Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 10

Баптисм хүртэж яагаад болохгүй гэж?

Баптисм хүртэж яагаад болохгүй гэж?

«[Филип тайган хоёр] ус руу орж, Филип түүнд баптисм хүртээв» (ҮЙЛС 8:38).

ДУУ 7 Еховад өөрийгөө зориулъя

ТОЙМ *

1. Адам Ева хоёр ямар хохирол амссан бэ? Гаргасан шийдвэрийнх нь үр дүн юу байсан бэ?

ЯАВАЛ сайн бэ, яавал муу вэ гэсэн хэм хэмжээг хэн тогтоох ёстой гэж чи боддог вэ? Адам Ева хоёр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэнээрээ Еховад найддаггүй, тогтоосон хэм хэмжээ нь зөв гэдэгт итгэдэггүйгээ тов тодорхой харуулсан. Сайн муугийн хэм хэмжээг өөрсдөө тогтоохоор шийджээ (Эх. 3:22). Үүнээс болоод тэд ямар хохирол амссаныг бодъё. Еховагийн анд нөхөр биш болсон. Мөнх амьдрах боломжоо алдсан. Нүгэл, үхлийг үр хүүхдэдээ өвлүүлсэн (Ром 5:12). Адам Ева хоёрын гаргасан шийдвэрийн үр дүн нь зовлон зүдүүр байлаа.

Этиопын тайган, Есүсийг хүлээн зөвшөөрсөн даруйдаа баптисм хүртсэн (2, 3-р догол мөрийг үзээрэй)

2, 3. а) Филипийн хүргэсэн сайн мэдээг Этиопын тайган хэрхэн хүлээж авсан бэ? б) Баптисм хүртвэл ямар ивээл хүртэх вэ? Ямар асуултуудыг авч үзэх вэ?

2 Филип Этиопын тайганд дэлгэрүүлжээ. Тайганы хандлагыг Адам Ева хоёрынхтой харьцуулбал эрс ялгаатай байлаа. Ехова Есүс хоёр өөрийнх нь төлөө юу хийснийг ойлгоод ихэд талархаж тэр даруй баптисм хүртжээ (Үйлс 8:34–38). Бид тэр тайганыг дуурайж болно. Яаж? Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртвэл бидний төлөө маш их юм хийсэн Ехова Есүс хоёрт талархаж байна гэсэн үг. Бас Еховад итгэж найдан, сайн муугийн хэм хэмжээг тогтоох эрхтэйг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.

3 Еховад үйлчилдэг хүн ямар ивээл хүртдэгийг бодоод үз дээ! Адам Ева хоёрын алдсан бүхнийг олж авна. Мөнх амьдрах найдвар ч үүнд багтана. Есүс Христэд итгэсэн учраас Ехова тэр хүний гэм нүглийг уучилдаг. Тийм учраас сэтгэл нь өвдөхгүй явдаг (Мат. 20:28; Үйлс 10:43). Еховагийн гэр бүлд багтаж гайхалтай сайхан ирээдүйг үзнэ (Ёох. 10:14–16; Ром 8:20, 21). Еховатай танилцаад ийм ивээл хүртэхийг мэдсэн хэр нь Этиопын тайганы жишээг дагадаггүй хүмүүс байдаг. Баптисм хүртэхэд тэдэнд юу саад болдог вэ? Тэр саадыг хэрхэн давах вэ?

БАПТИСМ ХҮРТЭХЭД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

Баптисм хүртэх шийдвэр гаргахад юу саад болдог вэ? Өөртөө итгэлгүй байх (4, 5-р догол мөрийг үзээрэй) *

4, 5. Эйвэри Ханна хоёрт ямар бэрхшээл тулгарсан бэ?

