Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 20

Хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг тайвшруулах нь

Хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг тайвшруулах нь

«Ямар ч үед тайвшруулдаг Бурхан ... ямар ч зовлон тохиолдоход ... биднийг тайвшруулдаг» (2 КОР. 1:3, 4).

ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй

ТОЙМ *

1, 2. а) Хүмүүс бид тайвшрах төрөлхийн хэрэгцээтэй бөгөөд бусдыг тайвшруулах чадвартайг жишээгээр хэлнэ үү. б) Хүүхэд яагаад сэтгэлдээ шархтай хоцордог вэ?

ХҮМҮҮС бид тайвшрах төрөлхийн хэрэгцээтэй бөгөөд бусдыг тайвшруулах гайхалтай чадвартай. Жишээлбэл жаахан хүүхэд тоглож байгаад унаад өвдгөө шалбалчихвал аав ээж дээрээ уйлаад очдог. Эцэг эх нь шархыг нь эдгээж чадахгүй ч хүүхдээ тайвшруулж чадна. Юу болсныг асууж, нулимсыг нь арчиж, аргадаж, эм түрхэх юм уу шархыг нь боож өгнө. Удалгүй хүүхэд уйлахаа больж, дахиад л тоглохоор гүйн оддог. Яваандаа шарх нь ч эдгэдэг.

2 Хүүхэд өвдгөө шалбалах энүүхэнд. Гэтэл үүнээс ч аймшигтай юм тохиолддог. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Зарим хүүхэд нэг удаа өртсөн байхад, зарим нь олон жил дарамтлагдсан байдаг. Аль ч тохиолдолд сэтгэлдээ шархтай хоцордог. Гэмт этгээд баригдаад шийтгүүлэх нь бий. Шийтгүүлэхгүй явах тохиолдол бас байдаг. Хүчирхийлэгчийг шийтгэсэн ч хохирсон хүүхэд насанд хүрсэн хойноо ч сэтгэлийн зовлонтой явдаг.

3. 2 Коринт 1:3, 4-ийг үзвэл, Ехова юу хүсдэг вэ? Ямар асуултыг авч үзэх вэ?

3 Хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөн сэтгэлдээ шарх олсон Гэрч одоо болтол шаналж явдаг бол хэрхэн туслах вэ? (2 Коринт 1:3, 4-ийг уншина). Үйлчлэгчдийг минь хайрлаасай, тайвшруулаасай гэж Ехова хүсдэг. Тиймээс дараах гурван асуултыг авч үзье. 1) Хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж явсан хүмүүсийг яагаад тайвшруулах хэрэгтэй вэ? 2) Хэн тайвшруулах вэ? 3) Хэрхэн тайвшруулах вэ?

ЯАГААД ТАЙВШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

4, 5. а) Хүүхэд том хүн хоёр ямар ялгаатайг бодох нь яагаад чухал вэ? б) Хүүхэд хүчирхийлэлд өртөхөөрөө ямар болдог вэ?

4 Хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн зарим хүнийг одоо ч тайвшруулах хэрэгтэй байдаг. Яагаад гэдгийг ойлгохын тулд эхлээд хүүхэд том хүн хоёр ямар ялгаатайг бодох хэрэгтэй. Зүй бус, харгис түрэмгий харьцахад хүүхдүүд томчуудаас илүү их эмзэглэдэг учраас маш хүнд цохилтод ордог. Хэдэн жишээ үзье.

5 Эцэг эх, асран хамгаалагч болон хүүхэд бие биедээ итгэдэг, ойр дотно байх учиртай. Ийм айлын хүүхэд айж түгшдэггүй бөгөөд өөрийг нь хайрладаг бүх хүнд итгэдэг (Дуу. 22:9). Харамсалтай нь хүчирхийлэл их төлөв гэр дотор гардаг. Гэр бүлийн гишүүн, дотнын найз нөхөд нь ийм муухай хэрэг хийдэг. Ийнхүү итгэлийг нь эвдвэл хүүхэд бусдад итгэхээ больдог. Олон жил өнгөрсөн ч энэ хэвээрээ байдаг.

6. Бэлгийн хүчирхийлэл яагаад харгис балмад, хор хөнөөлтэй вэ?

