Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 12

Итгэл нэгтнээ гэсэн сэтгэлтэй байцгаая

Итгэл нэгтнээ гэсэн сэтгэлтэй байцгаая

«Та нар бүгдээрээ ... бие биеэ гэсэн сэтгэлтэй ... бай» (1 ПЕТР 3:8).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ *

1. 1 Петр 3:8-д бичсэнээр, санаа тавьдаг хүмүүсийн дунд байх нь яагаад сайхан байдаг вэ?

ЗОВЛОНГ маань ойлгож, санаа тавьдаг хүмүүсийн дунд байх хэчнээн сайхан! Тэд бидний сэтгэл санааг ойлгохыг хичээдэг. Юу хэрэгтэй байгааг мэдээд, тусламж гуйхаас маань өмнө тусалдаг хүн ч бий. Хүний төлөө «гэсэн сэтгэлтэй» * тийм хүмүүст бид талархаж явдаг (1 Петр 3:8-ыг уншина).

2. Өрөвч байх нь яагаад амаргүй вэ?

2 Христийн дагалдагчид бүгдээрээ бие биеэ гэсэн сэтгэлтэй байхыг буюу өрөвч байхыг хүсдэг. Гэвч энэ нь амархан биш. Яагаад? Юуны өмнө бид төгс бус (Ром 3:23). Тийм учраас өөрийгөө л боддог. Энэ хандлагатайгаа тэмцэх шаардлагатай байдаг. Түүнээс гадна төрж өссөн орчин, амьдралд тохиолдсон явдал зэргээс болоод бусдыг өрөвдөж чаддаггүй хүн ч бий. Бас эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөнд автдаг. Эцсийн энэ өдрүүдэд бусдыг боддоггүй «аминч» хүн олон байна (2 Тим. 3:1, 2). Хүнд санаа тавьдаг байхын тулд эдгээр саадыг хэрхэн давах вэ?

3. а) Яавал хүмүүст санаа тавьдаг болох вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бид Ехова Есүс хоёрыг даган дуурайвал хүмүүст санаа тавьдаг болно. Ехова бол хайр халамжтай Бурхан бөгөөд санаа тавих талаар хамгийн сайн үлгэр дуурайл болсон Нэгэн (1 Ёох. 4:8). Есүс Эцэгтэйгээ яг адилхан зан чанартай хүн байв (Ёох. 14:9). Дэлхий дээр байхдаа өрөвч сэтгэлийг хэрхэн илэрхийлэхийг үлгэрлэн үзүүлжээ. Энэ өгүүллээр, Ехова Есүс хоёр хүмүүст хэрхэн санаа тавьж байсныг ярилцъя. Тэгээд, яавал тэдэн шиг болохыг авч үзье.

ЕХОВА ХҮМҮҮСТ САНАА ТАВЬДАГ

4. Ехова үйлчлэгчдийнхээ сэтгэл санааг ойлгодгийг Исаиа 63:7–9 хэрхэн харуулдаг вэ?

4 Ехова үйлчлэгчдийнхээ сэтгэл санааг ойлгодгийг Библид бичсэн байдаг. Жишээлбэл эртний израйлчуудыг зовох бүрд Еховад ямар санагдаж байсныг анхааръя. «Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон» гэж Бурхны Үгэнд бичжээ (Исаиа 63:7–9-ийг уншина). Улс үндэстнүүд ард түмнийг нь зовооход өөрийг нь зовоож байгаа мэт санагддагийг зөнч Зехариагаар хожим нь бичүүлсэн байдаг. «Та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг» гэжээ (Зех. 2:8). Ард түмнээ гэсэн Еховагийн сэтгэлийг ямар тод томруун дүрслээ вэ!

Ехова израйлчуудыг өрөвдөөд Египетийн боолчлолоос чөлөөлж байна (5-р догол мөрийг үзээрэй)

5. Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн тусалдаг байсан бэ?

5 Ехова зовж буй үйлчлэгчдээ зөвхөн өрөвдөөд зогсохгүй, тусалдаг. Жишээлбэл израйлчуудыг Египетэд боолчлогдож байхад нь өрөвдөөд зовлонгоос нь ангижруулжээ. Тэрээр Мосед «Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, ... тэдний хашхирааныг сонслоо. Учир нь Би тэдний зовлонг мэдсэн. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөл[өхөөр] ... Би бууж ирлээ» хэмээн хэлсэн байдаг (Ег. 3:7, 8). Ехова ард түмнээ өрөвдсөн учраас боолчлолоос чөлөөлсөн. Түүнээс хойш хэдэн зууны дараа Амласан газарт амьдарч байсан израйлчууд руу дайснууд довтолжээ. Ехова яасан бэ? «Тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв» гэж Библид бичсэн байдаг. Энэ удаа ч бас өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн шүүгчдийг илгээж ард түмнээ дайснаас аварсан (Шүү. 2:16, 18).

