт хэргээс хамгаалжээ (Лев. 18:6–30). Израйлын эргэн тойрны үндэстнүүд ийм үйлдлийг нүдээ аниад өнгөрөөдөг эсвэл бүр хүлээн зөвшөөрдөг байхад, израйлчууд Ехова Бурхнаа дуурайн жигшүүрт үйл хэрэг гэж үздэгээрээ тэднээс ялгаатай байжээ.

24 Сургамж: Хариуцлагатай үүрэгтэй хүмүүс Еховагийн ард түмнийг хайрлан халамжлах учиртай. Энэ бол Еховагийн хүсэл юм. Түүнээс гадна Ехова бэлгийн гэмт хэргийг үзэн яддаг бөгөөд бүх хүн, ялангуяа эмзэг бүлгийнхэн айх аюулгүй байгаасай, шударга бус явдлаас болж бүү хохироосой гэж боддог.

ХУУЛЬ БОЛ «ИРЭХ САЙН ЮМСЫН СҮҮДЭР»

25, 26. а) Хайр шударга ёс хоёрыг яагаад салгаж болохгүй вэ? б) Цувралын хоёр дахь өгүүллээр юуны тухай үзэх вэ?

25 Хайр шударга ёс хоёрыг салгаж болохгүй. Хайр байвал шударга ёс тогтоно. Шударга байвал хайрлах сэтгэл төрнө. Ехова бидний хэнтэй ч харьцсан шударга ёсыг баримталдаг гэдэгт итгэвэл түүнийг улам бүр хайрлана. Бурхныг хайрлаж, зөв шударга хэм хэмжээг нь эрхэмлэдэг болохын хэрээр бусдыг хайрлаж, шударга байх хүсэлтэй болно.

26 Израйлчуудыг Еховатай дотносоход Хуулийн гэрээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ Есүс энэ хуульд цэг тавьж, илүү сайн хууль гаргаснаар Бурхны ард түмэн Мосегийн хуулийг сахих шаардлагагүй болсон (Ром 10:4). Элч Паул Мосегийн хуулийг «ирэх сайн юмсын сүүдэр» гэжээ (Евр. 10:1). Цуврал дөрвөн өгүүллийн хоёр дахь өгүүллээр «сайн юмсын» заримыг авч үзнэ. Мөн Христийн дагалдагчдын хуралд хайр, шударга ёс ямар үүрэгтэйг ярилцана.

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

^ д/м 5 Ехова бидэнд санаа тавьдаг гэдэгт яагаад итгэх хэрэгтэйг цуврал дөрвөн өгүүллээр авч үзнэ. Эхнийх нь энэ өгүүлэл юм. Үлдсэн гурван өгүүлэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2019 оны 5 дугаар сарын дугаарт гарна. «Хайр ба шударга ёс—Христийн дагалдагчдын хуралд», «Хайр ба шударга ёс—Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах нь», «Хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг тайвшруулах нь» гэсэн гарчигтай.

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: Ехова израйлчуудад 600 гаруй зүйлтэй хуулийг Мосегоор дамжуулан өгчээ. Үүнийг «Хууль», «Мосегийн хууль», «тушаал» гэж нэрлэдэг. Түүнээс гадна Библийн эхний таван номыг («Эхлэл»-ээс «Дэд хууль») голдуу Хууль гэдэг. Заримдаа Еврей Судрын бүх номыг ингэж нэрлэдэг.

^ д/м 60 СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭН ДЭХ ЗУРАГ: Хүүхдүүд эцэг эхийн хайраар дутахгүй өсөж, айх аюулгүй амар тайван амьдраасай гэж Ехова боддог.

ЗУРГИЙН ТАЙЛБАР: Израйл ээж хоолоо хийнгээ охинтойгоо ярилцаж, аав нь хүүдээ хонь маллахыг зааж байна.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хотын хаалганы хажууд сууж буй ахлагчид бэлэвсэн эмэгтэй болон түүний хүүд туслахыг хичээж байна. Нутгийнх нь худалдаачин тэр хоёрыг зовоосон ажээ.