Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Эрт цагт далайгаар хэрхэн зорчдог байсан бэ?

ЭЛЧ Паулын үед зорчигчдод зориулсан усан онгоц гэж байгаагүй. Хүмүүс далайгаар зорчих болбол худалдааны (ачааны) усан онгоц сураглаж, хүн дайх эсэхийг асуудаг байв (Үйлс 21:2, 3). Тухайн онгоц зорьсон газар нь шууд очихгүй байлаа ч дайгдаж суугаад аль нэг боомтод бууна. Тэгээд зорьсон газарт нь дөхөж очих өөр онгоц хайж олно (Үйлс 27:1–6).

Тэр үеийн далайчид ихэвчлэн жилийн тодорхой үед далайгаар аялдаг байсан бөгөөд тогтсон цагийн хуваарь мөрдөнө гэж үгүй. Тэнгэр муухайрвал эсвэл муу совин татвал, жишээ нь дарвуул дээр нь хэрээ суугаад гуаглах юм уу сүйрсэн хөлөг онгоцны сэг эрэг дээр байхыг харахаараа мухар сүсэгтээ автаад аяллаа хойшлуулна. Салхины аясыг ажиж байгаад, явах зүг рүү нь салхилбал аялалд гарна. Харин дайгдах онгоцоо олсон зорчигч тээшээ боомтын ойролцоо авч очоод онгоц хөдлөхийг зарлатал хүлээдэг байжээ.

Ром хотод усан онгоц олох ажил хөнгөвчлөгдсөнөөр зорчигчид ядартлаа онгоц хайж боомтоор холхих шаардлагагүй болсон гэж түүхч Лайонел Кассон хэлжээ. Тибр мөрний адагт оршдог Остиа хэмээх боомтоос холгүй том талбай байх бөгөөд тэнд Нарбон (одоогийн Франц), Картаген (одоогийн Тунис) гэх мэт янз бүрийн боомтын оффисууд байдаг байв. Зорчигчид явах чиглэлийнхээ онгоцыг эндээс олох боломжтой байжээ.

Далайгаар зорчих нь цаг хэмнэдэг ч эрсдэл ихтэй. Паул миссионерын аяллаар явж байхдаа нэг биш удаа усан онгоцны сүйрэлд өртсөн (2 Кор. 11:25).