6. Ехова буруу ойлголттой үйлчлэгчээ ч ойлгож, санаа тавьдгийг харуулах жишээ хэлнэ үү.

6 Ехова буруу ойлголттой үйлчлэгчээ ч ойлгож, санаа тавьдаг. Зөнч Ионад тохиолдсон явдлыг ярилцъя. Бурхан шүүх мэдээ тунхаглуулахаар Ионаг ниневечүүд рүү явуулжээ. Ниневечүүд гэмшсэн тул Ехова тэднийг устгахаа болив. Харин Иона огтхон ч баярласангүй. Өөрийнх нь хэлсэн үг биелээгүй учраас «ихэд дургүйцэн уурлажээ». Гэвч Ехова Ионад тэвчээртэй хандаж, бодлоо өөрчлөхөд нь тусалсан (Иона 3:10—4:11). Ехова өөрт нь юу ойлгуулах гээд байсныг Иона эцэстээ ойлгожээ. Тэр ч байтугай Еховагийн заавраар, энэ түүхийг бидэнд зориулан бичиж үлдээсэн (Ром 15:4). *

7. Ехова эртний үйлчлэгчдээ анхаарч, тусалж дэмжиж байсныг бодож үзвэл бид юунд итгэлтэй байж болох вэ?

7 Ехова эртний үйлчлэгчдээ хэрхэн анхаарч, тусалж дэмжиж байсныг бодож үзвэл биднийг үнэхээр өрөвддөг ажээ. Тэрээр хүн нэг бүрийн зовлон шаналлыг ойлгодог. Ехова «хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэднэ» (Ш.дэд 6:30). Бидний бодол, сэтгэл, хэр чадлыг ойлгоно. Ехова «хэрээс чинь хэтэрсэн сорилт та нарт тулгарахыг зөвшөөрөхгүй» гэж Библид бичжээ (1 Кор. 10:13). Сэтгэл уужирмаар байгаа биз?

ЕСҮС ХҮМҮҮСТ САНАА ТАВЬДАГ

8-10. Есүс хүмүүст яагаад санаа тавьдаг байсан бэ?

8 Есүс дэлхий дээр байхдаа хүмүүст маш их санаа тавьдаг байв. Яагаад? Наад зах нь, гурван шалтгааныг дурдаж болно. Нэгдүгээрт, Есүс тэнгэрийн Эцгийнхээ мөн чанарын төгс тусгал байсныг дээр дурдсан. Эцэг нь хүмүүсийг яаж хайрлаж байсан шиг, Есүс яг тэгж хайрладаг байв. Еховатай хамтарч хийсэн бүх зүйлээ хараад баярласан хэдий ч «хүмүүсийн хөвгүүдийг» хараад бүр ч их баярлан бахаджээ (Сур. 8:31). Есүс хүмүүст хайртай учраас сэтгэл санааг нь ойлгодог байв.

9 Хоёрдугаарт, хүний хандлага, сэтгэл зүрхийг мэдэж чаддагаараа Еховатай адилхан (Мат. 9:4; Ёох. 13:10, 11). Тийм учраас зовж шаналж буй хүмүүсийг олж хараад тайвшруулж тайтгаруулдаг байжээ (Ис. 61:1, 2; Лук 4:17–21).

10 Гуравдугаарт, хүмүүст тулгардаг зовлонг Есүс өөрөө амсаж үзсэн. Жишээ нь ядуу айлд төрж өссөн нь харагддаг. Өсгөсөн эцэг Иосефтоо туслан хүнд хүчир ажил хийж сурсан (Мат. 13:55; Марк 6:3). Есүсийг Бурханд үйлчилж эхлэхээс өмнө Иосеф нас барсан бололтой. Тиймд үхэл хагацал гэж юу болохыг мэднэ. Итгэл үнэмшлээрээ ялгаатай хүмүүс нэг гэрт амьдрах ямар байдгийг ойлгоно (Ёох. 7:5). Хүний сэтгэл санаа, зовлон шаналлыг ойлгодог болоход нь Есүст дээрх бүх хүчин зүйл нөлөөлсөн биз ээ.