4 Өөртөө итгэлгүй байх. 19 настай Эйвэри гэдэг залуугийн аав ээж нь Еховагийн Гэрч. Хүмүүс аавыг нь халамжтай эцэг, сайн ахлагч гэдэг. Харин Эйвэри баптисм хүртэхээс хойш суудаг байжээ. Яагаад? «Би аав шигээ сайн хүн болно гэдэгтээ эргэлздэг байсан» гэж Эйвэри хэлсэн юм. Бас ирээдүйд хариуцлагатай үүрэг даалгавал биелүүлж чадахгүй гэж боджээ. «Олныг төлөөлж залбирах, илтгэл тавих, дэлгэрүүлэх ажлын бүлгийг ахлах зэрэг даалгавар өгөх вий гэж айдаг байсан» гэв.

5 Одоо 18-тай Ханна өөртөө итгэлгүй охин байжээ. Еховагийн Гэрч аав ээжтэй ч, Еховагийн хэм хэмжээний дагуу амьдарч чадна гэдэгтээ эргэлздэг байв. Яагаад? Өөрийгөө дутуу үнэлдэг байжээ. Яваандаа, сэтгэл тавгүйтсэн үедээ өөрийгөө зориуд гэмтээж шархдуулдаг болов. Ингэлээ гээд тайвшрах нь бүү хэл, бүр ч дорджээ. «Би энэ тухайгаа хэнд ч, бүр аав ээждээ ч хэлж байгаагүй. Ийм юм хийдэг юм чинь Ехова намайг хэзээ ч үйлчлэгчээ болгохгүй гэж боддог байсан» хэмээн Ханна ярьсан юм.

Найз нөхдийн нөлөөнд автах (6-р догол мөрийг үзээрэй) *

6. Баптисм хүртэхэд нь Ванессад юу саад болсон бэ?

6 Найз нөхдийн нөлөөнд автах. Ванесса бүсгүй 22 настай. Тэрээр: «Бараг арван жил найзалсан охин маань миний хамгийн сайн найз байсан» гэж ярьсан. Тэр найз нь Ванессаг баптисм хүртэнэ гэхэд огт сайшаадаггүй байжээ. Ванесса ч үүнээс болж гутарна. «Найзтай болно гэдэг үнэхээр хэцүү санагддаг байсан. Энэ охинтой найзлахаа больчихвол өөр хүнтэй дотно найзалж хэзээ ч чадахгүй гэж санаа зовдог байсан» гэлээ.

Алдаа гаргахаас айх (7-р догол мөрийг үзээрэй) *

7. Макэйла юунаас айдаг байсан бэ? Яагаад?

7 Алдаа гаргахаас айх. Макэйла гэдэг бүсгүй 21 настай. Түүнийг 5-тай байхад ах нь хурлаас хасагджээ. Аав ээж хоёр нь ахаас нь болоод ямар их зовж байгааг Макэйла багаасаа л харж өсжээ. Тэрээр: «Би баптисм хүртэхээс айж байсан. Нүгэл үйлдээд, хурлаас хасагдвал аав ээж хоёрыгоо бүр ч их зовооно гэж бодсон» гэжээ.

Эсэргүүцлээс айх (8-р догол мөрийг үзээрэй) *

8. Майлс юунаас айсан бэ?

8 Эсэргүүцлээс айх. 22 настай Майлс гэдэг залуугийн аав болон хойт эх нь Еховад үйлчилдэг. Харин төрсөн ээж нь Гэрч биш ажээ. Майлс: «Би ээжтэйгээ 18 жил хамт амьдрахдаа баптисм хүртэхийг хүсдэгээ хэлэхээс айж байсан. Аавыг Гэрч болоход ээж яаж дургүйцэж байсныг би мэднэ. Тийм болохоор намайг бас яах бол гэхээс айж байсан» гэж ярив.

СААДЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

9. Еховаг хэр тэвчээртэй, хайрын сэтгэлтэйг нь мэдвэл яах вэ?