6 Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй. Хүүхдийн хүчирхийлэл бол харгис балмад, хор хөнөөлтэй үйлдэл мөн. Насанд хүрсэн хүн бол гэрлэж бэлгийн харьцаанд ороход бие махбод, сэтгэл санааны хувьд бэлэн болсон байдаг. Харин хүүхэд бол тийм биш шүү дээ. Бэлгийн хүчирхийлэл нь асар их хор хөнөөлтэй. Хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодно, бусдад итгэхээ болино, сексийн талаар буруу үзэлтэй болно.

7. а) Хүүхэд яагаад гэмт этгээдэд амархан хууртдаг вэ? Хүчирхийлэл үйлдэгчид хүүхдийг хэрхэн хуурдаг вэ? б) Хууртсан хүүхэд ямар хүн болж мэдэх вэ?

7 Хүүхдийн бодох сэтгэх, шийдвэр гаргах чадвар бүрэн хөгжөөгүй учраас аюулыг олж хараад зугтахаа мэддэггүй (1 Кор. 13:11). Тиймээс хүүхэд гэмт этгээдүүдэд амархан хууртаж олз болдог. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид хүүхдийг өөрийг нь буруутгах юм уу энэ явдлыг хэнд ч хэлж болохгүй, хэллээ гэхэд хэн ч чамайг сонсохгүй, тоохгүй гэх юм уу эсвэл хүүхэд том хүн хоёр бэлгийн ажил хийх нь бие биедээ хайраа илэрхийлж буй хэвийн үзэгдэл гэх мэтээр худал хэлдэг. Хүүхэд энэ бүхнийг худлаа гэдгийг мэдэхгүй явсаар олон жилийн дараа л ойлгодог. Тэгээд өөрийгөө бузарлагдсан, хайрлуулах, тайвшруулах зохисгүй, өнгөрсөн хүн гэж боддог болж магадгүй.

8. Зовж шаналж буй хүмүүсийг Ехова тайвшруулна гэдэгт яагаад итгэж болох вэ?

8 Бэлгийн хүчирхийллээс үүдсэн сэтгэлийн шарх эдгэхгүй уддаг нь ийм учиртай байх нь ээ. Үнэхээр хор уршигтай байгаа биз! Хүүхдийн хүчирхийлэл хаа сайгүй тархсан нь эцсийн энэ өдрүүдэд «хүнийг хайрладаггүй» хүн олширч, «муу хүмүүс болон мэхлэгчид ... улам бүр дордож» буйн шинж юм (2 Тим. 3:​1–​5, 13). Сатаны арга үнэхээр хорон бөгөөд хүмүүс түүний хүслийг хангаж байгаа нь даанч харамсалтай. Гэхдээ Ехова Сатан ба түүний гар хөл бологчдоос асар их хүчтэй. Сатаны бүх арга залийг мэддэг. Ехова бидний ямар зовлон туулж байгааг нэгд нэгэнгүй мэддэг бөгөөд хамгийн тохиромжтой аргаар тайвшруулна гэдэгт итгэж болно. «Ямар ч үед тайвшруулдаг Бурханд» үйлчилдэг маань юутай сайхан бэ! «Ямар ч зовлон тохиолдоход Бурхан биднийг тайвшруулдаг. Тиймээс Бурхан биднийг тайвшруулсан шиг бид элдвийн зовлон үзэж яваа хүмүүсийг тайвшруулж чаддаг» (2 Кор. 1:3, 4). Тэгвэл Ехова яаж тайвшруулдаг вэ?

ХЭН ТАЙВШРУУЛАХ ВЭ?

9. Дуулал 27:10-т бичсэн Давидын үгээс харвал ойр дотнынхондоо ад үзэгдсэн хүмүүсийн төлөө Ехова юу хийх вэ?

9 Эцэг эх нь харж хандалгүй орхисноос эсвэл дотнын хүндээ хүчиндүүлснээс болж хохирсон хүмүүсийг тайвшруулах нь маш чухал. Хамгийн найдвартай Тайвшруулагч бол Ехова гэдгийг дуулалч Давид мэддэг байв (Дуулал 27:10-ыг уншина). Ойр дотнынхондоо ад үзэгдсэн хүмүүст Эцэг нь болно гэдэгт тэрээр итгэдэг байжээ. Ехова яаж Эцэг нь болох вэ? Үнэнч үйлчлэгчдээ явуулж тэднийг тайвшруулдаг. Итгэл нэгтнүүд маань төрсөн гэр бүлийнхнээс өөрцгүй. Өөртэй нь хамт Еховаг шүтдэг хүмүүсийг Есүс «ах, эгч, дүү, ээж» гэж хэлжээ (Мат. 12:​48–​50).