Есүс сонсголгүй хүнийг өрөвдсөндөө олноос зайдуу газар аваачиж эдгээжээ (11-р догол мөрийг үзээрэй)

11. Есүс хүмүүст санаа тавьдаг байсан нь юунаас харагддаг вэ? Тайлбарлана уу. (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

11 Есүс хүмүүст санаа тавьдаг нь гайхамшиг үйлдэх үед нь бүр ч тодорхой харагддаг байсан. Тэрээр гайхамшиг үйлдэхийг зөвхөн үүрэг гэж үзээгүй. Зовж буй хүмүүсийг «өрөвдсөндөө» тусалдаг байв (Мат. 20:29–34; Марк 1:40–42). Жишээлбэл нэг хүнийг сонсголтой болгохын тулд яагаад олноос зайдуу газар аваачсаныг эсвэл бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг ямар учраас амилуулсныг бодоод үз дээ (Марк 7:32–35; Лук 7:12–15). Өрөвч сэтгэлдээ хөтлөгдөөд, тусалъя гэсэндээ л тэр шүү дээ.

12. Есүс, Марта Мариа хоёрыг өрөвдсөнийг Ёохан 11:32–35-д хэрхэн харуулсан бэ?

12 Есүс, Марта Мариа хоёрын зовлонг ойлгож, тэднийг өрөвдсөн. Ах Лазарынхаа хойноос гашуудаж байгааг нь хараад «Есүс уйлав» гэж Библид байдаг (Ёохан 11:32–35-ыг уншина). Дотнын андтайгаа дахин уулзахгүй боллоо гээд уйлсан юм биш ээ. Хэдхэн мөчийн дараа найзыгаа амилуулах гэж байсан шүү дээ. Харин найзууд нь ямар их зовж шаналж байгааг ойлгож, сэтгэл нь өвдөөд уйлжээ.

13. Есүс хүмүүст санаа тавьдаг байсныг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

13 Есүс хүмүүст санаа тавьдаг байсныг мэдэх нь маш их ач холбогдолтой. Бид төгс Есүстэй адилгүй л дээ. Гэхдээ хүмүүсийг өрөвдсөндөө тусалдаг байсныг нь бодохоор Есүсийг өөрийн эрхгүй хайрладаг (1 Петр 1:8). Тийм Хаан одоо тэнгэрээс захирч байгаа болохоор бид баяртай байдаг. Удахгүй тэрээр бүх зовлонг арилгана. Есүс өөрөө хүн байж үзсэн учраас энэ ертөнцийн захирагч Сатаны учруулсан хор уршиг, зовлон зүдүүрээс салахад нь хүмүүст хамгийн сайн тусалж чадна. «Мөхөс байдлыг маань ойлгож өрөвддөг» Удирдагчтай маань ямар их ивээл бэ! (Евр. 2:17, 18; 4:15, 16).

ЕХОВА ЕСҮС ХОЁРЫГ ДУУРАЙЦГААЯ

14. Эфэс 5:1, 2-т бичсэнийг үзвэл, бидэнд ямар хүсэл төрдөг вэ?

14 Ехова Есүс хоёрыг бодохлоор тэднийг дуурайн хүмүүст санаа тавих хүсэл төрдөг (Эфэс 5:1, 2-ыг уншина). Хүмүүсийн сэтгэл зүрхийг Ехова Есүс хоёр шиг нэвт шувт харж чадахгүй ч сэтгэл санаа нь ямар байгааг ойлгож, юу хэрэгтэй байгааг мэдэх боломжтой (1 Кор. 12:26). Бид «зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүлдгээрээ» эргэн тойронд буй аминч хүмүүсээс ялгаатай (Флп. 2:4).

(15–19-р догол мөрийг үзээрэй) *

15. Ялангуяа ямар хүмүүс бусдад санаа тавьдаг байх ёстой вэ?

15 Ялангуяа ахлагчид итгэл нэгтнүүддээ санаа тавих нь маш чухал. Тэд Еховагийн хоньдыг хэрхэн хариулснаа тайлагнана гэдгээ мэддэг (Евр. 13:17). Ахлагч хүн өрөвч сэтгэлгүй бол итгэл нэгтнүүддээ тусалж чадахгүй. Бусдад санаа тавьдаг нь юунаас харагдах вэ?

16. Өрөвч сэтгэлтэй ахлагчид яадаг вэ? Энэ нь яагаад чухал бэ?

16 Өрөвч сэтгэлтэй ахлагч итгэл нэгтнийхээ төлөө цаг зав гаргадаг. Ялангуяа сэтгэлээ уудалмаар байгаа ч юу хэлэхээ мэдэхгүй яваа хүнээс асуулт асууж, яриаг нь анхааралтай, тэвчээртэй сонсдог (Сур. 20:5). Цаг заваа дуртайяа зориулбал ах дүүтэйгээ улам дотносож, харилцан итгэлцэж, бие биеэ илүү их хайрлана (Үйлс 20:37).