9 Адам Ева хоёр Еховаг улам их хайрлах ёстой байсан ч тэгээгүй. Тиймээс Еховад үйлчлэх замыг сонгоогүй. Гэлээ ч урт насалж, үр хүүхэд төрүүлж, өөрсдийнхөө аргаар өсгөж хүмүүжүүлэх боломжийг Ехова тэдэнд олгосон. Адам Ева хоёрын гаргасан шийдвэрийн үр дүн ямар байсан бэ? Еховагаас хамааралгүй амьдрахаар шийдсэн нь хамгийн мунхаг хэрэг байсан нь удалгүй тодорхой болжээ. Ууган хүү нь ямар ч буруугүй дүүгээ алсан. Яваандаа хүчирхийлэл, аминч үзэл хүний нийгэмд ноёлжээ (Эх. 4:8; 6:11–13). Гэхдээ Адам Ева хоёрын үр удмын дунд Еховад үйлчлэх хүсэлтэй хүмүүс олон байв. Тэднийг яаж аврахаа Ехова мэдэж байлаа (Ёох. 6:38–40, 57, 58). Хэр их тэвчээртэй, хайр халамжтайг нь мэдвэл чи Еховаг улам их хайрлах нь дамжиггүй. Адам Ева хоёрын сонгосон замаар явахаа больж, Еховад өөрийгөө зориулах хүсэл төрнө.

Эдгээр саадыг хэрхэн давах вэ? (9, 10-р догол мөрийг үзээрэй) *

10. Дуулал 19:7-г эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

10 Еховаг таньж мэдсээр байгаарай. Еховагийн тухай мэдлэг арвижихын хэрээр Еховад үйлчилж чадна гэдэгтээ улам бүр итгэлтэй болдог. Дээр дурдсан Эйвэри: «Би Дуулал 19:7-г уншиж, эргэцүүлэн бодоод өөртөө итгэлтэй болсон» гэв (уншина). Энд бичсэн үг үнэн гэдгийг ойлгосон Эйвэри Еховаг улам их хайрладаг болжээ. Еховад хайртай хүн ийнхүү өөртөө итгэлтэй болохоос гадна дургүй юмыг нь хийхээ больдог. Дээр дурдсан Ханна: «Өөрийгөө гэмтээж зовоохоор Ехова бас зовдог юм байна гэдгийг би Библи уншиж, бие даан судалж байгаад ойлгосон» гэжээ (1 Петр 5:7). Тэрээр Бурхны үгийг ажил хэрэг болгодог болсон байна (Яак. 1:22). Ямар үр дүнд хүрсэн бол? «Еховад дуулгавартай байх нь үнэхээр ач тустайг биеэрээ үзэхлээр Еховаг бүр ч их хайрладаг юм билээ. Тусламж гуйх бүрд Ехова удирдана гэдэгт би бат итгэдэг болсон» гэжээ. Ханна биеэ гэмтээдэг зуршлаа хаяж, Еховад өөрийгөө зориулан, баптисм хүртсэн байна.

(11-р догол мөрийг үзээрэй) *

11. Ванесса сайн найзтай болохын тулд яасан бэ? Эндээс юу ойлгож болох вэ?

11 Найз нөхдөө зөв сонгоорой. Еховагийн үйлчлэгч болоход найз нь саад болоод байгааг дээр дурдсан Ванесса яваандаа ойлгожээ. Тэгээд нөгөө охинтой найзлахаа болив. Үүний зэрэгцээ хурлынхныхаа дундаас шинэ найзуудтай болохын тулд их хичээжээ. Ноагийн гэр бүлийнхний жишээ тус болсныг тэрээр ярьж байна. «Эргэн тойронд нь Еховаг хайрладаггүй хүмүүс байсан. Гэсэн ч тэд бие биетэйгээ дотно байсан» гэв. Ванесса баптисм хүртсэнийхээ дараа эхлэгч болжээ. Үүний ачаар «хурлынхантайгаа төдийгүй өөр хурлын хүмүүстэй сайн найз болсон» гэнэ. Чи ч гэсэн Еховагийн ажилд боломжийнхоо хэрээр оролцоод байвал олон сайн найзтай болно шүү дээ (Мат. 24:14).

(12–15-р догол мөрийг үзээрэй) *

12. Адам Ева хоёр яах ёстой байсан бэ? Гэвч яасан бэ? Үр дагавар нь юу байсан бэ?