10. Элч Паул ахлагчийн үүргээ хэрхэн биелүүлдэг байсан бэ?

10 Хурлын гишүүд хэрхэн гэр бүл шиг байж болдгийг авч үзье. Элч Паул хөдөлмөрч, үнэнч ахлагч байсан. Өөрөө үлгэр дуурайл болдог байсан учир «Христийг дуурайдаг намайг дуурай» хэмээн Бурхнаар удирдуулан бичжээ (1 Кор. 11:1). Паул ахлагчийн үүргээ хэрхэн биелүүлдгээ тайлбарлан «Та нарт хандахдаа үр хүүхдээ энхрийлэн асрах хөхүүл эх мэт зөөлөн байсан» хэмээн бичсэн байдаг (1 Тес. 2:7). Өнөөгийн ахлагчид тусламж авах хэрэгтэй хүмүүстэй ярилцахдаа эелдэг зөөлөн байж, Судрыг ашиглан тайвшруулдгаараа Паултай адилхан.

Төлөвшсөн Гэрч эмэгтэйчүүд бусдыг тайвшруулахдаа гаргууд сайн (11-р догол мөрийг үзээрэй) *

11. Шаналсан хүнийг ахлагчид л тайвшруулах ёстой юу? Тайлбарлана уу.

11 Хүчирхийлэлд өртсөн хүнийг ахлагч л тайвшруулах уу? Үгүй. «Бие биеэ тайвшруулах» нь бид бүгдийн үүрэг юм (1 Тес. 4:18). Бат итгэлтэй, Еховатай дотно эмэгтэйчүүд сэтгэлийн зовлонтой бүсгүйчүүдэд ихээхэн тус хүргэж чадна. Ехова Бурхан нялх хүүхдээ тайвшруулдаг ээжтэй өөрийгөө зүйрлэсэн нь тун оножээ (Ис. 66:13). Зовж зүдэрсэн хүмүүсийг тайвшруулсан эмэгтэйчүүдийн жишээ Библид олон байдаг (Иов 42:11). Гэрч эмэгтэйчүүд сэтгэлийн зовлон эдэлж буй бүсгүйчүүдийг тайвшруулахад Ехова хэчнээн их баярладаг бол оо! Заримдаа ахлагчид төлөвшсөн Гэрч эмэгтэйтэй тусгайлан уулзаад, зовж шаналж буй бүсгүйд туслах боломжтой эсэхийг асууж болох юм. *

ХЭРХЭН ТАЙВШРУУЛАХ ВЭ?

12. Бид юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

12 Хэрэв итгэл нэгтэн маань нууцаа яримааргүй байвал асууж шалан хувийн хэрэгт нь оролцохоос зайлсхийх хэрэгтэй (1 Тес. 4:11). Тэгвэл туслуулах хүсэлтэй, тайвшрах шаардлагатай хүмүүсийн төлөө юу хийх вэ? Таван аргыг Библиэс авч үзье.

13. Хаадын дээд 19:5–8-д бичсэнээр, Еховагийн тэнгэрийн элч Елиад хэрхэн тусалсан бэ? Бид тэнгэрийн элчийг хэрхэн дуурайх вэ?

13 Тустай юм хийх. Зөнч Елиа амь зулбан зугтаж байхдаа сэтгэлээр ихэд унаснаас болж үхэхийг хүсэмжилжээ. Ехова хүчирхэг тэнгэрийн элчээ түүн рүү илгээсэн. Тэнгэрийн элч хэрэгтэй юмыг нь өгч тусалсан. Тэрээр Елиад халуун хоол өгөөд «Бос, идэгтүн» гэжээ (Хаадын дээд 19:​5–​8-ыг уншина). Эндээс нэг чухал зүйлийг мэдэж болно. Заримдаа сайхан сэтгэлээр өчүүхэн юм хийхэд л ихээхэн тус нэмэр болдог. Сэтгэлээр унасан ах дүүдээ хоол, гар цайлгах юм эсвэл ил захидал өгвөл хайр халамжийг маань мэдрэх биз ээ. Хувийн нууцаа дэлгэх дургүй байхад нь асууж шалгаахын оронд иймэрхүү аргаар тусалж болно.

14. Елиад тохиолдсон явдлаас юу сурч болох вэ?