17. Ахлагч хүний хамгийн эрхэм чанар юу вэ? Жишээ хэлнэ үү.

17 Хүний сэтгэл санааг ойлгох нь ахлагчийн хамгийн эрхэм чанар гэж олон хүн ярьдаг. Яагаад? Аделаид гэдэг Гэрч эмэгтэй: «Намайг ойлгоно гэдгийг нь мэддэг болохоор тэдэнтэй ярихад амар байдаг» гээд, «Миний ярихыг сонсож байгаа ахлагчийн байр байдлыг харахад л надад санаа тавьж байгаа нь мэдрэгддэг» гэжээ. Ахлагчдад талархдаг Гэрч эрэгтэй: «Намайг зовлонгоо ярихад нэг ахлагчийн нүдэнд нулимс цийлгэнэж байсан нь санаанаас гардаггүй» хэмээн дурссан юм (Ром 12:15).

18. Хүмүүст хэрхэн санаа тавих вэ?

18 Ахлагчид л бусдад санаа тавих ёстой юм биш ээ. Бид бүгдээрээ ийм байх учиртай. Яаж? Гэрийнхэн болон итгэл нэгтнүүдэд тань ямар бэрхшээл тохиолдож буйг мэдэхийг хичээгээрэй. Хурлынхаа өсвөр насны хүүхэд, өвчтэй, настай хүмүүс, үхэл хагацал үзээд зовж шаналж буй нэгэндээ цаг зав гаргаж, сэтгэлээ уудлан ярих боломж олгоорой. Яриаг нь анхааралтай сонсоорой. Тэднийг ойлгож байгаагаа мэдрүүлээрэй. Чадах чинээгээрээ туслаарай. Ингэвэл жинхэнэ ёсоор хайрладгаа үйл хэргээрээ харуулна (1 Ёох. 3:18).

19. Хүмүүст туслахдаа яагаад уян хатан байх шаардлагатай вэ?

19 Хүмүүст туслахдаа уян хатан байх нь зүйтэй. Яагаад? Зовлон тохиолдоход зарим хүн их ярьдаг, зарим нь бүр дуугаа хураачихдаг. Тийм болохоор тусалмаар байгаа ч хувийн хэрэгт нь хэтэрхий их оролцохоос болгоомжлох шаардлагатай (1 Тес. 4:11). Түүнээс гадна сэтгэлээ уудлан ярихыг нь сонсохоор санал нийлэхгүй юм гарч магадгүй. Гэхдээ энэ хүний л бодол гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» гэдэг шүү дээ (Мат. 7:1; Яак. 1:19).

20. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

20 Бид итгэл нэгтнүүддээ санаа тавих учиртайг үзлээ. Тэгвэл дэлгэрүүлж явахдаа уулзсан хүндээ хэрхэн санаа тавих вэ? Энэ талаар дараагийн өгүүллээр ярилцъя.

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

^ д/м 5 Ехова Есүс хоёр хүний сэтгэл санааг ойлгож, санаа тавьдаг. Тэднээс юу сурах вэ? Бид яагаад бие биедээ санаа тавих хэрэгтэй вэ? Хэрхэн санаа тавих вэ? Энэ өгүүллээр эдгээр асуултыг авч үзнэ.

^ д/м 1 ҮГИЙН ТАЙЛБАР: Хүний төлөө «гэсэн сэтгэлтэй байх» гэдэг нь хүний сэтгэл санаа, зовлон жаргалыг ойлгож, тэр хүнийхтэй адилхан сэтгэл, мэдрэмжтэй байх гэж хичээхийг хэлнэ (Ром 12:15). Энэ өгүүлэлд «бие биеэ гэсэн сэтгэлтэй байх», «санаа тавих» гэдэг нь утга нэг юм.

^ д/м 6 Ехова бас сэтгэлээр унасан, айж түгшсэн үнэнч үйлчлэгчдээ өрөвддөг. Ханна (1 Сам. 1:10–20), Елиа (Х.дээд 19:1–18), Ебед-мелех (Иер. 38:7–13; 39:15–18) нарын түүхийг уншаад эргэцүүлж бодоорой.

^ д/м 65 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Итгэл нэгтэндээ санаа тавих боломж цуглааны үеэр олддог. 1) Нэг ахлагч дэлгэрүүлэгч хүүтэй дотночлон ярилцаж байна; 2) аав охин хоёр хурлынхаа настай эгчийг машинд суулгаж өгөх гэж байна; 3) зөвлөгөө авахаар ирсэн бүсгүйн яриаг хоёр ахлагч анхааралтай сонсож байна.