12 Бурхнаас эмээгээрэй. Еховагийн дургүй юмыг хийчих вий гэж айн болгоомжлох нь Еховагаас эмээж буй хэрэг юм (Дуу. 111:10). Хэрэв Адам Ева хоёр ийн эмээдэг байсан бол Еховад тэрслэхгүй байх байсан. Гэвч тэрсэлжээ. Үүний дараа нүд нь «нээгдсэн». Юу гэсэн үг вэ? Нүгэлтэн болсноо бүрэн ухаарсан. Тэд үр хүүхдэдээ нүгэл, үхлийг өвлүүлэх болжээ. Бурхны хуулийг зөрчсөнөө ойлгосон учраас нүцгэн байгаагаа мэдээд ичиж, биеэ халхалсан (Эх. 3:7, 21).

13, 14. а) 1 Петр 3:21-д бичсэнээр, бид яагаад үхлээс хэтэрхий их айх шаардлагагүй вэ? б) Еховаг хайрлах ямар ямар шалтгаан байдаг вэ?

13 Еховад таалагдахгүй байх вий гэж эмээх хэрэгтэй ч үхлээс хэтэрхий их айх шаардлагагүй. Мөнхийн амьтай болох арга замыг Ехова бидэнд зааж өгсөн. Нүгэл үйлдсэн ч үнэн сэтгэлээсээ гэмшвэл Ехова биднийг уучилна. Хүүгийнх нь золиосонд итгэдэг учраас өршөөн хэлтрүүлнэ. Тийнхүү итгэдгээ батлан харуулах гол арга нь амь амьдралаа Бурханд зориулж, баптисм хүртэх явдал юм (1 Петр 3:21-ийг уншина).

14 Еховаг хайрлах шалтгаан олон. Тэрээр биднийг өдөр бүр сайн сайхан бүхнээр хангаад зогсохгүй өөрийнхөө болон санаа зорилгынхоо тухай үнэнийг мэдүүлдэг (Ёох. 8:31, 32). Хурлаар дамжуулж бидэнд удирдлага заавар өгдөг. Одоо тулгарч буй бэрхшээлийг давахад тусалдаг бөгөөд ирээдүйд төгс сайхан орчинд мөнх амьдрах найдвар өгдөг (Дуу. 68:19; Илч. 21:3, 4). Биднийг хайрлаж ямар их юм хийснийг нь эргэцүүлж бодвол Еховаг өөрийн эрхгүй хайрлана. Еховаг хайрлахын хэрээр гүнээ хүндэтгэж, гомдоох вий гэж эмээдэг болно.

15. Макэйла айдсаа хэрхэн ялсан бэ?

15 Ехова бол өршөөнгүй Бурхан гэдгийг дээр дурдсан Макэйла ойлгоод алдаа гаргах вий гэж айхаа больжээ. «Бид бүгдээрээ төгс бус, алдаа гаргах нь ойлгомжтой. Ехова биднийг хайрладаг бөгөөд золиосонд үндэслэн уучилдгийг би ухаарсан» гэж тэрээр ярьсан юм. Макэйла хайрандаа хөтлөгдөөд Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртжээ.

(16-р догол мөрийг үзээрэй) *

16. Майлс яагаад айхаа больсон бэ?

16 Баптисм хүртэх гэж байгаагаа хэлчихвэл ээж уурлаж эсэргүүцнэ хэмээн айж байсан Майлс дүүрэг хариуцагчаас тусламж хүсжээ. «Тэр ах бас надтай адилхан юм билээ. Аав нь Гэрч, ээж нь Гэрч биш байсан гэсэн» гэж Майлс ярьсан юм. Тэгээд цааш нь: «Аав намайг баптисм хүрт гээд байгаа юм биш, би өөрөө шийдсэн гэдгээ ээждээ тайлбарлаарай гэж дүүрэг хариуцагч надад хэлсэн» гэжээ. Ээж нь энэ шийдвэрийг сонсоод дургүйцсэн тул Майлс гэрээсээ явахад хүрэв. Шийдвэрээсээ ч няцсангүй. Тэрээр: «Ехова миний төлөө юу хийснийг мэдээд сэтгэл хөдөлсөн. Есүсийн золиосны тухай эргэцүүлж бодоод Ехова надад ямар их хайртайг ойлгосон. Тийм учраас Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэн» гэжээ.

