Skip to content

Гарчиг руу орох

Сатаны урхинд орохоос сэрэмжлэх нь

Сатаны урхинд орохоос сэрэмжлэх нь

ЭРТНИЙ израйлчууд Иордан голыг гаталчихвал Бурхны амласан газар орох байлаа. Тэгтэл харийн бүсгүйчүүд ирээд эрчүүдийг найранд урив. Ховорхон боломж юм шиг л санагдаж байсан биз ээ. Шинэ найз нөхөдтэй болох, дуулж бүжиглэх, амттай хоол идэх шиг сайхан юм хаа байх вэ! Харин тэр эмэгтэйчүүдийн зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ Бурхныхтай таарахгүй ажээ. Зарим израйл эр дотроо «Зүгээр ээ, би яах ч үгүй!» гэж бодсон биз ээ.

Тэгээд юу болсон бэ? «Ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв» гэж Библид бичжээ. Моаб бүсгүйчүүд израйл эрчүүдийг урхидаж хуурамч бурхдаа шүтүүлж дөнгөсөн. Ийнхүү санасандаа хүрчээ! «ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв» гэж бичсэн нь ойлгомжтой (Тоол. 25:1–3).

Израйлчууд Бурхны хуулийн хоёр заалтыг зөрчжээ. Шүтээн шүтсэн, завхайрсан. Дуулгаваргүйн гайгаар хэдэн мянгаараа амиа алдав (Ег. 20:4, 5, 14; Д.хууль 13:6–9). Бас хугацаа алдсан нь үнэхээр харамсалтай байлаа. Хэрэв тэр эрчүүд Бурхны хуулийг зөрчөөгүй бол олон мянган израйлчууд Иордан голыг гаталж Амласан газар луу цаг алдалгүй орох байв (Тоол. 25:5, 9).

Элч Паул: «Тэдэнд тохиолдсон эдгээр явдал бидэнд сургамжтай бөгөөд үүнийг өнөө үеийн төгсгөлд амьдарч байгаа бидэнд сануулга болгон Сударт тэмдэглэжээ» гэж бичжээ (1 Кор. 10:7–11). Израйлчууд ноцтой нүгэл үйлдэж, Амласан газар орох эрхгүй болоход Сатан баярласан нь эргэлзээгүй. Сатан биднийг ч бас Бурхны байгуулах шинэ ертөнцөд орох эрхгүй болгохыг хичээдэг. Тиймээс израйлчуудад тохиолдсон явдлыг үргэлж санаж явцгаая!

АЮУЛТАЙ УРХИ

Сатан олон хүн дээр туршиж амжилт олсон, сайн мэддэг аргаа хэрэглэн Христийн дагалдагчдыг олзолдог. Израйлчуудыг садар самуун явдлаар урхидсаныг дээр ярьсан. Садар самуун явдал өнөө үед ч аюултай урхи хэвээрээ байна. Сатан биднийг энэ урхиндаа оруулахын тулд порно материал ашигладаг.

Өнөөдөр порно материалыг хэнд ч мэдэгдэхгүйгээр үзэж болдог болжээ. Хэдэн жилийн өмнө бол кинотеатрт очиж порно кино үзэх юм уу тусгай дэлгүүрт очиж эротик ном зохиол худалдаж авдаг байв. Тийм газрын ойр хавьд явж байгаад хүн амьтанд харагдчих вий гэхээс зовоод тэр бүр явахгүй. Харин одоо бол ажил дээрээ, машин дотроо, тэр байтугай, гэрээсээ ч гаралгүй интернэтээр порно үзэх боломж бүрджээ.

Үүгээр зогсохгүй гадаа гудамжинд эсвэл автобус, галт тэргээр зорчиж явахдаа садар самуун явдлыг харуулсан зургийг ухаалаг утас, таблетаараа ядах юмгүй үзчихнэ.

Порно үзэх, үзэж байгаагаа нуух нь амархан болсон учраас өнөөдөр порно үзэгчдийн тоо нэмэгдэж, улам олон хүн хохирч байна. Порно үздэг тоймгүй олон хүн гэр бүлийн амьдралаа сүйрүүлж, өөрийгөө хүндэтгэхээ больж, хүн чанараа гээж байна. Хамгийн аюултай нь, Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгадаг. Порно үзэх нь аюултай гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Энэ нь ихэнхдээ сэтгэлд гүн шарх үлдээдэг. Ийм шарх олон жилийн дараа эдгэж ч магадгүй, эдгэхгүй ч байж магадгүй.

Ехова биднийг Сатаны энэ урхинд орохоос сэргийлдэг. Еховагаар хамгаалуулъя гэвэл үг тушаалыг нь «дуулгавартай дагах» ёстой. Харин эртний израйл эрчүүд дуулгавартай байж чадаагүй (Ег. 19:5). Бурхан порног үзэн яддагийг бид ойлгох учиртай. Яагаад ингэж хэлж болох вэ?