14 Айж түгших юмгүй тайван байж болно гэдгийг ойлгуулах. Елиад тохиолдсон явдлаас бас нэг зүйлийг мэдэж болно. Хореб хүртэлх замыг туулахад зайлшгүй хэрэгтэй тусламжийг Ехова Елиад үзүүлжээ. Олон зууны өмнө Ехова ард түмэнтэйгээ гэрээ байгуулж байсан тэр түүхт газар Елиа очоод айж түгшихээ больсон биз ээ. Өөрийг нь алах гээд хайж байсан хүмүүсээс холдож чадсандаа тайвширсан байх. Эндээс юу сурч болох вэ? Хүчирхийллийн золиос болсон хүнийг тайвшруулъя гэвэл айх хэрэггүйг ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл ахлагчид сэтгэл санаа нь хямарсан эмэгтэйтэй цуглааны танхимд ярилцсанаас гэрт нь очоод цай уунгаа тайван ярилцвал айж түгшихгүй, ая тухтай санагдаж болох юм. Гэхдээ зарим хүн цуглааны танхимд ярилцахыг илүүд үзэж магадгүй.

Тайвшруулъя гэвэл тэвчээртэй сонс, шаргуу залбир, тохиромжтой үг сонго (15–20-р догол мөрийг үзээрэй) *

15, 16. Анхаарч сонсоно гэж яахыг хэлдэг вэ?

15 Сайн сонсох. «Хүн бүр сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» гэсэн тов тодорхой зөвлөгөө Библид бий (Яак. 1:19). Та хүний яриаг анхаарч сонсдог уу? Анхаарч сонсоно гэж яахыг хэлдэг вэ? Юу ч ярихгүйгээр нөгөө хүнээ ширтээд л сууна гэсэн үг үү? Үгүй ээ. Жишээ нь Елиаг хамаг сэтгэлээ уудлан ярихад Ехова анхааралтай сонссон. Елиа айж, ганцаардаж байсан бөгөөд хийсэн бүхэн минь үр ашиггүй байлаа гэж бодож байжээ. Ехова үүнийг нь ойлгоод хичээл зүтгэл нь талаар болоогүйг хэлж айдас, ганцаардлаа ялахад нь тусалсан. Ехова Елиаг сайн сонссон гэдгээ ийнхүү баталжээ (Х.дээд 19:​9–​11, 15–​18).

16 Ах дүүгээ сонсож байхдаа өрөвч сэтгэл, хайрыг хэрхэн илэрхийлэх вэ? Сэтгэл дулаацуулам цөөн хэдэн үгийг эвтэйхэн хэлж болно. Жишээ нь: «Ямар хэцүү юм болоо вэ! Хүүхдийг ингэж болохгүй шүү дээ!» гэж хэлж болох юм. Юу ярьж байгааг нь лавлан ганц нэг асуулт асуух нь сайн арга юм. Жишээ нь: «Үүнийг ойлгосонгүй. Юу гэсэн үг вэ?» гэх юм уу «Би ингэж ингэж ойлголоо. Зөв үү?» гэж асууж болно. Итгэл нэгтэндээ ийнхүү хайраа илэрхийлбэл, намайг үнэхээр сонсож байна, ойлгохыг хичээж байна гэж бодно (1 Кор. 13:4, 7).

17. Яагаад ярих гэж яаралгүй тэвчээртэй байх хэрэгтэй вэ?

17 Бас «Ярих гэж бүү яар» гэсэн зөвлөгөөг дагаарай. Яриаг нь таслаад зөвлөгөө өгөх юм уу үзэл бодлыг нь өөрчлөх гэж яарах хэрэггүй. Тэвчээртэй байгаарай! Елиа Еховад зүрх сэтгэлээ уудлан хамаг зовлонгоо ярихдаа ихэд цөхөрч, гунигласан байсан шүү дээ. Ехова итгэлийг нь бэхжүүлсэн ч Елиа ярьсан юмаа давтсан (Х.дээд 19:9, 10, 13, 14). Эндээс юу ойлгож болох вэ? Заримдаа хүн сэтгэлийн зовлон шаналлаа дахин дахин ярьдаг. Тийм үед бид Ехова шиг тэвчээртэй сонсох хэрэгтэй. Асуудлыг яаж шийдэхийг зааж сургахын оронд өрөвдөж, энэрэх нь зүйтэй (1 Петр 3:8).

18. Зовж буй хүнтэй хамт залбирах хэрэгтэйн учир юу вэ?