ШИЙДВЭРЭЭСЭЭ БҮҮ НЯЦААРАЙ

Бидний төлөө их юм хийсэн Бурхандаа талархаарай (17-р догол мөрийг үзээрэй)

17. Бидэнд ямар боломж байдаг вэ?

17 Ева Еденд байсан тэр модноос жимс авч идээд Эцгийгээ үл тоомсорлосон. Адам түүний талд орж, өөрийнх нь төлөө их юм хийсэн Еховад талархдаггүйгээ харуулсан. Бид Адам Ева хоёр шиг байхыг огтхон ч хүсдэггүй. Үүнийгээ батлах боломж бүгдэд маань бий. Баптисм хүртсэнээр зөв буруугийн хэм хэмжээг Ехова тогтоох эрхтэй гэдэгт итгэдгээ харуулна. Ийнхүү тэнгэрийн Эцгээ хайрладгаа, түүнд итгэж найддагаа баталдаг.

18. Еховад сайн үйлчилье гэвэл яах хэрэгтэй вэ?

18 Баптисм хүртсэний дараа тулгардаг нэг ярвигтай асуудал нь өөрийнхөө хүслээр явахын оронд Еховагийн хэм хэмжээг өдөр бүр баримтлах ёстой болдог. Гэхдээ олон сая хүн Бурхны хүслийн дагуу амьдарч байна. Библийг гүнзгийрүүлэн судалж, итгэл нэгтнүүдтэйгээ тогтмол уулзаж, халамжтай Эцгийнхээ талаар сурч мэдсэнээ бусдад идэвхтэй яриад байвал чи ч бас тэдэн шиг байж чадна (Евр. 10:24, 25). Ехова чамд Үг болон байгууллагаараа дамжуулан ямар зөвлөгөө өгч байгааг шийдвэр гаргахаасаа өмнө сонсоорой (Ис. 30:21). Тэгвэл үйлс бүхэн чинь сэтгэлчлэн бүтнэ (Сур. 16:3, 20).

19. Юу ойлгох хэрэгтэй вэ? Яагаад?

19 Еховагийн удирдамж заавар ямар их ач тустай байдгийг ойлгохын хэрээр түүнийг улам их хайрлаж, хэм хэмжээг нь эрхэмлэдэг болно. Улмаар Сатаны ямар ч урхинд оролгүй Ехова Бурхандаа үр бүтээлтэй үйлчилнэ. Мянган жилийн дараа ямар байхаа төсөөлөөрэй. Баптисм хүртэхээр шийдсэн минь хамгийн зөв байжээ гэж бодно доо!

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

^ д/м 5 Баптисм хүртэх үү, үгүй юү гэдэг нь чиний гаргах ёстой хамгийн чухал шийдвэр юм. Яагаад чухал гэж? Хариу нь энэ өгүүлэлд бий. Түүнчлэн баптисм хүртэхэд саад болдог бэрхшээлийг хэрхэн даван туулахыг мэдэж аваарай.

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өөртөө итгэлтэй байх: Энэ хүү цуглаан дээр хариулахаас айж байна.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Найз нөхөд: Гэрч охин муу найзтайгаасаа болоод итгэл нэгтнүүдээсээ нүүр буруулж байна.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Алдаа: Хурлаас хасагдаад гэрээсээ явж байгаа ах шигээ болох вий гэхээс охин айж байна.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эсэргүүцэл: Хүү нь ээжийнхээ хажууд залбирахаас айж байна.

^ д/м 63 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өөртөө итгэлтэй байх: Энэ хүү бие даан шаргуу судалж байна.

^ д/м 65 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Найз нөхөд: Энэ охин Гэрч гэдгээрээ бахархдаг болжээ.

^ д/м 67 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Алдаа: Энэ охин үнэнийг ойлгож итгэлээ бэхжүүлсэн учраас баптисм хүртэж байна.

^ д/м 69 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эсэргүүцэл: Хүү нь итгэл үнэмшлээ зоригтой тайлбарлаж байна.