ЕХОВА ШИГ ҮЗЭН ЯД

Бодоод үз дээ. Бурхан зөвхөн израйл үндэстэнд хосгүй хууль өгсөн. Бурхны хууль израйлчуудыг эргэн тойрных нь үндэстнүүд болон тэдний бузар булай ёс заншлаас тусгаарладаг байжээ (Д.хууль 4:6–8). Уг хуулиас нэг чухал зүйлийг ойлгож болно. Юу гэвэл, Ехова садар самуун явдлыг үзэн яддаг ажээ.

Ехова Израйлын хөрш зэргэлдээх үндэстнүүдийн хийдэг бузар булай, ёс журамгүй үйл хэргийг дурдан «Миний та нарыг аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. ... Уг газар нутаг бузар болсноос, ... Би шийтгэлийг нь дээр нь авчирсан» гэжээ. Израйлын ариун Бурхан канаанчуудын амьдралын хэв маягийг жигшин зэвүүцсэндээ газар нутгийг нь бузар гэсэн (Лев. 18:3, 25).

Ехова канаанчуудыг шийтгэжээ. Гэлээ ч бусад үндэстэн ёс журамгүй, бузар булай юмаа хийсээр байсан. 1 500 гаруй жилийн дараа Паул тэдний тухай бичихдээ «Ёс суртахуунаа уландаа гишгэсэн» гэсэн байдаг. Үнэндээ тэд «эрээ цээргүй хэрэгт бүрэн автан аливаа бузар булай юмыг шунан үйлддэг» байжээ (Эф. 4:17–19). Өнөө үед ч эрээ цээрээ алдсан хүн олон бий. Бурхны үнэнч үйлчлэгчид энэ ертөнцийн хүмүүсийн ёс журамгүй явдлыг харах учиргүй.

Порно бол Бурхныг аймшигтайгаар гутаан доромжилдог зүйл юм. Бурхан хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр, өөртэйгөө адилхан бүтээж, зөв бурууг мэдрэх чадвар хайрласан. Бэлгийн харьцаатай холбоотой хууль өгсөн нь мэргэн ухаантайн шинж мөн. Бурхны санаа зорилгоор бол, зөвхөн гэрлэсэн эр эм хоёр л бие сэтгэлийн цэнгэл эдлэх ёстой (Эх. 1:26–28; Сур. 5:18, 19). Гэтэл порно материал гаргагчид Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэдэг. Үнэндээ тэд Еховаг гутаан доромжилдог. Хэм хэмжээг нь үл тоомсорлон садар самууныг сурталчилдаг хүмүүсийг Бурхан шүүнэ (Ром 1:24–27).

Тэгвэл порно материалыг зориуд үзэж, уншдаг хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Зарим хүн порног хал балгүй гэж боддог. Гэвч тэд үнэн хэрэгтээ Еховагийн хэм хэмжээг уландаа гишгэдэг хүмүүсийг дэмжиж байгаа хэрэг юм. Порног анх үзэж эхлэхдээ тэр хүмүүсийг дэмжье гэсэн санаа өвөрлөөгүй байх л даа. Гэлээ ч жинхэнэ Бурхныг шүтэгчид порног үзэн ядах ёстойг Библид тов тодорхой бичсэн. Тэнд «ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд» гэжээ (Дуу. 97:10).

Порно үздэг хүмүүсийн хувьд энэ зуршлаасаа салах нь амархан биш. Яагаад гэвэл тэд төгс бус. Бас сексийн дур хүслээ дарах нь хэцүү байж мэднэ. Түүнчлэн порно үзэхэд буруу юм байхгүй гэж өөрийгөө хаацайлахыг оролддог байж магадгүй (Иер. 17:9). Гэхдээ Христийн дагалдагч болсон олон хүн муу хүсэлтэйгээ тэмцээд ялсан. Та бас тэмцэж байгаа бол ялна гэдэгтээ итгэлтэй байгаарай. Сатаны урхинд орохгүй байхад Бурхны Үг хэрхэн туслахыг одоо үзье.

САДАР ЯВДЛЫГ БҮҮ БОД

Израйлчууд хүсэл тачаалдаа автсаны гайгаар сүйрснийг дээр өгүүлсэн. Өнөөдөр ч ийм явдал тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Есүсийн дүү Яаков энэ аюулын талаар «Хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог. Тэгээд хүсэл нь үр тогтоож, нүглийг төрүүлдэг» хэмээн бичжээ (Яак. 1:14, 15). Садар самуун явдлыг ургуулан бодоод байвал яваандаа нүгэл үйлдэх нь гарцаагүй. Тиймэрхүү юм бодогдмогц таягдан хаяад өөр юм бодоорой.