18 Зовж буй хүнтэй хамт шаргуу залбирах. Сэтгэл санаа нь хямарсан хүн залбирах ч тэнхэлгүй болсон байдаг. Еховад хандах зохисгүй гэж өөрийгөө голж магадгүй. Ийм хүнийг тайвшруулъя гэвэл хамт суугаад залбираарай. Залбиралдаа нэрийг нь дурдаад бидэнд, хуралд хэчнээн үнэ цэнтэй, хэрэгтэй хүн гэдгийг нь хэлээрэй. Хайртай үйлчлэгчээ тайвшруулж, дотрыг нь уужруулж өгөхийг Еховагаас гуйгаарай. Ийм залбирал хүнийг маш их тайвшруулдаг (Яак. 5:16).

19. Хүнийг тайвшруулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

19 Сэтгэл тайвшруулам үгийг сонгох. Ярихаасаа өмнө сайн бодож байгаарай. Бодлогогүй үг зүрхийг шархлуулдаг бол зөөлөн үг сэтгэлийн шархыг эдгээдэг (Сур. 12:18). Тиймд сэтгэл тайвшруулам, зөөлөн үг хэлэхэд туслахыг Еховагаас гуйгаарай. Библид байдаг Еховагийн үг ямар ч үгээс илүү хүчтэйг санаарай (Евр. 4:12).

20. Зарим итгэл нэгтэн маань юунд итгэчихсэн байдаг вэ? Тэдэнд юу сануулах хэрэгтэй вэ?

20 Хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн итгэл нэгтэн маань өөрийгөө бузар, ямар ч үнэ цэнгүй, хэний ч хайрыг татдаггүй, тэр байтугай хайрлуулах эрхгүй гэдэгт итгэчихсэн байдаг. Үнэндээ огтхон ч тийм биш! Еховад маш их үнэ цэнтэй хүн гэдгийг Библиэс үзүүлээрэй ( «Библи тайвшруулдаг» гэсэн хавсралтыг үзээрэй). Сэтгэл санаа нь хямраад, ямар ч тэнхээгүй болчихоод байсан Даниелд тэнгэрийн элч хэрхэн тусалсныг санаарай. Ехова түүнийг хайрлаж хүндэлдгээ хэлүүлсэн шүү дээ (Дан. 10:2, 11, 19). Үүнтэй адил, Ехова зовж шаналж буй итгэл нэгтнийг маань ч хайрлаж хүндэлдэг!

21. Нүгэл үйлдээд гэмшээгүй бүх хүнийг ирээдүйд яах вэ? Бид яах хэрэгтэй вэ?

21 Итгэл нэгтнээ тайвшруулахдаа Ехова түүнд ямар их хайртайг хэлээрэй. Мөн Ехова бол шударга ёсыг эрхэмлэдэг Бурхан гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Бэлгийн хүчирхийлэл гэх мэтийн ямар ч бузар хэргийг нуух боломжгүй. Ехова бүгдийг хардаг бөгөөд гэмшээгүй хүнийг заавал шийтгэнэ (Тоол. 14:18). Сатан болон түүний ертөнцийн учруулсан шархыг Ехова сорвигүй эдгээнэ гэж бодохоор хэчнээн тайвшрам бэ! Удахгүй, энэ бүх зовлон шаналал «санагдахгүй, бодол санаанд ч үл буух» цаг ирнэ (Ис. 65:17).Тэр цагийг хүлээнгээ, зовж буй итгэл нэгтэндээ хайртайгаа батлахын тулд чадах бүхнээ хийцгээе.

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

^ д/м 5 Хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэлийн шарх олон жилийн дараа ч аниагүй байдаг. Яагаад гэдгийг энэ өгүүлэлд тайлбарлана. Тийм хүнийг хэн тайвшруулахыг ярилцана. Тэднийг тайвшруулах үр дүнтэй аргыг авч үзнэ.

^ д/м 11 Хүчирхийлэлд өртсөнөөсөө болоод шаналж буй хүн мэргэжлийн эмчид хандах эсэхээ өөрөө шийднэ.

^ д/м 75 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Төлөвшсөн Гэрч сэтгэлийн зовлонтой итгэл нэгтнээ тайвшруулж байна.

^ д/м 77 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зовж шаналсан Гэрч бүсгүйн гэрт хоёр ахлагч ирсэн байна. Бүсгүй төлөвшсөн эгчийг бас урьжээ.