Хэрэв бодогдоод байвал нэн даруй арга хэмжээ аваарай. Есүс: «Гар эсвэл хөлөөсөө болж нүгэл үйлдвэл тасдаж хая. ... Бас нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая» гэжээ (Мат. 18:8, 9). Энд шууд утгаар тасдах, ухаж авах тухай яриагүй. Нүгэл үйлдэхэд хүргэдэг зүйлийг хаях буюу шийдэмгий байж шуурхай арга хэмжээ авах хэрэгтэйг ийнхүү зүйрлэн хэлжээ. Энэ зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Гэнэт порно материал гараад ирвэл «Зүгээр ээ, би яах ч үгүй!» гэж бүү бодоорой. Нэн даруй харц буруулаарай. Зурагтаа шууд унтраагаарай. Компьютер юм уу утсаа тэр дор нь унтраагаарай. Цэвэр ариун юмыг анхаараарай. Ингэвэл та буруу хүсэлдээ автахгүй, харин өөрөө өөрийгөө захирч чадна.

БОДОГДООД БАЙВАЛ ЯАХ ВЭ?

Порно үзэхгүйн тулд шийдвэртэй арга хэмжээ авсан ч үзсэн юм тань үе үе бодогдоод байвал яах вэ? Порно зураг, зохиол бүтээл хүний ухаан санаанд хадагдан үлддэг. Тэгээд гэв гэнэт бодогддог. Ийм үед бузар булай юм, тухайлбал, гар хангалга хиймээр санагдаж болох юм. Тиймээс сэрэмжтэй байгаарай. Буруу юм гэнэт бодогдмогц тэмцэхэд бэлэн байгаарай.

Бурхны хүслийн дагуу бодно, хийнэ гэж бат шийдээрэй. Элч Паул шиг «өөрийгөө зовоож, боолчлон захираарай» (1 Кор. 9:27). Бузар булай хүслийнхээ боол нь бүү болоорой. «Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (Ром 12:2). Бурхны хүслийн дагуу боддог, хийдэг бол нүгэлт хүслээ хангаснаас хамаагүй илүү жаргалтай болдгийг санаж яваарай.

Бурхны хүслийн дагуу боддог, хийдэг бол нүгэлт хүслээ хангахаас хамаагүй илүү жаргал эдэлнэ

Библийн зүйлүүдийг цээжлээрэй. Буруу юм толгойд орж ирмэгц цээжилсэн зүйлүүдээ санахыг хичээгээрэй. Порноны талаар Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болж, хүсэл таалалд нь нийцүүлэхэд Дуулал 119:37; Исаиа 52:11; Матай 5:28; Эфэс 5:3; Колосай 3:5; 1 Тесалоник 4:4–8 гэх мэтийн зүйлүүд тустай.

Порно үзмээр санагдаад эсвэл садар самуун юм бодогдоод, хүслээ хорьж дийлэхгүй байвал яах вэ? Бидэнд үлгэр дуурайл үлдээсэн Есүсийн мөрөөр дагаарай (1 Петр 2:21). Есүсийг баптисм хүртсэний дараа Сатан сорьсон. Есүс яалаа? Эсэргүүцсээр байсан. Соригдох бүрдээ янз бүрийн Библийн зүйл хэлж Сатаныг эсэргүүцсэн. Тэгээд «Зайл, Сатан аа!» гэхэд Сатан түүнийг орхин оджээ. Есүс огтхон ч бууж өгөлгүй Диаволыг эсэргүүцсэн шиг та бас битгий бууж өгөөрэй (Мат. 4:1–11). Сатан болон ертөнцийнхөн таны ухаан санааг садар самуун бодлоор дүүргэхийг зогсолтгүй оролдоно. Гэсэн ч бүү бууж өгөөрэй. Та энэ тэмцэлд ялж чадна. Дайснаа ялахад тань Ехова тусална.

ЕХОВАД ЗАЛБИРЧ, ҮГИЙГ НЬ ДАГА

Еховад байнга залбирч, тусламж гуйгаад л байгаарай. Паул: «Хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэжээ (Флп. 4:6, 7). Буруу юм хийх хүсэлтэйгээ тэмцэхэд тань Бурхан тусалж амар тайвныг өгнө. Та Еховатай дотносвол Ехова тантай дотносно (Яак. 4:8).

Хэрэв бид орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэнтэй үргэлж ойр дотно байдаг бол Сатаны урхинд орохгүй. Есүс: «Ертөнцийн захирагч [Сатан] ирж байна. Тэр намайг гартаа оруулж чадахгүй» гэсэн байдаг (Ёох. 14:30). Яагаад тийм их итгэлтэй хэлсэн бэ? Үүнийхээ учрыг тайлбарлан «Намайг илгээсэн Нэгэн надтай хамт байдаг. Би үргэлж таалалд нь нийцүүлдэг учир ганцааранг минь орхиогүй» гэжээ (Ёох. 8:29). Та бас Еховагийн таалалд нийцүүлээд байвал Ехова таныг хэзээ ч орхихгүй. Порно гэдэг урхинаас хол байгаарай. Тэгвэл Сатан таныг «гартаа оруулж чадахгүй».